Т.Түвшинбилэг: Америк бол цагаачдын эх орон. Үүнийг л тэдэнд ойлгуулах гэж номоо бичсэн

Америкт 19 насандаа анх очиж байсан Т.Түвшинбилэг гэх бүсгүйн бичсэн “Al­most American: A Mongolian girl's american story” буюу “Монгол охины америк түүх” ном нь “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ. Тэгвэл цахим худалдааны платформ “Амазон”-д ном нь бестселлер болсон анхны монгол зохиолч Т.Түвшинбилэгтэй ярилцлаа.


-Таны бичсэн ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж, монгол зохиолчтой анхны бестселлер ном болсонд баяр хүргэе. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-"Өдрийн сонин"-ы эрхэм уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуульд арван жилээ төгсөж, жилийн дараа буюу 2009 онд Америкт ирсэн. Би багаасаа Америк улсыг их сонирхож, киног нь үзэж, дууг нь сонсож өссөн. Нэг өдөр л АНУ-д очиж үзнэ дээ гэж мөрөөддөг байлаа. Ингээд л мөрөөдөл минь биелж, Америкт ирсэн дээ. Эхний жилдээ Вашингтон ДиСи хотод англи хэлний курст суралцсан. Тэр үед виз даруулах амаргүй байсан. Хэлний бэлтгэлд нэг жилийн виз л дарж өгдөг юм билээ, уг нь. Тэгсэн надад таван жилийн виз дараад өгчихдөг байгаа. Америк орон надад үнэхээр л ээлтэй. Ээж минь ч үүнд олзуурхсан. Ингээд бакалавраа маркетинг ба санхүүгээр харин магистраа Жоржтауны Их сургуульд үл хөдлөх хөрөнгийн санхүү мэргэжлээр хамгаалсан. Эрх чөлөөний орон Америкт ажиллаж амьдарч, хайртай хүнтэйгээ учирлаа.

-АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ?

-Би “Coldwell Banker Richard Ellis” гэх үл хөдлөх хөрөнгийн компанид санхүүгийн аналистаар ажилладаг. Үл хөдлөх хөрөнгө гэхээр Монгол хүмүүс зөвхөн брокер буюу зуучлагч гэж ойлгодог. Америкт үл хөдлөх хөрөнгийг маш сайн санхүүгийн эргэлт болгон хөгжүүлж чадсан. Нэг үгээр хувьцааны зах зээл шиг санхүүгийн том зах зээлийн тогтолцоо гаргасан улс. Томоохон улс гүрнүүдэд энэ нь нэг төрлийн хөрөнгө оруулалтын зах зээл юм л даа. Харин миний үндсэн хийдэг ажил бол байр, орон сууцийг хөрөнгө оруулагчдад үнэлж, шинжилж тэдэнд санхүүгийн үнэлгээ хийж өгдөг.

-Таны сүйт залууг америк хүн гэж сонссон юм байна. Харийн нутагт, өөр соёл иргэншилд очиход бэрхшээл бишгүй тохиолдсон байх даа. Энэ цаг үед хамтдаа даван туулж, түшиг тулгуур нь болж байсан байх?

-Тийм ээ. Миний сүйт залууг Стив гэдэг. Түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Анх АНУ-д ирээд гэрийнхнээсээ хол эрх дураараа гоё байх юм шиг санагдаж байлаа. Аргагүй биз. Эрх чөлөөний орон Америк шүү дээ. Хэн бүхний мөрөөдлийн газар. Гэвч цаг хугацаа эргэхийн хэрээр бодит байдалтай нүүр тулсан. Эх орондоо, төрөлх нутагтаа, гэр орондоо ямар сайхан байсан, эрх өссөнөө ухаарсан. АНУ бол өртөг өндөртэй орон. Тэнд сурдаг гадны оюутнууд бүгд л сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Би ч мөн хичээлийнхээ хажуугаар төрөл бүрийн ажил хийж байлаа. Хийж болох бүх л ажлыг хийсэн дээ(инээв) Ажил хийхийн хэрээр их олон зүйлд суралцдаг юм билээ. Энэ бол мөнгөнөөс хэд дахин үнэ цэнэтэй зүйл. Тийм ч учраас сурахын хажуугаар ажилласандаа хэзээ ч харамсдаггүй. Зөөгч хийснээр харилцааны соёлд суралцахын сацуу олон төрлийн дарсны нэр, америк хоолны ширээний соёл гэх мэт олон зүйл сурч, мэдсэн.

-“Монгол охины америк түүх” номоо цагаачдад зориулж бичсэн гэсэн. Ер нь америкчууд цагаачдыг хэрхэн хардаг вэ?

-Цагаач хүний нүдээр харсан амьдралаа л энэ номондоо шингээсэн дээ. Тэгэхдээ аль болох эерэг тал руу нь бичиж Америкт амьдардаг цагаачдыг өмөөрсөн гэх үү дээ. Сүүлийн жилүүдэд Америкт сонгуулийн үеэр цагаачдыг их ярих болсон л доо. Ярих ярихдаа үргэлж л болохгүй бүтэхгүй талаас нь хардаг. Гэтэл бодит байдал өөр. Нийт цагаачдын дөрөвний нэг хувийг бидний хэлдгээр “харласан” цагаачид эзэлдэг. Бодит баримт гэвэл ийм байна. Ийм бодит тоог америк хүмүүст эерэгээр ойлгуулж, Америк бол цагаачдын орон юм аа гэдгийг сануулахыг зорьсон. Ер нь бол цагаачид Америк орны эдийн засагт асар нөлөөтэй, хэрэгтэй хүмүүс. Үүнийг л тэдэнд харуулж, цаашлаад бусад цагаачиддаа урам өгөх зорилготой бүтээл.

-Таны бичсэн номыг ямар орны иргэд ихэвчлэн худалдан авч байна. Монголчууд нэлээн сонирхож байна шүү дээ?

-Нийт худалдан авалтын бараг 80 хувийг америкчууд эзэлж байна. Монголчууд маань 10 хувь, Япон таван хувь үлдсэн хувийг нь өөр орнууд эзлэх байх. Монголчууд маань ингэж их дэмжихэд нь маш их баярласан шүү. Ихэнх монгол уншигчид маань хэвлэмэл хэлбэрээр унших дуртай байдаг. Монголчууд маань электрон ном уншдаггүйг бодолцож, номоо албан ёсны эрхтэйгээр англи хэл дээр хэвлүүлж байгаа.

-Номоо яагаад ингэж нэрлэх болов?

-Америкт залуугаараа ирээд олон жил амьдраад ирэхээр хүмүүс америкждаг л даа. Гэр бүлтэй, ажил төрөлтэй найз нөхөдтэй болдог. Гэхдээ бүх юм ингээд амар сайхандаа жаргачихдаггүй. Соёлын ялгаа гэдэг зүйл байна шүү дээ. Үүнээс болоод маш их сэтгэл зүйн зөрчилдөөн цагаачдын тархин дотор явагдаж эхэлдэг. Энэ нь зөвхөн Монгол гэлтгүй бүх л орны хүмүүст тохиолддог явдал л даа. Би багаасаа ичимхий, дуугүй хүүхэд байсан. Гэтэл Америк өөр. Эндхийн хүмүүстэй зэрэгцэж алхахын тулд илүү нээлттэй, нүүрэмгий байх ёстой юм билээ. Хамгийн түрүүнд ойлгосон зүйл маань энэ. Дараа нь гэртээ ирээд яг америкчуудтай байдаг шигээ хамаагүй байж болохгүйгээ бас санадаг. Тэгэхээр хоёр соёлын ялгааг сурах гэж уддаг. Төрөлхийн нээлттэй яриа хүн бол Америкт нэг их зүдрээд байхгүй. Гэхдээ монголчууд бидний ихэнх нь ичимхий дуу муутай хүмүүс. Над шиг хоёр орны соёлын дунд гацсан олон хүмүүс байгаа байх. Ер нь олон зүйлийг л бодож нэрээ өгсөн дөө.

-Монголд хэзээнээс зарагдаж эхлэх вэ?

-Интернэтээр олон хүмүүс Монголд зарагдаж байгаа юу гэж асууж байсан. Дөрөвдүгээр сарын 27 буюу өнөөдрөөс эхлэн Монголд зарагдаж эхэлнэ. Харин амазон дээр электрон хэлбэр нь 4.99 доллар, хэвлэмэл хэлбэр нь 12.99 доллараар зарагдаж байгаа. Одоохондоо номоо монгол хэл дээр гаргах бодолгүй байна. Учир нь энэ ном маань маш энгийн, ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн тул монголчууд маань англи хэл дээр нь уншвал зүгээр байх.

-Номоо ямар хүмүүст илүү хүрээсэй гэж бодож байна?

-Америк явахыг хүсдэг, эсвэл явах гэж байгаа зөвхөн Америк гэлтгүй өөр орон руу түр хугацаагаар ч гэсэн нүүх гэж байгаа хүмүүс уншвал сонирхолтой байх. Үүнээс гадна хүүхдүүд нь гадаадад сурдаг, найз нөхөд нь гадаад байдаг хүмүүс уншвал гадаадад ажиллаж амьдардаг хүмүүст ямар саад бэрхшээл тулгардаг вэ гэдгийг ойлгож мэдрэх байх. Ер нь англиар уншдаг англи хэл сурахыг хүсдэг хэдэн ч насны хүн унших боломжтой. Үүнээс гадна Америкийн сонгуулийн нөхцөл байдал, цагаачдын асуудал гээд олон зүйлээс шалтгаалсан энэ сэдэв хүмүүст ихээхэн хамааралтай байна байх.

-Яг хэзээнээс номоо бичиж эхэлсэн бэ?

-2019 оны нэгдүгээр сараас номоо бичиж эхэлсэн. Гэхдээ дунд нь гурван сар түр завсарласан.

-Урьд нь өөр ном, зохиол бичиж байв уу. Өөр сонирхлуудынхаа талаар ярихгүй юу?

-Би ерөнхийдөө уран зохиолын хүн биш л дээ. (инээв) Аль болох зохиомол бус бодит болсон явдлууд унших дуртай. Сардаа нэг ном уншихыг хичээдэг. Мөн өглөө бүр гүйх, эсвэл алхдаг. Дараагаар нь таваас арван минут дасгал хийдэг. Ерөнхийдөө аль болох махан биеэ болон дотоод ертөнцөө хөгжүүлсэн сорьсон зүйлүүд хийх дуртай. Ганцаараа байх дуртайгаас гадна сүйт залуутайгаа шинэ ресторанд хоол идэж гадуур цагаа өнгөрүүлэхийг эрмэлздэг. Ажлынхаа хажуугаар өөр шинэ зүйл эхлүүлэхээр зорьж байгаа. Сурахынхаа зэрэгцээ ажиллах гэх мэт олон зүйлийг амжуулаад сурчихсан болохоор цаг хугацааг дэмий өнгөрөөмөөргүй санагддаг. Цаашид онлайн бизнестэй болох бодолтой байгаа.

С.ЛХАМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • irgen (31.165.215.200)

    2020-05-02

    bytehgui tal ni ih oron shyydee, bitgii hymyysiin tolgoi ergyyleed bai…amid yavahad tiimch batalgaatai gazar bish shyy

  • irgen (31.165.215.200)

    2020-05-02

    amerik eroosoo erh choloonii geed baigaa ni ug uchir utga ni evropiin gemt heregtegyyd huulind zahiragdah durgui , yalaas zugtaj nuugdah gesen hymyysiin nyydlees byrdsen...ajilgui yaduuchuudiin duraaraa zasaggui gazar ochij baih bolsonoos yyssen gedgiig medeh bolovuu ene ohin nomiig unshaagui bolohoor bichlee. Odooch amerikchuud mash muu medlegtei …amerikt mongoliig medehgui hymyys barag ihenh ni tegehed mongolchuud bygd medne…soel hymyyjil bol tendees surahgui shyydee

  • Зочин (202.9.46.215)

    2020-05-02

    Эх орондоо юу ч хийж бүтээдэггүй харийн нутагт шигдэж амьдардаг ийм хогийн хүмүүс өвчин тахал гарахаар намайг ирж аваачээ гэж бархидаг. эсвэл хөгширсөн хойноо ясаа тавих гэж ирдэг ийм хүмүүсээр монгол яах юм.

  • ud (202.126.89.92)

    2020-05-02

    Mundag bna.Bayar hurgie, unam ih amjilt saihan buhniig eruue .