Х.Наранжаргал: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт л Засгийн газрын хатуу нөлөөллөөс хамгаалдаг
- 2020-03-23
- Топ сэдэв
- 0
“Глоб Интэрнэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Монгол Улсад сэтгүүл зүй үүсээд 107 жилийг ардаа үлдээжээ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Монголд тогтмол хэвлэл үүсээд 107 жил болж байна гэдэг бол яахын аргагүй тэмдэглүүштэй үйл явдал. Хүнтэй адил Монголын сэтгүүл зүй өгсөх үедээ өгсөж, уруудах үедээ уруудсан. Өнөөдөр манай сэтгүүл зүй хамгийн эмзэг түвшинд оччихсон байна. Сэтгүүл зүй үүссэн нь Монголын нийгмийн соёлд нөлөөлсөн үзэгдэл байсан гэж хэлж болно. 1921 оноос хойш ардчиллын шилжилтийн үе хүртэл бид коммунист сэтгүүл зүйн хэм хэмжээг дагаж мөрдөж ажилладаг байлаа. Иргэн нь төрд үйлчилдэг нийгэмд амьдарч байсан.Тухайн үеийн МАХН-ын жанжин шугамаас хэтэрч болохгүй шүү дээ. Тэгэхээр сэтгүүлч иргэний хүсээд байгаа мэдээллийг өгч болохгүй гэсэн үг. Сэтгүүлчийн эрх чөлөө туйлын хязгаарлагдмал болохоор эргээд иргэний мэдээлэлтэй байх эрх нь мөн хязгаарлагдмал болчихож байгаа юм. Тийм нийгэмд бид амьдарч байсан. Миний хамгийн анхны материал “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж, арван төгрөгийн бичлэгийн шагнал авч байсан юм. Шагналынхаа мөнгөөр ургацын баяр эхэлчихсэн, тэндээс юм аваад гэртээ очиж байсан. Энэ олон жилийн уламжлалтай сэтгүүл зүйд хувь нэмэр оруулж байсандаа өөрийгөө азтай гэж боддог.
-Та Монголын сэтгүүл зүйн сүүлийн 40 жилийн түүхийг бичилцсэн нэгэн. Коммунист сэтгүүл зүйгээс ардчилсан чөлөөт сэтгүүл зүй рүү шилжсэн үйл явц ямар байсан бэ?
-1990 оны дараа бидэнд цоо шинэ сэтгүүл зүйд суралцах шаардлага тулгарсан. Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газраас хоёр хүнийг англи хэлний курст явуулах болж инженер залуу бид хоёр Англид очиж суралцсан. Анх удаагаа хөрөнгөтөн оронд очиж байгаа хүнд юм бүхэн өөр, сонин ертөнц байсан. Тэндээс л анх чөлөөт хэвлэл мэдээллийн зарчим, мөн чанар нь юу вэ гэдгийг мэдэх том боломж олдсон доо. Тэр үед олон улсын байгууллагууд Монголд ирж, ардчилсан сэтгүүл зүйн талаар сургалт явуулж байсан. Ингэж суралцах хугацаандаа BBC-д хоёр долоо хоног дадлага хийсэн. Тэндээс л олон нийтийн өргөн нэвтрүүлгийн сонгодог загвар бол BBC-гийн загвар юм байна аа гэдгийг ойлгосон. Буцаж ирэхдээ нэг том зорилттой ирсэн нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэхийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан. Намайг ирсний дараа Программын захиргааны даргаар томилсон. Энэ нь миний зорилтоо биелүүлэх боломж гэж бодсон. Ингээд радио, телевизийг либералчлах, өөрөөр хэлбэл, Засгийн газрын хяналтад байдаг өргөн нэвтрүүлгийг олон нийтийн өргөн нэвтрүүлэг болгох зорилгоор телевизийнхээ есөн хүнтэй хамтраад хөтөлбөр боловсруулсан. Түүнийгээ Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай, мөн тухайн үеийн улс төрийн намуудад танилцуулсан. Гэвч энэ бол дүрмээр шийдчихдэг зүйл биш, хуультай байх хэрэгтэйг ойлгосон. Тухайн үед П.Очирбат гуай Олон нийтийн хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай хуулийн төсөл санаачлаад ажиллаж байсан. Тэр үйл явц үргэлжилсээр 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсан даа.
-“Глоб Интэрнэшнл төв” төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
-Би 1995 онд ДАНИДА-гийн “Чөлөөт, ардчилсан хэвлэл” төсөлд ажиллахаар телевизийн ажлаа орхисон. Төсөл амжилттай хэрэгжиж, Монголын талд шилжсэний дараа 1999 онд дөрвөн хүнтэй нийлж, энэ байгууллыг үүсгэн байгуулсан. Манай байгууллага “Мэдээлэлтэй иргэн хүчирхэг” уриан дор стратегийн гурван хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хэвлэл мэдээллийн хөгжлийн хөтөлбөр ба хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг таатай болгох нь энэ хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ чиглэлээр хорин жил ажиллаж байна. Монгол Улс Үндсэн хуулиараа иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг нь баталгаажуулсан. Манай Үндсэн Хуулийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улс олон улсын хамтын нийгэмэлгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсад олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн байгаа. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон манай Үндсэн хуульд нийцсэн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө бид ажилладаг.
-Танай байгууллагыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгээс гарсан гэж сонслоо. Ямар шалтгаан байсан бэ?
-Одоогийн Ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын А/203 тоот тушаалаар байгуулсан. Үүнд манайхыг урьсанд талархан хүлээж авсан. Анхны хурал дээр би “Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын хэм хэмжээнд нийцсэн хуулийн төслийн төлөө ажиллана. Тийм ч учраас ажлын хэсэг миний үгийг анхаарч хүлээж авна байх” гэж хэлсэн. Урьд нь ОНРТ-ийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөл, өөр бусад тодорхой ажил дээр бид Хууль зүй, дотоод хэргийн яамтай маш үр дүнтэй хамтран ажилласан. Манай судалгаан дээр үндэслэдэг, олон улсын бичиг баримтыг эргэж харахаас эхлүүлээд үр дүнтэй ажилласан ажлууд бий. Гэтэл энэ Ажлын хэсгийн хурлууд дээр санал зөрөлдөж, бидний саналыг хүлээж авахгүй, үл тоомсорлож байсан. Тэгэхээр бид Ажлын хэсэгт ажилласан гэсэн нэр зүүх төдий байхыг хүсээгүй учраас өнгөрсөн сарын 19-нд ажлын хэсгээс чөлөөлөх хүсэлтээ Ц.Нямдорж сайдад хүргүүлсэн.
-Ямар шалтгааны улмаас та бүхэн ажлын хэсгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бэ?
-Дөрвөн үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн өмчлөл, хэлбэрийн асуудал. Хоёрдугаарт, өөрийн зохицуулалт. Гуравдугаарт, мэдээллийн нууц эх сурвалж. Дөрөвдүгээрт, сэтгүүлчдийн эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой. Манай улсын 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлийн 34 тоот ерөнхий тайлбарт, хэвлэл мэдээллийн байгууллагыг олон нийтийн, хүйн, арилжааны гэж гурван үндсэн хэлбэртэй байхаар заасан. Эхний хоёр нь ашгийн бус хуулийн этгээд. Арилжааны хэвлэл мэдээлэл бол ашгийн төлөө компани. Энэ гурван хэлбэрийг төсөлд заасан мөртөө хуулийн этгээдийн хэлбэрийг заахдаа хүйн хэвлэл мэдээлэл нь сан, олон нийтийн радио, телевиз нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна гэж байгаа юм. Хүйн хэвлэл мэдээлэл заавал сан байх албагүй. ЮНЕСКО-гийн тодорхойлолтоор community буюу хүй олон нь газар зүйн байршил, сонирхлоороо нэгдсэн бүлэг гэдэг. Эдгээр бүлэг нийтлэг ашиг сонирхолтой, ямар нэг байдлаараа хүйн холбоотой. Хүй олон өөрсдөө удирддаг, өөрсдөө ажиллуулдаг, өөрсдөө хяналтаа тавьдаг ийм онцлогтой. Дараагийн асуудал нь Олон нийтийн радио телевиз чинь ашгийн бус, тусдаа бие даасан хуулийн этгээд. Үүнийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу одоо байгаагаар Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоотой яаж жишиж, адилтгаж болох вэ дээ. Гагцхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн бүртгэлтэй хуулийн этгээд байж болохгүй нь ойлгомжтой. Хуулийн этгээдийн хэлбэрийг тодорхой болгоё гэвэл, холбогдох хуулиуддаа ашгийн буюу компани, ашгийн бус буюу олон нийтийн, хүйн гэсэн хэлбэртэй байна гэсэн өөрчлөлт хийхэд л хангалттай.
-Сэтгүүлчдийг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох асуудал Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгаа юу?
-Яг ийм томьёолол төсөлд байхгүй. Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хэвлэл мэдээллийн ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглодог. ИБУТЭТОУП-ын 19 дүгээр зүйлийн 34 тоот ерөнхий тайлбарт “Сэтгүүл зүй бол мэргэжлийн, бүтэн цагаар ажиллаж буй сурвалжлагч, шинжээч, мөн блогчид, хэвлэн нийтлэл эрхлэгчдийг хамарсан өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий тогтолцоо, сэтгүүлчдийг лицензжүүлэх нь гурав дахь хэсэгт үл нийцнэ. Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил юм. Сэтгүүлчдэд батламж олгох, эсвэл хэн сэтгүүлч байхыг тодорхойлох аливаа оролдлого нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй хэрэг. Сэтгүүлч, хэвлэл мэдээлэл ёс зүйн асуудал, өөрийн зохицуулалтаа өөрсдөө хариуцах үүрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг биш” гэж Лондон хотноо төвтэй “19 дүгээр зүйл” байгууллагын Олон улсын хэм хэмжээ хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын зохицуулалтад дурдсан байдаг. Энэ төсөлд хэвлэл мэдээллийн салбарт ажиллах байгууллагуудыг жагсаасан. Тухайлбал, Сэтгүүлчдийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Хэвлэлийн зөвлөл, орон нутагт үйл ажиллагаа явуулах, бусад гэх мэт. Сэтгүүлчдийг ямар нэгэн холбооны гишүүнчлэлтэй байхыг албадах нь хэвлэлийн эрх чөлөөний зөрчил болохын тодорхой нэг тохиолдол нь Америк дундын хүний эрхийн шүүхээр шийдвэрлэсэн Коста Рика улсын жишээ байсан. Үүнд сэтгүүлчдийг мэргэжлийн эсвэл холбооны гишүүн байхыг хүчээр тулгах нь эмзэг асуудал юм. Практик дээр сэтгүүлчид сайн дураараа ийм байгууллагад идэвхтэйгээр нэгдэх, эсвэл өөрсдөө дундаа шинэ бүлэг хэсэг байгуулдаг. Холбоо, үйлдвэрчний эвлэл байгуулах нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактын 22 дугаар зүйлээр баталгаажуулсан тусдаа хүний эрх юм. Харин сэтгүүлчдийн эвлэл холбоо нь хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулахад тустай, мөн сургалт хийх, гишүүддээ үйлчилдэг ёс зүйн зарчим батлах замаар гишүүдийнхээ мэргэжлийн ба ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэхэд туслах боломжтой.
-Ер нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ямар байх ёстой вэ. Энэ хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг манайхан салбарын хууль, гол хууль гэж яриад байгаа. Энэ бол том эндүүрэл. Хэвлэл мэдээллийн салбарт хамаарахгүй зүйл гэж байхгүй. Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил. ЮНЕСКО-гоос 2011 онд “Илэрхийллийн эрх чөлөөг хамгаалахад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол” хэмээх бодлогын бичиг баримт боловсруулж хэлэлцүүлсэн практик үр дүнтэй болсон. Энд өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг сэргийлж, засгийн газрын хатуу нөлөөллөөс хамгаалдаг. Хэвлэл мэдээлэл орчноо Засгийн газраас илүү ойлгодог учир зохицуулалтын тогтолцооны хувьд энэ нь үр өгөөжтэй байх боломжтой. Өөрийн зохицуулалт нь эргэх хариуцлагатай, ёс зүйт хэвлэл мэдээллийн хэм хэмжээг салбар нь өөртөө хүлээнэ гэсэн үг. Энэ бол мэдээлэлд ёс зүйн өндөр хэм хэмжээг дэмжих хамгийн шилдэг тогтолцоо. Нөгөө талаас иргэний эрх юм. Иргэн бүр хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай түгээсэн мэдээлэлд хариу өгөх эрхтэй.
-Дэлхийн улс орнууд өөрийн зохицуулалтын үндсэн ямар хэлбэрүүдтэй вэ?
Өөрийн зохицуулалтыг байгууллагын хуулиар байгуулдаг, төрийн дэмжлэгтэй өөрийн зохицуулалт хийдэг, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө нэгдэж, үүсгэн байгуулаад, өөрсдөө санхүүжүүлдэг гэсэн гурван хэлбэртэй. Эхний хэлбэр эрсдэлтэй л дээ. Жишээ нь, Балба улсын Хэвлэл мэдээллийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг бүртгэдэг, үйл ажиллагааг нь зогсоодог гэх мэтээр хэтрүүлсэн эрх мэдэлтэй. Дани бол хоёр дахь хэлбэрийн өөрийн зохицуулалтын тогтолцоотой. Ардчиллын соёл төлөвшсөн улс оронд засгийн газар нь эрх мэдлээ урвуулахгүй. Швед, Германы өөрийн зохицуулалтын тогтолцоо буюу гурав дахь хэлбэр нь манайд илүү тохиромжтой гэж үздэг. Монголын хэвлэлийн зөвлөл 2015 онд энэ хувилбараар байгуулагдсан, амжилттай ажиллаж байгаа.
-Одоо манайд үйлчилж буй хуулиар бол МҮОНРТ-ийн сэтгүүлч л нууц эх сурвалжаа хамгаалах эрхтэй. Үүнийг сэтгүүлчийн онцгой эрх гэдэг. Энэ эрхийг хуулийн төсөлд тусгасантай та санал зөрүүтэй байгаа гэсэн. Үүнийгээ тайлбарлана уу?
-Сэтгүүлчийн нууц эрх сурвалжийн баталгааг тусгасан нь хуулийн төслийн давуу тал. Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэх мэт үндэслэлээр заасан илчлэх нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол туйлын эрх биш тул олон улсын хуулиар үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, нэр хүнд, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хязгаарладаг. Гэхдээ заавал хуулиар тогтоох, хязгаарлалтыг зайлшгүй байх, мушгин гуйвуулж хэтрүүлэлгүй хэмжээндээ байх гэсэн гурван талт шалгуур байдаг. Харин нууц эх сурвалжийн хамгааалалт бол хүний халдашгүй дархан байх эрхийн салшгүй хэсэг юм. Өөрийнх нь амь нас, эрүүл мэнд, бусад зүйлд эрсдэл учруулахаас өөрийгөө хамгаалж, нэрээ нууцалсан хүн сэтгүүлчид итгэж мэдээлэл өгдөг. Иймд ганцхан болзол бол нууц эх сурвалж өөрөө зөвшөөрөөгүй бол сэтгүүлч илчлэх ёсгүй. Нууц эх сурвалж илчлэх асуудал зөвхөн шүүх дээр л яригдана. Мөн хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц гэх мэт илүүц тодорхойлолт бас байгаа. Ингээд эцэст нь хэлэхэд, бид Ажлын хэсгээс гарлаа гээд энэ талаар ажиллахгүй гэсэн үг биш. Хуулийн төслийг эцэслээд, олон нийтээс санал авах байх. Тэр үед нь бид хараат бус хуульч, шинжээчдийн ажлын хэсэг байгуулж, албан ёсны санал дүгнэлтээ өгнө. Үүнийгээ Ц.Нямдорж сайдад илгээсэн захидалдаа дурдсан.