Нэг нь нийтийн төлөө...

...Нийт нь нэгийн төлөө. Энэ бол хуучны үг л дээ. Амин чанар нь цартахал дэгдэж буй энэ хэцүү үед илэрч байна л даа. Сайн юм хуучрах тусмаа үнэд ордог гэдэг нь үнэн байна. Дэлхий даяар цартахлын эсрэг дайн болж хүн зон өвчилж нас барж байна. Энэ өвчин яг тийм гэх төсөөлөлгүй, дүрээ хувиргах чадвартай, шинжлэх ухаанд судлагдаагүй, эсрэг вакцин байхгүй, гэрээр болон эмнэлгээр эмчлэхэд нарийн багж ажилгаа, оролцоо шаардах бэрхшээлтэй аж. Бид үүнийг хэрхэн давах вэ. Ер нь бид цартахлаар заавал бүгд өвчлөх ёстой юу... гээд л цаана нь мэдэхгүй, чадахгүй зүйл нилээдгүй байнаа. Бидний амьдралд огт төлөвлөөгүй, урд өмнө үзэгдээгүй, гэнэтийн эрсдэл, гай газар дороос, гахай модон дотроос... гэдгийн үлгэрээр гэнэт л гараад ирлээ. Энэ чинь биднээс зөв сонголт хийхийг шаардаж байна. Байсхийгээд л нэг мэдэхгүй юм гарч түүнийг нь мэдээд авахад дахиад л цаана нь огт мэдэхгүй юм гараад ирнэ.

Өнөөдөр хуанлид бол амралтын сайн өдөр, эх оронд маань хавар болж яргуй нүдэлжээ. Гэхдээ энэ өдөр амралтын өдөр ч биш,. баярын  өдөр ч биш, аюулт цартахлын халдвар дамжин ирсэн хөл хорионы өдөр болж байна. Үүний эсрэг бид юу хийж чадах вэ гэдэг сонголт бидний өмнө тулж ирлээ. Цайз шиг хамгаалалтай байгаад хүмүүсийн хоорондын хавьтлыг бүрмөсөн зогсоож чадахгүй тул ядаж дээд хэмжээнд нь хүртэл бууруулах шаардлагатай боллоо.

Монголчууд эртнээс хатуу дэглэм дор л нэгдэж чаддаг байсан. Хөл хорих дэглэмийг хатуу баримтлах аваас бид энэ дайнд ялж гарах болно. Үүний эсрэг өөрсдийгөө, гэр бүлээ, садан төрлөө элдэв муу бүхнээс хамгаалах дархлааг дээд овог маань бидэнд үлдээсэн. Бидэнд тэр дархлаа нь байгаа юу гэвэл байгаа.

 

Одоо бид цочирдолгүй ухаалаг байж өөрсдөө дотроо ариун цэврээ сайтар сахин, халдвар тараахгүй байх явдал энэ бол ердөө л энгийн сонгодог арга, бидний өдөр тутам хийж чадах зүйл шүү. Амны хаалт, бээлий, нүдний шил, гаднаа бол хог хаягдал ялангуяа гэр хорооллын нүхэн жорлон энэ бүхнээ ариутгах нь маш чухал.

 

 

Боллоо. Цөөхүүлээ мөртлөө нэг дор хүн амынх нь талаас илүү нь бөөгнөрсөн манай нийслэлийн хувьд, хэдийгээр дэлхийн бусад том хотуудаас хөл хөдөлгөөн бага ч гэсэн, хэрэв бид дотроосоо халдвар нэг л алдваас байдал маш хүндрэнэ. Энэ өвчний оргил нь болоогүй байна гэж ДЭМБ мэдээлж байна. Үүний тулд орон нутгийн удирдлага онцгой анхаарч, төрөөс аймгуудын төвийг өндөр хурдтай интернеттэй болгож мэдээлэл хурдан солилцож, иргэд төрийн байгууллагын үүдэнд хүлээн суухгүй байх боломж бүрдүүлэх нь чухал байхаа. Улс даяар эрүүл мэндийн даатгалын асуудлыг ерөөс бүх даатгалыг авч үзэх шаардлагатай. Иргэд даатгалын хураамж төлөөд эрсдэлд орсон үедээ тэр хэмэээний мөнгөө чирэгдэлгүй авч байх нь чухал. Тахлын халдвар авсан иргэдийн эмчилгээний төлбөрийг хөнгөвчлөх арга чарга байна уу. Сургалтын төвүүдэд болон боломжтой газруудад хамгаалалтын хувцас, амны хаалт оёх, амьсгалын аппарат хийж болох эсэхийг турших үзэх хэрэгтэй. Ерөөс бид хэзээ тахал гарахыг хүлээж, гарсан үед нь амны хаалтаа зүүж гэртээ суугаад л санаа амрах бус түүний эсрэг давшин сөрж чадах хүчтэй вакцин, эм гаргах талаар бусад хөгжилтэй орнуудтай хамтран ажиллах нь энэ аюулаас урдчилан сэргийлэх гарц болно. Энэ бүхэнд нийслэл болон орон нутгийн төр олон нийтийн байгууллагуудыг дайчлан оролцуулж тохиолдож болох бүх эрсдлүүдийг тооцон бэлтгэл хангуулах нь чухал. Ядаж л оршуулагын бэлэн талбар, хадгалах газартай байг. Энэ бол муу ёр бус нийгмийн аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн хамгаалалт гэдгийг ойлгох буй зээ. Нийслэлийн дөрвөн зүгт ч мөн адил хувийн эмнэлэг, сувилал, эмч нарын оролцоотойгоор тусгаарлах байр нэмж бэлтгэх хэрэгтэй. Дулаарч байгаа энэ үед ядаж л майхан, платка байсан ч, хоосон байснаас дээр. Төвдөө их ачаалалтай байгаа эмч, сувилагч ажилчид нараа гаднаас ирж буй зуу зуун хүнээр нэг дор дарваас дийлэхгүй болно. Мэдээлснээр бол гаднаас халдвар ихсэж тархалт нэмэгдэх нь тодорхой болж байх шиг байна. Иймээс маш сэрэмжтэй, нийтээрээ хариуцлагатай байхыг өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж байна. Бидний эргэн тойронд буй улс орнуудад юу болж буйг байнга ажиж ялангуяа монгол хүн байгаа газарт тархалт ямар буйг анхаарах хэрэгтэй. Гаднаас бол ирэх хүсэлтэй өөрсдийн иргэдээ бид авах л болно Тэд хөл хорионд олон хоног байсаар ажлын байргүй, мөнгөгүй болжээ. Ийм хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр 10 мянга хол давж байгаа тухай мэдээлж байна. Гадаадад суугаа манай элчин сайдын яам, консул, МАИТ-ын төлөөлөгчид орж ирэх хүсэлтэй иргэдийнхээ тоог гаргаж,байнга мэдээлэлтэй байх шаардлагатай.

 

Байгаа хүчин чадал маань ердөө л энэ... хэмээн тайлбар тавилгүй ажиллах, эмнэлгийн болоод иргэний нисэхийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бүхий л арга замыг төр засаг олох хэрэгтэй. Хуучин ЖДҮ-ийг дэмжих сангаас төрийн томчуул авсан асуудал гарч байхад Гадаадад суугаа иргэдийг дэмжих сан гэж байдаг тухай сонссон юм байна. Тийм сан одоо төрд байдаг болов уу.Гаднаас ирж буй иргэдийг эхлээд шууд нийслэлд оруулах бус хилийн ойролцоох аймгууд,боомт хотуудад тараан байрлуулж эмнэлгийн оношилгоо авах тест, хиймэл амьсгалын аппарат, ор, байр савны нөхцөл боломжтой болох нь чухал байх, ялангуяа хөдөө орон нутагт. Юу ч хийхгүй, ямарч сонголтгүй зөвхөн тушаал шийдвэр хүлээгээд суугаад асуудлыг шийдэхгүй тул ядаж иргэд бид чадах бүхнээ хийх нь бидний зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг юм. Үүнийг тоомсорлохгүй хайхрахгүй байж үл болно. Мэдээж гадаа ч гарахгүй, юу ч үзэхгүй, гэртээ байнга суух гэдэг амаргүй зүйл. Эрүүл энх, элэг бүтэн үлдэхийн тулд үүнийг бид тэсвэрлэх л хэрэгтэй. Үүнийг бид хийж чадна.

Гадаадын зарим хотын иргэд 70 гаруй хоног гэрийн хорионд суугаад эрүүлжин хөл хоригоо цуцалж байгааг бид мэднэ. Иймээс бид чадах бүхнээ хийе, санаа нэгтэй, хариуцлагатай, сэрэмжтэй Алунгоо эхийн багц сум шиг бат бөх байцгаая. Яагаад гэвэл энэ чинь ганц нэгээрээ чармайгаад давах зүйл биш. Хүн бүр амны хаалт зүүж, гараа угааж, гэр орноо агааржуулж, үр хүүхдүүдээ анхаарч эмч нартаа ачаалал нэмэхгүй, төвөг удахгүй ядаж л онцын шаардлагагүй бол гэртээ гимнастикаа хийгээд сууцгаая. Энэ хариуцлагаа бид бусдад тохох хэрэггүй, өөр дээрээ л авах үүрэгтэй. Элдэв наадам олноор цуглах сонгууль, бусад баяр ёслолыг хойшлуулья.

 

Улс даяараа аюулт халварын эсрэг онцгой байдал зарласан ийм үед сонгууль, наадам хийж болох юм уу. Төр засаг үүнийг нь дэмжих юм уу. Хэрэв үлдсэн хоёр, гурван сарын хугацаанд хөл хорио тавигдвал өөр хэрэг байхаа. Дашрамд ерөөс Улсын наадмыг улс даяар хуульд заасан тэр л өдүүдэд нь |улс, аймаг, сумд| бүгдээр нэгэн зэрэг хийж байвал яасан юм.

 

Үүнээс гадна бас нэг зүйл бий. Толгой тархиа ажиллуулж дороо суурьтай, дотроо ухаантай байцгаая, алмайрч назгайрч үл болно Өнөөдөр бидний дундаас тахлын  халдвар гараагүй нь бидний ололт, хамтын дархлаа юм шүү. Зарим улс орныг бодвол санаснаас бид бол маш хурдан эмх цэгцэд орж чадлаа шүү дээ. Энэ бол гоц халдвар тархахаас өмнө иргэд бидний хийж чадаж буй энгийн механик хамгаалалт юм. Эмч нар цэвэр эмчилгээний асуудалдаа хүч, мэдлэгээ зарцуулаг. Төрийн түшээдэд бол  улс орны байдал, иргэдийн амьдрал, төсөв санхүү, зээл, эдийн засаг, ажлын байр ... гээд олон асуудал байна.  Эмч, сувилагч нар болон Улсын онцгой комиссынхон, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гааль, нисэхийхэн маань маш их ачаалалтай нойр хоолгүй зүтгэж байна. Тэд бол манай үеийн баатрууд, бидний амь сахигч нар юм шүү.  Байдлыг үл тоомсорлосон зарим улс орон дайны байдалтай буйг бид харж байна. Дарга нар маань бусад орнуудын байдлыг ажиж, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож, мэргэжлийнхэн маань дарга нарынхаа ая талыг даган ярих бус бодит мэдээлэл байнга бидэнд өгч байвал элдэв таамаг, цуурхал  гарахаас сэргийлэх болно. Энэ бол улс төр биш, амьд үлдэх эсэхээ шийдэх нийгмийн аюулгүй байдал,эрсдэлээс урьдчилан хамгаалах цэвэр мэргэжлийн асуудал. Бид нилээдгүй асуудлыг шийдээд  байхад  дахиад л цаана нь асуудал гарч байна. Гадны иргэд оруулах нь халдвар тарах эрсдэлтэй байна. Цаашид тэднийг түр зогсоовол дээр байх. Онцгой албаныхан, эмч, сувилагч, мэргэжлийн хяналт хил гааль, цагдаа нартаа бид маш их баярлаж байгаа. Бид тэдэнд юугаар тусалж чадах юм. Өөрсдийгөө халдвараас маш сайн хамгаалж, засгаас гаргаж буй хүсэлт, шийдвэр, тавьж буй шаардалгыг нь дагах л хэрэгтэй, нэг л толгойтой байя. Мөн цартахлын голомтод ажиллаж буй дээрх  хүмүүсдээ маш сайн иж бүрэн хамгаалалтын хувцас, ар гэрт нь бодитой тусламж дэмжлэг хэрэгтэй дээ. Алдыг нь аваад дэлэм дээр нь, атгыг нь аваад чимх дээр нь... гэж бид тэвчин тэсэх ёстой.  

Найдансүрэнгийн Бадарч 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)