Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолой ба Монгол Улс

Сүүлийн хоёр жил орчим хугацаанд Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх тухай асуудал Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын нэг сэдэв болж хөндөгдөх боллоо. Тиймээс Аюулгүй байдал судлалын хүрээлэн Орос, Хятадын хооронд хэрэгжиж буй төслийн тухай, сүүлийн үеийн өрнөл, шинэ нөхцөл байдлын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Талуудын байр суурь

ХЯТАДЫН Чиндао хотод 2018 оны 6 сарын 9-ний өдөр болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга «Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна» хэмээн хүсэлтээ илэрхийлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин «Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой» гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Улмаар 2019 оны 12 сард «Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын «Газпром» нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг»-т гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн дагуу Монголоор дамжуулах хоолойн асуудлыг хариуцах ажлын хэсгийг байгуулсан тухай 2020 оны 2-р саpын 18-нд мэдэгдсэн.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин «Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байна» хэмээн байр сууриа илэрхийлсэн.(1)

Хэрэгжиж буй төслүүд

ОХУ-БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн гурван том төсөл бий. Нэгдэх нь «Сибирийн хүч 1» шугам, хоёдахь нь «Сибирийн хүч 2» шугам, жилд ойролцоогоор тус бүр 38 тэрбум шоо метр, нийт 76 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ. Аль аль нь Монголын нутгийг зүүн болон баруун талаар тойрохоор төлөвлөгдсөн байгаа. Гурав дахь нь Сахалинаас хоолой татаж 810 тэрбум шоо метр хий дамжуулах төсөл бөгөөд шингэрүүлсэн хийг далай болон төмөр замаар тээвэрлэх төслүүд дээрх хоёр төслийн хэмжээнд хүрэхгүй, Монгол Улсын нутгаар хоолой тавих асуудалд шууд хамаарахгүй болно. Тиймээс «Сибирийн хүч 1», «Сибирийн хүч 2» маршрутыг дэлгэрүүлэн авч үзье.

«Сибирийн хүч 1»

«Сила Сибири 1» буюу «Сибирийн хүч 1» маршрут нь ОХУ-ын БН Саха (Якут) Улсын нутаг дахь Чаяндины орд газраас эх авч, Сковородино, Благовещенскээр дамжин БНХАУ руу гарна. БНХАУ ОХУ-аас байгалийн хий авах асуудал хэлцлийн төвшинд 10 гаруй жил яригдаж 2014 оны 5 сард албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан. «Сибирийн хүч 1» хийн хоолой 2019 оны 12-р сарын 1-нд ашиглалтад орсноор 2023 он гэхэд жилд 38 тэрбум шоо метр хийг нийлүүлэх боломжтой болно. Чаяндины орд газар нь оргил үедээ жилд 25 тэрбум шоо метр байгалийн хий л гаргах хүчин чадалтай аж.(2) Тиймээс төлөвлөсөн хийгээ өгөхийн тулд оросуудад нэмэлт орд хэрэгтэй. Тиймээс Эрхүү  мужийн нутаг, Байгал нуураас баруун хойш  орших Ковыктагийн орд газраас Чаяндин руу нэмэлт 800 км шугам татах шаардлага үүсээд байгаа аж.

Бүтээн байгуулалт

Тус хоолойг бүтээн байгуулах барилгын ажил таван жил үргэлжилсний эцэст 2019 оны 12 сараас БНХАУ руу экспортоо эхлүүлээд байна. Гэрээний хүрээнд ОХУ жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш БНХАУ-д нийлүүлэх юм. Экспорт дөнгөж эхлээд байгаа тул «Эхний хагас жилд хийн хоолойн тохируулгын ажил хийгдэж, хүчин чадлын бүрэн хэмжээнд ажиллахгүй. Байгалийн хий нийлүүлэх бэлтгэл ажлыг талууд 4-6 жилд багтаан үе шаттайгаар нэмэгдүүлж, технологийн горим, тохирлыг хийж дуусгана» гэж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Д.Козак мэдэгдсэн байдаг.

Үнэ

Гэрээний нийт үнийн дүн 400 тэрбум ам.доллар. Нэгж үнийн хувьд Газпромоос 2018 онд Европ руу 1000 метр куб байгалийн хийг 380.5 ам.доллараар борлуулж байсан бол Хятадтай байгуулсан гэрээнд 1000 метр кубыг нь 350 ам.доллараас өндөр үнээр тохиролцсон гэж «Интерфакс» агентлаг мэдээлсэн. Харин хийн нийлүүлэлттэй холбоотой асуудал тодорхойгүй байх үед унаад байсан Газпромын хувьцааны ханш 0.8 хувиар өсч, 146.6 рубль болсон байна.

Хэрэглэгч

Энэ хоолой ОХУын Зүүн Сибирийн нөөцөөс эх авч  БНХАУ-ын Харбин, Далянь, Бээжин, Тянжинь, Наньжин, Шанхай гэх мэт хүн ам олонтой, ДНБ-д эзлэх байр сууриараа хамгийн том нөлөөтэй, өндөр хөгжилтэй хотуудад 30 жилийн турш нийлүүлнэ. Мөн энэхүү хоолой ОХУ-ын хувьд цаашид Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг улстай холбогдож, байгалийн хийгээ Азийн өөр том эдийн засагтай орнуудад экспортлох стратеги болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой, ашигтай сүлжээ юм. Тиймээс байгалийн хийн зүүн хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтээ өсгөх шаардлага буй.

Хэрэглэгч улс Хятадын Засгийн газар нутаг дэвсгэр дээрээ байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлыг хариуцаж, үүнд зориулж 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Байгалийн хийгээр агаарын бохирдлыг бууруулж, эдийн засгийн хэрэглээ ихтэй бүс нутгуудаа хангах шаардлага гарч байгаа. Хятадын дотоодын хийн болон газрын тосны  хоолойн өнөөгийн сүлжээг өргөтгөх аж.(3)

«Сибирийн хүч 1» Хятадын зүүн эргийн нутгуудыг байгалийн хийгээр хангах бол «Сибирийн хүч 2» төсөл бол Хятадын төв хэсгийг байгалийн хийгээр холбохоор төлөвлөгдөж байгаа боловч Хятад улс Туркменистанаас хямд байгалийн хий авч эхэлснээр энэ асуудал ач холбогдол багатай болсон.

«Сибирийн хүч 2» буюу хуучнаар «Алтай» хоолой

Хоёр дахь шугамыг Тюмень мужийн нутаг дахь Ямалын хойгоос эх авч улмаар ОХУ, БНХАУ-ын хил залгаа 50 км бүсээр тавихаар төлөвлөж байсан боловч энэ нь хэрэгжилтээ хүлээж олон жил болсон. 2015 онд Газпром, CNPC компаниуд байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь баруун шугамаар буюу Баруун Сибириэс Новосибирск хүртэл татаад байгаа шугамыг ОХУ, Хятадын хил хүртэл үргэлжлүүлэн тавих гэрээ байлаа. Энэ шугамыг «Алтай» гэж урьдчилсан байдлаар нэрлэж байв. Харин 2019 оны 9-р сараас Монгол Улсаар дамжуулах асуудал идэвхтэй яригдаж эхэлсэнтэй зэрэгцэн шахам уг маршрутын нэрийг «Сибирийн хүч 2» шугам хэмээн өөрчилж байгаа нь «Алтай» маршрутаас татгалзсаныг илэрхийлж буй  бололтой.

Төслийн явц

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2006 онд Бээжинд айлчлах үеэр «Алтай» хоолойн асуудал анх хөндөгдсөн. Газпромын удирдах зөвлөлийн дарга А.Миллер болон Хятадын Хятадын газрын тосны үндэсний корпорац (CNPC)-ын ерөнхий захирал Чэн Гэн нар «Алтай» бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

«Алтай» хоолой нь баруун Сибирийн хойд хэсэгт орших дэлхийд нөөцөөрөө хоёрт ордог, Ямалын хойгийн Уренгойн «Заполярное» ордоос гарсан байгалийн хийн хоолойноос Новый Уренгой орчмоор баруун зүгт Европ, зүүн урагш Ази руу салаалж, улмаар Нижневартовск, Томск, Новосибирск хотуудаар дайран, ОХУ-ын БН Алтай Улс (Уулын Алтай)-ын нутгаар дайрч Казахстан-Монголын хилийн завсар дахь ОХУ, БНХАУ-ыг холбох 50 километр коридороор ШУӨЗО-нд хүрч Хятадын төв, баруун болон хойд мужуудыг хангахаар төлөвлөгдсөн. Газпромын тэргүүн А.Миллер «БНХАУ-д баруун чиглэлээр байгалийн хий дамжуулахад үнэ тохирохоос бусад асуудал бүрэн шийдэгдсэн» гэж мэдэгдэж байсан боловч одоо ийнхүү зогсонги байдалтай болов. ОХУын зүгээс энэ хоолойгоор жилд 30-38 тэрбум шоо метр хийг 30 жилийн хугацаанд хийлүүлэх саналтай байгаа.

Гэвч энэ шугам нутгийн иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. «Сибирийн хүч 2» шугам Баруун Сибирийг Хятадтай холбохдоо Алтайн нурууны тэгш өндөрлөг Укок, Алтайн нурууны Алтан сарьдагийг дайрч гарахаар төлөвлөгдсөн байсан. Гэвч энд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, нутгийн олны тахин шүтдэг газар байдаг, цэвэр байгаль сүйднэ гэж нутгийн иргэд эрс эсэргүүцдэг. Одоо энэхүү төлөвлөгөө нь хоёр орны хооронд хэлэлцээрийн төвшинд явж, хэсэг хугацаанд зогсонги байдалд байна.

Төсөл удааширч, зогсонги болсон шалтгаан

Тус хоолой БНХАУ-ын ШУӨЗО-оос төв, зүүн хэсэгт хүрэх бөгөөд Төвдийн өөртөө засах орноор дайран цааш Балба, Энэтхэг зэрэг зах зээлүүдэд хүрэх боломжтой болохыг уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Австрийн «JBC Energу» компанийн саяхны нэгэн тайланд дурджээ. ОХУ, БНХАУ-ын  төрийн өмчит хоёр компанийн удирдлагууд эдийн засгийн үр өгөөж, хэрэгцээ, шаардлагыг үндэслэн 2013 онд зүүн хоолой буюу «Сибирийн хүч 1» хоолойг түрүүлж барьж дуусгахаар тохиролцсон юм. 2014 онд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр баруун буюу «Алтай» хоолойн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар талууд тохиролцсон, 2015 онд Газпром, CNPC тус хоолойг барих үндсэн нөхцөлүүдийг тусгасан харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Газпром «Сибирийн хүч 1» зүүн чиглэлийн хийн хоолойг тавих ажлыг хурдан дуусгахад илүү анхаарч байсан нь «Алтай» төслийг түр хугацаанд зогсооход хүргэсэн байж болох юм.

БНХАУ-ын талаас энэ шугамаар байгалийн хий авах асуудал шийдэгдээгүй, нийлүүлэх хэмжээ, үнэ тодорхойгүй байгаа гэж CNPCийн захирал Ван Илинь 2016 онд мэдэгдэж байсан. БНХАУ-ын зүгээс тус хоолойг жилийн 30 тэрбум шоо метр хүчин чадалтайгаар барьлаа гэхэд хоолой нь зөвхөн Төв Азиас хоолойгоор авч буй хий улирлын хэлбэлзэлд орсоныг нөхөх зорилготойгоор жилд 8-10 тэрбум шоо метрийг л худалдаж авна гэсэн байр суурьтай байна. Хэрэв тийм бол хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, эдийн засгийн үр ашиггүй болно. «Алтай» хоолой Хятадын баруун хэсгээр татагдлаа гэхэд түүнийг тус улсын зүүн хэсэгт хүргэх «Восток-Запад III» гэх 2700 км хоолойг шинээр тавих хэрэгтэй болно. Төв Азиас авч буй хийг өөрийн нутгаар дамжуулахын тулд ШУӨЗО-оос төв, зүүн бүсэд хүрсэн «Восток-Запад I, II» гэсэн хоёр хоолойгоор нэмж дамжуулах боломжгүй, тус хоёр хоолой ачаалал ихтэй, цаашид жилд 85 тэрбум шоо метрийг дамжуулах тул БНХАУ-ын зүгээс хүчин чадлыг нь өргөтгөсөн нэмэлт шугам барих шаардлагатай болж байгаа.

Шинэ нөхцөл байдал

ОХУ-аас Украинаар хий дамжуулах хэмжээ 2020 оноос 50 хувь буурч байгаа, Балтийн тэнгисийн ёроолоор барьж байсан «Умард урсгал-2» хоолойн бүтээн байгуулалт хориг арга хэмжээнээс болж түр зогссон зэрэг нь Ямал, Уренгойн хийн ордуудыг дутуу ашиглахад хүрч их хэмжээний хийн илүүдлийг бий болгож байна. Иймд Газпромын удирдлага «Алтай» төслийн тухай БНХАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхээр зэхэж байна. «Газпром экспорт»-ын захирал Е.Бурмистрова «Алтай» хоолойн асуудлаар БНХАУ-ын талтай яриагаа үргэлжлүүж байгаа гэж 2020 оны 2-р сарын 14-нд мэдэгдсэн.

ОХУ, БНХАУ-ын эрэлт нийлүүлэлтийн төлөв

2020 онд БНХАУ-ын хийн хэрэглээ 319 тэрбум шоо метрт хүрч өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдэх юм. Тус улс импортоор 80 тэрбум шоо метр хийг авна. Импортын 70 хувийг Туркменистанаас татсан хоолойгоор хангадаг байсан бол «Сибирийн хүч 1», мөн төлөвлөж байсан «Сибирийн хүч 2» буюу «Алтай» хийн хоолой бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл ОХУ гол нийлүүлэгч болох боломжтой юм.

ОХУ бол байгалийн хий экспортлогч хамгийн том орон. Харин БНХАУ дэлхийн хамгийн том импортлогч. 2018 оны эхний хагаст Хятадын импорт Японоос давж дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч улс болжээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Хятад руу нийлүүлсэн байгалийн хийн экспорт 35 хувиар буюу 58.4 тэрбум шоо метрээр нэмэгдсэн байна. БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилтынхоо хүрээнд нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр солих ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн. CNPC-ийн 2019 оны 8 сард гаргасан судалгаагаар БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 2018 онд 238 тэрбум метр куб болж өссөн бөгөөд цаашид энэ тоо 2035 онд 610 тэрбум метр куб, 2050 онд буюу ОХУ, БНХАУын хооронд байгуулагдсан 30 жилийн гэрээ дуусах үед жилийн хэрэглээ 690 тэрбум метр куб болж тогтмол өснө гэсэн тооцоо гарчээ. Харин энэ үед Хятадын байгалийн хийн дотоод нөөцөөр хангах хэмжээ 2018 онд 161 тэрбум метр куб байснаас, 2035 онд 300 тэрбум метр куб, 2050 онд 350 метр куб болно гэсэн харьцангуй удаан өсөлттэй байх тооцоог гаргасан байна. Тиймээс БНХАУ-ын эрх баригчдын хувьд баруун хоолойн ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай болж иржээ. Мөн тус улс сүүлийн жилүүдэд Мьянмар тэргүүтэй Зүүн өмнөд Азийн орнуудаас авах байгалийн хийн импортоо нэмэгдүүлэх болсон байна.

ОХУ өнгөрсөн жилд дэлхий зах зээлд 200 тэрбум шоо метр байгалийн хий экспортолсон байна. Харин БНХАУ-ын байгалийн хийн эрэлт хэрэгцээ 300 гаруй тэрбум шоо метр байгаа. БНХАУ Ази, Номхон далайн бүсийн орнуудаас байгалийн хий авдаг ч 2030 онд өнөөгийн Европын хэрэглээ 600 тэрбум шоо метр хэмжээнд хүрэх урьдчилсан тооцололтой байгаа юм. Тиймээс ч эхлүүлсэн байдаг. Хэрэв БНХАУ АНУ-тай харилцаа муудвал Катар, Австралиас шингэрүүлсэн хийг далайн тээврээр татах боломжгүй нөхцөл үүсэх учир ОХУ-аас авах санаачлагыг стратегийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзсэн юм.

Өрсөлдөгч  хувилбарууд – Казахстаны санал

«Сибирийн хүч 2» хоолойг Казахстанаар дайруулах боломжтой тухай саналыг  тус улсын эрчим хүчний сайд Н.Ногаев 2020 оны 2-р сарын 12ны өдөр ОХУ-ын эрчим хчний сайд А.Новактай уулзахдаа тавьсан. Энэ саналыг өмнө нь 2019 оны 11 сард Казахстан мөн тавьж байсан бөгөөд тус улс өөрийн зүүн бүсийг хийгээр хангахын тулд «Сибирийн хүч 2» хоолой, эсвэл Барнаулаас тусад нь хоолой татах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Казахстаны зүүн хэсгээр дайруулахыг Оросын экспертүүд эрсдэлтэй хэмээн үзэж байна. Тус улс өөрийн байгалийн хийг БНХАУ-д нийлүүлж байгаа, улс төрийн нөхцөл байдал нь өөрчлөгдсөн, шинэ ерөнхийлөгч К-Ж.Токаев барууны улс орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгаа, үндэстэн хоорондын зөрчил хэд хэд гарсан гэх мэт үйл явдал болсныг тэд онцолж байна.

ОХУ-аас БНХАУ руу хийх байгалийн хийн нийлүүлэлтийг ямар нэг улсаар дайруулахгүй шууд хийнэ гэж ОХУ удаа дараа мэдэгдэж байсан. Энэ  нь Монгол юмуу Казахстанаар дамжуулахгүй гэсэн утга боловч ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны 2017 онд мэдэгдсэнээр Газпромын «Алтай» хоолой Алтайн Укокийн хөндийгээр  дамжихааргүй төлөвлөгдсөн гэж байсан нь энэ маршрутыг сэргээх боломжгүй болсныг үндсэндээ нотолж байгаа юм. 

Дүгнэлт

ХИЙН хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах эсэх асуудлаар гурван улсын төрийн тэргүүн  байр сууриа илэрхийлэх болов. Энэ нь олон улсын харилцаан дахь зарим нөхцөл байдал болон хоёр хөрш улсын дотоод эдийн засгийн нөхцөл байдал гэсэн хүчин зүйлтэй холбоотой.  Монголоор хийн хоолойг дамжуулах тохиолдолд аль ордын нөөц, эх үүсвэрийг ашиглах вэ гэдэг асуудал гарна. Үүнээс хэрэгжих эсэх нь ч шалтгаална. ОХУ-ын байгалийн хийн салбарыг хөгжүүлэх бодлогын гол баримт бичиг болох Дорнын хийн хөтөлбөрт дээрх хувилбарууд ороогүй, ордуудын нөөцийн ашиглалтыг тус хөтөлбөрөөр хуваарилчихсан байгаа. Үүнд өөрчлөлт оруулахад амаргүй, гэвч шаардлага гарвал нэмэлт өөрчлөлт орно. Ялангуяа Монголоор дайрах маршрутаас өөр өөрсдийн бүс нутгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдол (Улаан-Үд, Чита хотын), ядуурлыг бууруулахад түлхэц өгнө хэмээн хүсэн хүлээж буй ОХУ-ын БН Буриад Улс, Өвөр Байгалын хязгаарын удирдлагын, тухайлан «эрч хүчтэй, өсөж яваа  шинэ залуу губернаторуудын төлөөлөл» гэгдэх А.Цыденов, А.Осипов нарын Москва дахь нөлөө, «лобби» хэр хүчтэй байхаас ч хамаарна. Нэг үгээр хэлбэл, тэд бол манай улстай ашиг сонирхлоороо нэгдсэн тал байх болно.

Нөгөө талаас, манай улсын хувьд зайлшгүй анхаарах ёстой нэг асуудал бол үйл хөдлөлийн зан төлөв («behavior») юм. Хийн хоолойг дамжуулагч улс нь нийлүүлэгч талд ямагт эрсдэл учруулдаг. Украин, мөн сүүлийн хэдэн сарын турш Беларусийн гаргаж байгаа үйлдлийг харахад улс төрийн талаар «барьцаанд авах»-ыг оролдох,  эдийн засгийн хувьд үнийн хүлээж авамгүй санал гэнэт тавих зэрэг төстэй талууд ажиглагддаг. Үнийг худалдан авагч талын тарифаар бус, нийлүүлэгч талын дотоод дахь хэрэглэгчийн тарифаар авахыг шаардах зэрэг байдал тогтмол хүндрэл учруулж байна.

Үүний зэрэгцээ  дамжуулагч улсын дотоод улс төрийн байдал тогтворгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ. Иймээс нийлүүлэгч ч, хэрэглэгч ч, дамжуулагч улсгүйгээр шууд хоолой татах бүх бололцоог хайх нь зүй юм. Монгол Улсын дотоод нөхцөл байдал, гадаад бодлогын залгамж чанарт «эргэлзэх» байдал ямар нэг хэмжээгээр арилсан болох нь ОХУ-ын ерөнхийлөгчийн байр сууринаас харагдаж байгаа гэж хэлж болно. Тиймээс улс төрийн гацаа нийлүүлэгч талдаа арилсан гэж үзэх үндэслэлтэй юм. Харин манай улс өөрийн хэрэгцээний бүтээгдэхүүнийг худалдан авах зан төлөв тогтвортой, өөрөөр хэлбэл эдийн засгийн эрсдэл байхгүй гэх итгэл ОХУ, БНХАУ-д аль алинд нь төрсөн цагт энэ төслийн «ногоон гэрэл» аслаа гэж үзэх үндэслэлтэй тул үүнд илүү анхаарч, хөршүүддээ хоёрдмол утгагүй, ойлгомжтой «дохио», «мессеж»-үүдийг тодорхой агуулгатайгаар, мөн  давтамжтайгаар өгч байх нь чухал юм.

(1) Встреча с Председателем КНР Си Цзиньпином и Президентом Монголии Халтмагийн Баттулгой. http://kremlin.ru/events/president/news/60753

(2) Перспективные лицензионные участки Восточной Сибири и Республики Саха (Якутия), АО «Росгеология», 2017 

(3) https://www.eia.gov/international/analysis/country/CHN 


«Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна» 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга


«Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой»

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин


«Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байна» 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)