Корона хямрал энэ бол ертөнцийн төгсгөл биш харин нэг бүхэл эриний төгсгөл
- 2020-05-02
- Нийтлэл
- 0
Коронавирусын цар тахал дэлхийн нийтийн болон хүмүүний амьдралыг өөрчилж эхлээд байна. Тэгвэл алс хэтдээ биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Энэ тухай дэлхий даяар маш их бичигдэж байгаа билээ. Тэглээ ч гэсэн дахин давтан бичих эрэгцүүлэн бодох хэрэгтэй гэж Францын зохиолч, философич, улс төрийн философи ба үзэл санааны талаарх мэргэжилтэн, "шинэ сургууль" ба "хямрал" сэтгүүлийн ерөнхий редакатор Ален де Бенуа үзэж байна.
Түүх ямагт нээлттэй. Энэ нь түүнийг урьдчилан таашгүй болгодог гэдгийг бид мэднэ. Тэглээ ч заримдаа дунд хугацааны юм уу, бүр алс холын төлөв байдлыг урьдчилан харах нь хамгийн ойрын төлөвийг хэлэхээс ч хялбар байдаг. Үүнийг коронавирусын цар тахал яруу тод харуулж байна. Одоо ойрын хугацааны төлөвийг харах үед мэдээж хэрэг, хамгийн муу байдал үзэгдэнэ. Эрүүлийг хамгаалахын хэт ачаалалттай систем, зуун мянга, бүр саяар нас барагсад, үйлдвэрлэл хангалтын хэлхээний тасалдал, замбараагүй байдал, ХАОС ба эдгээрийг дагалдан гарах тэр бүхэн. Жинхэнэ байдал дээр давалгаа бүхнийг нөмөрч, энэ бүхэн хэзээ дуусах, биднийг хааш аваачихыг хэн ч мэдэхгүй байна. Гэхдээ арай цааш ахиулан харахыг оролдох юм бол зарим зүйл тодорхой болж эхэлж байна. Энэ тухай зөндөө яригдсан, гэвч давтан ярих хэрэгтэй. Эрүүлийг хамгаалахын хямрал нь даяарчлал ба дэвшлийн тухай ноёрхогч үзэл суртлын оршуулгын дууг дуусгаж байна. (магадгүй түр зуур)
Мэдээж хэдэн арван сая хүний аминд хүрэхийн тулд эртний болон дундад зууны тахлуудад даяарчлал шаардлагагүй байв. Харин орчин үе дэх тээвэр, солилцоо, харилцаа холбоог багтаасан огт өөр харилцаа нь байдлыг зөвхөн даамжруулж чадна гэдэг нь тов тодорхой болов.
"Нээлттэй нийгэмд" вирус маш эсэргүү маягтай үйлчлэх аж. Тэр яг л бусдын адил үйлдэж, тархаж, хөдөлгөөнд орж байна. Түүнийг зогсоохын тулд бид харин үл хөдөлнө. Өөрөөр хэлбэл бид "эдийн засагт бүү оролц" гэсэн либерал урианд томъёологддог хүмүүс, таваар, хөрөнгө чөлөөтэй хөдөлгөөнд байх ёстой гэсэн зарчмыг зөрчиж байна. Энэ бол дэлхийн төгсгөл биш, нэг эриний төгсгөл мөн.
Эргээд санацгаая. Зөвлөлтийн систем задарсны дараа манай гаригийн бүх Ален Мэнк (Францын олон улсын тоймч, нэг хэсэг "Ле Монд" сонины ерөнхий редактор байсан) "Аз жаргалтай даяарчлалын" тухай зарлаж байв. Либерал ардчилал ба зах зээлийн систем бүрэн ялсан гэдэгт итгэж байсан Фрэнсис Фукуяма бүүр түүхийн төгсгөл ирэхийг урьдчилан хэлж байлаа. Тэрбээр, газар дэлхий худалдааны асар том төв болон хувирч, чөлөөт солилцоонд учрах бүх саад тотгор арилж, хил устгагдаж, төр улс "нутаг дэвсгэрээр" солигдож, Кантын "мөнхийн энх тайван" тогтох ёстой гэж үзэж байлаа. "Хоцрогдсон" хамт олонч ижилсэл аажмаар алга болж, тусгаар тогтнол чухал байдлаа бүрэн мөсөн алдана. Үйлдвэрлэх, худалдах, худапдан авах, шилжин хөдлөх, түгээх, урагшуулах ба “инклюзив” маягаар холилдуулах шаардлага дээр даяарчлал үндэслэгдэж байлаа. Энэ бол эдийн засаг улс төрийг бүр мөсөн солино гэсэн дэвшлийн тухай үзэл суртал ба үзэл санаагаар тодорхойлогдож байв. Системийн мөн чанар нь аливаа хязгаарлалтыг төгсгөл болгоход мөнгөнд тэжээл, хөрөнгө болж хувирах боломж олгохын тулд илүү чөлөөт солилцоо, илүү чөлөөт солилцоо, илүү бараа таваар, илүү ашиг орлого олоход оршиж байгаа юм. Ямар ч гэсэн үндэсний зарим нэг эх үүсвэрээ хадгалж байсан өнгөрсөн аж үйлдвэрийн капитализмын оронд бодит эдийн засгаас таслагдсан, нутаг дэвсгэрээс бүрэн ангид, цаг хугацааны гадна үйлчлэгч шинэ капитализм түрэн гарч иржээ. Одоо санхүүгийн зах зээлийн хоригдол нь болоод буй төрөөс тэдний ашиг сонирхолд үйлчлэх үүрэгтэй "үр ашигтай удирдлагыг" өөрийн зэвсэглэлд авахыг шаардав. Хувьчлалын тархалт, бас хязгаарлал ба олон улсын гэрээ хэлэлцээр нь үйлдвэржилтийг үгүй болгож, ашиг орлого буурах, ажилгүйдэл өсөхөд хүргэж байна. Барууны орнуудын ажилтнууд ба бусад орныхны хооронд үнэ хямдарсан худалдаа явагдах нөхцөлд өрсөлдөөн үүсэхэд хүргэсэн Рикардын олон улсын хөдөлмөрийн хуваарийн хуучин зарчим зөрчигдөв.
Барууны дундаж давхарга хумигдаж эхлэх үеэр, доод анги өргөжин байдал эмзэг тогтворгүй болж байна. Төрийн үйлчилгээ ортодокс либерал төсвийн аугаа зарчмуудыг цаазын тавцанд аваачиж байна. Чөлөөт солилцоо урьд өмнө нь хэзээ ч байгаагүй илүүтэйгээр ягшмал номлол болж, харин протекционизм түүнд саад тотгор боллоо. Хэрэв эдгээр нь ажиллахгүй байлаа гэхэд хэн ч, хэзээ ч үл ухрах агаад үүний оронд "хаазаа" нэмж байна. Өчигдөрхөн бид "хил хаалтгүй нийгэмд хамт амьдарцгаая" гэсэн уриан дор амьдарч байлаа. Харин өнөөдрийн уриа "гэртээ байцгаа, бусадтай бүү харилц" болов.
Хэт том хотын мэргэжилтэн залуу хүн урьд нь сэжиглэн тойрдог байсан зах хязгаар газраас аюулгүй байдал хайх болов. Нонконформист сэтгэлгээнээс зай барихын тулд хэрэгтэй байдаг нэг "хөл хорионы бүсийн" тухай ярьж байсан үе хэдийнээ өнгөрчээ. Энэ давалгаа хэлбэртэй хэлбэлзэл хөврөх ертөнцөд хүн анхнаасаа л хүлэгдсэн тэр байрлалдаа газрын амьдралдаа эргэн ирэх явцтай гэнэт тулгарлаа.
Европын Холбоо яг айж цочирдсон молтогчин туулай мэт харагдана. Учраа олохоо больж, дүлийрч, саажсан байдалтай байна. Нөхцөл байдлын онцгойг үл ойлгох тэд, урьд нь илүү чухалд тооцогдож байсан зүйлээ буюу "Маасрихтиний" зарчмаа өөрөөр хэлбэл төрийн төсвийн хомсдолыг ДНБ-ний гурван хувиар, төрийн өрийг 60 хувиар багасгасан "тогтвортой байдлын гэрээгээ" бачимдан зогсоов. Үүний дараа Европын Төв банк нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч буй нэрээр 750 тэрбум евро гаргасан нь хэрэг дээрээ еврогоо аврахын тулд юм. Гэвч үнэн нь гэвэл өнөөгийн онцгой нөхцөл байдалд орон бүр өөрийн төлөө ажиллаж, өөрийн төлөө шийдэж байна. Даяарчлагдсан дэлхийд тогтоох хэм хэмжээ нь үйл явдал цаашид хэрхэн өрнөх бүх боломжит хувилбаруудыг урьдчилан тооцсон байхаар төлөвлөгдөх ёстой. Гэхдээ нийгэм судлаач Карл Шмиттийн хэлсэн шиг онцгой нөхцөлд хэм хэмжээ хэрэглэгдэх боломжгүй зүйл гэдгийг мартаж байна. Хэрэв бурханы номлогчдыг сонсох аваас төр бол асуудал мөн. Харин одоо хоосролоос хамгаалж өгөөч гэж гуйн банкууд, тэтгэврийн сангууд урьд өмнө нь буруутган шуүж байсан тэр л төр засаг луугаа хандаж байсан 2008 оны үе шиг одоо төр шийдвэрлэгч хүчин болоод байна.
Нийгмийн хөтөлбөрүүд бол ухаангүй мөнгө гэж ярьж байсан Эммануэль Макрон одоо эрүүлийг хамгаалахын хямралыг давж гарахын тулд би хэдийг ч зарахад бэлэн байна, хязгаарлалтыг чөтгөр аваг хэмээн мэдэгдэж байна.
Тахал хэчнээн өргөн тархана, төрийн зардал төчнөөн нэмэгдэнэ. Ажилгүйдлийн хохирлыг нөхөх, компаниудын цоорхойг бөглөхийн тулд хэдийгээр өрөнд дарагдсан ч гэсэн төр одоо зуу зуун тэрбум доллар шавхан гаргахаар зэхэж байна. Хөдөлмөрийн хууль зөөлөрч, тэтгэврийн шинэчлэл удааширч, ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай шинэ төлөвлөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тэрч байтугай нийгэмчлэлд тавих цээр алга болов. Харж байхад, урьд өмнө нь хайгаад ч олох боломжгүй байсан мөнгө одоо гэнэт боломжгой болж байна.
Мөн аль хэдийнээ дэлхийн фабрик болсон Хятад (2018 онд Хятадад дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн 28 хувь оногдож байв) бидний өөрсдөө хийхгүйгээр шийдсэн эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүнээс эхлээд боломжтой бүхий л хэрэгцээт зүйлийг үйлдвэрлэдэг байсныг дөнгөж сая л мэдсэн мэт царай гаргаж байна. Энэ нь биднийг өөр талаас ирэх түүхэн мунхруулгын обьект болгон хувиргаж буйг харуулав. “Манай хүнс, манай хамгаалал, манай өөрсдийгөө хамгаалах чадвар манай аж төрөх ёсыг бусдад даатгах нь ухаангүй явдал “ гэж төрийн тэргүүн мэдэгдэв. Ямар сюрприз вэ? Ийм маягаар манай эдийн засгийн бүх талыг өөрчлөн чиглүүлж, нийлүүлэлтийн хэлхээг солонгоруулж болно гэж үү?
Антрополог цочирдлыг үгүйсгэж болохгүй. Ноёлогч парадигмаар боловсрогдсон хүн гэдэг ойлголт нь түнийг яг хувь хүн гэдгээр нь ойлгоход оршино. Өөрөөр хэлбэл, ойрын хүрээнийхнээс нь, хамтрагчдаас нь, танил талаас нь тусгайд, өөрийгөө бүрэн эзэмдэн захирсан (миний бие зөвхөн надад харьяалагдана) тийм хувь хүний тухай ойлголт юм. Хүний тухай ийм ойлголт хуульчлагдсан гэрээ, арилжааны харилцаагаар бүрэн удирдагдах нийгмийн дунд өөрийн ашиг сонирхолыг нэмэгдүүлэх байнгын эрмэлзлэлээр дамжуулан, нийтлэг тэнцвэрт байдалд хувь нэмрээ оруулахад чиглэгдэнэ. Чухамхуу ийм хомо экономикс үйл уналтын явцыг бид амсаж байна. Бүх нийтийн хариуцлага, нэгдэл нягтрал, бүр “үндэсний эв нэгдэл”-д Макрон уриалж байх энэ үеэр эрүүлийг хамгаалахын хямрал энэ үйл явдалд бид хамтран оролцогч гэх мэдрэмжийг сэргээж байна. Цаг хугацаа ба орон зайн эрхээр харилцаа шилжилтэд өртөж байна. “Бүгд найрамдах улс”-ын үнэт зүйлсээр үл хязгаарлагдах аж төрөх ёс, оршин буй шалтгаанд хандах харилцаа гэх мэт үнэт зүйлс энд яригдаж байгаа юм. Хүмүүс гомдоллохын оронд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын баатарлаг үйлсээр бахархаж байна. Бидэнд нийтлэг зүйл юу байгааг шинээр нээх нь чухал: эмгэнэл, дайн, үхэл, товчоор хэлэхэд бид мартахыг хүсэж байгаа тэр бүхнийг шинээр нээх. Энэ бол бодит байдал руу эргэх суурь эргэлт мөн.
Одоо бидний өмнө юу байна вэ? Юуны өмнө, хамгийн хүнд социаль үр дагавар авчрах эдийн засгийн хямрал. Европыг ч, АНУ-г ч хөндөх гүнзгий рецессийг бүгд хүлээж байна. Мянга мянган үйлдвэр дампуурч, ажлын олон сая байр аюулд орж, ДНБ хорин хувь хүртэл буурах хүлээлт байна. Төр ахиад өрөнд унаж, социал хамгаалал улам хэврэг болно. Эдийн засаг, нийгмийн энэ хямрал 2008 оныхоос ч илүү ноцтой санхүүгийн шинэ хямралд хүргэж мэдэх юм. Хямралын гол хүчин зүйл нь коронавирус болохгүй ч хямрал жилээр хүлээгдсэн. Гэвч тэр эргэлзээгүйгээр хурдасгагч болно. Хөрөнгийн зах зээл нурж эхэлсэн, нефтийн үнэ унасан. Хөрөнгийн захын сүйрэл зөвхөн хувьцаа эзэмшигчдийг хөндөөд зогсохгүй, активаас үнэ нь хараат байдаг банкыг ч хамарна. Санхүүгийн активын хэтийдсэн өсөлт нь хадгаламж ба зээлийн талаарх банкны уламжлалт үйл ажилгааг хохироон байж тэдний хэрэгжүүлж ирсэн зах зээл дээрх ашиг хонжоо хөөсөн ажиллагааны үр дүн болов.
Хэрэв ипотекийн хямралын үед хөрөнгийн захын хямралыг өрийн зах зээлийн хямрал дагалдсан бол харин банкны системийн төвд төлбөрийн дампуурал тархах нь ерөнхий сүйрлийг заах болно. Ийм байдлаар, эрүүлийг хамгаалах, эдийн засаг, нийгэм, санхүүгийн хямралуудад нэгэн зэрэг хариу өгөх шаардлага тулгарч буй нь эрсдэл дагуулж байна. Мөн экологийн болон цагаачлалын хямралыг мартаж болохгүй.
Улс төрийн үр дагавраас зайлах аргагүй байдал бүх орнуудад ирнэ. “Луу” сүйдсэний дараа БНХАУ-ын даргын ирээдүй ямар байх вэ? Арабын мусульман орнуудад юу болох вэ? Олон арван сая хүн эрүүл мэндийн даатгалд үл хамрагддаг орон АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх тухайд яах бол? Франц тахлыг эхлээд итгэлгүй, бүр хайхрамжгүйгээр угтсан. Үйл ажиллагааны стратеги гаргах талаар засгийн газар эргэлзэж, системтэй тест хийх, хамтын дархлаа тогтоох, эсвэл чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлах талаар туйлбаргүй хандлаа. Зөрчилдсөн мэдэгдэл хоёр сар гаруй үргэлжилсэн, энэ бол ноцтой өвчин биш, гэвч олон үхэл дагуулна, амны хаалт хамгаалалт болж чадахгүй, гэвч эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай, скрининг тест үр ашиггүй, гэвч бид түүнийг олон нийтийн хэмжээнд явуулахыг оролдож байна, гэртэй байцгаа, гэхдээ санал өгөхөөр явцгаа гэх мэт зөрчилдсөн мэдэгдэл цуварсаар байлаа. Нэгдүгээр сарын сүүл үед Францын эрүүлийг хамгаалахын сайд Аньез Бузин хэлэхдээ Хятадаас вирус гадагшлахгүй хэмээн бидэнд итгүүлж байв. Хоёрдугаар сарын 26-нд эрүүл мэндийн газрын ерөнхий захирал Жером Саломон Сенатын нийгмийн асуудал хариуцсан хороонд илтгэхдээ, амны хаалтын талаар ямар ч асуудал байхгүй гэж батлаж байлаа. Гуравдугаар сарын 11-нд боловсролын сайд Жан-Мишель Бланкер сургууль, коллежийг хаах шалтгааныг би олж харахгүй байна гэж байв. Мөн тэр өдөр Макрон “Бид юунаас ч татгалзахгүй, эрх чөлөөнөөс бол бүр ч үгүй гэдэг нь тодорхой” хэмээн сайрхаж байлаа. Найм хоногийн дараа өнгө аяс өөрчлөгдөв. Бүх нийтээр гэртээ хорогдох даяанчлал эхэллээ. Ийм хүмүүсийг хэн ноцтой хүлээж авах юм бэ?
“Бид дайны байдалд байна” хэмээн улсын маань тэргүүн хэлсэн. Дайн лидерүүдийг ч зэвсэг хэрэгслийг ч шаарддаг. Гэтэл манайд нэг нэгнээ үл хүлээн зөвшөөрөгч “шинжээчид” л байна. Манай зэвсэг бол капсулын гар буу. Үр дүн нь гэвэл тахал эхэлснээс гурван сарын дараа гэхэд бидэнд амны хаалт, скрининг тест, халдваргүйжүүлэх гель, эмнэлэгийн ор, респиратор хүрэлцэхгүй болсон явдал юм. Бид бүх зүйлийг алдсан. Учир нь юуг ч урьдчилан харж чадаагүй, халдвар гаарсны дараа хэн ч алдааг залруулах гэж яараагүй. Олонх эмч нарын саналаар бол буруутнууд хариуцлага хүлээх ёстой. Эмнэлгийн системийн тухайд шинж тэмдгийн төдий, учир нь энэ систем хямралын төвд байгаа. Либерал зарчмаар бол улсын эмнэлгүүд “зардлын төв" болж хувирах ёстой байлаа. Тэдний ажлыг зүгээр л эрэлт, нийлүүлэлтийн категороор авч үзэх юм бол тэднийг урамшуулахын тулд ашиг орлогын гэгээн зарчмыг баримтлаж, их мөнгө хийх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл зах зээлийн бус сектор нь “яг цаг хугацаанд нь" гэдэг цор гэнц хэмжүүр дээр тулгуурласан, оновчтой удирдлага нэвтрүүлэх замаар зах зээлийн зарчимд захирагдах ёстой гэснээс болж улсын эмнэлгүүдийг саажилт, сүйрлийн ирмэгт аваачсан юм.
Франц сүүлийн хорин жилд эмнэлгийн 100 мянган орыг алга болгожээ. 400 мянган оршин суугчдад эрчимт эмчилгээний 16 ор оногдоно. Энэ тухай эрүүл мэндийн ажилтнууд олон жил ярьсан боловч хэн ч сонсоогүй билээ. Тэгэхээр бид өнөөдөр энэ бүхнийхээ төлөөсийг амсаж байна. Болж буй үйл явдал хэзээ төгсөх вэ? хэвийн дэг журамгүй байдал руу бид эргэж орох гэж үү? Эсвэл энэ хямралын ачаар дэлхийн шуламчлагдсан арилжаалалтаас ямарч үнээр хамаагүй хэрэглээнд зүүгдэн үлдэх эрмэлзлээс хол, өөр үндсэн суурь руу очих боломжийг олох уу?
Үүнд найдахыг хүсэхсэн. Гэвч хүмүүс тэднийг залруулагдашгүй гэж харж байна. 2008 оны хямрал сургамж болж болох байсан ч түүнийг үгүйсгэж, хуучин хуучин зуршил давамгайллаа. Төрийн үйлчилгээ ба ажлын байрт хохирол авчрах санхүүгийн ашиг, хөрөнгийн хуримтлалыг илүүд үзэж байна. Ажил хэрэг амжилттай явж байгаа санагдах үед бид өр ширийн тамын логик руу хошуурч, "бух" дахиад л хөрөнгийн эргэлт хуримтуулж мансуурлагч санхүүгийн хэрэгслэл эргэлдэж хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгө оруулалтаасаа тултал ашиг авахыг шахан тулгана. Тэнцвэрийг сэргээх нэрээр ард түмнийг хоосруулагч эдийн засгийн харгис хатуу бодлого явагдана. "Нээлттэй нийгэм" өөрийн жам ёсны эрмэлзэл, дахиад дахиад гэх зарчмаа мөрдөнө.
Өнөө үед гэртээ түр түгжигдэх хугацааг ашиглан уншицгааж, нийгэм судлаач Жана Бодрийярын аварга бүтээлийг өөртөө шинээр нээж болох юм. Тэрээр анхлан “Виртуальность (хиймэл зохиомол ертөнц) бодит байдлыг давж гарсан "хэт бодит ертөнцөд" үл үзэгдэх, чөтгөрийн баригдашгүй, инаковост үзэгдлийн тухай ярьж эхэлсэн билээ. Энэ нь вирусээс өөр юу ч биш юм.
Мэдээллийн вирус, тахлын вирус, хөрөнгийн захын вирус, терроризмын вирус, тоон мэдээллийн вирусын орчил энэ бүхэн вирусын өвчлөх чадварыг хэмжих ба энергийг долгионы хэлбэрт шилжүүлэх үйлдэл хоёр нэг нэгтэйгээ яг адил процедурт захирагддаг бөгөөд хүний төсөөлөхүйд түүний нөлөө хэдийнээ вирусынх байдаг гэж тэр нотолж байлаа.
Өөрөөр хэлбэл, виртуальност бол үл зохицуулагдахын халдвар тархалтын орчин үеийн зарчим юм. Намайг энэ мөрийг бичиж байх үед Ухань ба Шанхайн оршин суугчид тэнгэр бол өөрийн жам ёсны байдлаараа цэнхэр өнгөтэй юм байна гэдгийг шинээр нээж байх болно.
Доктор Г.Төртогтох