Орос, Хятадын иргэн Монголчууддаа хэлэх үг
- 2020-04-30
- Нийтлэл
- 0
Хойно өгүүлэх зүйлийг би БНМУ-ын хилийн цаана аж төрж буй Орос, Хятад улсын иргэн Монгол хүмүүст зориулж буй юм. Орост амьдарч байгаа Буриад монгол, Хятадад амьдарч байгаа ӨвөрМонгол олон хүний мөрөөдөл бол ар Монголчуудтайгаа нэгдэж нийлэх хүслэн юм. Гэхдээ тэд энэхүү мөрөөдлөө алсдаа Өвөр Монгол, Буриад Монгол, Халимаг эргэж Монгол улстай нэгдэж нийлэх үйл явц, боломжтой холбон үзэж байх ажээ.
Их алс биш ирээдүйд Оросын Холбооны Улс, БНХАУ задарч бүрэлдэхүүнд нь багтаж асан зарим үндэстэн салж тусгаарлах нөхцөлд Монголчууд Монгол улстайгаа нэгдэх болно гэж олон хүн тооцдог юм байна. Миний бодлоор ӨвөрМонголчуудын ба Буриадуудын нутаг Хятад, Орос иргэдээр дүүрчихээд байгаа билээ. Хүн амын нь 80-90 хувь нь Хятад ба Орос хүмүүс болчих аваас Өвөр Монгол ба Буриад эргэж Монгол улстай нийлэх боломжгүй юм. Хэрэв нийлэх аваас ар монголчууд өөрсдөө Монголдоо хүн амын цөөнх болно. Аажимдаа Хятад ба Орост уусч мөхнө гэсэн үг.
Тэгэхээр Өвөр Монгол ба Буриадын газар нутаг нэгэнт л эргэж буцалтгүйгээр алдагдсан байна. Ингэж тооцож ирээдүйгээ төлөвлөх нь зүйтэй болно.Өмнө өгүүлснээс үзэхэд зөвхөн л ганц боломж буй юм.
Монгол улсын иргэн болох хүсэлтэй хүмүүс өөрсдөө л ганц нэгээрээ болон өрх бүлээрээ өргөдөл гаргаж, зөвшөөрөл авч Монголын иргэн болох. Өөр арга, зам одоо ч байхгүй, ирээдүйд ч буй болохгүй... Үл биелэх санаа, тооцоонд хөтлөгдөх нь хортой. Миний бодол, тооцоо эндүү, ташаа, ихэд эртэдсэн гэхээр байж болно. Гэхдээ л түүхэн газар нутгаа аваад Монголтойгоо эргэж нэгдэх боломж, ирээдүй мөс мэт хайлаад дуусаж буй нь үнэн юм шүү...
Түүхэн үйл явдлуудын эрхээр бас Монголчуудын өөрсдийн нь алдаа, эндэгдлээс үүдэж, мөн хоёр их хөршүүдийн маань хүн амын тоо, хүчин чадлын үр дагавар өнөөгийн бид Халх ба Ойрдын эзэмшил болох Ар Монголдоо л оршин, цугларан аж төрөхөөс өөр аргагүй болчихлоо. Энэ байдалтай эвлэрэх, зохицох нь Монголчуудын хувь, тавилан, хойш хойшдын нь заяа, барилдлага юм. Гэхдээ Их Орос ба Их Хятад түүхэн, үндсэн гол бүрэлдэхүүн хэсгүүдээрээ 3-5 улс болж задрах аваас түүний хаялга болж Монгол угсаатны зарим нь газар нутагтайгаа БНМУ-д эргэж нэгдэх нэгэн хувилбар бас буй. Түүхийн түүхээс, түүхийн философиос мөнхүү хувилбар улбаалагдан цэвэр онол, сэтгэлгээний бүтээгдэхүүн болж дурьдагдан буйг уншигч авгай нарт шивнэн дуулгаж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)