Орос-Туркийн амаргүй харилцаа ба олон удаагийн дайны түүх

Саяхан буюу өнгөрсөн 2-р сард Сирийн Идлибт мужид үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн Анкара Оростой дайтахад бэлэн хэмээн мэдэгдсэн. Оростой хамтарсан Сирийн зэвсэгт хүчний агаарын дайралтад Туркийн 33 цэрэг өртөж, амиа алдсанд Туркийн Ерөнхийлөгчийн зөвлөх Туркийн аюулгүй байдал, гадаад бодлогын газрын гишүүн Месүт Хакки "Бид өмнө нь Оростой 16 удаа байлдаж байсан. Дахиад байлдсан ч чадна" хэмээн мэдэгджээ.

Гэхдээ хоёр орны ерөнхийлөгч нарын уулзалт хэлэлцээ энэ 3-р сарын 05 нд Москва хотод болсон бөгөөд ОХУ болон Турк улс Идлибийн хурцадмал байдлыг зохицуулах тохиромжтой шийдлийг олсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн. 

 

Туркийн талын дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор тэдний хооронд өрнөж байсан олон удаагийн дайн байлдааны тухай товч танилцуулга хүргье. 

 

Орос болон Османы эзэнт гүрнүүд хэзээ ч сайн хөрш байгаагүй. Түүхийн туршид тэд Дэлхийн 1-р дайныг оролцуулаад 12 удаа хоорондоо дайдаж байлдаж байсан бөгөөд үүний үр дүнд тэдний их гүрний хүч чадал буурч байсан.

Ерөнхийдөө 1568-1918 он хүртэлх 351 жилийн хугацаанд Орос Турк хоёр улс 69 жилийн турш байлдаж дайтаж байсан бөгөөд дунджаар 25 жилийн давтамжтайгаар дайтаж байжээ.

Орос Улс хар тэнгисийн эрэг орчмын газар нутаг болон Кавказын төлөө мөн Христийн  шашинт ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө, Босфор, Дарданелл хоолойн усан замд хяналт тогтоох зорилгоор Османы эзэнт гүрэнтэй олон удаа дайн байлдаан өрнүүлж байжээ. Тэр ч байтугай Дэлхийн 1-р дайны үед Хаант Орос Улс Константинополь хотыг эзлэн авах боломжийг судлаж стратегийн төлөвлөгөө зохиож байсан гэдэг. 

 

 

1. Селим II буюу Туркийн Астраханд хийсэн аян дайн (1568—1570)

 

Орос-Туркийн анхны дайн 1568-1570 онд болсон. Туркийн султан Сулейман I бусад олон асуудлаар завгүй байсан учир Москвагийн зүгээс үйлдсэн цэрэг армийн үйл ажиллгаанд анхаарал сул хандуулан үл тоомсорлож байсан гэдэг. 

Эцэст нь 1563 онд тэрээр Астраханд цэргийн аян дайн өрнүүлж тухайн газар нутгийг буцаан авахыг хүсчээ. 

Крымийн хаан Хар тэнгисийн хойд эрэгт Туркийн султан хүчирхэгжихээс айж Туркийн цэргийн аян дайныг 1569 он хүртэл хойшлуулж чадсан гэдэг. 

Султан Сулейман I  1566 онд таалал төгсөж түүний залгамжлагч Селим II аян дайны байлдааны үйл ажиллагааг Паша Касимд даалгасан байна.

Туркийн султан Селим II Оросын мэдэлд байсан Астраханыг эзлэхийг оролдож 15 мянган янычар буюу султаны торгон цэрэг мөн 2 мянган хөнгөн морин цэрэг, хэд хэдэн мянган хөнгөн явган цэрэг хотыг бүсэлсэн байна. 

 

 

 

Османы эзэнт гүрний усан флот Азовын тэнгисд байрлаж байсан бөгөөд Туркууд замдаа Волга, Дон мөрнийг холбосон сувгийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Энэ суваг хоолойн барилга  байгууламжийн ажлыг Крымийн Татаруудын 50,000 цэрэгтэй арми хамгаалж байжээ. 

 

 

 

Ван Петр Серебряны-Оболенскийн удирдсан Москвагаас илгээсэн цэргүүд Украйны казакуудын дэмжлэгтэйгээр туркуудад гэнэтийн цохилт нь өгч бүслэлтийг сэтлэн байлдсан. Москвагаас ирсэн армийн гэнэтийн хүчтэй дайралтанд Крымийн Татар цэргүүд бут цохигдон ялагдаж Туркийн усан флот ч устгагдсан байна.

 

Хураангуй: Туркуудын Астраханыг авч Волга  мөрний эрэгт бэхлэлт барих гэсэн оролдлого бүтэлгүйтсэн.

 

2. Мехмед IV буюу Азовын асуудал (1672–1681)

 

Энэ дайны шалтгаан нь Османы эзэнт гүрэн Орос-Польшийн сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож Украины баруун (Днепр мөрний баруун эрэг дагуу нутаг) хэсгийг хяналтандаа авах гэсэн оролдлого байв.Украйны баруун хэсгийн гетман Петро Дорошенко 1669 онд Османы эзэнт гүрэнд дагаар орон вассаль болохыг зөвшөөржээ.

Шинэ холбоотонтой болсондоо найдаж Султан Мехмед IV 1672 онд Польштай дайн зарлан улмаар Подолиа мужийг хяналтдаа авсан байна. Туркуудын энэ амжилт Москвад түгшүүр төрүүлэн Оросын хяналтад байдаг Украйны зүүн эрэг рүү туркууд довтлохоос сэргийлэн Хаант Оросын засгийн газар Османы эзэнт гүрэн, Крымийн хаант улсад дайн заралжээ. 

Донийн казакууд Хаан Алексей Михайловичийн зарлигаар Дон мөрний эрэг дагуу мөн Крымийн хойгт Туркийн эзэмшил газар нутаг руу дайрч эхэлсэн байна. Оросын цэргүүд Гетман Дорошенкогийн мэдлийн Чигирин хотыг эзлэн авсан бөгөөд Дорошенко өөрөө бууж өгөв. 

Үүний хариуд Мехмед IV Чигиринийг бүслэн авч түүнийг эргүүлэн авах гэсэн хэд хэдэн удаагийн дайралт хийсэн боловч Оросын цэргүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч дайралт нь амжилтгүй болж байжээ. Гэсэн ч тэд шаргуу дайрсаар 1678 онд Чигиринийг эргүүлэн авч чаджээ.  Оросын цэргүүд Украйны зүүн эрэгт буцаж ирсэн байна.  

Дайны үеийн 1679-1680 онуудад идэвхтэй байлдаан өрнөсөнгүй бөгөөд статус-кво тогтоон 1681 оны 1-р сард Бахчисарайн энхийн гэрээнд гарын үсэг зурснаар дайн дуусав.

Хураангуй: Орос Улс Украины зүүн хэсэгт хяналтаа хадгалан үлдэж Османы эзэнт гүрэн буруун хэсэгт хяналтаа тогтоов.

 

3. Василий Голицы ба Их Туркийн дайн. (1686–1700)

 

Төв Европт Австри-Туркийн дайн 1696 онд эхлэв. Польшийн хаан Ян III Собиескийн тушаалаар холбоотон Польш-Австри-Германы нэгдсэн зэвсэгт хүчнүүд Вена хотын ойролцоо Туркийн армитай тулалдан тэдний хотыг эзлэх оролдлогыг няцааж Османы эзэнт гүрний нөлөөг энэ бүс нутгаас шахаж гаргаж чадсан юм. 

Дараа жил нь Османы эзэнт гүрний эсрэг Европын Христийн шашинтнуудын Ариун Лиг буюу холбоо байгуулагдав. 

Туркийн эсрэг энэ холбоонд Ариун Ромын эзэнт гүрэн (Австрийн Хабсбург), Хамтын нөхөрлөл ба Венецийн бүгд найрамдах улсууд багтаж байжээ. Орос-Польшийн дайн 1686 онд зогсож эвийн гэрээнд гарын үсэг зурсны дараа  Гүнж София Алексеевнагийн удирдлага санаачлаар Орос улс  Загалмайтануудын Ариун холбоонд нэгдэн оров.

Василий Голицы вангийн захирсан оросын цэргүүд Запорожийн казакуудын хамт 1687, 1689 онуудад Крымд хоёр удаа аян дайн хийсэн боловч Ногайн тал нутагт усны хангалт муутай байсан учир үр дүнгүй давшилт болжээ.

Хатан хаан Софиа дарагдсаны дараа залуу хаан Петр I Туркийн эсрэг хийсэн аян дайныг 1694 онд үргэлжлүүлэв энэ удаагийн зорилго нь Крым биш Азовын цайз байв. 1695 оны хавар эхэлсэн Азовын анхны аян дайн нь усан флотгүй Оросын арми ар тал хангамжийн баазаас хол газар тулалдах боломжгүй учраас тэр оныхоо 9-р сард дайралтаа зогсоон буцсан байна.

Харин 1696 онд Азовын төлөөх 2 дахь аян дайнаа эхэлүүлсэн бөгөөд энэ үед гүн Алексей Шейнийн удирдлага дор  Оросын 40,000 цэрэгтэй арми Азовыг дахин бүслэн авчээ, Энэ удаа Оросын флот цайзыг тэнгисийн зүгээс бүслэн хааж чадсан. Цайз дайралтыг хүлээхгүйгээр 1696 оны 7-р сарын 19-нд цайз бууж өгөв.

Энэ амжилт нь холбоотон Австрийн цэрэг армид маш их тус дэм болсон бөгөөд үүний үр дүнд 1699 онд Австри улс Карловиц хотод туркуудтай эв найрамдалын гэрээ байгуулж чадсан. Орос-Туркийн хэлэлцээр бага зэрэг удаан үргэлжилж 1700 онд Константинополь хотод энх тайвны гэрээ байгуулснаар Азов Оросын талд бүрэн орлоо.

Хураангуй: 1700 онд Константинополь хотын найрамдлын гэрээний дагуу Азов Орост харъяалагдах болов.

 

4. Карл XII ба Прутын аян дайн (1710-1713)

 

Энэхүү дайны шалтгаан нь Шведийн хаан Карль XII Полтавагийн ойролцоо ялагдсаны дараа Османы эзэнт гүрэнд зугтан очиж орогнол хүсжээ.Оросууд Шведийн хааныг Османы эзэнт гүрний газар нутгаас хөөн гаргахыг шаардсан ба Турк улс 1710 оны 11-р сарын 20-нд Оросд дайн зарлав.

 

 

 

Оросын Петр I хаан 1711 оны хавар Молдавийн нутгаар Прутский аян дайныг эхлүүлсэн ба 1711 оны 6-р сар гэхэд цэргүүдээ Иаси хотод төвлөрүүлэв. 

Агуу вазир Батальжи Пашагийн удирдсан Османы арми (ойролцоогоор 120 мянган хүн, 440 гаруй их буу) 6-р сарын 18-нд Дунай мөрнийг гатлан зүүн эрэгт Прутын ойролцоо Крымийн Хаан Девлет II Гирей нарын 70 мянган морин цэрэгтэй нэгдэв. 

 

 

 

Петр I хааны удирдсан Оросын цэргийн гол хүчин (38 мянган цэрэг 114 буутай) 6-р сарын 30-нд Прутын баруун эрэг дагуу хөдөлж 7-р сарын 7-нд Станилешти хотод хүрч ирэв. Османы эзэнт гүрний цэрэг Фалчийн ойролцоо Прут голыг гаталж Станилешти хотын өмнөд хэсэгт Оросын цэргийн тэргүүн шугам руу дайрч эхэлсэн бөгөөд Оросын арми шинэ Станилешти дахь бэхэлтрүүгээ ухарчээ. 

Оросууд Туркийн цэргийн дайралтыг амжилттай няцаан тулалдаж байсан ба туркууд 8 мянга хүнээ алдсан байна. Оросын цэрэг сум зэвсэг, хоол хүнс байхгүйн улмаас хүнд нөхцөлд оржээ. Энхийн хэлэлцээ байгуулхаар тохирон 1711 оны 7-р сарын 12-ны өдөр Прутын энх тайвны гэрээ байгуулав.

Султаны шинэ шаардлагыг Оросууд зөвшөөрөөгүй улмаас дайны байдал 1713 он хүртэл үргэлжилжээ. Адрианопольскийн энх тайвны гэрээг 1711 оны энхийн гэрээний нөхцлөөр байгуулсан гэдэг.

 

Хураангуй: Прусс ба Адрианопольскийн энх тайвны гэрээний дагуу Орос улс Азовыг Туркэд буцаан өгч өмнөд дэх бүх бэхэлтийг нурааж, Польшийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос татгалзав.

 

5. Бурхард Миних ба Орос-Туркийн дайн (1735-1739)

 

Энэ дайн 1735-1739 онд үргэжилсэн бөгөөд Османы эзэнт гүрний эсрэг Орос, Австрийн эзэнт гүрнүүд эвсэл байлдсан юм. Хар тэнгис рүү нэвтрэх боломжийг эрэлхийлж буй Орос улс Османы эзэнт гүрний улс төрийн дотоод зөрчилдөөнийг ашиглан дайн эхлүүлсэн байна. Энэ дайн нь Польшийн өв залгамжлалын төлөөх дайн тулааны үр дүн түүнчлэн Крым Татаруудын Өмнөд Оросын газар нутаг руу байнга өнгөлзөж байсантай холбоотойгоор зөрчилдөөн үүссэн байсантай шууд холбоотой.

Генерал-фельдмаршал Бурхард Христофор Минихээр удирдуулсан 62 мянган хүний бүрэлдэхүүнтэй Оросын Днеприйн арми 1736 онд  Перекопийн дэрэгдэх Османы цэргийн бэхлэлт рүү довтолж 6-р сарын 17-ны өдөр Бахчисарайг эзлэн авчээ. Гэсэн хэдий ч хоол хүнсний хомсдол цэргүүдийн дунд гарсан тахал өвчний дэгдэлтийн улмаас Минихийн арми ухархад хүрсэн байна. 

Мөн онд генерал-фельдмаршал Петр Лассигаар удирдуулсан 28 мянган хүний бүрэлдэхүүнтэй Донийн арми Дон мөрний усан флотын дэмжлэгтэйгээр тулалдаж Азовыг бүслэн авчээ Минникийн арми 1737 онд Днеприйн флотын ойртож ирэхийг хүлээхгүйгээр давшиж Очаковыг эзлэн авсан бөгөөд тэр үед түүний арми 40 мянга цэрэгтэй болж тоон нь нэмэгдсэн байна. 

Генерал-фельдмаршал Лассигийн арми Крымийг эзэлж Крымийн хааны армид олон тооны хүнд цохилт өгч Карасубазар хотыг эзлэн авчээ.

Гэвч түүнд ар талын хангамж дутагдсанаас удалгүй Крымийг орхин гарсан гэдэг.

 

 

 

Австри улс 1737 оны 7-р сард Турктэй дайн зарлав гэхдээ тэд тун удалгүй хэд хэдэн том ялагдал амсжээ. Ийнхүү түүний дайнд орсон нь холбоотнуудын хувьд байдлыг улам хурцатгаж Туркийн байр суурийг бэхжүүлэв. Дараа жил нь тахал өвчний улмаас Оросын арми Очаковыг орхисон ба 1739 онд Минич Хотин, Иаси нарыг эзлэн авч чадсан байна.

 

 

 

Хураангуй: 1739 оны 9-р сард Белградын энхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрийн дагуу Орос Азовыг авсан боловч бүх бэхлэлтээ буулгахыг амлав. Түүнээс гадна тэдэнд Хар тэнгист усан флоттой байхыг хориглосон бөгөөд худалдаа наймаа хийхдээ Туркийн усан онгоцнуудыг ашиглах тухай заасан байв. 

Тиймээс тэдний хар тэнгис рүү нэвтрэх хүсэлт бараг шийдэгдээгүй үлдсэн юм.

 

6. Мустафа III ба Орос-Туркийн дайн (1768—1774)

 

Өөрсдийгөө орос гэж үздэг Оросын засагт албан хаадаг Украйны казакуудын отряд Польшийн босогчдыг мөрдөн хөөж Османы эзэнт гүрний нутаг дэвсгэр дахь Балта хот руу дайран оржээ. Нутаг дэвсгэрт нь халдав гэсэн шалтаанаар Султан III Мустафа 1768 оны 9-р сарын 25-нд Оросын эсрэг дайн зарлав.

Туркийн цэргүүд 1769 онд Днестр мөрөн хүртэл довтолсон боловч генерал Голицын командалсан  арми  тэднийг зогсоож үлдэн хөөжээ. Орос цэргүүд Хотиныг дайран эзлэж 1770 оны өвөл Дунай мөрөнд хүрч ирэв.

Гүн Алексей Орловын командалсан  Балтийн тэнгисийн флот Газар дундын тэнгисд 1770 онд орж ирэв. Туркийн эсрэг Пелопоннесийн Грек босогчидод тусламж үзүүлэн Чесма, Чиосын тулалдаанд Османы флотыг бут цохижээ. Мөн тэр жил Оросын арми Грекийн хагас арлууд Рябой Могилы, Ларги и Кагула арлуудад туркуудыг ялан дийлж хөөн гаргажээ. Василий Долгоруки Вангийн удирдлаган дор Оросын арми давшиж Крымийн хойгийг 1771 онд эзлэн авч чадсан. Энэ үед Крымийн хаант улс тусгаар тогтнолоо зарлан Оросын эзэнт гүрний харъялалд оров.

Францын элчин сайд зуучилан 1772 он болон 1773 оны эхээр Фоксани, Бухарест хотод энх тайвны хэлэлцээ хийсэн боловч Турк улс Крымийн хаант улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учир дайн 1773 оны хавар дахин эхэлсэн байна. Генерал фон Вейсенштейн удирдсан Оросын арми 1773 онд Силистри цайзыг дайран эзлэх гэж оролдсон боловч  Кайнарджидын дэргэд Туркуудад ялагдав.

Алдарт жанжин А.В.Суворовын командалсан орос цэргүүд  1774 онд  Козлуджийн дэргэд Туркийн цэргийг ялсны дараа Туркууд энхийн хэлэлцээр хийхийг зөвшөөрч 7-р сарын 21-нд Кучук-Кайнарджийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурав.

Хураангуй: Кучук-Кайнарджийн энх тайвны гэрээний дагуу Крымын хаант улсыг Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносон гэж зарлав; Орос Улс Днепрээс Өмнөд Буг хүртэлх нутаг дэвсгэрийн мөн Кабарда, Азов, Керчийг өөрийн харъянд авчээ.

 

7. Очаковогийн дайралт. А.Бергийн сийлбэр, (1787-1791)

 

Энэ дайн 1787-1791 онд үргэжилсэн бөгөөд дайны гол шалтгаан нь Турк улс өмнөх дайнд ялагдаж алдсан газар нутагтаа харамсан үл хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Сүүлийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаас хойш 13 жилийн дараа Орос улсад дайн зарлах шийдвэр гаргах нь тэдний хувьд хэт аярсан хэрэг байв. 

Учир нь 1-р Туркийн арми шинэ дайнд бэлэн биш байсан,  2-р дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Орос улс Австрийн Эзэнт Улстай цэргийн холбоо байгуулсан учир Османы эзэнт гүрэн Европын хүчирхэг хоёр гүрэнтэй тулалдах болжээ.

 

 

 

Туркийн армийн Банатын дэргэд Австрийн армийн эсрэг хийсэн анхны амжилт удалгүй Оросын цэрэгтэй хийсэн тулаанд ялдагдал хүлээснээр ач холбогдол нь буурсан байна.  Молдавын нутагт фельдмаршал Румянцев-Задунайскийн цэрэг Туркийн армид хэд хэдэн хүнд цохилт өгч өмнөх дайны үеийн Александр Голицын нэгэн адил Иаси, Хотиныг эзлэн авчээ. 

 

 

 

Фельдмаршал Потемкины арми нэлээд удаан бүслэн байлдсаны дараа Очаковын бэхлэлт унаж түүнийг хамгаалж байсан Туркийн гарнизон бүрэн устгагдав. Энэ мэдээ Султан Абдул-Хамид I-д маш их цохилт болж цус харвалтад өртөж 4 сарын дараа таалал төгсөв.

Туркийн генерал цэргийн эрхтэнүүд мэргэжлийн чадваргүй гэдгээ харуулж хэд хэдэн хүнд цохилтот өртөн арми дотор нь үймээн самуун дэгдэв.Туркийн армийн Бендер, Аккерманын дэргэд хийсэн давшилт бүтэлгүйтэж Белград хотыг Австрийн арми эзлэн авчээ. 

Измайловскийн нэвтрэх боломжгүй бат бэх цайзыг А.В.Суворовын удирдсан арми буулган авч Анапа хотыг эзлэн авлаа. Туркийн армийн энэ цуврал ялагдал тэдэнд хүнд цохилт боллоо.

Туркийн усан флотын цэргийн тооноос үл хамааран контр-адмирал Н.С.Мордвиновын удирдсан Оросын Хар тэнгисийн флот Лиманы дэргэд хэд хэдэн тулалдаанд (1788) ялалт байгуулав. Тендрагийн тулалдааны өмнө контр-адмирал Ф.Ф. Ушаковыг флотын командлагчаар томилжээ (1790)

Шинэ Султан Селим III Орос улстай энхийн гэрээ байгуулахаас өмнө дор хаяж нэг ялалт байгуулан өөрийн улсын нэр хүндийг сэргээхийг чармайсан боловч Туркийн армийн байдал маш хүнд нөхцөлд найдвар муутай байлаа. 

Ийм учир 1791 оны 12-р сард Османы эзэнт гүрэн Ясигийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурж, Крым, Очаковыг Оросын мэдэлд авснаар хоёр гүрний хил хязгаар Днестр мөрөн хүрэв.

Хураангуй: Хар тэнгисийн хойд хэсгийн нутгийг Орост хавсаргав. Крым, Очаков нарын эзэмшил газар Оросын харъянд оров. Молдавын ноёдын нутгийн хэсэг нь Оросын эзэнт гүрэнд харъялагдах болов. Турк улс Гүржийн талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Днестр мөрний дагуу шинэ хил тогтоожээ.

 

8. Орос-Туркийн дайн (1806-1812) 

 

Энэ дайн нь Орос, Османы эзэнт гүрний хооронд өрнөж байсан цуврал дайны нэг байсан бөгөөд дайны шалтгаан нь Туркийн Султан Молдав, Валахийн захирагчдыг огцруулсан явдал байв. Орос-Туркийн энхийн гэрээний дагуу Османы эзэнт гүрэн үүнийг дангаараа шийдэх эрхгүй байсан ба ийм шийдвэрийг Оросын зөвшөөрөлтэй гаргах ёстой байжээ.

Туркийн энэ хууль бус алхамыг Францын дипломат корпус өдөөж өгсөн бөгөөд тэдний гол зорилго Оросын армийг Европын гүнээс татах байлаа. Тэдний энэ төлөвлөгөө хэрэгжиж 1806 онд Оросын цэргүүд Молдав, Валахи рүү шилжин иржээ.

Энэхүү дайны үед олон улс хоорондын мөргөлдөөн мөн Османы эзэнт гүрний төрийн эргэлт гарчээ. Дайн тулаанууд газар болон далайн аль алинд нь болж байлаа. Үүний зэрэгцээ зарим үед Турк эсвэл Англиас Туркэд дэмжлэг үзүүлсэн үйл явдал болж байсан. Оросын алдарт жанжин фельдмаршал Михаил Илларионович Кутузовын амжилттай цэргийн ажиллагааны үр дүнд Османыг 1812 оны Бухарестын гэрээнд суулган Бессарабийг орхихыг шахаж чадлаа.

Хураангуй: Турк улс Бессарабийг Оросын мэдэлд өгөв. Дунайн ноёдуудын нутгийг (Молдав, Трансильваниа, Валахи) Туркээс эргүүлэн авч тэдэнд бие даасан автономит эрх олгожээ. Европ дахь Оросын хил Туркийн эзэмшил рүү гүнзгий оров. Харин Анапа цайзыг Туркд буцаан өгөв.

 

9. Орос-Туркийн дайн (1828-1829)

 

Энэ дайны шалтгаан нь 1821 онд болсон Грекийн үндэсний эрх чөлөөний хувьсгал байсан. Грекчүүдийн тэмцлийг Франц, Англи улсууд мөн холбоотон Орос улс маш идэвхтэй дэмжсэн.  Гэсэн хэдий ч Оросын эзэн хаан Александр I энэхүү мөргөлдөөнд оролцохгүй байх бодлого баримтлаж байв. Түүнийг алагдсаны дараа хаан ширээнд суусан Николай I хаан ч энэ бодлогыг хэвээр баримтлав.

Орос улс Англи, Францын хамтаар 1827 онд Лондонгийн конвенцид гарын үсэг зурж Грек бүрэн бие даасан тусгаар улс болсоныг тунхаглав. Оросын флот Пелопоннесийн эрэг орчим холбоотны цэрэгтэй нэгдэв.  Эхэндээ холбоотнууд дайтах хүчтэй зорилготой байсангүй гэхдээ тэд Туркийг цэргийн хүчээр далайлган Грекийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байв. Туркууд энэ санааг ойлгосонгүй тулаан хийж Навариногийн тулалдаанд ялагдал хүлээжээ.

Османы эзэнт гүрэн Оросын хөлөг онгоцуудыг Босфор хоолойгоор дамжин өнгөрөхийг хориглосон байна. Турк улс Оросын өмнө гэрээгээр хүлээсэн бүх үүргүүдээ огт биелүүлэхгүй гэдгээ зарлав. Оросын Николай I хаан 1828 онд Туркэд дайн зарлан Оросын арми 1829 оны 9-р сард Балканы хойг болон Завказын нутагт амжилттай давшин байлдсаны дараа хоёр тал хоорондоо Адрианопольскийн Энхтайвны гэрээ байгуулав.

 

Хураангуй: Энэ гэрээнд доорх зүйл заалтууд тусгагдсан байна

• Грекийн Автономит эрхийн тухай 1827 оны Лондонгийн конвенцийг Турк улс хүлээн зөвшөөрөв.

• Хар тэнгисийн зүүн эргийн ихэнх хэсэг (Анапа, Суджук-Кале, Сухум зэрэг хотууд Дунай дельтууд) Оросод нэгдэв.

• Османы эзэнт гүрэн Гүрж болон Арменийн зарим хэсэгт Оросын эрх мэдлийг хүлээн зөвшөөрөв.

• Серби улс өөртөө засах Автономит эрхтэй болов.

• Хаант Оросын эзэнт гүрэн Молдав болон Валахийн ихэнх хэсгийг эзэмших эрхтэй болов, туркууд дайны төлбөрөө төлөх хүртэл.

• Хойд Кавказын стартегийн чухал ач холбогдолтой хэсэг Оросын эзэнт гүрний бүрэлдхүүнд оржээ.

 

10. Николай I ба Крымийн дайн (1853—1856)

 

Орос-Туркийн 1853-1856 оны дайн түүхэнд Крымын дайн гэж тэмдэглэгддэг. 

XIX-зууны дунд үед олон улсын харилцаанд Европ, Ойрхи Дорнодын харилцаа хүнд хэцүү үеийг туулж байлаа. Их Британи Оросыг хүчийг сулруулна гэж найдаж байсан ба Франц ч түүнтэй нэгэн адил бодлого баримтлаж байлаа. 

Оросын Эзэн хаан Николай I Османы дарлал талхинд байгаа Христийн шашинт ард түмнийг чөлөөлөх сулран туйлдаж буй Туркийн дэглэмийг нурааж нэр алдартай болохыг мөрөөдөж байв. Эдгээр Балканы хойгын улсуудыг Туркээс тусгаарлахыг Австри, Их Британи зэрэг улсууд эсэргүүцэж байсан юм. 

Их Британи, Францын сайд нарын Оросын эсрэг холбоо байгуулах нь магдлал муутай байсан тул Николай хаан Дунай мөрний сав газар нутагт цэргээ оруулав. Удалгүй Турк улс Орос улсад дайн зарлав.

Эхний хагас жилд дайн "уламжлалт" хувилбарын дагуу Оросын флот Синопскийн буланд Туркийг флотыг бут цохиж байлаа. Гэвч 1854 оны 3-р сард Туркийн холбоотон Англи, Францын цэргүүд дайнд оролцож дайны нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. Тэдний армитай харьцуулахад Оросын арми, флот техник технологийн хувьд дэндүү хоцрогдсон байгаагаа мэдэрлээ. 

Хар тэнгисийн цэрэг байлдааны театрын үйл ажиллагаа Кавказ, Балтийн болон Цагаан тэнгис тэр бүү хэл Номхон далайд ч давтагдаж байсан тул Орос дайснууд даа бүслэгдсэн байв.

 

Туркийн холбоотнуудын десантын хүч Крымд газардсанаар Оросын цэрэг олон тооны ялагдал хүлээн Хар тэнгис дэх Оросын тэнгисийн цэргийн гол бааз Севастопол 10-р сард бүслэгдэв. Бүслэгдсэн хотын хамгаалалт бараг жил орчим үргэлжилсэн боловч 1855 оны 9-р сард Севастополыг тавьж өгөв. 

Оросын хувьд Кавказад илүү амжилттай байлдаж Туркийн Карс хотыг эзлэн авсан болов ч эцсийн дүндээ дипломат дарамт шахалтын нөлөөгөөр Орос улс бууж өгчээ. 1856 онд гарын үсэг зурсан Парисын энхийн гэрээнд Бессарабиа болон Дунай мөрний эхийг өгөхийг шаардаж Хар тэнгис, Босфор, Дарданеллийн төвийг сахисан, цэрэггүй болгохыг зарлав.

Хураангуй: Туркийн холбоотнуудаас тавьсан шаардлагын дагуу Парисын энхийн гэрээ байгуулагдан дайн дууссан. Оросууд өнгөрсөн зууны турш олж авсан маш их зүйлээ алдаж Хар тэнгисийг нейтральные зон буюу төвийг сахисан дундын бүс гэж зарлав. Орос улс Хар тэнгисийн флоттой байх эрхээ алджээ. 

Османы эзэнт гүрэн мөн энэ эрхээ алдав. Орос улс энэ дайнд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан нь санхүүгийн хямралд хүргэж рублийн ханш хоёр дахин суларсан байна. Гэсэн хэдий ч дайнд бүтэлгүйтсэн нь тодорхой хэмжээгээр улс төрийн шинэчлэл хийхэд түлхэц болсон гэж үздэг.

 

11.Орос-Туркийн дайн (1877-1878)

 

Энэ дайн 1877-1878 онд үргэжилсэн бөгөөд Оросын цэрэг Балканы хойг дахь үнэн алдартаны шашинтай славян ахан дүүсээ Османы дарангуйллаас чөлөөлсөн алдар суугаа мандуулсан дайн байлаа. Энэ  дайны эхлэл нь Босни ба Герцеговинад Туркийн эсрэг үймээн самуун бослого хөдөлгөөн өрнөсөн явдал байлаа. 

Энэхүү бослого хөдөлгөөний шалтгаан тухайн үед санхүүгийн чадваргүй болсон Туркийн засаг төрөөс ногдуулж байсан татвараа үндэслэлгүйгээр хэт их хэмжээгээр нэмэгдүүлсэн явдал байсан бөгөөд мөн адил шалтгаанаар 1876 оны хавар Болгарт бослого гарчээ. 

Туркийн цэргүүд бослого хөдөлгөөнийг харгис хэрцгийгээр дарж 30 гаруй мянган Болгарчуудыг алж хядсан байна. Балканы Славян ард түмний эсрэг хүчирхийлэл дэндэж байгаад санаа зовж буй Оросын ард түмэн сэтгэл дундуур байгаагаа хаандаа илэрхийлэв. Энэ бүх шалгаанаар 1877 оны 4-р сард Орос Туркэд дайн зарлав.

Оросын цэргүүд хэд хэдэн тулалдаанд Туркийн армийг бут цохиж Туркийн хамгийн сайн арми Осман Пашагийн цэргийг Плевнад буулган авчээ. 

Оросын армийн Балканы хойгийн дундуур нэвт гарсан дайралт Туркийн сүүлчийн ангиудыг тараан бутаргаж Константинополь хүрэх замыг нээж Османы эзэнт гүрэнд бодит аюул тулгарав. Хоёр тал 1878 оны зун Берлиний гэрээнд гарын үсэг зурж дайны галаа зогсоов. 

Орос Бессарабийн өмнөд хэсгийг буцаан авч Болгар улс тусгаар тогтнолоо сэргээв. Серби, Румын, Монтенегро улсын нутаг дэвсгэр өргөжив. Холбоотон Австри-Унгарын эзэнт гүрэн Туркийн Босни, Герцеговиныг эзлэн авчээ. 

Хураангуй: Өмнөх дайны үед байгуулсан Парисын Энхийн гэрээгээр алдсан Бессарабийн өмнөд хэсэг буцаж Оросд ирэв. Гүржийн Батум ба Туркийн Карска бүс нутгийг өөртөө нэгтгэв, Олон гүрж, армянчууд амьдардаг Туркийн Европын хэсгийг өөртөө авав.

 

12. Дэлхийн I дайн ба Кавказын фронт

 

Орос Османы эзэнт гүрний хоорондох сүүлчийн зэвсэгт мөргөлдөөн 1914 онд эхэлсэн Дэлхийн 1-р дайны үед болсон юм. Турк улс Герман, Австри-Унгар, Итали улстай холбоотон болсон ба дөрвийн холбоо үүсгэсэн харин Орос улс Антантийн гэрээнд орж Франц, Их Британитай холбоотон болсон ба хоёр эсрэг бүлэгт тус тус хамрагдан дайнд оролцсон юм.

Турк улс Дэлхийн 1-р дайн эхлэхээс ердөө 3 сарын өмнө Германтай түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд үнэн хэрэгтээ Туркийн цэргийн хүчнийг Германы цэргийн эрхтэнүүд хянадаг заавар зөвөлгөө өгдөг байжээ.Туркууд 1914 оны сүүлээр Оросын нутаг дэвсгэрүү халдан довтолжээ. 

Оросын Кавказын арми Сарыкамыш районд (одоогийн Турк) генерал Энвер Пашагийн Туркийн 3-р армийг бүслэн авч бут цохисон бөгөөд Оросууд Кавказад давшиж эхэлсэн байна. Энэ тулаанд Туркүүд 90 мянган хүн хүч, 60 гаруй их буугаа алджээ. 

Харин Оросын Кавказын  армиас 20 гаруй мянган хүн амь үрэгдэж, шархадсан гэдэг. Оросын армийн хүчтэй довтолгоонд цохигдон Эрзурумын дэрэгдэх тулалдаанд туркууд ялагдав. Орос цэргүүд Туркийн хойд хэсгийн Эрзурум, Требизонд хотуудыг эзлэн авчээ. Туркууд алдагдсан газар нутгаа эргүүлэн авах зорилготой хэд хэдэн удаа дайрсан боловч Эрзинканадын дэргэд ялагдсан байна. 

Оросын цэргүүд 1916 оны дунд үед Туркийн төв рүү давших замдаа сүүлчийн хамгаалалт бэхлэлт болох Битлисийг эзлэн авчээ. Орос Османы цэргийн дайн байлдааны ажиллагаа Персийн газар нутагт ч явагдаж байсан ба 1914-1916 оны Персийн аян дайнд Оросын арми ялалт байгуулан Персийн газар нутгаас Туркийн цэргийг хөөн гаргажээ.

Орос улсад хувьсгал гарч большевикуудын засгийн эрхийг авсанаар фронт дээрх байлдааны үйл ажиллагааг 1918 онд зогсоосон байна. Турк болон холбоотон Германы цэрэг Кавказын өмнөд хэсгийг буцаан эзэлжээ. Үүний зэрэгцээ Турк Бүгд Найрамдах Армен Улстай энхийн гэрээ байгуулав. Дэлхийн 1-р дайны төгсгөлд Хойд Кавказыг Антантийн цэргүүд эзлэж большевикууд Брест гэрээг цуцалсан байна.

Иргэний дайн дуусч 1921 онд гадаадын цэргийн хүчин гарсаны дараа Орос Туркийн хооронд Карсын гэрээ байгуулагдсан бөгөөд үүний дагуу Карс, Ардаган, Сурмалу муж Арарат уулын хотууд Туркийн харъяалалд шилжжээ.

Хураангуй: Дайн хоёр их гүрэнд ямар нэг үр дүн авчираагүй. Гэхдээ Оросын цэргүүд Туркийн нутагт нэлээд гүнзгий нэвтрэн орж чадсан эндээс үзвэл Хаант Оросын эзэнт гүрнийг ялагч гэж үзэж болно. Сүүлд Зөвлөлт Орос Улс, Туркийн хооронд байгуулсан Брестийн энх тайвны гэрээний дагуу эдгээр нутаг дэвсгэр нь шинэ ЗХУ-д харъялагдахгүй болсон байна.

 

 

Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)