Цар тахлын үеийн “цагдан мөрдөлт”

Цар тахлын үед бүх нийтээрээ өөрсдийгөө тусгаарлаж байгаа нь хүмүүсийн амь насыг аварч байгаа нь үнэн. Гэхдээ олон сая хүн орлогогүй болж, компаниуд дампуурлын ирмэгт тулж ирээд байгаа нь бас үнэн. 

Халдвар тархах эрсдэлийг бий болгохгүйгээр хүмүүсийг өмнөх хэвийн амьдралд нь эргүүлэн оруулах арга замыг эрдэмтэд хайсаар байна. Хөл хорионоос хүмүүсийг гаргах олон хувилбаруудын нэг бол гар утаснаас өгөх дохиогоор хүмүүс хэнтэй уулзаж байгааг тоон технологи ашиглан хянах явдал /digital contact tracing/ юм. Үүний тулд гар утсанд тусгай аппликейшн суулгах эсвэл үүрэн телефоны оператор компаниудаар дамжуулан хяналтыг хэрэгжүүлэх ёстой. Сингапур, Өмнөд Солонгос, Тайванийн туршлагаас харвал, ийм аргыг хэрэглэснээр халдвар авсан хүнтэй харьцсан хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлэн тусгаарлаж байна.

Бүх нийтийг хамарсан карантины оронд хүмүүсийг хэвийн амьдралд нь буцаан оруулах ийм дэглэмийг тогтоосноор эрх баригчид иргэдийн алхам бүрийг хянах болно. Барууны орнуудад дээрх улсуудынхтай төстэй өөрийн гэсэн хувилбарыг боловсруулж байгаа, харин ийм системийг бий болгосноор хүмүүс иргэний эрхээ золиосонд гаргах болно.

 

Европ тивийнхэн Азиас суралцаж байна

 

“8 цаг 15 минутын үед хоёр цагдаа ирээд хаалганы хонх дарсныг би анзааралгүй унтсаар байлаа” хэмээн Тайваний оюутан Мило ярьж байна. Тэрбээр Бельгийн нэгэн арлаас 3 дугаар сарын 19-нд эх нутагтаа ирсэн бөгөөд 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой байжээ.

Тайванийн дэд Ерөнхийлөгч бол халдвар судлаач эмч хүн. Бүр 12 дугаар сард уушигны хатгалгаа өвчин дэгдсэн тухай Хятад улс анхааруулж байсан тэр үед буюу коронавирусний талаар дэлхий дахин мэдэхээс өмнө  Тайванийн эрх баригчид Ухань хотоос ирсэн бүх зорчигчийг хяналтандаа авч эхэлсэн байна. Тусгаарлалт, хөл хорионы хэрэгжилтийг хянахын тулд Тайваньд тоон технологийг ашиглаж, түүнийгээ “цахим хашаа” гэж нэрлэжээ. Үүнийг тодруулваас, хэрвээ тусгаарлалтанд байгаа иргэний гар утаснаас 15 минутаас дээш хугацаанд ямар нэгэн хариу дохио ирэхгүй бол энэ тухай мэдээлэл эрх бүхий байгууллагын ажилтнуудад хүрнэ.   

Оюутан Милогийн гар утасны цэнэг өглөөний 7:30 цагийн үед дууссанаас хойших нэг цагийн дотор төр захиргааны 4 өөр байгууллагаас түүнтэй холбогдох гэж оролдсон байна. Холбогдож чадаагүй учраас Милогийн гэр рүү цагдаа нарыг явуулсан ба тэд “тусгаарлалтын журмыг зөрчвөл баривчлах болно” гэдгийг оюутанд анхааруулжээ.

“Цахим хашаа”-наас гадна тухайн хүнтэй уулзсан хүмүүсийг тоон технологи ашиглан хянах аргыг Тайваньд нэвтрүүлсэн байна. Энэ нь тун энгийн. Эрх баригчид үүрэн телефоны оператор компаниудын тусламжтайгаар иргэдийн хөдөлгөөнийг хянах ба хэн нэгэн хүн халдвар авсан тохиолдолд сүүлийн 14 хоногийн хугацаанд түүнтэй ойроос харьцсан хүмүүс буюу гэр бүлийнхэн, хамт ажиллагсад, тээврийн хэрэгслээр хамт зорчсон замын хүмүүсийг бүгдийг нь тусгаарлалтанд оруулдаг болой.

 

Халдварт өвчинтэй тэмцэхийн тулд өвчтөний ойрын хавьтлуудыг хянах нь хэдэн арван жилийн турш хэрэглэсээр ирсэн хамгийн түгээмэл арга бөгөөд SARS өвчний дэгдэлтийг ч мөн адил ийм маягаар хянаж байжээ.  Өмнө нь халдвар судлаач эмч нар өвчтөнүүдээс “өвчний шинж тэмдэг ажиглагдсанаас хойш хэнтэй уулзсан бэ” гэдгийг тодруулсны үндсэн дээр хавьтлуудын жагсаалтыг гаргаж, тэдгээр хүмүүсийг хянан ажиглаж байв.

 

Харин өнөө үед тоон технологийн төхөөрөмжүүд нь тухайн өвчтөн хаагуур явсан, хэнтэй  уулзсан талаарх нарийн тодорхой мэдээллийг хэдхэн минутын дотор гарган өгч байна.

Хавьтлуудыг олж тусгаарлахад тоон технологийг ашиглах нь үр дүнтэй гэдгийг Сингапур, Өмнөд Солонгос хоёр батлаад байгаа бол уг технологийг Индонез, Энэтхэг улсууд ашиглаад эхэлжээ. Мөн Ази тивийнхнээс жишээ авсан барууны ардчилсан орнууд ийм төрлийн арга хэмжээ авах талаар судалж байна.

Их Британи болон Европын Холбооны гишүүн орнууд өөрийн гэсэн технологийн хувилбарыг боловсруулахаар ажиллаж байна. Энэ чиглэл дэх Пан-Европын төслийг 130 компани, хүрээлэнгүүдээс бүрдсэн баг боловсруулж байгаа аж. Германы Канцлер А.Меркель “ийм аппликейшнийг сайн дурын үндсэн дээр хэрэглэж, үр дүнтэй гэдэг нь батлагдах аваас төслийг дэмжинэ” гэдгээ илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг технологийг “энэ бол маш сонирхолтой шинэ санаа,  манай засгийн газар үүнийг судалж байгаа” гэж үнэлсний сацуу хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой болгоомжлол төрж байгаагаа нуусангүй. Д.Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Америкийн Apple, Google корпорациуд “халдвар авсан хүний ойрын хавьтлуудыг хянах программ зохион бүтээхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэж байгаа” гэдгээ мэдэгдлээ.

 

Хүн амын ихэнхийг нь хянахаас өөр аргагүй

 

Covid-19 бусад вирусээс ялгаатай нь гэвэл, олон хүний хувьд уг өвчлөл ямар нэгэн шинж тэмдэггүйгээр явагддаг ба тэд вирус тээгч гэдгээ мэдэлгүйгээр бусдад өвчнийг халдааж байдаг. Дэлхий даяар өвчилсөн хүмүүсийн тал орчим хувь нь шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдээс халдвар авчээ. 

Чухам ийм учраас эрдэмтэд өвчтөний хавьтлуудыг тоон технологи ашиглан хянахад ихээхэн найдлага тавьж байгаа юм. Гэхдээ ийм технологи нь бараг бүх иргэдийн хөдөлгөөнийг хянаж байхыг шаардана. Уг технологийг түүврийн аргаар хэрэглэх боломгүй бөгөөд хүн амын ихэнхийг хянаж байхын тулд гар утасны аппликейшн ба байрлал тогтоох системийг байнга ашиглана гэсэн үг. 

Оксфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор, хяналтыг үр дүнтэй болгохын тулд хүн амын 60 хувийнх нь гар утсанд уг аппликейшнийг суулгасан байх ёстой бөгөөд бүх нийтийг хамарсан тусгаарлалтаас хэвийн амьдралын хэмнэлд шилжихийн тулд түүнийг ашиглаж эхлэх нь зүйтэй гэдгийг эрдэмтэд Их Британийн засгийн газарт зөвлөжээ. 

 

Сингапур загвар

 

Арлын энэ улсад бүтээсэн TraceTogether гэдэг аппликейшн нь бүх нийтийн тусгаарлалт, хөл хориог бүрэн орлож чадаж байна. Сингапур улс Хятадтай маш нягт харилцаа холбоотой боловч тус улсад халдвар авсан 3 мянга орчим тохиолдол илрээд байгаа нь харьцангуй цөөн гэсэн үг.    

TraceTogether нь байршил тогтоох системээр бус харин Bluetooth холболтоор ажилладаг бөгөөд тухайн хүний бүх шилжих хөдөлгөөнийг бус харин зөвхөн түүнтэй ойроос харьцсан хүмүүсийг л хянадаг ажээ. Гар утастай хоёр хүн бие биенээсээ 2 м-ийн зайд байх үед тэдний гар утаснууд нь хоорондоо холбогдох ба уулзалт 30 минутаас илүү хугацаанд үргэлжлэх аваас уулзалтын талаарх бичлэг хоёр гар утсанд хоёуланд нь хадгалагдан үлдэнэ. Тухайн хүн өвчилсөн тохиолдолд сүүлийн 14 хоногт өвчтөнтэй уулзсан бүх хүнд эрх баригчид анхааруулга сэрэмжлүүлэг илгээх ажээ.  

Цар тахалтай амжилттай тэмцэж буйн жишээг үзүүлж буй өөр нэгэн улс бол Өмнөд Солонгос. Эхэн үедээ халдварын тохиолдлын тоо эрс өсөж байсан боловч өвчилсөн хүмүүсийн тоо 10 мянгаас даваагүй ба 211 хүн нас барсан нь Дани улсынхтай харьцуулахад цөөн байгаа юм. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост бүх нийтийг хамарсан карантин тогтоогоогүй. Гэхдээ эрх баригчид вирус тээгчдийн хавьтлуудыг хянахын тулд маш хатуу арга хэмжээ авчээ. Тодруулбал, үүрэн телефоны оператор компаниудаас GPS байршил тогтоохтой холбоотой мэдээллүүдийг, банкнуудаас картны гүйлгээний мэдээллийг авдгаас гадна ажиглалтын камеруудын бичлэгийг хянан үзэж байна. 

 

Хятад улсад Alipay, WeChat гэсэн түгээмэл платформууд дээр Health Check гэдэг системийг хэрэглэж байна. Уг систем нь тусгай QR кодуудыг бий болгох  ба кодууд нь ногоон /чөлөөтэй явж болно/, улбар шар /7 хоногийн тусгаарлалт/ ба улаан /14 хоногийн тусгаарлалт/ өнгөөр асдаг ажээ.  

 

Сингапур ба Өмнөд Солонгосынхтой ижил төстэй технологийг дэлхийн олон улс оронд хэрэглээд эхэлжээ. Жишээ нь, Израилийн Эрүүл мэндийн яамны зохиосон аппликейшн нь халдвар авсан хүнтэй ойр байсан шүү гэдгийг нь тухайн хэрэглэгчид сэрэмжлүүлэн мэдээлдэг байна. 

 

Хуучин технологийн шинэ хэрэглээ

 

Цар тахлын үед хавьтлуудыг хянах орчин үеийн технологийн анхны хувилбарыг 2011 онд Кембрижийн их сургуулийн компьютерийн лабораторид хэрэгжүүлсэн FluPhone төслийн хүрээнд боловсруулжээ. Гахайн ханиад ид дэгдэж байх үед түүнийг сайн дурынхан дээр туршсан нь амжилттай болсон байна.

Хөл хорио, тусгаарлалтыг хянах бусад технологийг ч мөн адил дэлхий даяар идэвхтэй ашигладаг. Нүүр царай таних камеруудыг олон орны нийслэл хотуудад суурилуулсан бол үүрэн телефон оператор компаниуд, нийгмийн сүлжээнүүд хэрэглэгчдийнхээ талаарх мэдээллийг эрх баригчдад өгдөг. Эдгээр мэдээллийг зарим улсад шүүхийн шийдвэрээр, зарим улсад ийм шийдвэргүйгээр өгч байна. 

Харин цар тахлын үед дээрх арга хэмжээнүүдийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүй байгаа нь онцлог шинэ үзэгдэл юм. Өмнө нь захиргаадалтын /авторитар/дэглэм бүхий улс орнуудад бий болж байсан цагдан хяналтын шинэ хэлбэрүүдийг иргэний нийгмийн зүгээс эсэргүүцэж байсан бол дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед бүхий л анхаарал коронавирустэй тэмцэхэд чиглэжээ. 

АНУ-д гэхэд 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш тусгай албадын эрх мэдэл өргөжсөн ба терроризмын аюул занал үндсэндээ арилчихаад байхад ч гэсэн өнөөдрийг хүртэл уг эрх мэдлийг сунгасаар байна.  Олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр хэрэглэж буй эдгээр технологийг цар тахал зогссоны дараа ч гэсэн ашиглаж магадгүй гэдгээс шинжээчид ба иргэний хөдөлгөөний идэвхтэнүүд болгоомжилж байгаа юм. Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден хэлэхдээ “5 жилийн дараа буюу коронавирусний цар тахал зогссоны дараа эдгээр мэдээллийг эрх баригчид ашиглах боломжтой хэвээр байх бөгөөд тэд мэдээллүүдийн дотроос шинэ мэдээлэл хайх болно” гэжээ. 

Өөр нэгэн жишээ. Дижитал эрх чөлөөг хамгаалах зорилго бүхий "Роскомсвобода" гэдэг төсөл Орос улсад хэрэгжиж байна. Төслийн багийнхан Беларусийн Human Constanta байгууллагатай хамтран Pandemic Big Brother хэмээх интерактив картыг ажиллуулж эхэлжээ. Уг картны гол зорилго бол цар тахлын дараа дижитал “цагдан мөрдөлт” зогссон эсэхийг хянах явдал юм. Өөрөөр хэлбэл, авторитар дэглэмүүд хяналтын шинэ аргуудаас татгалзана гэдэгт иргэний нийгмийн идэвхтэнүүд эргэлзэж байна.   "Роскомсвободы" байгууллагын захирал Артем Козлюк-ын онцлон хэлснээр, эрх баригчдын цуглуулсан мэдээллүүд луйварчид ба корпорациудын гарт орох тохиолдол олонтоо гардаг ажээ. 

 

Нугалаа завхрал гарч байгаа нь

Шинжээчид ба идэвхтэнүүдийн болгоомжлол үндэслэлтэй гэдэг нь зарим талаар батлагдсаар. Энэтхэгийн засгийн газраас авахуулаад Черногорийн засгийн газар хүртэл цар тахалтай тэмцэх шинэ аргуудыг яаравчлан нэвтрүүлэхдээ халдвар судлалын үүднээс эрдэмтдийн зөвлөж буйгаас давж гарсан зүйлүүдийг хийж байна.

Зарим улсын төр засгийн байгууллагууд иргэдийн утасны дуудлагын жагсаалтыг шалгаж байна. Энэ нь өвчилсөн хүний ойрын хавьтлуудыг хянахад зайлшгүй шаардлагатай биш гэж эрдэмтэд үзэж байгаа боловч ийм арга хэмжээг Армени, Болгар улс болон Энэтхэгийн Керала мужид аль хэдийнээс хэрэгжүүлж байна. 

Түүнээс гадна, Москва хотын захиргаанаас “Нийгмийн мониторинг” гэдэг аппликейшн, мөн QR код бүхий тусгай үнэмлэх гаргаж байгаа тухайгаа мэдэгдлээ. Тэр ч бүү хэл, Черногорийн засгийн газар гэхэд цахим хуудсандаа карантилагдсан хүмүүсийн овог нэрийг нийтэлсэн байх жишээтэй.

Иранд зохиосон AC19 гэдэг аппликейшнийг Google Play платформоос хасжээ. Учир нь, тухайн хүний нэр, хүйс, утасны дугаар, биеийн өндөр, жингийн талаарх мэдээллийг аппликейшн зохиосон компанийн серверт илгээдэг байсныг судлаачид илрүүлсний дараа уг аппликейшнийг хэрэглэхийг зогсоосон байна. Ираны Эрүүл мэндийн яам уг апп-ыг гар утсандаа суулгахыг уриалсан мессежийг бүх иргэнд илгээж байжээ.  

Ёс зүйтэйгээр хяналт явуулдаг гэгдэх Сингапурт гэхэд, Эрүүл мэндийн яам нь өвчилсөн хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн ба түүнийг ашиглан нэгэн программ зохиогч халдварын тохиолдлын интерактив картыг бүрдүүлсэн гэх мэт тохиолдол бий. Энэ картыг ашигласнаар тухайн хүний талаарх мэдээллийг хялбархан олж болно.   

 

Хүчирхэг гар ба эрх чөлөө хоёрын дунд

 

Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,  Washington Post  сонины нийтлэлч Дэвид Игнатиус цар тахлын дараа дэлхий ертөнц ямар байх вэ гэдгийг мэргэжил нэгт нөхдийн хамт хэлэлцэн ярилцаж байгаа аж.

“Хүмүүс айдаст автсан энэ үед төрийн хяналтыг бэхжүүлэх нь тэдэнд итгэл найдвар төрүүлж байж магадгүй. Гэхдээ хяналтын зарим арга хэмжээ нь маш аюултай үр дагаварт хүргэж мэднэ. Эрх баригчид иргэн бүрийг хянаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хувьд давуу талыг олгож буй нь илт харагдаж байгаа боловч хувь хүний нууцын тал дээр сөрөг үр дагавартай” гэж Игнатиус ярилаа.

Цар тахлаас үүдэлтэй хямрал нь авторитар удирдагчдын засаглалыг бэхжүүлэхийн зэрэгцээ эрдэмтэд, шинжээчдийн нөлөөг ч мөн дээшлүүлж болох юм. “Хятадад Ши Жинпинийг хүчтэй удирдагч гэж магтан дуулдаг боловч коронавирус тархсаныг хамгийн түрүүнд мэдээлсэн Уханийн зоригт эмч Ли Вэньлян-ы үг урьд өмнө байгаагүйгээр олон нийтийн анхааралд өртсөнөөр эхэндээ түүнийг шүүмжлэн буруушааж байсан Коммунист нам хүртэл түүнийг дэмжих болсон” гэдгийг Игнатиус хэллээ.   

Хямралын үед төрийн хяналтын давуу талууд харагдсан нь үнэн, гэхдээ ил тод, нээлттэй байдал, баталгаатай мэдээллийг чөлөөтэй авах нь хамаагүй илүү чухал” гэж тэрбээр үзэж байна.

 

Б.Адъяахүү

Эх сурвалж:http:// https://www.bbc.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай