Цар тахал ба алтны үнийн хэлбэлзэл
- 2020-05-05
- Нийтлэл
- 0
Алт хэмээх шидэт шар металл бл хямралын үед хэрэглэдэг зэвсэг, цагийн байдал хэцүүдсэн үед ашигладаг нөөц хэрэгсэл, эдийн засгийн байдлыг шинждэг “халууны шил” билээ. Эдийн засгийн огцом уналтын үед чухам алт л өртгийг хадгалах цорын ганц хэрэгсэл болж байдаг. Үйлдвэрлэлийн хэмжээ буурч, санхүүгийн зардал өссөөр байгаа үед алт бол хамгийн найдвартай актив юм.
Өнөөдөр алтны үнэ сүүлийн 8 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Bank of America банкны шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхий даяар хямралын эсрэг, эдийн засгийг дэмжихэд чиглэсэн маш хүчтэй арга хэмжээнүүдийг авч байгаа нь алтны үнийг одоогийнхоос 50 хувиар өсгөх төлөвтэй байна. Тодорхой хэлбэл, цар тахлын үед эдийн засгийг аврахын тулд Төв банкнуудаас гаргаж буй мөнгө нь алтны үнэд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг мөн.
Зөвхөн 3 дугаар сард гэхэд зах зээлийг тогтворжуулахын тулд G7-ийн орнуудын Төв банкууд 1,4 их наяд долларын актив худалдан авсан нь валютын ханшид дарамт учруулж, алт худалдан авах сонирхлыг хөрөнгө оруулагчдад өдөөж өглөө. Жирийн иргэд хоол хүнсээ нөөцөлж байгаа бол баячууд хөрөнгө оруулалтын портфелээ алтаар дүүргэж байна.
McKinsey компанийн таамаглаж байгаагаар бол, цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн 3 том төв болох АНУ, БНХАУ, Европын Холбооны эдийн засагт уналт болох таагүй төлөв харагдаж байна. Тодруулбал, энэ оны II улиралд АНУ-ын эдийн засаг өмнөх 2019 оны IV улиралтай харьцуулахад 8-11 хувиар агших бол дэлхийн ДНБ 4,7 хувиар буурах төлөвтэй байна.
3 дугаар сарын сүүлчийн долоо хоногт АНУ-д 6,6 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандсан тухай Хөдөлмөрийн яамны мэдээлэлд дурджээ. Гэтэл 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед долоо хоногт дээд тал нь 665 мянган хүн тэтгэмж авах хүсэлтээ ирүүлж байсан аж. 1930-аад оны “Их хямрал”-ын үед ажилгүйдэл 25 хувьд хүрч байсан бол титэм вируснээс үүдэлтэй өнөөгийн хямралын үед энэ тоо 32 хувьд хүрч магадгүй байгааг Америкийн шинжээчид анхааруулж байна. Коронавируснээс үүдэлтэй одоогийн энэ хямрал бол АНУ-д сүүлийн 100 жилд болж байгаагүй эдийн засгийн уналт гэдгийг эдийн засагч Мигель Фариа-и-Кастро онцлон хэллээ. Эдгээр баримтаас харвал коронавируснээс үүдэлтэй хямрал ноцтой үр дагаварт хүргэж байгаа нь илт .
Гэх мэтчилэн их гүрнүүдийн эдийн засгийн үзүүлэлтүүд тун таагүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг хамгаалалтын уламжлалт актив болох алт руу хошуурахад хүргэлээ. Европ болон Өмнөд Солонгост коронавирусний халдвар тархаж байгаа тухай мэдээлэл цацагдах үед буюу 2 дугаар сарын II хагаст алтны үнэ өсөж эхэлсэн юм.
Коронавирус тархсаар байгаа нь эрсдэлтэй актив болох хувьцаанаасаа хурдхан шиг салъя гэсэн сэдлийг хөрөнгө оруулагчдад төрүүлснээр геополитикийн болон нийгэм-эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед үргэлж аврал болж байдаг алтны эрэлтийг огцом өсгөлөө. Ингэснээр 3 дугаар сарын 6-нд гэхэд алтны ханш 1687 долларт хүрсэн бол өнөөдрийн байдлаар 1704 доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 30 гаруй хувиар өссөн гэсэн үг юм. Цаашдаа оны эцэст 1900 долларт хүрнэ гэсэн таамаг давамгайлж байна.
Коронавирустэй холбоотой хямрал даамжирсан учраас АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ 2008 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулж, 3 дугаар сарын 3-нд 1-1,25 хувь болгосон бол хоёр долоо хоногийн дараа 0-0,25 хувь руу буулгасан нь алтны үнэ өсөхөд нөлөөлсөн томоохон хүчин зүйл юм. Цаашдаа ажил эрхлэлт сайжирч, үнэ тогтворжин, Америкийн эдийн засаг хямралыг давж гарах хүртэл бодлогын хүүг 0 орчимд барина гэдгээ Америкийн Төв банк мэдэгдсэн нь алтан гулдмайн өгөөжийг автоматаар нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Ер нь бол, иймэрхүү үед алт нь засгийн газрын өрийн бичиг ба хадгаламжийн хүүнээс илүү өгөөжтэй байдаг.
Харин 3 дугаар сарын хоёрдугаар хагаст алтны ханш огцом 4,8 хувиар доошиллоо. Гэхдээ энэ бол хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан гэсэн үг биш бөгөөд аливаа хямралын туршид алтны үнэ тодорхой мөчлөгтэйгээр хэлбэлзэж байдаг. Тодорхой хэлбэл, хөрөнгө оруулагчид ирээдүйн төлвийн талаар хэр санаа зовниж байна вэ гэдгийг алтны ханш харуулж байдаг хэмээн олон улсын санхүүгийн зөвлөх Исаак Беккер онцоллоо.
Ерөнхийд нь ажиглаваас, хямрал дөнгөж эхэлж байх үед алтны үнэ огцом өсөж байв. Жишээлбэл, 2008 оны хямралын үеэр эхний 2 сар хагасын хугацаанд үнэ бараг 20 хувиар цойлж байжээ. Дараа нь огцом доошилж, буцаад өсөж, дахиад унах гэх мэтээр үргэлжилсэн. Одоо ч үүнтэй төстэй үзэгдэл явагдаж байна. Тухайлбал, 4 дүгээр сарын 14-нд гэхэд үнэ 1785 долл/унцид хүрч байв.
Одоо алтны үнэ өсөхөд нөлөөлсөн бусад шалтгааныг дурдая. Цар тахлаас үүдэн Перу, ӨАБНУ зэрэг улсад алтны уурхайнууд хаагдсан бол Швейцарьт халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянгаас давсны дараа тус улсын алт хайлуулах үйлдвэрүүд түр зогсжээ.
Үүсээд буй өөр нэгэн асуудал нь тээвэрлэлт. Нислэгүүд цуцлагдсаны улмаас улс орнуудын төв банкуудын зооринд хадгалагдаж буй хэдэн мянган тонн алтан гулдмайг Лондоны металлын биржид тээвэрлэн авчрах ажил саатсаар. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар 10 их наяд долларын алт “байх ёстой газраа бус өөр газарт” хадгалагдаж байна гэсэн үг. Өмнө нь алтыг ганцхан хоногийн дотор Лондонд онгоцоор авчирдаг байсан бол одоо үүнээс 10 дахин илүү хугацаа зарцуулах болжээ.
Нөгөөтэйгүүр, алтны үнэ огцом дээшилж доошилж байгаа нь хүмүүс сандран үймж, паникт орсныг ашиглан богино хугацаанд ашиг олох гэсэн биржийн дамчдын үйл ажиллагаатай холбоотой. Үйл явц яг өнөөдрийнх шиг өрнөх аваас үнэ 1900 долларт хүрч, цаашдаа оны эцэс гэхэд 2000 доллароос давахыг ч шинжээчид үгүйсгэхгүй байна.
Үүний сацуу Bank of America банкны шинжээчид алтны үнэ 2000 доллароос дээш гарахгүй байгаа шалтгаануудыг дурджээ. Тухайлбал, долларын ханш чангарч байгаа, санхүүгийн зах зээл дэх тодорхойгүй, тогтворгүй байдал бага боловч арилж байгаа, хөл хорионоос үүдэн Энэтхэг, Хятадад алтан эдлэлийн эрэлт буурсан гэх мэт. САРС өвчин дэгдэж байсан 2003 онд Хятадын иргэдийн алтны хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний 8 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 30 хувьд хүрч өссөнөөр тус улс алт борлуулах хамгийн том зах зээл болж хувирсан байна. Дашрамд дурдахад, САРС-ын үед алтны үнэ төдийлөн өсөөгүй аж.
"Америкийн алтан бүргэд" зоос
Дэлхийн алтны зөвлөлийн /WGC/ таамаглалд дурдсанаар, Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах нь дэлхийн эдийн засагт нөлөөлснөөр хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдлыг үүсгэнэ. Энэ нь Хятад болон дэлхий дахинд алтны ханш өсөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Учир нь, Хятадын эдийн засгийн багтаамж 2003 онд дэлхийн ДНБ-ний 3 хувийг /1,7 их наяд доллар/ бүрдүүлж байсан бол 2019 онд 15 хувь болж /14,3 их наяд доллар/ болж өссөн ба тус улсын ДНБ-ний бүтэц нь хөрөнгө оруулалтаас илүүтэй хэрэглээнээс хамаардаг болсныг дээрх таамаглалд дурджээ.
Ямар ч тохиолдолд алтны үнэ огцом өсөх нь хямрал нүүрлэхийн дохио мөн. Гэхдээ манай Монгол Улсын хувьд нүүрсний экспорт саарч, валютын нөөц буурч байгаа энэ үед алтны ханш нэмэгдсэн нь нөгөө талаас таатай мэдээ юм. Хил хаагдсан хугацаанд буюу 2020 оны хоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 952.6 кг алт тушаасан нь даруй 10 дахин өссөн үзүүлэлт /2019 оны хоёрдугаар сард аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 95.9 кг алт тушааж байжээ/ гэдгийг эдийн засагч Ж.Батсуурь дурдаж байсан. Хамгийн сүүлийн мэдээллээр, Монголбанк оны эхний 4 сард 5 тн алт худалдан авчээ. Алт тушаалт энэ эрчээр үргэлжилбэл валютын нөөц оны дүнгээр 25 тонн алт буюу 1,6 тэрбум орчим доллар /унци алтыг 2000 доллароор тооцоход/ нэмэгдэхээр төлөв харагдаж байна.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: https://www.mongolbank.mn/
Сэтгэгдэл (0)