Бид мартахгүй...

Ялалтын баярын 75 жилийн ойд

Дэлхийн түүхэнд хамгийн их хохирол, гамшиг дагуулсан их дайн дуусгавар болсны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Зөвлөлтийн ард түмэнтэй Монгол Улс, монголчууд дайны эхний өдрөөс хамт байж ялалт өөд замыг дөтлөсөн билээ.  Хэдийгээр энэ жил фашист Германыг дарсан Ялалтын баярын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалыг хойшлуулах шийдвэр гарсан ч тавдугаар сарын 9-ний өдөр нь фашизмыг үүрэнд нь дарж, дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан гавьяатнуудаа эргэн санах, түүхэн тэмдэглэлт өдөр билээ.

1941-1945 онуудад болсон үйл явдлын тухай өгүүлэхээс өмнө Монгол Улс нь милитарист Японы түрэмгийлэлийг тогтоон барихад онц чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй билээ. 1930-аад оны сүүлээр Японы толгойн сэргийлэх, тагнуул ангиуд болон Манжго улсын зүгээс Бүгд Найрамдах Монгол Улсын хилийн гүнд нэвтрэхийг оролдох, өдөөн хатгах үйл ажиллагаа тогтмол явуулах болсон нь “зарлаагүй дайны оршил” байлаа. Япончууд өнөөдөр Халх голын байлдааныг хил орчмын тулгаралт, Номун ханы хэрэг хэмээн үйл явдлын үнэн мөн чанарыг нуух, тухайн үеийн нөхцөл байдалд өнгөц дүгнэлт өгсөөр байна. Хүн дээр туршилт хийсэн 731-р анги, олон сая хятад, солонгос иргэдийг хөнөөсөн түүхэн үнэнийг нуух, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь тэдний гэм биш зан. Өнгөрсөн жил Халх голын ялалтын 80 жилийн хүрээнд МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс Японы Ацүми олон улсын сангийг Секигүчи Глобаль судалгааны нийгэмлэг, Японы Монголын Түүх соёлын нийгэмлэгтэй хамтран “Халх гол, Номун ханы тулалдааны цогц судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний 7 дугаар симпозиумд оролцсон японы түүхч, судлаачдын байр сууринаас харж болно. 

1939 оны тавдугаар сараас 9 дүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар  үргэлжилсэн энэ дайнд ЗХУ, БНМАУ, Япон, Манж-Го  улсын 132 мянган цэрэг офицер, 1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх  онгоц оролцсон. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө Монгол, Зөвлөлтийн 26 мянган хүн алтан амиа өргөсөн билээ. Хэдийгээр Японы гол санаархал нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын алсын дорнод дахь хүчийг тандах зорилготой байсан ч Монгол Улсын хувьд томоохон хэмжээний дайн байлаа. Энэ дайнд БИД ЯЛСАН.

Халх голын ялалтын уухай Япончуудын зүрхийг мохож, Дэлхийн хоёрдугаар дайны турш Монгол болон ЗХУ руу дахин халдаж зүрхлээгүй билээ.

Фашист Герман ЗХУ-д 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халдан довтолж, Агуу их эх орны дайн эхэлсэн. Дайны эхний өдрөөс Монголчууд Зөвлөлтийн талд байж бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөл, Улсын Бага Хурлаас фашист Герман, ЗСНБХУ-д халдсан явдлыг буруу шааж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ ард түмний хөдөлгөөн өрнөсөн юм. Эх орны дайны эхний үеэс л Монгол Улсын нутаг дэвсгэрээс хэдэн мянган бээрийн тэртээ эхэлсэн энэхүү дайн нь зөвхөн зөвлөлтийн ард түмний эсрэг бус, монголын ард түмэн түүний энх тайван, цаашлаад дэлхий нийтийн энх тайван байдлын эсрэг дайн гэдгийг Монголын төрийн удирдлагууд, монголчууд сайтар ойлгож байсан.  Засгийн газрын уриалгын дагуу монголын ард түмэн фашизмын эсрэг, “бүхнийг фронтод” хөдөлгөөнд нэгдсэн. Монгол Улс даяар хурал, цуглаан өрнөж, ажилчин ард түмэн фашизмын эсрэг дайнд зөвлөлтийн ард түмэнд халуун дэмжлэг үзүүлэн дайны хүнд хүчир бүхнийг хамтран туулах, материаллаг тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж эхэлсэн. Зөвлөлтийн ард түмний найдвартай ар тал болж “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө!” уриан дор монгол хүн бүр нэгдсэн.

МОНГОЛЧУУД НӨХРИЙН ТУСЫГ МАРТДАГГҮЙ

ЗСБНХУ-д Монголын талаас үзүүлсэн тусламж нь хоёр орны хамтын ажиллагааны чухал түүхэн хуудас болж үлдсэн. Судлаачид энэхүү түүхэн хуудсыг бүрэн сэргээхийн тул хоёр орны архивын баримт материалыг судлах өргөн хүрээний судалгааны ажлыг өрнүүлсэн. Энэхүү баримтыг бэрх цагийн гавъяатнуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах нь маш чухал байна.

Монголын ард түмний фронтод илгээсэн бүхнийг дурдвал энэ нь олон хуудас материал болох боловч зарим нэгэн аж ахуй, хүнсний бараа бүтээгдэхүүн болон тэдгээрийн нийт тоо, хэмжээг дурдах нь зүйтэй билээ. Монгол Улс фронтод эсгий гутал, нэхий дээл, дулаан хүрэм, хөвөнтэй өмд, эсгий гутал, бээлий, ханцуйвч, дулаан өмд, арьс ширэн бүтэгдэхүүн зэргийг илгээсэн байдаг. Дайн хамгийн хүнд цагт Москвагийн дэргэд дэхь тулаанд голлох нөлөө үзүүлсэн Алс Дорнодын анги нэгтгэлүүдийн хувцас хэрэглэл монголчуудын тусламж байлаа. Мөн мах, махан бүтээгдэхүүн, өтгөрүүлсэн сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг улаан арми, Зөвлөлтийн ард түмэнд илгээсэн. 1941-1945 онуудад 6 ээлжийн галт тэрэгний цуваа илгээж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нам, төрийн нэрт зүтгэлтэн, аж үйлдвэр, шинжлэх ухааны соёлын тэргүүний ажилчид өөрийн биеээр хүргэж өгсөн түүхтэй.

Монголын ард түмний цуглуулж бэлтгэсэн хувцас хэрэглэл, хүнс, “нэрийн бэлэг”-нээс гадна “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол Ард” нисэх хүчний эскадрилийг Зөвлөлтийн талд хүлээлгэн өгсөн. Мөн генерал И.А. Плиевийн Гвардийн морьт корпусын морин цэрэг Сталинградаас Берлин хүрч ялалтыг дөтлөсөн. XIII зуунаас хойш ийнхүү Монгол морин туурай европыг тамгалсан юм. Дайны он жилүүдэд 500 мянган орчим морь бэлэглэжээ. Мөн тухайн үеийн ханшаар 65 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металл, аж ахуйн болон хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ЗСБХНУ-д илгээсэн. Өөрөөсөө ч харамлан байж илгээсэн Монгол Улсын энэхүү тусламжийг 1944 оны 6-р сарын 11-ний өдөр ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Зөвлөлтийн армийн материаллаг хангалтыг зохион байгуулахад онц гавьяа байгуулсан Монгол Улсын удирдах бүрэлдэхүүнийг ЗСБНХУ-ын төрийн одон, медалиар шагнасан билээ.

Ийнхүү Эх орны дайны он жилүүдэд фашист Германы эсрэг тэмцэхэд Бүнд Найрамдах Монгол Ард Улс нь ЗСБНХУ-ын үнэнч холбоотон, итгэлт анд байгаад зогсохгүй хэмжээний бодит тусламж үзүүлж ялалтанд хүргэсэн билээ.

ЗСБНХУ нь дайны дараа Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглахад гүйцэтгэсэн үүрэг. Энэ жил Агуу их эх орны дайны ялалт, Дэлхийн хоёрдугаар дайны дуусгавар болсон Нэгдсэн Үндэсний Байгууллага байгууллагдсны 75 жилийн ижил ой тохиож байна. Монгол Улсыг Дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрч, Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгуулагын гишүүн болох үүдийг нээсэн Ялтын хэлэлцээрийг эргэн нэг саная. Дэлхийн II дайны төгсөлд болсон хамгийн чухал үйл явдлуудын нэг болох энэхүү уулзалтаар холбоотон гүрнүүд цэрэг, стратеги, улс төрийн түүхэн чухал шийдвэрийг гаргасан түүхтэй. Гэрээнд “Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи гэх гурван их гүрний удирдагчид Европ тив дэхь дайн дууссанаас хоёроос гурван сарын дараа Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайнд нэгдэн орж Холбоотнуудын талд дайтах болно гэж дараах нөхцөлүүдээр тохиролцсон. Түүнийхээ хариуд И.В.Сталин гурван шаардлага тавьсны тэргүүнд  Гадаад-Монголын статус кво (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын тусгаар тогтносон байр суурь хадгалж, хүлээн зөвшөөрөх явдал байлаа. Улмаар олон бэрхшээл хүндрэлийг тулж Монгол улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болсон. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан ч ийнхүү хагас зууны хойно дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.

БИД МАРТАХГҮЙ... МАРТАХ Ч УЧИРГҮЙ...

Дайны ялалтанд оруулсан манай хоёр орны түүхэн гавьяаг гуйвуулж буй байдлыг огт гаргаж болохгүй. Харамсалтай нь зарим улсад өнөөдөр нацизм толгойгоо өндийлгөж байна. Тэд нацистуудын гар хөл болсон этгээдүүдийг үндэсний баатар мэтээр өргөмжилж ярих болов. Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг буулгах, Агуу их эх орны дайны баатар, ахмад үеийнхэндээ тэдний цусаараа олж авсан шагнал, одон медалаа зүүхийг хориглохыг зүгээр хараад сууж боломгүй мэт. Энэ бол түүхийг гуйвуулж, мартагнуулж байгаагийн илрэл.

Монголчууд бид ялагч ард түмэн. Бид түүхээ мартаагүй гэдгээ үлгэрлэж байна. Хоёр орны дайчин нөхөрлөлийн бэлэг тэмдэг, Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалын сэргээн засварлах, арчлан хамгаалж, залуу үедээ тэртээх он жилүүдийн баатарлаг гавьяаг таниулан уламжлаж байна. Монгол Улсад “Үхэшгүй мөнхийн хороо”, Дайны сэдэвт дууны концерт, ахмад дайчидтай хийх хүндэтгэлийн уулзалтуудыг уламжлал болгон зохион байгуулж байна. Хэдийгээр тухайн цагийн амьд гэрч, баатрууд маань өдрөөс өдөр цөөрсөөр байгаа ч бид энэ уламжлалаа умартахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн ялалтын баярт оролцохоо илэрхийлж, Монгол цэргүүд Улаан талбай дахь цэргийн жагсаалд оролцох хүсэлтээ уламжилсан билээ.

БИД МАРТАХГҮЙ...

Түүхч, судлаач А.Төмөр-Очир

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)