Бусдад элэгсэг үнэнч хандах нь ч өглөг юм
- 2018-02-16
- Энтертайнмент
- 0
-ӨГЛӨГ ӨГӨХ БОЛОМЖ ХҮН БҮРТ БИЙ-
Монголын уламжлалт Цагаан сарын баяраар өглөг буяныг хичээж, амгалан сайхан сэтгэл, нинж, жудаг, эв нэгдлийг эрхэмлэвэл зохилтойг судар түүх, ёс заншлын номд айлджээ. Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдээс Цагаан сарыг наслахуй өглөгийн баяр хэмээн үзэж буйгаа онцлоод “Төгс буянт шинэ зурхайн цаг улирлын бичиг”-тээ “Өглөгийн тухай мэргэдийн сургааль”-ийг нийтлэжээ.
Сургаалийг дэлгэрэнгүйгээр хүргэе.
Хүн бүхэн өглөг өгөх боломжтой хэмээн уг сургаалийн эхэнд тодотгон айлдсан байна. Тодруулбал, эд хөрөнгөгүй ядуу хүн ч гэлээ өглөг өгөх боломж дүүрэн байдаг гэнэ. Жишээ нь:
– Биеийн хүчний хөдөлмөр эрхэлж буй хүн хөдөлмөрөө зөв үнэлж чанартай, хүнд хэрэг болохуйц юм хийх нь биеэ зориулах өглөг болно. Хэрэв та сандал хийж зах дээр зардаг бол эдэлгээ, үзэмж аль ч талаараа хүний хэрэгцээг бүрэн хангах юм хийхэд зорих ёстой гэсэн үг.
-Хүн амьтан төдийгүй бүх л зүйлд элэгсэг, үнэнч хандах нь сэтгэлээ зориулах өглөг болно.
-Нийтийн зориулалттай эд зүйлд ариг гамтай хандах, тийм байхыг бусдад ойлгуулах зэрэг олон арга нь өглөг болно.
-Орчноо болон бусад хүнийг итгэлтэй, тайван амгалан харцаар харах нь нүдээ зориулах өглөг болно. Тайван байгаа нүдийг харсан хүний сэтгэл мөн л тийм болох юм.
-Сэтгэлд дулаан сайхан инээмсэглэх нь нүүрээ зориулах өглөг болно.Гаднаас орж ирэхдээ, бусадтай уулзангуутаа инээмсэглэдэг хүн байдаг.Инээмсэглэж байгаа нүүрийг харсан бусад хүн хариу инээмсэглэх зэргээр тайван амгалан байдалд орох юм.
-Бусдын сэтгэлд нийлэмжтэй төлөв түвшин, элэгсэг үг хэлэх нь яриагаа зориулах өглөг болно. Болгоно, бүтнэ гэсэн хандлагатай, үнэн сэтгэлээсээ уужуу тайван хэлсэн үг хүнд хүрдэг. Манай зарим хүмүүс баяр талархлын үгийг ч өглөг болгож чадахгүй байх нь хэвшмэл харагддаг.
-Ядарсан, өвдсөн, өндөр настай, давхар биетэй эмэгтэйчүүд, балчир хүүхэдтэй хүмүүст суудлаа зориулах өглөг байдаг. Хаана л бол хаана ийм хүн тааралдахад суудал сандлаа тавьж өгч байвал өглөг болно.
-Зорьж ирсэн хүмүүсийг хүндэтгэн гэр орондоо тав тухтай байлгах, хонуулах нь гэр орноо зориулахын өглөг болно. Мал ахуйд явж төөрч оройтсон, холын хүн ирэхэд хөдөөнийхэн их сайхан ханддаг. Жинхэнэ бусдын төлөө хүмүүсийг ялгалгүй хандах нь асрал, нигүүлсэнгүй, баяр баясгалан, амгалантай оршихуй юм.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)