Ё.Мягмарсүх: Дэлхийн дулаарлаас болж вирус мутацид орж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор вирус судлаач Ё.Мягмарсүхийг урилаа.

COVID-19, SARS НЭГ ТӨРЛИЙН ВИРУС БОЛОВЧ УДАМШЛЫН ЗУРАГЛАЛААР ГЕНИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ӨӨР БАЙНА

Блиц

Ёндонгийн Мягмарсүх

Боловсрол:

-2009 онд Куба улсын Гаванын ХААИС-ийг Малын их эмч, Зоотехникч мэргэжлээр бакалаврын зэрэг

-2012 онд АНУ-ын Florida University-д томуу судлаач

-2016 онд ХААИС-ийн магистрын зэрэг

-2018 онд АНУ-ын Duke University-д вирус судлаач, North Caroline State University-д вирус судлал

 

Ажлын туршлага:

 

-2010-2017 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторид судлаач эрдэмтэн

-2011-2012 онд АНУ-ын Florida University-д зочин судлаач

-2017-2019 онд АНУ-ын Duke University-д зочин судлаач

-2019 оноос Биокомбинат УТҮГ-т вирус судлаачаар ажиллаж байна.

-Сүүлийн үед хүн, амьтанд халдварладаг шинээр сэргэдэг халдварт өвчнүүд идэвхжиж байгаагаас зооноз өвчин буюу мал амьтнаас хүнд халдварладаг өвчин 70-аад хувийг эзэлж байна. Тэдгээр зооноз өвчний 75 орчим хувь нь вирусын гаралтай байгаа нь цаг уурын өөрчлөлт, мал, амьтан болон тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний импорт, экспорт, ховордож буй зэрлэг ан амьтдыг хүнсэнд хэрэглэх болон дэлхийн дулааралтай холбоотой халдварт өвчнүүд идэвхтэй дэгдэж байна.

 

Жишээлбэл, үхэлд хүргэх өндөр хоруу чанартай шувууны томуу (HPAI), гахайн ханиад (Swine flu), Эбола вирус (Ebola virus) болон MERS-CoV зэрэг зооноз өвчнүүдийн дэгдэлт эрчимжиж байна. Эрдэмтдийн судалгаагаар вирусын гаралтай зооноз өвчний идэвхжил дэлхийн дулааралтай холбоотойгоор мутаци хувьсалд орж байна.

 

 

Вирус нь нүдэнд харагдахгүй, эсийн бус бүтэцтэй, зөвхөн амьд эсийн дотор үржих чадвартай, 40-200 нанометрийн дотор хэлбэлзэх маш жижиг бичил биет юм. Хэдийгээр өчүүхэн биет ч гадны температурын өөрчлөлтийг маш мэдрэгээр хүлээн авч, хурдан дасан зохицдог. Үүнээс болж вирусын генийн мэдээллийн сан хувьсан, илүү тэсвэртэй болж байна.

Коронавирусын томоохон халдварын нэг 2003 онд SARS нэртэйгээр Хонгконгод дэлгэрч байсан. Анх Хятадын өмнөд мужийн Гандун хотын эмч халдвар авч Хонгконгод очсон  нь дэлхий нийтийг аюулд оруулсан гэж үздэг. Халдварын эх үүсвэр сарьсан багваахай бөгөөд сарьсан багваахайнаас завсрын дамжуулагч болох суусарт халдан, суусараас хүнд халдварласан тохиолдол юм. Коронавирусын дараагийн томоохон дэгдэлт бол 2012 онд Дундад Азийн орнуудад MERS-CoV нэртэйгээр халдварт өвчин дэгдсэн байдаг. Мөн халдварын эх үүсвэр сарьсан багваахай бөгөөд сарьсан багваахайнаас нэг бөхт тэмээ, тэмээнээс хүнд халдварласан гэж үздэг. Одоо дэгдээд байгаа COVID-19, SARS хоёулаа нэг төрлийн вирус боловч удамшлын зураглалаар генийн мэдээллийн сан өөр байгаа нь сонирхол татаж байна. Энэ COVID-19 хоруу чанар их биед ороод илрэх нууц үе урт учраас аюул хэд дахин өндөр гэж хэлж болно. Энгийн улирлын чанартай ханиадны үхлийн хувь 0.1 хувь байдаг бол энэ COVID-19-ийн үхлийн хувь 3.4 хувь буюу их өндөр байна. Эрдэмтэд анх халдварын нууц үеийг 14 хоног гэсэн бол одоо 20-24 хоног гэж мэдэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс COVID-19 өмнө нь гарч байгаагүй учраас хүмүүсийн биед вирусыг хүлээж авах дархлаа байхгүй, тиймд хүмүүс амархан өвчилж, хүндэрч байгааг онцолсон. Тиймээс хүний биед нуугдмал байдлаар 20 хонохдоо вирусын уургаа нийлэгшүүлж, солилцоо явагдсаны дараа анхан шатны шинж тэмдгүүд илэрч байна.

Хүний цус улаан, цагаан эсээс бүрэлддэг. Улаан эс хүчилтөрөгчийг биед зөөвөрлөх үүрэгтэй бол цагаан эс дархлаа дэмждэг. Цагаан эсийн олон хэлбэр байгаагаас Т эс нь биднийг гадны элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг бамбай юм. Жишээлбэл, ханиад хүрэхдээ эхлээд халуурдаг. Халуурахад хоолой өвдөх зэргээр янз бүрийн зовиур илэрдэг. Энэ үед дархлаа сайтай хүн амархан эдгэчихнэ. Өөрөөр хэлбэл, дархлааны эсүүд мэдээлэл өгч Т эс их хэмжээгээр ялгарч бие организмд гадны биет орохоос хамгаална. Харин дархлаа муутай байна гэдэг цагаан эсийн тоо буурсан гэсэн үг. Тиймээс коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд дархлаагаа дэмжихийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм. Коронавирусаар өвчилсөн, нас барсан хүмүүсийн ихэнх нь 70-аас дээш насныхан байгаа нь дархлаа султай холбоотой.

Би АНУ-н Duke University-д суралцах явцдаа амьсгалын замын өвчин, томуугийн талаар хэд хэдэн судалгааны ажил хийсэн. Үүнд хүний хөл хөдөлгөөн нягтшил ихтэй байршлууд болох олон улсын онгоцны буудал болон эмнэлэгт тусгай зориулалтын AirCheck XR5000 Sample Pumps төхөөрөмж ашиглан агаарыг шүүж аван, шүүж авсан агаараасаа хүний амьсгалын замын вирус, тэдгээрийн цар тахлын хэлбэрүүдийг илрүүлэх шинэ төрлийн судалгааны ажил дээр амжилттай ажилласан. Шүүж авсан агаараас хүний томуугийн A, B, C, D, аденавирус болон коронавирусыг тандан шинжлэхэд хэдийгээр коронавирус илрээгүй боловч хүний томуугийн А хүрээний вирусыг агаараас шүүж авсан дээжнээс илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын өвчнүүд хүн ихээр цуглардаг онгоцны буудал болон эмнэлгийн орчинд агаар дуслын замаар илэрч байгаа нь амьсгалын замын вируст өвчний эрсдэл өндөр байгааг бидний судалгааны дүн харуулсан. Уг судалгааны ажлын үр дүнг бид Frontiers in Public Health, Tropical Diseases болон Tropical Diseases, Travel Medicine and Vaccines сэтгүүлд хэвлүүлсэн.

 

ВИРУСЫН ХУВЬСЛААС БОЛЖ ВАКЦИН ГАРГАХ АЖИЛ УДААШИРЧ БАЙНА

-Коронавирусаас сэргийлэх заавар зөвлөмжийг олон улсын байгууллагууд дэлхийн улс орнуудад цаг алдалгүй тодорхой өгсөн. Энэ дагуу манай улс шаардлагатай арга хэмжээг маш шуурхай авч ажиллаж байна. SARS-ийн үед амны хаалт зүүх зааварчилгааг өгч байсан бол шинэ COVID-19-ийн хувьд ялгаатай байгаа. АНУ-ын өвчин хяналтын төвөөс (CDC) гаргасан судалгаагаар коронавирус гадаргуу дээр буюу хана, хаалга, ширээ, сандал гэх мэт хатуу гадаргуу дээр долоо хоног хүртэл амьд байх чадвартай гэдгийг нотолсон нь халдвар хурдан тархах эрсдэлийг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Тиймдээ ч энэ шинэ COVID-19-өөс сэргийлэх арга хэмжээнд амны хаалт буюу маск зүүж олон нийтийн газраас хол байхаас гадна гараа сайн ариутгах, нүүрэндээ бохир гараараа хүрэхгүй байх гэсэн заавар, зөвлөмжүүдийг өгч байна.

 

Коронавирусаар өвчилсөн хүмүүс эдгэрч байгаа нь хүний биеийн дархлаатай холбоотой. Эмнэлэгт дархлааг эрчимтэй дэмжих эмчилгээ хийж байгаагаас гадна стрессгүй орчинд тайван байлгаж байгаа. Дархлаанд стресс нөлөөлдөг. Бухимдах тусам дархлааны эсүүд үхжиж, ямар нэг өвчинд мэдрэмтгий болдог.

 

Хятадын Вуханд анх дэгдсэн шинэ COVID-19-ийн судалгаанаас үзэхэд коронавирус тусч эдгээд эмнэлгээс гарсан ч, уушги агшиж, зүрхний хэм алдагдуулж илүү аюултай өвчлүүлснийг дурдсан байсан. Вирусын гаралтай өвчин тусч эдгэсний дараа дархлаа муудвал биед үлдсэн вирус идэвхждэг.

Монголчуудын дархлаа сайтай нь монгол хүний биеийн онцлог, бидний хүнсэндээ хэрэглэдэг таван хошуу мал бэлчээрийн маллагаатай, эмчилгээний чанартай эрүүл хүнстэй холбоотой байх магадлалтай. Мөн монголчуудын дундаж насжилт харьцангуй залуу байгаа нь дэлхий дахинд 70-аас дээш насныхан хүндээр тусдаг энэ COVID-19  манай нөхцөлд харьцангуй эрсдэл багатай байх магадлалтай. Харин коронавирусын өвчлөл, тархалтад хүйтний улиралтай хамааралгүйг эрдэмтдийн судалгаа харуулсан. Мөн улс орнуудын соёлоос шалтгаалж коронавирусаас сэргийлэх арга барил ялгаатай нь ажиглагдаж байна. COVID-19 Италид сүүлд илэрсэн мөртлөө тархалт огцом нэмэгдлээ. Учир нь барууны орнуудад болон АНУ-д амны хаалт зүүсэн бол өвчтэй хүнд тооцож зайгаа барьцгааж таагүй байдлаар хүлээж авдаг болохоор иргэд нь амны хаалт төдийлөн  зүүдэггүй. Мөн Итали, Францид нэгнийхээ хацар дээр үнсэж мэндэлдэг нь өвчний тархалтыг нэмэгдүүлж эрсдэлийг ихэсгэсэн гэж үзэж байна. Америкчууд зөвхөн өвчтэй хүн л амны хаалт хэрэглэхийг ард иргэддээ зөвлөсөн. Харин Азид заавал өвчтэй гэлтгүй тоосонцроос хамгаалах болон энгийн хэрэглээгээр ч маскийг зүүж тогтмол хэрэглээ болж хэвшицгээсэн байдаг.

Коронавирусын эх үүсвэр нь мөн л сарьсан багваахай бөгөөд сарьсан багваахай нь 20 орчим нэн аюултай вирусын тээгч болдог. Харин завсрын дамжуулагч Pangolin гэдэг шоргоолж идэштэн байгаа юм. Азийн зарим орон уг шоргоолж идэштэний эд эрхтэн, махыг хүнс болон эмчилгээний зориулалтаар зарж борлуулсан нь энэ өвчний анх дэгдэх эх үүсвэр болсон гэж үзсэн. SARS болон Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж өвчин бүгд сарьсан багваахайнаас үүсэлтэй. Сарьсан багваахайнаас ямар нэг байдлаар шоргоолж идэштэнд халдаж хүнсээр хүнд халдварласан байх магадлал өндөр байгааг судлаачид тэмдэглэж байна. Вирус амьтанаас амьтан, зүйлээс зүйлд халдварлан дамжихдаа удамшлын мэдээлэлд хувьсан өөрчлөгдөж илүү хоруу чанартай болж өвчлүүлэх чадвар нэмэгддэг. Тэгэхээр хүнд дамжихдаа илүү хоруу чанартай, аюултай болсон гэсэн үг. Вирусын энэ хувьслаас болж вакцин гаргах ажил удааширч байна. Вакцин бол тухайн вирусыг идэвхгүйжүүлээд хүний биед тарьдаг.  Дан ганц коронавирус ч биш хүний улирлын чанартай ханиад, томуу, шувууны ханиад хувьсамтгай болохоор вирусыг барьж авч вакцин хийнэ гэдэг их хүндрэлтэй. Үүнд нэлээдгүй судалгаа, шинжилгээ хийж хугацаа зарцуулна.

Мөн COVID-19-ийн вакцин гаргахдаа хугацаа алдаж байгаа бас нэг шалтгаан нь зүйлээс зүйлийн хооронд вирус халдварлан дамжихдаа амархан мутацид ордог явдал юм. Ингэж зүйлээс зүйлийн хооронд халдварласан вирус хэрхэн хувьсдагийг бид Америкийн судлаачидтай хамтарсан адууны томуугийн A(H3N8) вирусыг дэлхийд анх удаа тэмээнээс илрүүлсэн судалгааны үр дүнгээр нотолсон. Энэ судалгааны ажлын үр дүнг бид АНУ-ын Өвчний “Хяналтын төвийн дэргэдэх Emerging Infectious Diseases сэтгүүлд “Equine Influenza A(H3N8) Virus Isolated from Bactrian Camel, Mongolia” нэртэйгээр хэвлүүлсэн.

 

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАР COVID-19-ИЙН ҮҮСГЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ, ЯЛГАЖ АВАХ СУДАЛГААНЫ АЖИЛД БЭЛТГЭЛТЭЙ БАЙГАА

-Монгол Улс корона­вирусаас сэргийлэх арга хэмжээг маш сайн авч, хэрэгжүүлж байна. Энэ удаагийн туршлага дээр үндэслэж боловсон хүчин, орчин үеийн технологио сайжруулаад авах хэрэгтэй. Дараа халдварт өвчин гарлаа гэхэд бэлтгэл илүү сайтай байх боломжтой болно. Вирусын гаралтай томоохон халдварт өвчний дэгдэлт тодорхой хугацаанд давтамжтай гардаг. Мал, амьтны томуу нь үүсгэгчийнхээ эсрэг төрөгчийн хувьсамтгай байдлаас шалтгаалан 10-15 жилд нэг удаа эпизоот ба панзоот байдлаар гардаг онцлогтой. Жишээлбэл, манай оронд адууны томуугийн дэгдэлт гэхэд 1974, 1983, 1994, 2008 онд томоохон эпизоот хэлбэрээр гарч олон адуу үхэж, хохирол учруулж байсан. Үүний адилаар коронавирусын дэгдэлт анх 2003 онд SARS, 2012 онд MERs-CoV, 2019 онд COVID-19 гэсэн нэршлээр эпидемик буюу тахал хэлбэрээр дэгдэж байгаа нь энэ өвчний дэгдэлт тодорхой давтамжтайг харуулж байна. Сүүлд COVID-19 тархалтыг ДЭМБ-гаас пандемик буюу өмнөх тохиолдлуудаасаа илүү аюултай цар тахлын түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрсөн. Вирусын гаралтай өвчнийг оношилдог биоаюулгүй байдлын III зэргийн лаборатори Монголд ганц мал эмнэлгийн салбарт байдаг. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид байрлах Биоаюулгүйн III  зэрэглэлийн лаборатори нь шүлхий, шувууны томуу, бог малын мялзан, цэцэг, гахайн корона, галзуу зэрэг малын гоц халдварт 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээг гүйцэтгэж байна. Шүлхий өвчний дэгдэлт гарсан тохиолдолд шүлхийн хэвшлийг тодорхойлж, референс лабораториор баталгаажуулсны дараа гадаадаас вакцин захиалж хугацаа алддаг байсан бол саяхан Биокомбинат УТҮГ-т Шүлхийн вакциныг үйлдвэрлэх, савлах цех ашиглалтад орлоо. Энэхүү цех ашиглалтад орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

 

Монголын шинжлэх ухааны салбарт дэлхийд бүртгүүлсэн долоон нээлтийн дөрвийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд буюу мал эмнэлгийн салбарынх байдаг гэдэг утгаараа хүний нөөц боломж бололцоо, техникийн дэвшил сайн байдаг. Мал эмнэлэг хамгийн ууган салбарын хувьд ингэж хөгжсөн гэж харж болно.  Гэхдээ зөвхөн мал эмнэлэг гэлтгүй хүн эмнэлгийн голлох стратегийн чухал ач холбогдолтой байгууллагууд боловсон хүчний маш сайн нөөцтэй байх шаардлагатай. Дэлхийд цар тахал хэлбэрээр дэгдээд буй COVID-19 коронавирусын тархалт нэмэгдэж байгаа нөхцөл  байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн яамнаас Мал эмнэлгийн биоаюлгүйн-III  зэрэглэлийн лабораторийг дотооддоо коронавирусыг илрүүлэх, шинжлэх оношилгоог хийх бэлэн байдалд орохыг үүрэгдсэн нь шинэ коронавирус буюу COVID-19 шинжлэхэд мал эмнэлгийн салбарынхан боловсон хүчний болон техник технологийн хувьд бэлэн байгааг харуулж байна. Мал эмнэлгийн салбар COVID-19-ийн болзошгүй эрсдэлийн үед тусгай зөвшөөрлийн дагуу энэ өвчний үүсгэгчийг илрүүлэх, ялгаж авах судалгааны ажилд бэлтгэлтэй байгаа.

Ер нь аливаа улсын шинжлэх ухааны байгууллага улсынхаа хөгжилд голлох үүргийг гүйцэтгэдэг. Манай улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ий 0.5 хувьд ч хүрэхгүй 0.12-0.16 хувь буюу маш бага хөрөнгийг жилд зарцуулж байна. Тэгвэл манай улс шиг хөгжиж буй орнуудад ДНБ-ий нэг хувийг зарцуулдаг, хөгжингүй орнууд ДНБ-ий нэгээс дээш хувь буюу 3-4 хувийг зарцуулдаг. Тэгж байж шинжлэх ухааны салбарт бодит хөрөнгө оруулалт болно. Үүгээр харьцуулж үзвэл Монгол Улсын шинжлэх ухаандаа зарцуулах хөрөнгө дэлхийн дунджаас 10 дахин доогуур байгаа нь манай эрдэмтэд энэ салбартаа тэсч үлдэхэд хэцүү болохыг харуулж байна. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийг шинжлэх ухааны хөгжлөөс харж болно. Монгол Улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч болохын тулд шинжлэх ухааны салбараа, судлаач, эрдэмтдээ дэмжих хэрэгтэй байна. Монголчууд маш ухаантай, аливаа нөхцөл байдалд хурдан дасан хувирах чадвартай ард түмэн. Энэ хүний нөөц бололцоог ашиглаад бид шинжлэх ухаанаа дэмжээд хөгжүүлбэл монголчууд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай