Covid-19 ба Sars cov2
- 2020-04-20
- Нийтлэл
- 0
2019 оны 12 дугаар сараас БНХАУ-ын Ухань хотод гарч эхэлсэн аюултай халдварт өвчнийг, Коронавирусийн өвчин (Coronavirus disease)-2019 буюу товчоор COVID-19 хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас нэрлэсэн билээ.
COVID-19-ийг үүсгэсэн вирусийн удамшлын аппаратын бүтэц, генүүдийг нь Хятадын эрдэмтэд сар хүрэхгүй хугацаанд бүрэн судлаад, түрүүнд нь, 2002 2003 онд SARS өвчнийг үүсгэж байсан вирустай ойр төрлийн вирус болохыг баталснаар, энэ өвчний үүсгэгчийг SARS-ын коронавирус-2 (SARS CoV 2) хэмээн нэрлэсэн юм.
Аливаа халдварт өвчний үүсгэгчийг биедээ агуулж байдаг амьтныг, байгаль дахь жинхэнэ эзэн хэмээн шинжлэх ухаанд нэрлэдэг бол, халдварт өвчний үүсгэгчийг жинхэнэ эзнээс нь хүнд дамжуулан халдварлуулдаг амьтныг завсрын эзэн гэж нэрлэдэг. 2002 онд SARS өвчнийг үүсгэсэн коронавирус, 2012 онд МЕRS өвчнийг үүсгэсэн коронавирус хоёрын байгаль дахь жинхэнэ эзэн нь сарьсан багваахай байсан бол, тэдгээр вирусийг хүнд дамжуулан халдварлуулсан завсрын эзэн нь өөр өөр амьтад байсан юм. Тодруулбал, SARS-ын коронавирусийг хүнд дамжуулан халдварлуулсан завсрын эзэн нь циветта гэдэг муурын төрлийн амьтан, МЕRS-ын коронавирусийг хүнд дамжуулан халдварлуулсан завсрын эзэн нь наран тэмээ байсан билээ.
COVID-19-ийг үүсгэсэн SARS CoV 2 ыг биедээ агуулж байдаг, байгаль дахь жинхэнэ эзэн нь тахан хамарт сарьсан багваахай гэдэг нь батлагдаад байгаа ч энэ вирусийг хүнд дамжуулан халдварлуулсан завсрын эзнийг нь бүрэн тогтоож чадаагүй байна. Халуун бүсийн оронд амьдардаг панголин хэмээх хайрсан арьстай амьтан л завсрын эзэн нь байх гэж таамаглаж байгаа ч энэ амьтнаас илрүүлсэн коронавирус, SARS CoV 2 оос нэлээд өөр болох нь тогтоогджээ.
Сонирхолтой нь, панголины мах биенд сайн гэсэн ойлголт хятадын ард түмний дунд түгээмэл байдаг тул энэ амьтны 1 кг мах хар зах дээр 600 доллараар зарагддагаас гадна энэ амьтны хайрс үе мөчний эмийн найрлагад ордог юм байна.
ДЭМБ-ын мега-туршилт эхэллээ
COVID-19 буюу SARS CoV 2 ын халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь шинж тэмдэг илэрдэггүй хөнгөн хэлбэрээр өвчлөөд өнгөрдөг ч үлдсэн 15 хувь нь заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүнд хэлбэрээр өвчилдөг нь тогтоогдсон юм. Хүнд хэлбэрээр өвчлөөд нас барж байгаа хүмүүсийн дийлэнх нь жараас дээш насныхан байгаа нь эрдэмтдийн анхаарлыг үнэхээр татаж байна.
Гэтэл SARS CoV 2 ын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй, энэ вирусээр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх өвөрмөц эм байхгүй байгаа нь, олон улсын хэмжээний тулгамдсан асуудал болж байгаа билээ. Ийм учраас, ДЭМБ, SARS CoV 2-ын халдварыг дөрвөн янзын аргаар эмчлэн турших, “Эв санааны нэгдэл (Solidarity)” хэмээх мега-туршилтын ажлыг эхлүүлж байгаагаа 2020 оны гуравдугаар сарын 22-нд дэлхий дахинаа тунхаглан зарлаж, олон улс орон ч хамтран ажиллахаар болоод байна. Мега-туршилт гэдэг нь, арван мянга буюу түүнээс олон өвчтөнийг хамруулсан туршилтыг хэлдэг ажээ.
Энэ “Эв санааны нэгдэл” хэмээх мега-туршилтыг хийхдээ, SARS CoV 2 ын халдвараар өвчилсөн хүмүүсийг дөрвөн бүлэгт хуваагаад, бүлэг тус бүрийг дараах дөрвөн аргын аль нэгээр эмчилж, эмчилгээнийх нь үр дүнг хооронд нь харьцуулан судлах юм. Үүнд:
1. Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ)-ийн халдварыг лопинавир, ритонавир хоёроор хавсран эмчилдэг аргаар, SARS CoV 2 ын халдварыг эмчилнэ. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг энэ хоёр эмээр хавсран эмчлэхэд, энэ вирусийн үржил эрс дарангуйлагддаг. SARS CoV 2 нь, ХДХВ шиг рибонуклеин хүчил агуулсан вирус учраас, лопинавир, ритонавир хоёроор хавсран эмчлэхэд үржил нь бас дарангуйлагдана гэж үзэж байгаа юм.
2. SARS CoV 2-ын халдвартай зарим хүмүүсийг лопинавир ритонавир хоёроор хавсран эмчлэхийн зэрэгцээ бета-интерфероноор эмчилнэ. SARS CoV 2-ын халдвартай хүмүүст илэрдэг дархлалын гаж урвалыг бета-интерферон зохицуулж зогсоох ёстой хэмээн эрдэмтэд үзэж байна.
3. Дэлхийн хоёрдугаар дайны үед хумхаа өвчний эмчилгээнд хэрэглэдэг байсан хлорохин, гидроксихлорохин зэрэг эмээр, SARS CoV 2-ын халдвартай зарим хүмүүсийг эмчилнэ. Анх, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр, “Хлорохин, гидроксихлорохин хоёрыг эмчилгээнд хэрэглэх нь зүйтэй. Тэгвэл байдлыг ихээхэн өөрчилж чадна. Эдгээр эм бол тун сайн эм байгаа юм” гэсэн утгатай юм хэлээд томоохон эрдэмтдийн шүүмжлэлд өртсөн юм. Үнэндээ, тэдгээр эрдэмтэд Дональд Трампыг шүүмжлэхээсээ өмнө “Энэ хүн яагаад ингэж хэлэв?” гэж бодох ёстой байсан байхаа. Албан ёсны болоод албан ёсны бус асар их мэдээлэлтэй хүнд тэгж хэлэх үндэслэл заавал байж таарна. Гидроксихлорохиныг цинктэй хавсран хэрэглээд юм уу, азитромицин гэдэг антибиотиктой хавсран хэрэглээд хүнд өвчтөнүүдийг сэхээсэн туршлага нийтлэгдсээр л байна. Нас барсан хүмүүс бүртгэгдэх нь бүртгэгдсээр байгаа ч дандаа чихрийн шижин өвчтэй, цусны даралт ихтэй өндөр настнууд, эсвэл эмнэлэгт хэт оройтож хэвтсэн өвчтөнүүд л нас барж байгаа ажээ.
4. Одоо хүртэл, Саудын Арабд гарсаар байгаа MERS өвчний эмчилгээнд амжилттай хэрэглэж байгаа ремдесивир гэдэг эмээр зарим өвчтөнийг эмчилнэ. Уул нь, энэ эмийг Эбола өвчний эмчилгээнд хэрэглэхээр Gilead Science биотехнологийн компани үйлдвэрлээд, хамгийн сүүлд Бүгд Найрамдах Конго Улсад гарсан Эбола өвчний дэгдэлтийн үеэр өвчтөнүүдэд туршаад үзтэл, үр дүн үзүүлээгүй ажээ. Гэвч SARS, MERS зэрэг коронавирусээр үүсгэгдсэн халдварын үед ремдесивир эмчилгээний тун сайн үр дүн үзүүлдэг нь батлагдсан байна.
Хэрвээ дээрх эмчилгээнүүд үр дүнтэй болбол, SARS CoV 2-ын халдвараас эмч, эмнэлгийн ажилтан ажилчдыг хамгаалахад ч туйлын чухал ач холбогдолтой зүйл болно. Зарим улс орны, SARS CoV 2-ын халдвараар өвчилсөн таван хүн тумын нэг нь эмнэлэгт ажилладаг хүн байгаа нь түгшүүр төрүүлж байна.
Анагаах ухааны доктор, вирус судлалч Э. Пүрэвдаваа
Анагаах ухааны доктор, вирус судлалч Р. Туул
АНУ-ын Виржиниа мужийн Броудлэндс хот