Хар, цагаан хоёрын дунд л үнэн бий

Сүүлийн үед А.И.Цэдэнбал-Филатова хэмээх ХХ зууны Монголын нэгэн түүхэн хүний тухай нэлээн тогтож ярих болжээ. Тийм ээ, хэдий ЗХУ-ын иргэн байсан ч Монголын, тэр дундаа Монголын хүүхэд багачуудын төлөө ухамсарт амьдралаа зориулсан нэгэн учраас би тэгж хэлж байна. Тухайлсан ном ч Ю.Цэдэнбалын академиас 2020 оны эхээр гаргажээ. Энэ хүний ойд зориулан зохион байгуулсан эрдэм судлалын хурал болж олон хүн үг хэлжээ. Юутай ч 1990-ээд оноос эхтэй “Цэдэнбал ба түүнийг тойрон хүрээлэгсэд”-ийг харлуулж байвал болох юм шиг бичиж байсан зүйл лав биш санагдав. Энэ эмхтгэлээс гадна бас хэд хэдэн номонд “орос бэр, одоогоор тэргүүн хатагтайн тухай” зарим зүйл ХЗЭ-пионерийнхан голдуу хэвлүүлсэн байх ажээ.

 

Гол санаа нь А.И.Филатова Монголын хүүхдийн төлөө фонд хэмээх байгууллагыг санаачлан байгуулж, олон тооны барилга бариулсан тухай өгүүлэх ажээ. Хүүхдийн цэцэрлэг, ясли, эмнэлэг, пионер зуслан, хүүхдийн хүмүүжлийн газар 1973 оноос барьж байгуулж эхэлж. Жишээ болгон олон зүйл нэрлэнэ. Хувь хүмүүсийн дурсамжид “...нийтийн субботникийн орлогоор “Хүүхдийн фонд” байгуулах гэж байна. Чи энэ ажлыг аваач... гэж сайд намайг урьж хэлэхэд татгалзсаны дараа А.И.Филатова хариуцан ажиллах боломж надад олгооч гэснийг ёсоор болгосон...”; эсвэл “... ажаа хэмээх нэрийг би...” өгсөн гэх зэрэг шалдар булдар зүйл байх ажээ. Түүгээр зогсохгүй МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны тогтоол (одоогоор УИХ-ын тогтоолтой дүйх)-ыг “би бичсэн” гэж том дуугарах хүн ч байна. Ийм үг хэлдэг эрхэм гишүүн одоо ч байдаг болохоор болохгүй ч юу байх вэ. Түүх болоогүй түүхийн нэг шинж гээд тоохгүй өнгөрч болох биз. Ямартай ч А.И.Филатова түүхийн хогон дээр хаягдаж хоцроогүй бололтой.  

 

 

 

Олон түмэн ялангуяа залуу үе бодит үнэнийг эрэгцүүлж, ултай мэдэх ёстой гэж санахын учир хар, цагаан хоёрын дунд л үнэн бий гэж санан Хүүхдийн төлөө фонд анх байгуулагдахаасаа л ганц нэг хүний санаа зоргоор, санамсаргүй буй болсон зүйл биш гэдгийг нотлох гэж оролдохоор шийдэв. Болгоогтун!

 

 

 

Дэлхийн II дайны дараа НҮБ хэмээх олон улсын байгууллага ханаа шийрлэж, өрхөө татаад хийх ажлаа тоймлохоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейг 1946 оны арванхоёрдугаар сард хуруулж дайны уршгаар өнчрөн хоцорсон үй олон хүүхэд багачуудад юуны өмнө туслах ёстой хэмээн үзэн Олон улсын онц эрхт сан (UNICEF) буй болгохоор шийджээ. АНУ, ЗХУ, Австрали, Бразили, Их Британи, Канад, Хятад, Франц, Польш, Швед, Югослав зэрэг 25 орны бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл байгуулж, Гүйцэтгэх захирлыг томилж, 1946 оны аравдугаар сард анхны хурлаа хийжээ. Улмаар энэ байгууллага НҮБ-ын 1953 оны аравдугаар сард болсон Ерөнхий ассамблейгаас НҮБ-ын Хүүхдийн сан хэмээн нэрлэх болжээ. Олон улсад нэгэнт түгсэн ЮНИСЕФ гэх нэрийг хэвээр үлдээн эрх үүргийг нь өргөтгөж эдийн засгийн хүндрэл, улс төрийн будилаан, зэвсэгт мөргөлдөөний хор уршгаар хүүхэд багачуудад учирч байгаа бэрхшээлийг даван туулж сурч боловсроход нь дэм болох, хүнсний болон эмнэлгийн тусламж үзүүлэхэд сангийн хөрөнгийг зарцуулах гэж үйл ажиллагааны хүрээг нь тэлжээ. Ядуу буурай орны хүүхэд багачуудыг өлсгөлөнгөөс аврах, бичиг үсэгт тайлах үйлсэд анхаарал тавихын онцлон даалгажээ. Үүргээ амжилттай хэрэгжүүлэв гэж Нобелийн Энх тайвны шагнал 1965 онд хүртэж байжээ. Эдүгээ ЮНИСЕФ-ийн нарийн бичгийн даргын газар Нью-Йоркод байрлан 140 гаруй, түүний дотор манайд байгуулагдсан төлөөлөгчийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг олон улсын өндөр нэр хүндтэй байгууллага болсныг бид мэднэ. Энэ бичвэрт НҮБ-ын Хүүхдийн төлөө сангийн тухай өгүүлэхийг зориогүй учраас манай улс энэ байгууллагад гишүүнээр 1965 онд элссэн, бие төлөөлөгчөө манайд удаа дараа ирүүлж байж гэдгийг хэлээд зогсоё.

 

Манай улс НҮБ-ын гишүүн болж дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж олон жил зүтгэсний учрыг НҮБ-ын онц бүрэн эрхт цөөн гишүүний нэг нь БНХАУ биш, улс орноосоо амь зулбан Тайваны арал руу гарсан, манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй Чан Кай Ши-гийн засгийн газар байснаар тайлбарладаг. Ямартай ч Хүүхдийн төлөө фонд манайд буй болох гадаад гэнэ үү, олон улсын гэнэ үү учир шалтгаан энэ.

Манай орны хүн ард Манж-Хятадын эрхшээлд 200 гаруй жил бөхийж яваад ХХ зууны эхнээс босон тэмцэж туурга тусгаар улс болох замд шуударсан. Амархан байгаагүй. Хоёр их гүрний дунд хавчуулагдан орших бага буурай орны хувьд аль нэгийг нь түших л ёстой болсон. Ингээд социализм-коммунизмын их багш гэгддэг Лениний “ялсан пролетарийн орны дэмжлэгээр ядуу буурай орон ч хөгжлийн манлайд гарна” гэсэн онолын дүгнэлтийг нотлох замыг сонгосон. Монгол Улс, монгол түмэн их түүхтэй, эх соёлтой, эзэн Чингисийн үр хойч гэх боловч үнэндээ 1918 онд 600 гаруй мянган хүн амтай, 700 зуу гаруй сүм хийдэд зуу гаруй мянган лам хуврага шавилсан, нийгмийн халдварт өвчинд баригдсан, өрнөдийн судлаачид дуу нэгтэй сөнөж буй үндэстэн гэж байсныг бид мэднэ. Хорвоо ертөнц капиталист, социалист гэх хоёр хэсэгт хуваагдан, улс төр, үзэл суртлаар хүчтэй тэмцэж байсан нь нэгэн бодлын аз болж манайд ЗХУ, Зөвлөлтийн коммунист нам их багшийнхаа онолын гаргалгааг нотлохын тулд гар татахгүй туслах болсон. Зээл тусламжийн хөрөнгөөр олон үйлдвэр аж ахуйн газартай, хот сууринтай, машинт үйлдвэрлэлийн гол түүчээ болж, Ази-Европыг холбосон төмөр замтай болсон. Хүн амаа эрүүлжүүлж, бичиг үсэгт тайлж, анхан шатны ерөнхий эрдмийн боловсролтой болгох талаар онцгой амжилтад хүрч олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудын анхаарлыг ч татах болсон.

 

Гэсэн ч монгол түмэн туурга тусгаар амьдралын замд шуудрах үеийн нөхцөл байдал ямар байсныг баримтаар хэлье. Тухайлбал, 1922 онд орчин үеийн сургалтын хэлбэр, агуулгатай ерөнхий боловсролын дөрвөн бага сургуульд 85 хүүхэд, 1930 онд 125 сургуульд 6820 хүүхэд, анх 1930 онд байгуулагдсан цэцэрлэгт 30 хүүхэд сурч хүмүүжиж байв. Ингээд 1940 онд 338 сургуульд 24311, 6 цэцэрлэгт 146, 1950 онд 438 сургуульд 68614, 49 цэцэрлэгт 1800, 1960 онд 490 сургуульд 107204, 160 цэцэрлэгт 9738, 1970 онд 813 сургуульд 230406, 546 цэцэрлэгт 29613, 1980 онд 954 сургуульд 372112, 617 цэцэрлэгт 49807 хүүхэд сурч хүмүүжиж байсныг “БНМАУ-ын Ардын боловсролын хөгжил” статистик эмхтгэлээс харж болно. Мөн энд ХААН (хөдөө аж ахуйн нэгдэл) гишүүдийнхээ хүүхдийг сургаж хүмүүжүүлэх сургууль, цэцэрлэг байгуулж эхэлснийг онцолсон байх ажээ.

 

Хүн ардаа эрүүлжүүлэх зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд хүн ам эрчимтэй өсөх болжээ. Тухайлбал, манай хүн ам 1935 онд 738.2 мянга, 1956 онд 845.5 мянга, 1963 онд 1017.1 мянга, 1979 онд 1595.0 мянга, улмаар 1988 онд хоёр сая гаруйгаар тоологдох хүн амтай болсон юм. Бага цөөн хүн амтай байна гэдэг зовлон. Улсын хүн ам зохистой харьцаанд байхгүй бол маш их бэрхшээл үүсдэг зовлонтойг бид бас туулж явна. Баримтаас үзвэл 1950 онд манай нийт хүн амд эзлэх 0-15 насны хүүхэд 30.6 хувь; 1965 онд 42.6 хувь, 1970 онд 46.8 хувь, 1975 онд 46.4 хувь, 1980 онд 45.9 хувь, 1985 онд 44.4 хувийг эзэлж байсан. Аав, ээж нь хүүхдүүдээ харж хандаж, ажил хөдөлмөр эрхэлнэ, сургаж хүмүүжүүлнэ гээд бодоход амаргүй санагдаж байгаа биз? Цэцэрлэгийн буюу 3-7 насны хүүхдийн тоо дээр хэлсэн хувь хэмжээний хагасаас илүүг эзлэж байжээ.        

 

Монгол Улсын санхүү эдийн засаг өсөн нэмэгдэж байсан ч, түрэн үерлэж байгаа хүн амын өсөлтийг хангаж чадахгүй байсныг шууд хэлэх ёстой. Энэ үед буюу 1960-аад оны дунд үеэс эхлэн нийгэмд давалгаалж эхэлсэн нэг явдал бол “социалист хөдөлмөрийн хамт олон болох хөдөлгөөн байсан. Хэсэг бүлгээрээ, сүүлдээ үйлдвэр аж ахуйн газар бүхэлдээ социалист хөдөлмөрийн хамт олон болж хамтын амьдралын ур ухаанд суралцаж байсан гэсэн үг. Энэ хөдөлгөөнийг Монголын төмөр замчид оройлж санаачлаад зогсоогүй социалист хөдөлмөрийн анхны хамт олон болсон байдаг. Төмөр зам бол ЗХУ, БНМАУ-ын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай газар. Инженер техникийн ажилтны голлох хувь нь зөвлөлтийн мэргэжилтнүүд. Энэ хамт олон “коммунист субботник” хийж, ажлын хөлсөө нийлүүлэн Рашаант өртөөний ажилчдын хүүхдүүдэд зориулан 25 хүүхдийн цэцэрлэг байгуулах санаачлага гаргаж төмөрзамчдаа үр хүүхдэдээ санаа зовох юмгүй тайван амгалан ажлаа хийх нөхцөл бүрдүүлэх гэсэн хэрэг. “Цэцэрлэгийн энэ барилгыг УБДС-ийн оюутнууд зун намрынхаа ажлаар барьж ашиглалтад оруулж, 1972 оны аравдугаар сард нээлтээ хийхэд БНМАУ-ын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал оролцон цаашдаа төмөр замчдын санаачлагыг дэмжин ийм маягаар хөрөнгө төвлөрүүлэн хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийх ёстой юм байна гэж дүгнэн улмаар МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоол гарч хүүхдийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх чиг үүрэгтэй Хүүхдийн төлөө фонд байгуулах шийдвэр гарч улмаар МХЗЭ-ийн Төв Хороо, АБЯ, ЭХЯ-ны товчоо, коллеги 1973 оны дөрөвдүгээр сард хамтран хуралдаж ХТФ-ын төв комиссыг аймаг, хотод салбартай байгуулах шийдвэр гарчээ. Шийдвэрийн дагуу Улаанбаатар төмөр замын хамт олон жар, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо тус бүр тавь, МУЗН дөчин мянган төгрөг тус тус хандивлаж сангийн дансыг нээсэн” гэж ХТФ-ын төв комиссын санхүү, аж ахуй хариуцсан орлогч даргаар олон жил ажилласан Д.Дашдовдон гуай дурссан байна. Мөн энэ оны хавар уламжлалт субботник улс орон даяар нэгдсэн зохион байгуулалттай хийгдэж, ажлынх нь хөлсийг фондын дансанд төвлөрүүлжээ. Хувь хүмүүс ч энэхүү үүсгэл санаачлагыг талархан дэмжиж мөнгө хандивлах ажил өрнөсөн олон жишээ хэлэгддэг. Юутай ч фондын хөрөнгө анхныхаа жилээс л эрчимтэй цугларч аймаг орон нутагт зориулалтын зураг төслөөр үлгэр жишээ ясли-цэцэрлэг барих, тохижуулах ажилд ханцуй шамлан оржээ.

 

Жишээ хэлье. МУИС, УБДС, Барилгын техникумын оюутнууд зуныхаа амралтаар мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын удирдлага дор Дундговь, Төв, Өмнөговь, Хэнтий аймгийн зарим суманд 25-30 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад өгчээ. Богино хугацаанд өргөн олны талархал хүлээн өрнөж байгаа энэ ажлыг эрх баригчид талархан дэмжиж мөн оны аравдугаар сард “...нийтийн өргөн субботникаар хүн бүр нэг өдрийн цалинтайгаа тэнцэх хэмжээний ажил хийн, олсон хөрөнгийг Хүүхдийн төлөө фондод ...хуримтлуулах...”; хуримтлалыг хүүхдийн цэцэрлэг, ясли барих, тоноглох зэрэг үйлсэд зарцуулахыг дэмжсэн шийдвэр гаргажээ. Ийнхүү коммунист субботникийг жил бүрийн тавдугаар сарын сүүлээр ХТФ-д хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн болгон хувиргажээ. Туршилтын журмаар 25 ортой цэцэрлэг барьж байснаа 1975 оноос 50 ортой, 1976 оноос зураг төслийг өөрчлөн 75-аас доошгүй ортой байхаар болгон 1977 оноос бариулж эхэлжээ. Улмаар 90, 140 ортой цэцэрлэг-ясли, нэг ээлжиндээ 300 хүүхэд эмчлэх поликлиник, больниц, асрамжийн хүүхдийн цэцэрлэг ясли, дотуур байртай сургууль гээд олон барилга байгууламж ашиглалтад оруулжээ.          

Онолд дөрөөлсөн мэргэн санаа. Харин энд тогтож эргэцүүлэхээр хэд хэдэн зүйл байгаа санагддаг. Юуны түрүүнд “коммунист субботник” бол шинэ нийгэм байгуулах онолын их багш Лениний нэг мэргэн санаа учраас зөвлөлтийн үзэл сурталчид таатай хүлээж авч таарна. Хүүхдийн хүмүүжлийн байгууллагын хүчин чадлыг өргөтгөх хөрөнгө мөнгө босгоход “коммунист субботник” гэх хараас цагаан, цагаанаас хар руу буух шатрын морины нүүдлийн санааг хэн бодож олов гэж үнэхээр санагддаг. Мандах гэх төмөр замчин, хөдөлмөрийн баатрын нэр албан бичиг баримтад тэмдэглэгддэг л дээ. Гэсэн ч...

БНМАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжил үнэндээ ЗХУ-ын зээл тусламжаар урагшилж байсан, манай төлөвлөгөөний төв байгууллага, яам, тусгай газарт ЗХУ-ын олон мэргэжилтэн суун хяналт тавьж байсан нь бас л нэг эргэлзэх шалтгаан. Манай хүн амын өсөлттэй холбоотой санал санаачлага гаргах сонирхол “хүний улсад” яаж байхав. Технократ маягаар төлөвлөсөн ажлаа хянахыг л гол болгож байсан хэрэг. Ийм нөхцөлд хөрөнгийн эх үүсвэрээ субботникоор босгохоор “бүхнийг хүүхдийн төлөө” гэх коммунист уриа лоозон барин хөдлөхөд зөвлөлтийнхөн яав ч буруутгах учиргүй байсан байх. Бас дээр нь ЗХУ-ын итгэлтэй анд МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын эхнэр, зөвлөлтийн иргэн А.И.Филатоваг ХТФ-ын даргаар тодруулсан нь яав ч тохиолдол биш гэж санагдаж байгаа биз. Зарим хүний хэлээд байгаа шиг нэг сайд хэн нэгэнд хэлээд шийдсэн явдал яав ч биш. Юутай ч Монгол-Зөвлөлтийн харилцаатай холбоотой маш эгзэгтэй талбарт “МОНГОЛЫН БЭР” тодрон гарсан нь тодорхой харагддаг.

 

А.И.Цэдэнбал-Филатова өөрийнх нь хэлсэнээр 1920 онд Рязань мужийн Сапожок хотод төрж, дунд сургууль, дараа нь Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд сургууль төгсөн 1943 оноос худалдааны яаманд ажиллаж байхдаа нөхөр болох монгол залуутай танилцан 1947 онд гэр бүл болж, Монголд ирж хоёр хүү төрүүлж өсгөсөн ээж. Өөр нэг хүүгээ бага балчирт нь алдсан гэдэг. Хүүхдүүдээ гараас гарсан хойно нийгмийн олон ажилд оролцох болж гэж харагддаг. Манайхны дунд хэдэр ёдор ааштай, сэтгэлдээ нийцээгүй зүйл гарвал хэнийг ч загнадаг байсан тухай яриа байдаг. Яриаг нь хөөвөл нөхрөө архи уусан-уулгасантай голдуу холбогддог. Нөхрөө архи уухад дуртай эхнэр байдаг билүү, мэдэхгүй юм даа...

Коммунист субботник ашиглан босгосон хөрөнгийг үр ашигтай зарцуулна гэдэг амаргүй ажил. Барилга барина, ёсоор нь тохижуулж тоноглоно гэдэг гадаад худалдаа. Социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээн дэх худалдаа наймаа төвлөрсөн, одоогийнх шиг чөлөөтэй байгаагүй болохоор ХТФ-ын төв комисс-А.И.Филатова хэмээх бүтэц үүссэн байх гэмээр байгаа юм. Харин А.И.Цэдэнбал-Филатова хүлээсэн үүргээ гялалзтал биелүүлсэн, одоогийнхоор бол гайхамшигтай менежер байж. Бүх юм нарийн хяналтанд байхад төсвөөс гадуур хөрөнгө босгож, ийм юм хийх өөр хүн гараагүй юм.

 

 

 

Монголын өргөн түмэн ч түргэн шуурхай баригдаж, бүрэн тоноглогдох болсон цэцэрлэг яслийг харан хүрээлэн дэмжиж, “коммунист субботник”-т идэвхтэй оролцож эхэлсэнээр ёстой л нийгмийн гэхээр үзэгдэл давалгаалж өөрийнх нь нэгэнтээ хэлсэнээр “25, дараа нь 50, 75, сүүлдээ 160 хүүхэд нэг ээлжиндээ хүлээн авах 50 гаруй цэцэрлэг арав гаруй жилд бариулж чадсан” ажээ.

 

 

 

ХТФ-ын төв комиссын ажил хүрээгээ улам тэлж, Залуу техникчдийн ордон, Залуу байгалчдын станц, “Найрамдал” зуслан, Монголын хүүхдийн ордон байгуулсан. Хүүхэд багачуудын зуны амралтад 1980-аад оны эхнээс анхаарал тавин ёстой л өнөө менежерийн торгон ухаан зарсаны хүчээр 1980 онд МҮЭ-ийн харъяанд ажилладаг 14 зусланд 18.7 мянган хүүхэд жилд амардаг байсныг 1985 онд 40 зусланд 44.8, 1988 онд 88 зусланд 89.6 мянган хүүхэд амраах болгожээ. Ажилтан албан хаагчид, ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулах учиртай хөрөнгө байгууллага бүрийн төсөвт суудгийг олж харсан тэрээр удирдах дээд байгууллагаас нь шахаж шаардсан үр дүн. Бас хүүхдүүдийг зун амраана гэдэг шилдэг тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулах нэг хэлбэр гэдгийг ч ухуулж таниулсан. Ингэснээр хүүхдийн зуслан өмчлөлийн хувьд ҮЭ-ийн, яам, газрын, аймаг орон нутгийн гэсэн олон хэлбэртэй болсон. Бас дээр нь МҮЭ хөрөнгө мөнгөний хувьд их боломжтой газар байсан хэрнээ шинэ зүйл санаж сэдэхгүй байна хэмээн шаардаж, зуны улиралд сул зогсох ЕБС, хүүхдийн хүмүүжлийн байгууллагын бололцоонд түшиглэн өдрөөр амраах ажил зохион байгуулж, урсгал зардлыг МҮЭ-ээс гаргуулж эхэлж. Өөрөөр хэлбэл ҮЭ-ийн нөөц боломж, байгууллагын төсөв хөрөнгөнд заалт болон суугдах хэрнээ ашигладаггүй байсан хөрөнгийг зориулалтаар нь ашиглах оролдлого байж.

Цэдэнбал-Филатоваг хэн муулж, магтаж байв гэхээр сонин зүйл харагддаг. Түүний ажиллаж байсныг мэддэг хүмүүс магтаад байх шиг. Дэмжлэг, оролцоотой байгуулагдсан цэцэрлэг, сургуулийн ажилтан, сурч хүмүүжиж байсан улс сайнаар дурсаад байх шиг. Харин “авгай” гээд янзгүй ярьдаг хүмүүс голдуу дарга нар. Өндөр албан тушаалтнууд. Энэ ч ойлгомжтой. ХТФ-ын бариулж байсан барилга бол төвлөрсөн хатуу төлөвлөгөөг тойрч хийж байсан ажил. Эдийн засгийн ийм харилцаа ганц Монголд биш, социалист гэгдэж байсан орнуудын хүрээнд үйлчилж байсан болохоор илүү төвөгтэй, шууд хэлэхэд систем сөрсөн шинжтэй гэж болохоор байсан болохоор тэгэх ч ёстой биз. Манайх чинь дотооддоо үйлдвэрлээд байх юмгүй байсан шүү дээ.

 

Хийх ажилдаа хариуцлага сул, “маргааш” гэх үгээ хэлэх нь гэм биш зан. Нэг жишээ яригддаг. ”Найрамдал” зуслангийн гурван ээлжийн цагаан хэрэглэлийг тухайн үед мөрдөж байсан стандартаар хийлгэх захиалга яамны сайдтай ярьж өгч, хоног хугацаа, хөлс мөнгийг нь тохирч. Зохих данс руу нь мөнгөө ч шилжүүлж. Тохирсон хугацаа дөхөх алдад үйлдвэр рүү нь хүн явуулж, дээж авчруулсан юм байх. Гэтэл стандартаас өөр, зүгээр л нийтэд зориулсан хулхи маягтай байж. Ингээд үйлдвэрийн дарга, ерөнхий технологич нарыг дуудаж уулзаад эхний захиалснаараа үлдсэн хугацаанд хийлгэхээр болж. Үүний дараа мөнөөх сайд гуайгаас асуухад хэнэг ч үгүй “хийгдэж байгаа, санаа зовох зүйлгүй” гэхийг сонсоод тайван байх хүн олон болов уу, ийм л жишээтэй.

 

Барьж байсан барилга, дотоод тохижилтод хэрэгтэй бүхнийг төвлөрсөн хангамжийн тогтсон системийг тойруулж олох хэрэгтэй байсан. Манайд ажиллаж байсан зөвлөлтийн барилга, хангамжийн байгууллагынхантай хэл амаа ололцвол бас нэг боломж харагдаж байсан. Энэ бүхний учрыг олж, бүтээн байгуулалт хийж чадсан хүнийг чадварлаг менежер гэж хэлэхэд болохгүй гэж үү. Богино хугацаанд өөрсдөөс нь илүү чанартай, үр ашигтай хийж бүтээж байгаа хүнийг өргөн түмэн хүрээлэлгүй яахав. Харин түшмэд хэл амаа билүүдэж эхэлснийг бас ч буруутгах хэцүү. Сайн муу яаж ч хэллээ гээд хийж бүтээсэн нь лав хорогдохгүй биз. Ирэх цаг хэн нь хэн байж вэ гэдгийг дурайтал тодруулах нь лав.

Монголын Хүүхдийн төлөө фонд гэх олон нийтийн итгэл хүлээж, чухам хүрээлэгдсэн байгууллага яагаад сураг тасрав. Тэр тусмаа НҮБ-ын баримт бичигт Монгол Улсын Засгийн газартай 1963 оноос хүүхдийн эрүүл мэнд, вакцинцуулалтын талаар хамтарч ажиллаж эхэлсэн. 1991 оноос суурин төлөөлөгчийн газраа Бээжингийн салбар маягаар нээж, 2001 Байнгын төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэн тогтмол үйл ажиллагаатай болсон гэж тэмдэглэгддэг. НҮБ-ын хүүхдийн сан ч хөрөнгө босгож дэлхийн тэр тусмаа ядуу буурай орны хүүхэд багачуудад тусладаг буяны байгууллага. Манайх тэгээд ямар байсан, яагаад сураг тасрав. Ардчилсан хувьсгалын шуурганд туугдсан гэдэгт би л лав итгэмээргүй байна. Болсон явдлын учрыг тусгайлан мөшгөж дэлгэн тавибал хэн алиндаа тустай зүйл болох байх л гэж бодогдоно.

Юутай ч А.И.Филатова бэрдээ Монголын эрх баригчид хүний ёсноос гадуур хандаж. Бодоод үз, эр нөхрөө 1991 оны дөрөвдүгээр сард хөдөөлүүлээд орж ирэхэд нь Прокурорын газрын онцгой хэргийн мөрдөн байцаагчид ирчихсэн оройн 23:44 цаг хүртэл байцаажээ. Бас Монгол Улсын төр засгаас олгосон гавъяа шагналыг хураан авсан байсан. Юутай ч “...БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ...А.И.Филатовад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов...” гэсэн шийдвэр 1991 оны наймдугаар сарын 10-нд гаргаснаар энэ явдал өндөрлөсөн бололтой.

 

Харин Монголын Хүүхдийн төлөө фонд хаачив?

Олон түмний чин сэтгэлийн хуримтлал болсон багагүй хөрөнгө юу болов?

Идсэн уусан байж магадгүй гэж хардаж сэрдэн удирдаж байсан хүнээс нь байцаалт аваад, хэрэгсэхгүй болгоод бол оо юу?

Уг нь чухам л ардчилсан нийгмийн шаардлагын дагуу, олон нийтийн хүсэл зоригийг удирдлага болгон, чөлөөт өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулж байсан шиг санагдах юм.

 

 

 

Норовын ПҮРЭВДАГВА

Зохиолч, орчуулагч

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (43.242.242.59)

    2020-04-30

    Ардчиллын хэд хүүхдийн төлөө юу хийсэн юм бэ. Эх орныхоо хамаг баялгыг гадныхантай хувааж л идсэн байх

  • (202.9.46.20)

    2020-04-30

    Олон түмний хөдөлмөр сэтгэл зүтгэлээр бий болсон хөрөнгө юу болов? гэсэн үү? Ардчиллын шувуу мувуу хэмээгдсэн Элбэгпорж Нүүдгүй-Үүл Жунгаа Баярцогт Подугольний Дэлгэрмаа нараас асуу. Тэд л өлөв долов гээд хамаг л өөдтөй өнгөтөй гэсэн болгоныг хуу хамаад идчихсээн

  • (94.134.88.135)

    2020-04-29

    aash muutai,daviluun zantai ner zuusen ene emegtei Mongoliin huuhed zaluusiin tölöö ih zuil hiisen ni unen....

  • Зочин (64.119.17.86)

    2020-04-29

    Цэдэнбалын гэргийн монгол улсад тэр тусмаа манай хүүхэд залуучуудад ямар их бүтээн байгуулалт хийсэнийг манай ахмад үе мартах ёсгүйээ Харин өнөө цагийн тэргүүн хатагтай нарын хийсэн бүтээсэн зүйл ер нь юу байна даа

  • монгол (203.91.119.42)

    2020-04-29

    Ю.Цэдэнбал түүний эхнэр бол түүхэн удирдагч их хүмүүн гэж би миний гэр бүл үздэг хүндэлдэг цагийн эрхээр үнэн нь их суу нь нар мэт гэрэлтэж түүхэнд үлдэх болно