Дэлхийн энтэйд хүрсэн эрхэм таныг дурсахгүй байхын аргагүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, энхийг хүсэгч олон нийтийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч гээд цол гуншингаар нь дуудсан ч цаанаа үлдэхээр нэрлэлт бий. Үзэг нэгт болохдоо 60 шахам жил алгуурлан ард хоцорчээ. 1962 он. Багшийн сургуулийн 40 жилийн ой болох нь хаяанд ирж, тус сургуулийг  төгссөн нэр цуутай зохиолчдоос ирж сургуулийн дэргэдэх уран зохиолын дугуйлангийнхантай уулзаж, уран бүтэлийн яриа өрнүүлж, бичсэн бүтээлтэй танилцаж, шүлэг зохиолоос нь уншуулж, үнэтэй зөвлөгөө өгснөөс хойш танил болсон. Л. Түдэв залуухан ч байлаа. Хариуцлагатай алба хашиж, цаг заваар муу ч өөртөө чөлөө өгч урилгыг хүлээн авч, зориуд ирж уриалгахнаар бидний нөхөдтэй ярилцаж, шүлгийнхээ санааг гүйцэд гаргах дүрслэн илэрхийлэх, гүйцэд боловсруулах талаар зөвлөдөг байв.

 

Эхлэлийг тавьсан булган сүүлтэй түүний шилийг дагаж М.Цэдэндорж, М.Ширчинсүрэн, Л.Чойжилсүрэн, Д.Пашка, Жан. Шагдар, Б.Жамц зэрэг нэр нь тодорч байсан зохиолчид уран бүтээлээ эрт эхэлсэн Д.Намдаг, Д.Тарваа, Д.Даржаа, З.Баттулга Б.Явуухулан нар ирж уран бүтээлээсээ танилцуулж, шүлэг зохиолоосоо уншдаг байсан он жилүүд өнгөрчээ.

 

Манай сургуулиас \Багшийн сургуулиас\ төрсөн нэртэй зохиолчийн нэг Л.Түдэв яалтгүй мөнөөс мөн. Г.Дэлэг, Ц.Намсрай, Л.Түдэв нар удаалан эрхэлсэн “Үнэн” \Монголын үнэн\ сонины уншигч, идэвхтэн сурвалжлагч болоод миний бие 50 гаруй жил болжээ. Би түүний эрхэлсэн” Үнэн" сонины 70 жилийн ойд урилгаар оролцоод салбарынхаа Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болж байлаа. 1960 оны эхнээс хоймор нутаг Хөвсгөл аймагт багшлах үеэс “Үнэн” сонинд идэвхтэн сурвалжлагч үнэмлэхийг нь гардан авч мэдээнээс авхуулаад тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл, асуудал хөндсөн өгүүлэл бичсээр ирсэн. Орон нутагт багшлах ажлынхаа явцад ЕБС-д утга зохиолын дугуйлан ажиллуулж залуу авьяастныг тодруулан гаргасны дээр өсвөрийн сурвалжлагч бүлэг ажилпуулж суралцагчдаас хөдөлмөрийн тэргүүний хүмүүсийн ажил үйлсээс сурвалжлан бичүүлж төв орон нутгийн хэвлэл радиогоор сурталчилж, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгосны учир улсын тэргүүн туршлага эзэмшигч болсон энэ ажлынхаа талаар “Үнэн" сонины редакциар орохдоо Л. Түдэв гуайд дуулгахад олзуурхан сайшаан талархаж байсан нь надад урам хайрласан юм. Түүний олон жил эрхэлсэн “Дал” сонинг дэмжин талархагч. Тэр сонинд судалгааны  олон өгүүлэл өв соёлын талаар нэлээд сэдэв нийтлүүлсэн. Энэ сонин хугацаа алдаж хуучрахгүй зүйл нийтэлдэг бодлого нь зөв туйлширдаггүй, аль ч насны уншигчдад тохирдгоороо бусад сониноос ялгаатай. Л.Түдэв ноён нуруутай алив ажилд голч чигч хүний хувьд “Үнэн” сониныхоо түм, хоёр түм дэх дугаарыг эх барьсан төрийн тулхтай түшээ байж шинэ Үндсэн хуулийг батлалцсан. Тэрбээр нийгэм соёлын түүчээ дөрөвдөгч засаглалын хөтөч. Дуун хүрхрэн шинэчлэлийг дуудаж царцанги зогсонги байдлыг сөрөн цуцашгүй жигүүрээр дэвэн дүүлсэн “Салхич шувуу” билээ. 

 

Идэрхэн насандаа Монголын залуучуудын байгууллагыг толгойлж, мянга мянган, түм түмэн залуучуудын зам мөрийг заасан оюун санааны удирдагч нь байсныг мартах аргагүй. Билиг төгөлдөр энэ хүний бүтээл дэлхийн түвшинд хүрснээр Монголын шинэ цагийн уран зохиол, дэлхийн уран зохиолын их далайн нэг цутгалан гэвэл түүнд оруулсан хувь нэмрийг үнэлбэл урлахуйн эрдмийг төгөлдөр эзэмшсэн бүтээлч хүн мөн.

Түүний бүтээлийн чуулган 40 боть \одоо 50 болсон уу?\ билигт бичгийн их хүний цаглашгүй үнэт Сүмбүм гэлтэй. Энэ бүтээлийн чуулган өнөө хот орон нутгийн номын сан, зарим соёлт өрх айлд боть ботиороо байхыг харлаа. “Номгүй айл Шүншиггүй бурхантай адил гэж түүний нэгэн үед хэлсэн нь санаанд бууна. Орхиж болохгүй үзгээ жам ёсоор орхилоо. Одоо яалтай харамсалтай. Хайрлахгүй байхын аргагүй энэ хүний өмнө мэхийн тэргүүнээ гудайлган хүндэтгэе.

 

Ж.ГУН-ААСҮРЭН /МЗЭ-ийн болон Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит шагналт, ахмад зохиолч, хэл бичгийн ухааны доктор/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)