УИХ-ын гишүүн, нэр дэвшигчдээ шүүх нь барьж хорьж байсан тохиолдол өмнө нь гарч байсангүй

МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шүүхээс шаардаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд захирамж гаргаж, цагдан хорьсон. Тэгвэл Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг өчигдөр шүүн хэлэлцээд, шүүх хурлыг зургадугаар сарын 22-ны 11.00 цаг хүртэл хойшлууллаа.

 

 

Тэр болтол нэр дэвшигч Ж.Эрдэнэбат сонгуулийн сурталчилгаагаа хийхгүй, хоригдсон хэвээр байх ажээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа.

Мөн АН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт болон 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд нарыг тус бүр 10 тэрбум, 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайханыг 2 тэрбумын барьцаа байршуулах шүүхийн шийдвэр гараад байна. Шүүхээс тэднийг энэ барьцаа хөрөнгөө хугацаанд нь байршуулаагүй тохиолдолд цагдан хорих аж. Тэдний хийсэн гэмт хэргийн зөв буруугийн эцсийн шийдвэрийг шүүх гаргах учраас энэ тухай ярих гэсэнгүй. Гагцхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж байгаа болон төрийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хуулиар хүлээсэн эрхэнд халдан, тэдний сонгогдох, ард түмний сонгох эрхэнд халдаж байгаад асуудал байгаа юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах....-ыг хориглоно.” 14 дүгээр зүйлийн 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад...-д төрийн албан хаагчид...болон бусад эттээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилсанаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 23 зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1-д ‘Тэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримтгай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” бол Улсын Их Хурал шийдвэрлэх талаар мөн зааж өгчээ. Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж хуульчилсан байна.

Гэтэл шүүх эдгээр хуулийг улайм цайм зөрчин, өмнө байгаагүй их мөнгө буюу 10 тэрбум төгрөг барьцаа болгон байршуулахыг шаардаж, шаардлагыг богино хугацаанд биелүүлэхгүй бол цагдан хорьж байгаа нь хуулийн завхрал, гажуудал юм. Шүүхийн энэ үйлдлийг хуульчид “Нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан шүүгчид УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна” гэж үзэж байна.

Тухайлбал, ХЭҮК-ын дарга асан, хуульч Ж.Бямбадорж эрх зүйт төртэй ардчилсан Монгол Улсад хэдэн шүүгчийн хууль бус, дураараа аашилж, хүний эрхийг ноцтой зөрчин, Монгол Улсыг гадаад, дотоодод шившиг болгож шүүх, шүүгчийн нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллаж, уучлалт гуйхыг шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж нарт хүсэлт, шаардлага хүргүүлэв. Тэрбээр “Монгол Улсын Эрүүгийн хуулийн торгох ялаас хэд арав дахин илүү хэмжээтэй барьцааны мөнгө тогтоож, түүнийгээ биелүүлэхийг даалгасан шийдвэр гаргалаа. Энэ онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ээлжит тайлангаа тавина.

Шүүгчдийн хүний эрхийг ноцтой зөрчиж, гаргасан хууль бус шийдвэрээс болж Монгол Улсад маань улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна” гэжээ.

 

Ингэж Үндсэн хуулиар олгосон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж, хууль ёсыг завхруулж буйн цаана ямар ашиг сонирхол байна вэ? Монголын сонгууль хэчнээн хэрүүлтэй болдог ч ингэж нэр дэвшигчид, УИХ-ын гишүүнээ барьж хорьж байсан тохиолдол гарч байсангүй.

 

С.Дагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай