УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж

Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ардчиллын суурь зарчмууд, ялангуяа хүний эрх, хүйсийн тэгш байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм. 

Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. 

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг олон мандаттай том тойрог бүхий мажоритар тогтолцоогоор зохион байгуулна. Өмнөх өгүүлэлд олон мандаттай том тойрог нь эмэгтэйчүүдийн оролцоо, сонгогдох боломжийг хязгаарладаг болохыг дурдсан. 

Олон улсын туршлагаас үзэхэд пропорционал тогтолцоо хүйсийн тэгш байдлыг хангахад илүү үр дүнтэй байдаг. Ардчилал, Сонгуульд туслах Олон Улсын Байгууллага (International IDEA)-ын судалгаагаар сонгуулийн пропорционал тогтолцоотой улсуудад парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл мажоритар тогтолцоотой улсуудаас хоёр дахин илүү байгааг тогтоосон байдаг. 

Дэлхийн дахин дахь сонгуулийн тогтолцоо ба эмэгтэйчүүдийн төлөөлөл 

 

Дээрх графикт үзүүлсэнчлэн судлаач П.Норрисын судалгаагаар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж нь 2005 оны байдлаар сонгуулийн мажоритар тогтолцоотой 72 улсад 10.5%, холимог тогтолцоотой 36 улсад 13.6%, пропорционал тогтолцоотой 67 улсад 19.6% байна.

Тэр дундаа олон мандаттай том тойргийн (Block vote) тогтолцоотой 10 улсад эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж 7.4% байжээ. 

 

Өнөөдрийн байдлаар манай УИХ-ын 74 гишүүний 13 (17.6%) эмэгтэй байна. Энэ үзүүлэлтээр бид дэлхийд 122 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Дэлхийн дундаж 25%, Азийн дундаж 21%-иас доогуур байна. Өнгөрсөн 30 жилд улс төр, бизнес, нийгмийн салбар дахь эмэгтэй манлайлагчдын тоо, нөлөөлөл нэмэгдсэн боловч УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо 10-аас дээш гарахад  2011 онд батлагдсан эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гол үүрэгтэй байсан. 

 

УИХ-д хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор эмэгтэй нэр дэвшигчдийн дэмжсэн квотыг жил ярьж ирсэн ч 20 хувиас дээш гарахгүй байна.

 

Хамгийн анх 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.2-т “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэй байх” гэсэн заалтыг баталсан ч, дараа нь цуцалсан. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.2-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэдэг заалтыг баталсан. Үр дүнд нь 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Эмэгтэй гишүүдийн 6 нь мажоритар тойргоос, 5 нь намын жагсаалтаас сонгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн 6,3% нь сонгогдсон. 2015 оны Сонгуулийн хуулиар нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх заалтыг хуульчилсан ч 2016 оны тавдугаар сард мөн л 20 хувь болгож бууруулсан. 

 

 

Хүснэгт 1. УИХ-д нэр дэвшсэн болон сонгогдсон эмэгтэйчүүд

 

Саяхан батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж хуульчилсан. 

 

Эмэгтэйчүүдийг дэмжих квот нь улс төрийн намууд болон улс төрийн институциудын практикт өргөн тохиолддог эмэгтэйчүүдийг ялгаварлах, улс төрийн өрсөлдөөнд оруулахгүй байх явдлын эсрэг авч буй түр арга хэмжээ юм. 

 

Гэвч дан ганц квотоор эмэгтэйчүүд улс төрийн оролцоо, төлөөллөө нэмэгдүүлэх бололцоогүй юм. Квот нь эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлдэг. Харин эмэгтэйчүүд сонгуульд шударгаар өрсөлдөхөд олон саад бэрхшээлтэй тулгардаг.    

 

Үүнд: 

 

Сонгуулийн санхүүжилт: Жил ирэх тусам тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардал нэмэгдэж байна. Зарим намууд нэр дэвшихэд санхүүгийн босго тогтоож байна. Зарим нэр дэвшигчид хэд жил дараалан “өөрийн тойрогтоо” ил, далдаар ажиллаж байгаа нь нууц биш. Ийм орчинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй тэгш өрсөлдөх боломж тун хэцүү.  Өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд дунд бизнесийн төлөөлөл эмэгтэйчүүд олон байсан ч үүнтэй холбоотой.   

 

Квотын хэрэгжилт: Сонгуулийн хуульд 20-оос доошгүй хувь байх гэсэн квот нь эмэгтэйчүүд 20 хувь, эрэгтэйчүүд 80 хувь нь гэсэн үг биш. Аль нэг хүйсийн төлөөлөл хамгийн багадаа 20 хувь байхыг илэрхийлсэн. Гэвч намууд эмэгтэйчүүдийн төлөөллийг зөвхөн хуульд заасан 20 хувьд тулгаж л ашигладаг. 

 

Намын төлөвшил: Улс төрийн намуудын хувьд өнөөг хүртэл хүйсийн тэгш байдлыг хангах талаарх тодорхой зорилт бүхий бодлого үгүйлэгдэж байна. Намуудад хуулийн заасан квотд бодлогоо нийцүүлдэг боловч нэр дэвшигчийг эмэгтэй байна уу, эрэгтэй байна уу хамаагүй адил өрсөлд, хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй бол өрсөлдөх хэрэггүй гэсэн зарчим нийтлэг байдаг.   

 

Тойргийн сонгууль ба эрэгтэйчүүд давамгайлсан соёл: Мажоритар сонгуулийн тогтолцоонд нэр дэвшигч хүн амын олон янзын бүлгийн төлөөлөлтэй шууд ба шууд бус холбоо хэлхээтэй байх зайлшгүй шаардлагатай болдог. Ялангуяа, хөдөө орон нутагт нутгийн зөвлөл, уяачдын холбоо, урлаг, спортынхон гэх мэт албан ба албан бус бүлгүүдээр дамжуулж сонгуулийн нөлөөллийн ажил явагддаг.  

 

Эмэгтэй гишүүдийн манлайлал: Өнөөгийн эмэгтэй УИХ-ын гишүүдээс нийгэмд нөлөө бүхий манлайлагч, эмэгтэй улс төрчдийн “загвар” болохуйц дүр харагдахгүй байна. Нөгөөтээгүүр, төрийн болон намын бодлогод эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн, хүчтэй дуу хоолой алга байна.    

 

Ийм нөхцөлд цаашид УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

 

Дээр дурдсанчлан сонгуулийн пропорционал тогтолцоо эсвэл хосолмол тогтолцоо нь эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлнэ.

 

Хэрэв мажоритар тогтолцоо хэвээр байх нөхцөлд нэр дэвшигчийн квотыг 30 хувьд хүргэх нь маш том дэмжлэг болох юм. Улмаар, улс төрийн намын тухай хуульд намын удирдах байгууллагад болон бүх шатны сонгуульд нэр дэвшихэд аль нэг хүйсийн төлөөлөл 30-иас доошгүй байх квот хэрэглэх нь урт хугацаанд үр дүнтэй. 

 

Улс төрийн намуудад өгч буй төрийн санхүүжилтийн тогтолцоог жендэрийн мэдрэмжтэй нам төлөвшүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй. Тухайлбал, төрийн санхүүжилтийн хэмжээг сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоотой нийцүүлэн өсгөх, намуудад олгох төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй улстөрчдийг дэмжихэд зарцуулах  бодлого байж болно.  

 

2020 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд улс төрийн намууд тойрог тус бүрт хамгийн багадаа нэг нэг эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлбэл нийт нэр дэвшигчдийн 38 хувь нь эмэгтэй байх боломж бий. Түүнчлэн, намууд эмэгтэй нэр дэвшигчдийн кампанит ажлын зардлыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн гаргах, эмэгтэй нэр дэвшигчдээ нэгдсэн байдлаар танилцуулах, сурталчлах арга хэмжээ авч болно.

 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд эмэгтэй нэр дэвшигчдийг нам, тойрог харгалзахгүй дэмжих, нэвтрүүлгийн цаг гаргах, нэгдсэн кампанит ажил өрнүүлж болно.  

 

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Д.Бямбажав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)