Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх асуудал хуулиар зохицуулагдана
- 2020-04-15
- Улс төр
- 0
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаан 15.28 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.
Хуулийн төсөлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэн, эрчимжүүлэхээр тусгажээ.
Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүл мэндийн тухай хуульд сум дундын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, мөн цөөн төрлийн мэргэшлээр амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн статус тодорхойгүй байгаа аж.
Монгол Улсын Засгийн газар Япон Улсын буцалтгүй тусламжаар сургалтын эмнэлгийг барьж байгуулан Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд их сургуулийн эмнэлгийн асуудлыг тодорхойлсон хуулийн заалт байхгүй юм байна. Түүнчлэн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг зөвхөн Эрүүл мэндийн яамны харьяа цөөн эмнэлэг үзүүлэхээр хуульчилсан хязгаарлагдмал зохицуулалттай байна.
Иймд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг хүн амын тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн сааруулах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор эмнэлгийн нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламжийг нэгдсэн эмнэлэгт үзүүлэх, их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн хууль эрхзүйн орчныг тодорхой болгох заалтыг тусгажээ.
Түүнчлэн хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгаснаас гадна эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмсэн байна.
Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг мөн тодорхой болгожээ.
Хуулийн төсөл нь Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна хэмээн сайд С.Чинзориг танилцуулгынхаа төгсгөлд дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Билэгт нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд хуулийн төсөлд тусгасан эмнэлгийн урт хугацааны тусламж үйлчилгээний талаар тодруулсан. Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах талаар хэрхэн тусгасныг тодотгон лавласан.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Эрүүл мэндийн тухай хуульд “Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээ"-г тодорхойлсон заалт байхгүй аж. Хүн амын дундаж наслалт уртасч, халдварт бус өвчний тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байгаа өнөө үед урт хугацааны тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хүн амьдралынхаа талаас илүү хугацааг хэд хэдэн архаг өвчинтэй өнгөрүүлж байгаа учир дэлхий дахинаа "long term саге” гэдэг эрүүл мэндийн, нийгмийн халамжийн үйлчилгээ хавсарсан тусламж үйлчилгээний тухай ойлголт бий болсон байна. Энэ нь архаг хууч өвчтэй, асаргаа сувилгаа, нийгмийн халамж шаардлагатай иргэдэд зөвхөн эмнэлэгт хэвтэх үед нь бус эмнэлгээс гарсны дараа эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн зарим үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байгаа аж. Хуульд эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээний тодорхойлолт орсноор урт хугацаанд хийгдэх шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, нэг талаас эмнэлэгт архаг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаатай холбоотой үр ашиггүй зардлыг бууруулах, нөгөө талаас эмнэлгээс гарсны дараа архаг хүнд өвчтэй иргэнд үргэлжлүүлэн үзүүлэх тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал сайжирна гэж үзжээ.
Эрүүл мэндийн байгууллагын төрөлд хамаарахгүй боловч эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын үйлчилгээг нэг цэгээс хослуулан үзүүлэх эрэлт хэрэгцээ бүхий сэргээн засах хөгжлийн төв, амралт, сувилал, асрамжийн газар, сувиллын цэцэрлэгт эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн заалт байхгүй байна. Иймд энэ асуудлыг тодорхой болгож журамлахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан авах шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бодит эрэлт хэрэгцээнд нь тохирсон цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх хуулийн үндэслэл тодорхой болж, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Мөн манай орны уламжлалт нүүдлийн аж ахуй, орчин цагийн уул уурхай, үйлдвэржилтийн бүс нутагт байгаа хөдөлгөөнт хүн ам, орон гэргүй, бүртгэлгүй, шинээр шилжин суурьшигч иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх асуудлыг хуулиар тодорхойлохоор заасан байна.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Эцэст нь хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)