Ш.Хишигсүрэн: Новш гэж хараамаар байна
- 2020-05-21
- Нийтлэл
- 1
"Новш" гэж хараамаар юм бол Монголд байгаа баян хоосны ялгаа. Ядуу амьдрал гэдгийг заавал элдэв дээдийн онол, тодорхойлолтоор маяглаад байлгүй бүгд мэднэ. Багахан ханатай, бүүдгэр гэрэлтэй эсгий гэр, дотор нь томоос жижиг рүүгээ бие биенээ тас тэврээд суучихсан олон жаахан хүүхдүүд, галын өмнө бөгтөлзөх үхтлээ зүтгээд ч амьдрал нь сайжрахгүй байгаа хөөрхий эмэгтэй. Ядаж байхад эрчүүд нь дандаа хаяад зугатчихсан байдаг. Ийм л дүр төрх голдуухан ядуу амьдралтай иргэд асар их баялагтай манай улсад НЭГ САЯ ГАРУЙ байна гээд та бод доо.
Энэ улсын гурван хүн тутмын нэг нь ядуу. Гэтэл бид тэднийг мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарсаар гучин жил болжээ. Хааяа хараад халагладаг ч тэгсгээд мартчихдаг. Ямар ч төр засаг, ямар ч ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга, олон зуун гишүүдээс хэн нь ч ядуу ард түмнээ ядаж хүний дайтай амьдруулах арга бодож олоогүйг 200 хувийн баталгаатай хэлчихье.
Тэгчихээд битгий өөрсдийгөө юм хийсэн, хэлэх юмтай гэж новшроод байгаарай та нар гээд нэмээд агсарчихая. Одооны засгийн газар нь ч гэсэн дээ. "Корона вирусын үеэр нэг сая ядуу иргэн маань хэцүүдлээ. Тэднийгээ тэгж ингэж бөөцийлнэ" гэсэн үг өгүүлбэр хэлсэн үү. Хэлсэн бол доор биччихээрэй. Дандаа л цалин аваад болоод бүтээд байгаад нь л тэгж ингэж юм өгнө, тийм ийм татвараас чөлөөлнө гэсэн биз дээ. Яагаад гэвэл цалинтай, ажилтай хүмүүс хэл ам хийгээд явах магадлал өндөр, үнэхээр ядуу хүн бол дандаа юмны ард дуугүйхэн хаягддагийг нь мэддэг учраас дээрэлхэж байгаа нь тэр.
Өмнөхүүд нь ч гэсэн ийм аргаар явсан болохоор ам ташсан хэрнээ арван гурав гэгчээр бүх засаг тэгсэн юм. 2020 онд сонгууль болвол нэр дэвших "морьдод" хандаад хэлчихье. Чамд нэг сая ядуу иргэнийг хүний дайтай амьдруулчих "тодорхой, тасархай" төлөвлөгөө байхгүй л бол чаг чаг хийгээд байлгүй нэрээ татаарай гэж. Мөн нэмж хэлэхэд ямар ч гэм зэмгүй атлаа өлсөөд, зовоод уйлж байгаа хүүхдийн дууг сонсоод хоол хоолой давахаа байж, гуниглаж, уйтгарладаг сэтгэл зүрх надад байна уу гэж өөртөө тест хийгээд юм мэдрэгдэхгүй бол чи хэзээ ч улс төрч биш гэдгээ мэдээд авчихаарай даа. Учир нь чи таван үгэндээ л танигдах учраас чамайг хэн ч тоохгүй....Улсын эмнэлэгт үйлчлэгч хийгээд цөөн хэдэн юм авдаг бүсгүй 6 нас, 8 нас, 11 настай гурван охинтой, нөхөр нь 8 жил амьдраад салчихсан. Цалингаа хоёр хувааж авахдаа 10 мянгаар автобусны карт, 20 мянгаар цахилгаан, 30 мянгаар гэрийн түрээсээ өгөөд үлдсэнээр нь түлээ нүүрс, гурван охиндоо хоол унд аваад таарна. Тэднийгээ өлсгөхгүйн тулд л жирийгээд байна. Гурван жаахан охин үзье гээд солиод өмсөх хувцасгүй болов. Гэхдээ энэ жаахан, дэндүү жаахан гурван охин ярьж байна. "Ээжээ, мөнгөгүй хэцүү байгаа юм чинь бид гуравт хавар болохоор нэг нэг пудволк л аваад өгчих" гэж. Ээжийн гол зурагдах шиг болов. Энэ ердөө хоёр гурав хоногийн өмнөх яриа шүү. Тэгээд ээж нь 11,8,6 настай охин хүүхдийн муу ч хамаагүй хувцас байвал өгөөрэй гэж олон нийтэд цахимаар хандсан байна лээ. Ийм жишээ цахим ертөнцөд өдөрт хичнээн их явдаг билээ.
Өнөөдөр эрх чөлөөт, хэмжээгүй их баялагтай Монгол улс ийм л байна. Харин эцэст нь хэлэхэд Монголд Билл Гейтс шиг сэтгээгүйг сэтгэж, бодоогүйг бодож, хийгээгүйг хийж, төр засгаас төсөл тендер авалгүй тэрбумтан болсон бизнесмэн бараг байхгүй шүү. Мөн ийм баян байж үр хүүхэддээ мөнгө хөрөнгө өвлүүлэхгүй гэж Билл Гейтс шиг зарласан нэг ч хөрөнгөтнийг сонсоогүй шүү. Билл Гейтсийн "Чамайг баян болгож өгсөн нийгэмд чи авснаа буцааж өгөх ёстой" гэсэн үгийг эрхбиш уншсан байлгүй дээ.
Миний мэдэхийн л хувь заяагаар баян болоогүй хулгайгаар баян болсон хүмүүс дүүрэн байна. Ийм хүмүүсийг танихад амархан. Нарийн гэж бүр авах юм байхгүй. Юм үзээгүй ийм хүмүүсийг "Үгээгүй баячууд" гэдэг л дээ. Ядарсан зүдэрсэндээ тусална гэж гонжийн жоо. Хамгийн инээдтэй нь амьдралаас явахад арван хуруундаа алтан бөгж зүүгээд, булган дахаар хучуулаад, том жипэн дотроо, хаусныхаа "поорчигийг" ч болох нь ээ тэврээд талийхгүй гэдгээ мэддэг шинжгүй. За ингээд ядарсан зүдэрсэн нэгнээ харах гунигтай байна. Тэгээд л баахан бухимдчихлаа. Монголчуудаа "амьд амьдраарай". Бие биенээ, ядуу ядруугаа тэтгэж яваарай. Та бид нэгэн гэр бүл шүү.
Соён гэгээрүүлэгч сэтгүүлч Шархүүгийн Хишигсүрэн
Сэтгэгдэл (1)
(85.49.124.54)
Ene 2 nam zailj, turd bolovsroltoi, ichdeg bulchintai, medlegtei zaluus garval mongolyg hugjvvleh ih amarhan wm sh dee. Aryn haalgagvi, tanil talgvi, korruptsgvi bolbol hvmvvsiin amidral deeshilnee