Т.Төрбат: Энэ цаг үед нэгдмэл байдал,итгэл найдвараа төрт ёсны баяр наадмаа хийж илэрхийлэх ёстой
- 2020-04-28
- Топ сэдэв
- 1
Аймгийн алдарт уяач Т.Төрбаттай ярилцлаа.
-Нар, ногоо наашилж байгаа энэ цаг дор алийн болгон өвчин, вирус ярьж суух вэ. Наадам, уралдаан юу болж байгаа талаар морины залуу зүтгэлтэн тантай хөөрөлдөе гэж бодсон юм?
-Тэр болно оо. Миний хувьд хэдүйгээр Монголын морин спорт, уяачдын холбооны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчийн сонгуульт ажилтай ч энэ удаад таньтай тухайн байгууллагыг төлөөлж биш, хувь хүний буюу уяач Төрбатын үзэл бодол, өрнөсөн зарим нэг үйл явдлын тухай ярилцмаар байна.
-ММСУХолбоо шинэ зохион байгуулалтад ороод жил гаруй болж байх хугацаанд та удирдлагын багт нь ажиллалаа. Хувьдаа ажлаа хэрхэн дүгнэж байна?
-Тус холбоо өнгөрсөн нэг жил гарангийн хугацаанд хурдан морины уралдаанууд ба хүүхэд хамгаалал, гадаад харилцааны талаар багагүй зүйлийг амжууллаа. Зорилго, зорилтынхоо дагуу хожмын төлөвлөсөн ажлуудынхаа ерөнхий чиг, баримжааг тодорхойлох, хандлагыг хэвшүүлэх гэж оролдсон олон шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан байдаг. Мөн нийгмийн хариуцлагын, хүмүүнлэгийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн гэх мэт олон арга хэмжээнд шууд хандив өргөж оролцлоо. Уяачдын эв нэгдэл, зохион байгуулалтыг тодорхой хэмжээгээр харуулсан арга хэмжээнүүд болсон байх.
Мөн нэр бүхий хуулийн төсөл боловсруулах, холбогдох хуулийн хэрэгжилтийн хүрээн дэх журам боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажилласан. Хаврын морин уралдааны талаар холбогдох байгууллагатай нэгдсэн ойлголттой болох зэрэг олон асуудлуудад холбооныхоо эрх барих дээд байгууллага болох VII Их Хурлаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зарчмыг баримталж, байр сууриа илэрхийлж ажилласан даа. Энэ мэт өдөр тутмын ажлууд хэвийн явагдаж байгаа. Ер нь бол холбооны Ажлын албаны үүд зорьж очсон хэнд ч нээлттэй байгааг зориуд дурдъя.
Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал биднийг илүү хурдтай хөгжих, бодитой, тодорхой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг “шаардсаар” л байгаа. Бидэнд илүү өргөн судалгаа хийлгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, хангуулах болон эргээд хүсэлт, асуулга тавьж уялдаатай ажилладаг маш тодорхой систем хэрэгтэй байна. Үүн дээр суурилж юмыг цааш хөгжүүлэх боломж бол хязгааргүй. Бид эхлээд ажил явуулах үндэс суурь, хамрах хүрээгээ зөв тодорхойлох ёстой. Одоо зөвхөн уралдаан дээр төвлөрч, соёлын өвөөр бамбай хийж ажил явагдахгүй ээ. Орчин үе биднээс өөр зүйлс нэхэж байгааг соргог ажиглаж, мэдрэмжтэй баймаар байна. Бидний үйл ажиллагаа цогц байх ёстой. Өмнөх Их Хурлаар уг нь энэ бүхний үндэс суурь болсон эрх зүйн акт буюу дүрмийнхээ шинэчилсэн найруулгыг баталсан. Гол нь Тэргүүлэгчид маань үүнийгээ ажил хэрэг болгож, бодлогын баримт бичгүүдийг баталж гаргамаар байгаа юм. Мэдээж өөрийн үндсэн эрхэлдэг ажлын хажуугаар олон нийтийн ажил хийх бол цаг зав гаргахаас эхлээд бэрхшээлтэй байдаг байж магадгүй. Гэхдээ эхлээд үүнийг тооцож олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаа нэг ёсондоо илэрхийлээд тус холбооны удирдах бүтцэд орсон гэж ойлгож байгаа.
-Ерөнхийдөө сэтгэл дундуур хандлага ярианаас чинь мэдрэгдэж байх чинь...?
-Холбооны дүрмийн дагуу Тэргүүлэгчдийн хурал улиралд нэгээс доошгүй удаа хуралдах ёстой. Энэ жилийн эхний улирлын хурал Сар шинийн өмнөхөн болсон. Улсын цолны болзол хангасан уяачдыг өргөн мэдүүлэх асуудал, мөн Гахай жилийн шилдгүүд, шилдэг салбар холбоод гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан. Би энд тэр хурлаар яригдсан зүйлс, гарсан шийдвэрүүдийн талаар ярихгүй. Энэ бүгд дүрмийн хүрээнд явагдаж байгаа. Харин зарим Тэргүүлэгчид хэтэрхий хувийн байр сууринаас асуудалд ханддаг, эсхүл шууд хэн нэгнийг ч юмуу дагаж шийдвэр гаргадаг гэх мэт нөгөө л “хуучны” чих дэлсдэг зүйлс байсаар л байгааг зориуд дурдъя. Магадгүй тэгэх шалтгаан байдаг байж болох ч аливаа зүйлсийг өөрчлөх, шинэчлэх эрмэлзэл нь илүү байгаа гэж ялангуяа над шиг шинээр орж ирсэн Тэргүүлэгчиддээ найдсаар байгаа. Мөн уяачдад улсын цол олгох холбогдох журмын эрх зүйн чадамж эргэлзээ төрүүлсэн.Тус журамд уяачдын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалт байна. Эндээс хурдан морины уралдааны бүртгэл, амжилтыг дүгнэх нэгдсэн систем үгүйлэгдэж байгаа юм. Энэ нь дээр миний дурдсан мэдээллийн санд багтах асуудал. Гэх мэт аливаа ажил дата дээр суурилдаг цаг үед бид амьдарч байна. Хуулиараа дээрх асуудал Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хамаардаг. Энэ мэт зүйлсийг ч эргэж хармаар л байдаг юм. Төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад хариуцуулахад болохгүй зүйлгүй. Төр энэ цолны асуудалд хөнгөн хандаж бөх, морьгүй маргаан үүсгэж байгааг анзаарах хэрэгтэй. Холбоон дээр ЕТГ-н албаны хүмүүс ирж ажиллахад энэ байр сууриа илэрхийлсэн. Баяр наадмын зохион байгуулах хороо, Хурдан морины салбар холбоо зэрэг нь байнгын бус үйл ажиллагаатай учир уяачдын эрх ашиг зөрчигдөх, хууль болон түүнд нийцүүлж гаргасан актуудын хэрэгжилтийг хангуулах боломжгүй нөхцөл үүсч байна. Оролцогчдод хаалттай байх бэрхшээлүүд бодитой байна. Бид өрнө, дорнын хоёр тооллоор оны шилдгүүд тодруулахаасаа цааш илүү нэг алхаад морин уралдаантай холбоотой бодлогын шийдвэрүүдийг гаргуулахын төлөө анхаарах, нөлөөлөх хэмжээний судалгаатай, нэгдмэл байр суурьтай болоход төвлөрч ажиллах нь зүйтэй.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд ММСУХ-ноос хандивын аян нэлээн өрнүүлэх болжээ...?
-Дэлхий нийтийг хамраад буй цар тахалтай тэмцэж буй эмч нартаа буюу ЭМЯ-нд олон арван мянган уяачдын сэтгэлийн хандив болох 120 сая төгрөгийг гардуулж өгсөн. Тодорхой хүрээнд, хугацаанд болж өнгөрсөн “Морьтны хийморь” аян амжилттай зохион байгуулагдаж 21 аймгийн салбар холбоод, томоохон гал уяанууд мөн үүсээд буй нөхцөл байдалд сэтгэлээ чилээсэн уяачдын бодит хандив байсан юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Түүнчлэн багагүй тооны хонийг урьдчилсан байдлаар цуглуулж УОК-т хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн байдаг. Хэрэгжих бүрэн боломжтой учир урин цаг, бусад зүйлсийг харгалзан хүлээлтийн байдалтай байгаа биз ээ.
Эндээс холбогдуулж ярихад бид өнөөдөр ийм л хэмжээнд төр засагтайгаа харилцаж байна. Манай өнөөдрийн холбооны удирдлагууд ямар ч цаг үед төр засгийн шийдвэрийг сахин биелүүлэхийг эрхэмлэж ирсэн. Бидний үйл ажиллагааны улмаас төр засгийн болоод нийгмийн харилцаанд сөрөг хандлага, бодитой хохирол учирч байгаагүй. Өмнөх нь ямар байсныг би ярихгүй. Гэхдээ төрийн шийдвэр үргэлж зөв байдаггүй. Түүний дутагдлыг илрүүлэх, мэдээллээр хангах, өөрчлүүлэх л гэж төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод оршдог. Эсхүл төр нь бүхэлд нь даатгаад хариуцуулчихдаг. Бид энэ үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүнээс хулгаж бэргэх шаардлага огт байхгүй. Бидний хэн нь ч байнгын энэ цаг үедээ байхгүй. Ажиллаж буй цаг үедээ сайн муугаа ярилцаж шийдвэрүүдийг гаргах л ёстой. Эндээс дараа үе маань туршлагажиж, хэрсүүжиж явах нь зүйтэй.
-Ингэхэд уяачдын дунд их маргаантай байдаг сэрвээний өндрийг хуульчилсан төсөл яваад байгаа харагдсан?
-Тийм ээ. Цөөнгүй уяач бас эсэргүүцээд байх шиг байдаг. Би өмнө хэлсэн, Их Хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэж. Бид эхлээд шийдвэр гаргах зарчмаа маш тодорхой болгож хэвшүүлэх хэрэгтэй. Энд тухайн шийдвэрийн зөв, эсхүл буруугийн тухай яриагүй шүү. Шийдвэр нь олонхоосоо гардаг, төлөөллийн зарчмаа зөв ойлгож, сонгодог л болчихвол уяачид маргах шаардлагагүй болно. Мөн эсрэг байр суурьтай ч гэлээ олонхоо дагадаг байх нь их чухал юм. Эвсэл, нэгдэл, хөдөлгөөн гээд л ил далд, янз бүрийн үйлдэл, эс үйлдэхүй илэрхийлж байдгаа болих хэрэгтэй гэдгийг тухайн хүмүүст хандаж хэлье. Тухайн хүн эсрэг бодолтой байлаа гээд эсэргүүцэж тэмцэх нь саад, гацаа нэмэхээс цаашлахгүй. Түүний оронд өөрийн зөв байсныг нотлохын тулд буруу гэж үзэж буй шийдвэрийн үр дүнг түргэн харуулах хэрэгтэй. Энгийн ийм хэдэн зарчим л байна шүү дээ. Талцах, үгүйсгэх бол шийдэл огтоос биш юм.
Сэрвээний өндрийг хуульчлах тухайд гэвэл энэ бол буруу. Хууль гэдэг нь хүмүүсийн маргаанд цэг тавьдаг зорилготой байж таарахгүй. Энэ бол маш буруу жишиг. Харин маргалдаад буй хүмүүс асуудлаа ярилцаад, ямар нэг шийдэлд хүрч, түүнийгээ хэрэгжүүлэх эрх мэдлийг нь хуулиар олгох байдлаар зохицуулах нь аль ч талаасаа зүйтэй. Хэрвээ алдаа дутагдал гарвал хуулийг биш, тэр шийдлийг нь өөрчилнө гэсэн үг. Бид хуулинд хүндэтгэлтэй хандах нь чухал. Хууль дээдлэх ёс гэж байна. Үүнтэй харьцуулж яривал бидний асуудал хажууд нь өчүүхэн шүү дээ. Тийм ч учраас миний бие үүн дээр анхаарал тавиагүй. Одоогоор өөр мэдээлэл алга байна.
-ЕТГ-ынхан холбоон дээр ажилласан талаар ярихгүй юу. Энэ жил улс, бүсийн наадам ер нь болох уу?
-Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга тэргүүтэй албаны хүмүүс ММСУХ-ны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөтэй танилцаж, зарим зүйлсийн талаар санал сонссон. Уяачдад улсын цол олгох асуудал дээр анхаарал хандуулах, нээлттэй, тодорхой болгох, холбогдох шийдвэр гаргуулахад санал дэвшүүлэх тухайд ойлголцсон, цаашдаа холбоо энэ асуудлыг бие дааж хариуцаж ажиллахыг дэмжихээ илэрхийлж байсан.
Бүсийн наадмыг зохион байгуулах аймгууд, товыг сүүлийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоож өргөн мэдүүлэхээр болсон хэдий ч өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлын улмаас холбогдох шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй байдалтай байсан. Гэтэл олон нийтийн арга хэмжээг тодорхой хүрээнд хориглосон шийдвэр гарсан. Үүнд бүсийн уралдаанууд орох эсэх нь тодорхойгүй байна. Холбооны гүйцэтгэх удирдлагуудын зүгээс хэрвээ бүсийн уралдаануудыг хориглох, цуцлах асуудал яригдах бол тухайн товлогдсон аймгуудын улсын баяр наадамтай хамтатгаж хийх санал гаргасан. Энэ бол хамгийн зөв санал. Бүсийн наадмыг санаачилсан анхны зорилго хангагдана. Гэтэл одоо Үндэсний баяр наадмаа цуцлах тухай асуудал яригдаад эхэллээ. Энэ бол маш эмзэг асуудал. Товчхондоо яагаад ч байж болохгүй зүйл. Үүн дээр холбоо байр суурь илэрхийлэх л ёстой. Мэдээж Засгийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Наадам бол бидний тусгаар улсын баталгаа. Бид энэ хэцүү цаг үед эв нэгдэл, итгэл найдвар, түүхэн замнал, алс ирээдүйгээ Эрийн гурван наадам, төрт ёсны их баяр цэнгэлээсээ л олж авах ёстой. Түүнээс машины ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохтой адилтгаж шийдвэр гаргаж болохгүй гэж л товчхондоо хэлье. Үнэнийг хэлэхэд миний ой тойноос ахадсан зүйл байна.
-Та бол “Ийм хүнд үед бид эв нэгдэл, итгэл найдвараа төрт ёсны их цэнгэл наадмаа хийж илэрхийлэх ёстой” гэж байгаа юм байна?
-Энэ бол миний хувийн бодол. ММСУХ-оо өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлэх байх. Уяачид соёлын өв тээгчид гэдэг утгаараа манай холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрсдийгөө тодорхойлсон. Гэхдээ бидэнд уяачидтайгаа эрх үүргийн болоод, бусад харилцаа үүсгэх, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний эрх зүйн чадамж дутагдаж байгаа тал бий. Долдугаар Их Хурлаас “Сахилгын зөвлөл”-тэй байх дүрэм батлагдсан. “Сахилгын зөвлөл” байгуулагдаж эхний гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүний нэг бол Баянхонгор аймгийн салбар холбооны маргаан. Ямартаа ч бид олгогдсон эрхийнхээ хүрээнд маш тодорхой шийдвэр гаргасан. Харин үүнийгээ холбогдох хүмүүст нь хүргүүлж чадаагүй л байгаа. Энэ нь ердөө энэ эмх замбараагүй улстөржилттэй холбоотой. Яг үнэндээ морин уралдааны орчин ахуйг улс төрд ашигладгаа болимоор байна. Энэ үгийг “Өдрийн сонин”-оор дамжуулан дахин уриалж байна.
Ер нь цаашдаа төр өөрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд нь хариуцуулах, эрх зүйн чадамжийг нь дээшлүүлэх, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болгох шийдвэр гаргах чиглэл рүү анхаарал хандуулах цаг болсон. Мэдээж морин уралдаантай холбоотой бүх асуудлыг нэг бүрчлэн журамлачихвал уламжлал талдаа сөрөг нөлөөтэй. Гэвч үүнийг төрийн түшээд биш уяачид л илүү мэдэх учиртай. Төр зарим нэг оролцооноосоо салж, мэргэжлийн холбоонд итгэх цаг болсон гэдгийг л хэлье дээ.
П.Хашчулуун
Сэтгэгдэл (1)
Буруу (202.21.127.161)
Бөөн отог жинс, өмссөн зүүсэнээрээ гайхуулах нь эв нэгдэл биш, харин ч баян ядуугийн талцал маягийн юм болдог шүү дээ, наадам бол жирийн хүмүүст аймаар дарамт шүү дээ