Ж.Гомбожав: УИХ мэдлэг боловсролоо дээшлүүлэх дамжаа биш

- ЗАСГИЙН ГАЗРАА ӨӨРЧЛӨХГҮЙ БАЙЯ, ХУУЛЬД НИЙЦҮҮЛЬЕ ГЭВЭЛ ЯАРАЛТАЙ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ -

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа.


-Энэ жилийн сонгуульд оролцох нам, эвсэл тодорхой болоод байна. Түүхэнд байгаагүй их буюу 208 бие даагч нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ. Үүнд төр түшилцэж явсан эрхмүүд ч байна. Цахим ертөнцөөр олны анхаарлыг татах гэж оролдохоос өөрцгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй нөхдүүд ч байх юм. Тэдгээрийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ жил сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч оролцоно гэж байна. би үүнийг хоёр талаас нь харж байгаа. нэгдүгээрт, одоогийн уих, Засгийн газар, төрийн алба хашиж байгаа хүмүүст ард түмний итгэх итгэл алдарсан юм байна. нэг үгээр хэлэхэд, тэднийг голж, чамлаж байна. Тиймээс олон нам, хүмүүс нэр дэвших саналаа илэрхийллээ. хоёрдугаарт, Монгол улс төрөө боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэх шаардлагатай болжээ гэдгийг мэдэрсэн хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн юм байна. Энэ нь их сайн үзүүлэлт. Би энэ хоёр талаас нь харж, олон нам, эвсэл, хүн нэр дэвшиж байгааг огт буруушаахгүй байна.

-Хэдий тийм ч огт харагдаж, дуулдаагүй, улс орон нийгмийн сайн сайхны төлөө юу ч хийгээгүй хүмүүс нэр дэвшинэ гэж байгаа нь төрийн босго хэт намхан байгааг харуулж байгаа хэрэг биш үү. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой, УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм бэ?

-Нэр дэвших хүмүүс УИХ-ын гишүүн гэж хэн бэ, тэр юу хийдэг вэ гэдгийг сайн мэдсэн байх учиртай. Мэдэхгүйгээр нэр дэвших гээд явж байна гэж бодохгүй байна. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайлан маягтай зүйлийг яриад байна. Үүнээс нь УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллачихсан хүмүүс хийх ажлаа мэдээгүй, мэддэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлогыг тодорхойлдог. Төрийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл нь хууль байдаг.

Хууль ард түмний эрх ашиг, бусад улс орны зиндаанд нийцэж байна уу гэдэгтээ холбож аливаа улс бодлогоо тодорхойлдог. Түүнийг л боловсронгуй болгохын төлөө ажиллах ёстой хүн нь УИХ-ын гишүүн. Гэтэл өнөөдөр гишүүд тэнд зам тавиулж, цэцэрлэг, сургууль барьсан, утаа униар багасгасан гэсэн аж ахуйн шинжтэй зүйлүүд ярьж байна. Түүнийг Засгийн газар, Нийслэлийн Засга дарга, цаашлаад хороо, багийн дарга нар хийх ёстой. УИХ-ын гишүүн ямар нэгэн аж ахуйн ажил хийж, хэн нэгнийг томилох ёсгүй. Хэд гурван төгрөгийг хуваалцахыг мэдэх ёсгүй. Улс жилийн болон дунд хугацаанд ийм хэмжээний мөнгө үйлдвэрлэнэ, түүнийг ийм зүйлсэд зар гэх бодлогыг л УИХ-ын гишүүн тодорхойлж оруулж байх ёстой юм.

Тэгэхээр УИХ-д ямар хүн сонгогдох ёстой вэ гэдэг хэмжээгээ мэдэх хэрэгтэй. УИХ гэдэг дадлага хийх газар биш, дөрвөн жилийн хугацаатай мэдлэг боловсролоо дээшлүүлэх дамжаанд очиж байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийнхөө сүлд, далбаанд тангаргаа өргөөд л шууд хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажил руугаа ордог төрд бэлтгэгдсэн хүн байх ёстой юм. Тэр хүн боловсрол мэдлэг өндөр, алсын хараатай, Монголоо гэсэн сэтгэл, зүтгэл, зоригтой хүн байх учиртай.

-Тэгвэл өөрөө ч төлөвшөөгүй хүмүүс УИХ-д орох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Эсвэл УИХ-д орох өөр шалтаг шалтгаан тэдэнд байна уу?

-УИХ-ын гишүүн гэдэг юу хийдэг, ямар шалгууртай байдаг юм бэ гэдгийг харж, хэмжээгээ мэдэж байж нэрээ дэвшүүлэх ёстой. Нам, эвслүүд тийм хүмүүсийг сонгож нэр дэвшүүлэх хэрэгтэй. Би энэ шалгуурт нийцэж байна гэж бодсон л бол ард түмний шүүлтүүр ч очих ёстой юм.

-УИХ-д ихээхэн эрх мэдэл төвлөрчихсөн учраас ашиг хонжоо харж нэр дэвших болсон нь нууц биш. Энэ удаад ч гэсэн төр түшилцэх гэхээсээ илүү хэн нэгнээс өшөө авах, эсвэл өөрт ашигтай байдлыг бий болгох санаархлаар нэр дэвшээд байх шиг харагдаж байна л даа.

-Маш зөв зүйтэй асуулт тавьж байна. 2000 оноос хойш УИХ, Засгийн газрын гишүүн болвол баяжиж, хөрөнгөжиж болох юм байна гэдэг үзэл хавтгайрчихлаа. Энэ нь хоёр талтай байна. Нэгдүгээрт, нэр дэвшигчид би тэр тойрогт нэр дэвшээд гарч ирж чадвал хувийн бизнесээ хамгаалж чадах нь, хөрөнгө мөнгөтэй болчих юм байна гэж бодох болсон. Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдээс мөнгө төгрөг нэхдэг.

Би 2020 оны сонгуульд асар их ач холбогдол өгч байна. Өнгөрсөн 20 жилийн алдаа завхралыг арилгахад энэ удаагийн сонгууль шийдвэрлэх нөлөө үзүүлээсэй. Төрийн өндөр албан тушаалд шигдэж, түмний хөрөнгөнөөс хумсалж авдаг хачиг хувалзнуудаас салмаар байна. Ийм хачиг, хувалз манай төрд үүрлэчихээд салж чадахгүй 20 гаруй жил боллоо.

-Тэдгээрт та ямар хүмүүсийг багтааж хэлэх вэ?

-Ард түмний хөрөнгөөс сорж байгаа хувалзнууд зөвхөн ЖДҮ-чид биш. Хүмүүс ганцхан ЖДҮ-чдийг онцлоод байдаг нь явцуу ойлголт юм. Үүнд төрийн албан тушаалыг наймаалцагчид, концесст холбогдогсод багтана. Концессийг 2016 оны сүүлээр их ярьдаг байсан ч өнөөдөр зарим нэг хүн алдаг оног л ярьдаг болжээ. Оффшорчид, газрын наймаачид, элдэв зөвшөөрөл олгогчид, ял завшуулагчид ч орно. Өнөөдөр цагдаа, шүүхийн дарга нар дотор хөрөнгөжөөгүй, хаус авч, 570 унаагүй хүн бараг л үлдсэнгүй дээ. Түүнчлэн хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд тавьж, тэд нараараа дамжуулж дам байдлаар хөрөнгө мөнгө завшдаг хүмүүс бий. Хууль гэрээ хэлцэл хийхдээ гадныханд үйлчилдэг хүмүүсийг ч энд дурдах хэрэгтэй. Тэд үндэстэн дамнасан кропорациуд, гадны нөлөө бүхий этгээдүүдийн захиалгаар хууль хийж, гар хөл нь болдог.

Бүхэл бүтнээр нь биш ч үг, өгүүлбэр өөрчлөх маягаар хуульд өөрчлөлт оруулдаг. Мөн дуулиант хэргүүдийн нотлох баримтыг ямар нэгэн хэмжээгээр мэдэж байгаа хэрнээ түүнтэй тэмцэл хийхийн оронд өөрт нь хэрэгтэй нөхцөл байдал бүрдсэн үед шударга хүн бол ярьж, нэр хүндээ өргөдөг хүмүүс ч төрд шигдсэн хувалз юм. Би бүгдийг тоочсонгүй, арван жишээг л дээр онцолж хэллээ. Энэ хүмүүсийг төрд яасан ч шургуулж болохгүй. Тийм учраас сонгогчид зөвхөн ЖДҮ, 60 тэрбум гэж харах бус өргөн хүрээнд харж, сонголтоо хийх хэрэгтэй. Миний хувьд МАН-ын гишүүн, намаас дэвшүүлсэн хүнийг сонгоно гэж бодож байгаа боловч энэ 10 шалгуурыг даахгүй хүн нэр дэвшвэл сонгохгүй.

Ер нь үүнтэй холбоод хэлэхэд сүүлийн хоёр сонгуульд төрийн аппарат данхайчихсан. Намайг УИХ-ын дэд даргаар ажиллаж байхад УИХ 100 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо УИХ-ын гишүүн бүр дөрвөн туслахтай, байнгын хороо бүр долоо, найман зөвлөхтэй болж. Тооцоод үзэхэд 400 гаруй хүн УИХ-д ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт ч мөн ялгаагүй орон тоо нэмэгдсэн. Үүнээс болж төрийн албаны залгамж чанар алдагдсан. Төрд мэргэшсэн албан хаагч байхгүй, сонгуулиас сонгуулийн хооронд солигдсон байдалтай байна. Би 20 гаруй жил аймгийн дарга хийсэн хүн. Тэр үед ЗГХЭГ салбар хариуцсан нэг л референт байдаг байв. Тэд олон жил ажилласан дадлага туршлагатай, тухайн салбарынхаа амьд лавлах нь байсан юм. Үүнд одоо ажиллаж байгаа хүмүүс буруутай юм биш. Төрийн тогтолцооны гажуудал ийм байдалд хүргэж байгаа юм.

-Та энэ жилийн сонгуулийн өнгийг хэрхэн харж байна. Энэ сонгуулийн үр дүнгээс юу хүлээж байна вэ?

-Төрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр Монгол Улс зөв голдиролдоо орохгүй. 1992 онд бид Үндсэн хуулийг батлахдаа хэд хэдэн алдаа хийсэн. Үүнийг сүүлийн нэмэлт, өөрчлөлтүүдээр засаж чадсангүй, харин ч гүнзгийрүүлчихлээ. Тиймээс одоогийн гарч ирэх 76 төрийн тогтолцоог өөрчлөх хүмүүс байх хэрэгтэй. Манай Монгол Улсад хоёр танхимтай парламенттай байсан хоёр удаагийн тохиолдол бий. 1990-1992 онд хоёр танхимтай парламенттай байх үед би АИХ-ын даргаар ажилласан. Тэр үед УБХ-аас ирсэн хуулиудыг дээд танхим хянах бололцоотой. УБХ-ын буюу АИХ-ын депутатууд дотроос ёс зүй, хууль зүйн ямар нэгэн гажуудал, зөрчил илэрвэл дээд танхимаас тэр хүнийг эгүүлэн татдаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй өндөр албан тушаалын арваад хүнд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байв. Харин бид 1992 онд нэг хүний захиргаадалтаас салах гэдгийг илүүтэй бодож Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөх 76 нь хэмжээлшгүй эрхтэй, хяналтгүй төр болоод хувирчихсан. Тиймдээ ч өнөөдрийн УИХ гэмт хэрэгтнүүд, ёс зүйн алдаа гаргасан хүмүүсийн үүр болж хувирсан. Ийм зүйл болж магадгүй гэдгийг тэр үед бодоогүй биш бодсон байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийг байгуулж, Үндсэн хуульд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавья гэж шийдсэн. Гэхдээ Цэцийг байгуулахдаа бид хоёр том алдаа хийсэн байна. Тэр нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс тус бүрээс санал болгосон гурван хүнээс Цэцийн гишүүдийг бүрдүүлж байгаа явдал. Учир нь санал болгож дэвшүүлсэн субьектдээ ямар нэгэн хэмжээгээр үйлчилж байгаа тохиолдол өнгөрсөн хугацаанд маш их ажиглагдлаа. Үүнээс болж Үндсэн хууль бичигдсэнээрээ хэрэгжихгүй байна. Хоёрдугаарт, Цэцэд Үндсэн хуулийн эрхийг нь дутуу өгч, дүгнэлт л гаргадаг болгосон.

Дүгнэлтийг нь хэлэлцсэн ч юм шиг, үгүй ч юм шиг. Заримдаа Цэц тодорхой бүлэглэлийн эрх ашигт зориулсан дүгнэлт гаргаж байх шиг. Ер нь Цэцийн гишүүдээр хууль зүйн мэдлэгээрээ Монголдоо шалгарсан, ахмад гишүүдийг тавихгүй байгаа нь алдаа болж байна. Бусад улс оронд тэтгэвэрт гарах насны хүмүүсээ энэ албанд томилдог жишиг бий.

Бидний Үндсэн хууль хийхдээ алдсан хоёр дахь алдаа бол хууль хяналтын байгууллагуудын ажиллах зарим гол заалтыг дутуу хийсэн явдал. Үүнээс үүдэн Дээд шүүх, Улсын прокурор зэрэг байгууллагуудад төрөөс тавих ямар ч хяналтгүй болчихсон. Ард түмнээс дээгүүр эрх ашигтай шүүх, прокурорын байгууллага энэ Монгол Улсад байх ёсгүй. Ард түмний эрх ашигт захирагдсан байгууллага байх ёстой юм. Үүнийг дутуу орхисноос болоод ял завшихсад Монголын төрийн гол өндөрлөгүүд дээр бугшсан байна. Энэ бүхнийг бид энэ жилийн сонгуулиар арилгах ёстой. Тэд тогтолцооны өөрчлөлт буюу Улсын Бага хурал, Ардын Их хуралтай болгох хэрэгтэй. Дээрээс нь Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Өнөөдөр иргэд төрийн түшээ болох хүнээ сонгох эрхгүй, хуулиар хязгаарлачихсан байна. Мөн Намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой. Энэ намууд гуравхан сая хүнтэй Монголыг 36 тийш нь хувааж, талцуулж байна. Үндсэндээ бидэнд хоёр нам байхад л болно. Ер нь энэ удаагийн сонгуулиар МАН, АН-аас нэр дэвшүүлэх хүмүүсээс Монгол орны хувь заяа ихээхэн шалтгаална. Мэдлэг, чадвартай хүмүүсээ дэвшүүлчихвэл сонгогчид бид тун дуртай дэмжих болно. Хэрэв үгүй бол гарч ирсэн нөхөд өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадахгүй.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад асуухад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газар огцорч, түр зуурын, туршилтын гэж хэлж болохоор Засгийн газар байгуулагдах уу?

-Манай төрийн түшээд ямар болчимгүй, алсын хараа, бодлогогүй зүйл хийдэг юм бэ гэдгийн тодорхой жишээ нь энэ л дээ. Яагаад УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сард болно гэж тооцолгүй Үндсэн хуулийн хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25 гэж гаргачихав. Үндсэн хуулиас хүчтэй хууль гэж үгүй. Үндсэн хуулиа дагая, бид хуультай орон юм гэж үзэж байгаа бол Засгийн газар огцрохоос өөр аргагүй. Уг нь бол тийм зүйлийг цар тахал гарчихсан энэ үед хиймээргүй байгаа юм. Үүнээс гарах ганц л арга бий. Тэр нь Ерөнхийлөгчийн уриалга ч биш.

Ганцхан коронавирус гарсантай холбоотойгоор онц байдал зарлах явдал. Үндсэн хуульд Онц байдал зарласан бол түүний хор уршиг арилсан цагт сонгууль хийх заалт бий. Засгийн газраа өөрчлөхгүй байя, хуульд нийцүүлье гэвэл яаралтай Онц байдлаа зарлах хэрэгтэй. Улмаар цаг сайхан болоод ирвэл аравдугаар сард орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийг явуулбал ард түмэн, төрд илүү хэрэгтэй.

О.Ариунцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (150.129.141.132)

    2020-05-15

    Энэ зөнөг өвгөн зайлаа

  • Зочин (192.82.72.208)

    2020-05-14

    Гарчиг нь ёстой оножээ. Зарим нэгэн нэр дэвшигчид тодорхой эрхэлсэн ажилгүй гэсэн байна лээ. УИХ-д сонгогдож ажилтай болох гэсэн зорилготой гээд ч байгаа юм шиг.