Б.Оюун: Бид чинь сонин харж байж л сонголтоо хийдэг ард түмэн

 

-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ОЛОН ХҮНД ХҮРГЭЕ ГЭВЭЛ ЦАХИМД НАЙДАЖ БОЛОХГҮЙ-

2008 оноос хойш УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй ажиллаж, ухуулагч хийж байсан Хан-Уул дүүргийн I хорооны иргэн Б.Оюунтай хөөрөлдлөө.


-Сайхан хаваржиж байна уу, та. 2020 оны сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Олон сонгуулийн нүүр үзсэн таны хувьд энэ жилийн сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?

-Энэ жилийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох шинжтэй. өмнө нь хоёр улс төрийн хүчнээс сонголт хийдэг байсан бол энэ жил нэлээд олон хүчнээс сонголтоо хийх юм шиг байна. тиймээс ард иргэд ч идэвхтэй оролцох байх.

Янз бүрийн нам эвсэл оролцож байгаа, дээр нь тойргоо томсгочихсон учраас нэлээд олон хүнээс сонголтоо хийнэ.

Тэгэхээр нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлах, мөрийн хөтөлбөртэй нь танилцах гээд ард иргэд маань ажил ихтэй байх нь. нөгөө нэг хэдэн тараах материалыг нь л эргүүлж, тойруулах хэрэг гарах нь дээ.

Сонгуулиар зөв хүнээ сонговол ирээдүй хойч үед маань хэрэгтэй. Би 2008 оноос хойш сонгуулийн сурталчилгаанд явж байна. Энэ жил ч сурталчилгаагаа хийгээд явна. Дэмжиж байгаа хүнээ сурталчлаад явна гэдэг сайн дурын л ажил юм даа.

-Энэ жил цахимаар сонгуулийн сурталчилгаа явагдахаар болсон шүү дээ?

-Харин тийм зүйл сонсогдоод байгаа. Цахим руу орж хов жив л сонсдогоос биш нэр дэвшигчдийн бодлого, үзэл баримтлалыг нь уншина гэдэг бүтэхгүй л санагдаад байгаа. Манай үеийнхэнд бол цахим ашигладаг хүн тун бага. Ер нь 50-иас дээш насныхан дунд цахим хэрэглэдэг гэвэл 20 хувь нь л байх. Манай үеийнхэн цахимд тааруу шүү дээ. Тэгэхээр яаж бид нарыг мэдээлэл ав гээв. Дээрээс нь үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл цахимд явж байдаг. Энэ залуучууд цахим руу бизнесээ явуулах гэж аль эсвэл контент үзэх гэж л орж байна. Хэдэн троллууд нь улс төрийн хов живээ бичдэг юм байгаа биз. Бүр нэг нэгнээ таньдаг болчихсон байдаг юм билээ. Хүн гэдэг гарт баригддаг бодит юманд л илүү итгэл үнэмшилтэй ханддаг. Угаас бид чинь сонин харж байж л сонголтоо хийдэг ард түмэн.

-Хөдөө орон нутагт цахим хэрэглэдэг хүн ховор шүү дээ. Тийм ээ?

-Би өөрөө хөдөөний хүн. Зун болохоор хөдөө рүүгээ яваад өгдөг юм. Сумд бол ер нь хэцүү шүү. Цаашаагаа малчны хот бол 2G интернэт л байдаг шүү дээ. Хөдөөд WIFI-тай газар гэж лав дуулаагүй юм байна. Бүгд л дата хэрэглэдэг. Дата нь хурдан дуусдаг. Нэг хоног л хэрэглэдэг. Тэгээд сонгуулийн сурталчилгаа уншина гээд тээр холоос сумын төв орж дата аваад сонголтоо хийнэ гэж юу байхав. Нэг тойрогт ийм олон хүн нэр дэвшиж байгаа энэ жилийн сонгууль бол онцгой нөхцөл байдалд өнгөрнө. Цахим дээр тавигдсан нийтлэл байтугай мэдээг ч уншихад төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс тэр олон сурталчилгааг гүйлгээд л өнгөрнө дөө. Манай залуучууд бол. Улс төрийн юм гэвэл ганц хоёр өгүүлбэртэй хов живийн чанартай мэдээг л уншина уу гэхээс хэцүү шүү дээ. Сонгуулийн сурталчилгаагаа олон хүнд хүргэе гэвэл цахимд найдаж болохгүй.

-Сонгуулийн материалыг хэвлэж тараах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Манай үеийнхэн бол байрныхаа гадаа хөзөр тоглонгоо сонгуулийн материалуудыг эргүүлж, тойруулаад санал бодлоо яриад л сууж байдаг юм. Сонгуулийн үеэр улстөржилт нэлээд өрнөдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь сайн хүүхэд юм шиг, тэр залуу ийм сургууль төгссөн юм байна гээд л. Залуучууд ч гэсэн буйдан дээрээ суучихаад нөгөө материалыг эргүүлээд сууж байдаг юм. Дээрээс нь цахим гэдэг тог, цахилгаанаар явдаг. Интернэтийн сүлжээг хаачихвал яах вэ. Энэ олон нэр дэвшигчид яаж сурталчилгаагаа хийх үү. Бодох л асуудал. Дээрээс нь цахим дээр байгаа юмыг устгах шиг амархан юм байхгүй. Нэг харлуулсан мэдээ цахимд оруулаад сэвж байгаад л устгачихдаг юм билээ. Дараа нь хариуцлага хүлээх хүн байхгүй, эзэн нь тодорхойгүй ийм асуудал гардаг тал бий. Ер нь бодлогын чанартай юмыг сонин дээрээс л уншдаг юм. Хаа газар. Тиймээс сонин тараасан нь дээр.

Б.Амартүвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)