Д.Ширэндэв: Энэтхэгт байгаа монголчууд 55 хэмийн халуунд хоол ундгүй, мөнгөгүй хүнд нөхцөлд байна

Энэтхэг дэх монголчуудын нөхцөл байдал ямар байгаа талаар Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй ярилцлаа.


-Энэтхэгт байгаа монголчуудын нөхцөл байдал хүндхэн байгаа талаарх мэдээлэл гарч эхлээд удаж байна. тэнд одоогоор хэчнээн монгол иргэн байна вэ. хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл авав уу?

-Энэтхэгт байгаа лам нартайгаа нийлээд 540 монгол иргэн байгаа гэсэн мэдээлэл байна. Энэтхэгт тавдугаар сар бол асар их халдаг үе. Өдөрт 50-55 хэм хүрч халдаг. Гэхдээ албаны хүмүүс нь агаарын хэмээ таван температураар хасч мэдээлдэг. Ийм асар их халуун орчинд иргэд нь голдуу сэнсээр нь сэрүүцдэг. Монголчууд ч тэр, ийм л нөхцөлд байгаа. Хоёрдугаарт, хоол ундны асуудал тэнд өдийд хүндэрдэг. Ийм халуун үед Энэтхэгт мах олддоггүй. Хиндү шашинтай хүмүүс учраас мах иддэггүй. Тийм болохоор мах идэхгүй удахаар монголчууд уургийн дутагдалд орж эхэлдэг. Ялангуяа ийм халдвар дэгдсэн нөхцөлд монгол хүмүүс гадуур явахад аюулгүй байдал талаасаа маш эрсдэлтэй. Монголчуудыг хятад гэж андуурдаг. Коронавирус Хятад улсаас дэгдсэн болохоор хятад хүмүүст тун дургүй байгаа юм билээ.

Уг нь Энэтхэгийн уугуул хүмүүс их даруухан, тайван. Гэвч асуудалд хямраад ирэхээр олуулаа болж ирээд аюултай болчихдог. Ялангуяа одоо бол тэнд 1.3 тэрбум хүнийг 21 хоногийн гэрийн хорио зарлачихсан, ямар ч хөдөлгөөнгүй хорьчихсон байгаа. Энэтхэгчүүдийн талаас илүү хувь нь ядуу амьдралтай. Том хотуудаар хүн тээвэрлэж өнөөдрийнхөө хоолыг залгуулж амьдардаг хүмүүс олонтой. Тэд нар нь ажилгүй, орлогогүй болчихоор нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой. Цагдаа нар нь хүмүүстэйгээ яаж харьцаж байгааг та бүхэн видео бичлэг зэргээс харсан байх. Тэнд бол асуудал гарахад цагдаа дуудаад хэрэггүй гэдэг. Цагдаа ирээд хоёуланг нь зодчихдог. Хэрэв ийм эвгүй нөхцөл байдалд бослого гарах юм бол маш аюултай. Тэд чинь замд таарснаа эвдэж сүйдэлж шатааж устгадаг. Тийм нөхцөлд тэдгээр хүмүүстэй ярилцаж ойлголцоно гэдэг амаргүй. Намайг Энэтхэгт оюутан байхад яг ийм үйл явдал болж байсан. Кино театрт хоёр залуу зодолдсоноос болж бүр хот даяараа эмх замбараагүй байдалд орж, гурав хоногийн хугацаанд армийн хүчээр зогсоож байсан удаатай. Тэнд байгаа монголчуудаа айлгаж байгаа зүйл биш. Бодит байдал л ийм байна. Ялангуяа тэнд байгаа монголчууд маань халдварын хамгийн эрсдэлтэй цаг дээр өдөр хоногийг өнгөрөөж байна.

-Бас цөөнгүй олон ламхай нар байгаа гэсэн. тэд чухам ямар байгаа бол?

-10 хүртэлх насны 250 орчим ламхай нар бий. Хүүхдүүд багаасаа бурхны шашинд суралцах нь сайн суурьтай лам болдог. Тэр утгаар монголчууд маань хүүхдүүдээ багаас нь Энэтхэгт сургаж байгаа. Лам нарын хувьд нэг сайн мэдээ бол Далай ламын гурван хийдэд хуваарилагдаж суурьшсан учраас байр сав, хоол ундны хувьд цаанаасаа өгдөг. Төвдийн сүм хийд монголчуудтай адилхан хоол хүнс хэрэглэдэг учраас ламхай нарын хувьд хоол унд одоогоор боломжийн. Харин байдал хүндэрч болзошгүй гэх үүднээс тэднээс цөөнгүй хүүхэд Монгол руугаа буцах хүсэлт илэрхийлээд байгаа. Бага насны хүүхдийн хувьд хэцүү шүү дээ, мэдээж. Түүнээс гадна визнийх нь хугацаа дуусаад Монголд сунгуулах шаардлагатай болсон лам нар аль нэгдүгээр сараас хойш наашаа ирэхийг хүлээж байгаа. Лам нар таван жил болоод Монголд ирж визээ сунгуулдаг. Тэр хугацаа нь нэгдүгээр сард дуусчихсан, Монгол руугаа буцъя гээд төлөвлөж байсан лам нар олон байна.

-Халдвараас хамгаалах боломж нөхцөл нь хэр байгааг тодруулахгүй юу?

-Халдвараас хамгаалах тал дээр Монголдоо байгаа иргэдээс ч өндөр шаардлагыг өөрсдөдөө тавьж байгаа юм билээ. Гадуур гарах шаардлагатай бол нэг нь л гардаг. Буцаад ирэхэд нь хамаг хувцсыг нь тайлж угаадаг. Тухайн иргэн өөрөө бол гурван удаа усанд орж байгаа. Дээр нь гаднаас авч ирсэн хүнс, бүтээгдэхүүнийг халуун усанд хийж угаах зэргээр монголчууд маань өөрсдийгөө хамгаалах тал дээр их л хичээж байгаа гэсэн.

-Монгол хүн халдвар авсан тохиолдол гарсан уу?

-Огт гараагүй.

-Энэтхэгт байгаа монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтийг тавьсаар байгаа. гэвч уок-ын шийдвэрээр холын орны иргэдийг авчрах боломжгүй гэж мэдэгдэж байна...

-Энэ шийдвэрт маш их гайхаж байна. Уг нь өмнө нь тэдгээр иргэдээ татах асуудлыг шийдээд байсан шүү дээ. Гэтэл одоо татах боломжгүй гэж байна. Энэтхэгт шашны том арга хэмжээ, эсвэл томчуудын айлчлалын үеэр шууд нислэг үйлдчихдэг шүү дээ. Хэрэв МИАТ-ийн хүчин чадал хүрэлцэхгүй бол “Хүннү эйр” компани нислэг үйлдэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа. Энэтхэгт байгаа монгол залуус тэндхийн авиа компаниудад хүсэлт тавьсан юм билээ. Тэд бол Монголын Засгийн газраас хүсэлт тавьбал монгол иргэдийг тээвэрлэж хүргэх боломжтой гэж мэдэгдсэн байсан. Тэндхийн авиа компанийн зарим онгоц Энэтхэгт байгаа монголчуудыг нэг дор нь бүгдийг авчрах ч хүчин чадалтай. Ийм боломжууд байхад төр засаг яагаад ажиллахгүй, зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна. Гол нь тэнд байгаа иргэд маань халдварын эрсдэлтэй цэг дээр байна. Монголын Засгийн газраас гадаадад байгаа элэг нэгтнүүдээ авчирна гэж амласан учраас иргэд маань өглөө бүрийг горьдлоготой, хүлээлттэй угтаж байгааг залуус хэлж байна.

-уок-ын шийдвэр нь хэрэв шууд нислэггүй улсаас хүмүүсээ аваад эхэлчихвэл бусад олон улсад байгаа иргэд ч бас тэгж ирэхийг хүснэ гэж тайлбарлаад байгаа. өөрөөр хэлбэл, ачаалал нэмэгдэх эрсдэлтэй гэж үзсэн болов уу?

-Энэтхэг бол онцлогтой улс шүү дээ. Одоо 55 хэмийн халуун уур амьсгалтай орон хэд байгаа билээ. Өөр улсад бол монголчууд ажил хийгээд мөнгө төгрөг залгуулчихаж болно. Энэтхэгт ажил хийх битгий хэл уугуул иргэд нь өөрсдөө байнгын ажлын байрны эрэлттэй байдаг улс. Гол нь Энэтхэгт нэр нөлөөтэй хүмүүс, эсвэл баян тарган хүмүүс байхгүй, хэдэн бор лам хувраг, иргэд байгаа учраас хайхрахгүй байна уу даа гэж хардаж байна. Нэгэнт л иргэдээ гадаадаас татаж авна гэсэн бол төр засаг ялгаж болохгүй. Ядаж нислэг үйлдэх боломжгүй бол тэдгээр иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээч. Мөнгө төгрөггүйгээс болж Энэтхэгт байгаа монголчууд гудамжинд гарахад бэлэн байна.

-одоогоор энэтхэг улсын өөрийнх нь нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэтхэгийг Хятадын дараах голомтын бүс гэж ДЭМБ-аас эхлээд олон улс үзэж байсан. 1.3 тэрбум хүн амтай, дээр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрт хүрч чадахгүй гэж болгоомжилж байсан ч сайн удирдагчийн хүчээр халдварыг харьцангуй гайгүй давж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа 21 хоногоор хөл хориог хатуу тогтоосон. Зөвхөн эм тариа, хоол хүнс авах тохиолдолд гарч орж болно. Үүний хүчээр нас баралт харьцангуй бага. АНУ-д гэхэд 50 мянга гаруй хүн нас барчихаад байна. Энэтхэгт одоогоор нас баралт 390 гаруй гэж бүртгэгдээд байгаа.

Б.ЭНХЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.15.10)

    2020-05-01

    анхнаасаа тэнд халуун гэдгийг мэдсээр байж зорьсон, ар гэрийнхэн нь ч мэдсээр байсан мөртлөө 1 сараас эхлээд наашлуулаад шууд нислэгтэй газар авчрах боломж байсан баймаар