Түүхэн соёл иргэншлүүдийн тулгаралт
- 2020-06-24
- Нийтлэл
- 0
Жао улс-Жуншань улсын дайнд буюу Жао-Ху нарын дайны энэ цаг үед нангиадын их цэргийн Ли Му хэмээх жанжин тодрон гарсан бол хожмын Хүннү улс байгуулагдах үе буюу Түмэн шаньюй, Моодун шаньюйн цаг үед нангиадын Хан улсын их цэргийн жанжин Мэн Тянь Хүн-Хангийн ужиг дайны түүхэнд тодрон гарсан байдаг. Зөвхөн нэг удаагийн тулалдаанд тэрбээр Хүннүгээс байлдааны морин тэрэг 1300, морин цэрэг 13 мянга, явган цэрэг 50 мянга, нум сумт цэрэг 100 мянгыг олзолж байжээ. Ли Му жанжин энэ тулалдаанд “Хүннүгийн хувцад өмсч, морь унан, нум сумаар харвалдаж сурсан” цэрэг армийг хэрэглээд зогссонгүй, Хүннүгийн байлдах арга урлагийг сурамгай ашиглаж хэрэглэсэн нь амжилтанд хүргэсэн байна. Ли Му жанжин улам давшин явж Ойн Ху аймгийн үлдсэн хэсэг, бас Зүүн Ху аймгийг довтлон дайлж улам холтгон хөөжээ. Энэ бүхнээс дүгнэхэд нүүдэлчдийн байгуулсан анхны төр төст улс болох Жуншань улс хэмээх аймгуудын холбооны хэлбэртэй өвөрмөц нэгэн улсын бүрэлдэхүүнд Хүннүчүүд явж байснаар барахгүй энэ улсын гол цөм нь болж байжээ гэж үзэхэд хүрч байна. Жуншань улс нь хожмын Хүннү улсын нэг адил олон угсаатнаас бүрдсэн, бас хожмын Хитан улсын нэг адил нангиад-нүүдэлчид холилдсон, нүүдлийн ба суурин соёл иргэншил хосолсон улс байжээ гэж үзэж болно. Ийм улсыг Л.Н.Гумилев "семи-этнос" буюу "холимог угсаатан" гэж нэрлэсэн билээ. Харин хожмын Хүннү улс, Хүн гүрнээс бага жижиг улс байсан бололтой. Учир нь эртний хятадын түүхийн сурвалжид Жуншань улсыг "мянган тэрэгт бага улс” гээд харин өөрсдийн Жао улсыг “түмэн тэрэгт их улс” гэж нэрлэсэн байдаг. Энэ нь байлдааны морин тэргийг хэлж байгаа хэрэг.
Нүүдэлчид байлдааны морин тэрэг хэрэглэх нь бага, цэрэг дайчин бухэн тус тусдаа агт хүлэгтэй байдаг бол хятадууд агт морь цөөхөн тул нэг бол байлдааны морин тэргэн дээр олуулаа сууж явдаг, эс бол явган цэрэг олонтой байсныг үүнтэй холбон үзэж болно. Тиймээс байлдааны тэрэг хэд хэчнээтэй байснаар нь тухайн улсыг том, жижиг байсан гэж үзэх нь учир дутагдалтай. Дээр дурдсанчлан нүүдэлчдийн цэргүүд бүгд морьт цэрэг болохоор байлдааны морин тэрэг хэрэглэх шаардлага бага байсан гэж ойлгож болно.
Геополитикийн бодлогын үүднээс өгүүлэхэд ерөөсөө энэ цаг үеийн угсаатан, үндэстэн, улс аймгуудын хоорондын энэ мэт харилцаа, үйл явдлуудыг зөвхөн тухайн зурвас цаг үеийг нь сугалан авч үзэх биш, харин түүхийн нэлээд урт удаан хугацааны өнгөн дээр ээлж дараатайгаар буулган авч үзэхэд олон асуудап тодрон ирнэ. Тухайлбал МТӨ II-I мянган жилийн туршид Төв Азийн энэ бүс нутагт нүүдэлчин хийгээд суурин соёл иргэншлийн хооронд геополитикийн бодлого явагдаж, нүүдэлчин ард түмнүүд ямагт суурин ард түмний түрэлтэд өртөн, физикийн ойлголтоор бол төвөөс зугтах хүчний үйлчлэлд автаж, бүс нутгийн зах хязгаар руу түрэгдэн холдож байсныг улс хоорондын харилцааны ойлголтоор авч хэлбэл суурьшмал хятад үндэстэн хөгжин хүчирхэгжиж, нийгмийн доод шатнаас дээд шат руу дэвшин орж, хүн ам нь өсч олшрохын хэрээр газар нутгаа өргөтгөн тэлэх хэрэгцээ шаардлага гарч ирсний дагуу нангиадын олон ханлиг улс хоорондоо нэгдэн нийлж хүчирхэгжих тусам улам эрчтэй хэрэгжих болсон үйл явц өрнөсөн байна. Үүнийг нөгөө талаас нь Соёл иргэншлүүдийн тулгаралт, түүний дүнд явагдсан Соёл иргэншлийн түрэлт гэсэн ухагдахуунаар ойлгож болно. Ойлгомжтой байх үүднээс саяхны хэрэг явдал болох Европчууд Америк тивийг эзэгнэн суурьшсан түүхэн үйл явцын жишээн дээр тайлбарлая. Европчууд Америк тивд хөл тавихаас өмнө тэнд овгийн байгууллын үе шатанд байсан индианчууд овог отгоороо сүрэглэн аж төрдөг байжээ. Тэд аймгийн байгууллын түвшинд ч хүрээгүй байсан хэрэг. Тэд газар тариалан эрхэлж байсангүй, мал аж ахуй ч эрхэлж байсангүй, зөвхөн ав гөрөө эрхлэн агнасан мал амьтныхаа махаар нь хооллож, арьс шир, үс ноосоор нь хувцаслан, энэ маягаар хэдэн мянган жилийг туулан ирсэн ажээ.
Ингэж үзэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл Төв Азиас анхны хүмүүсийн Их нүүдлийн цуваа хэд хэдэн удаа болж өнгөрсний сүүлчийнх нь одоогоос 7 мянган жилийн өмнө болсон гэж үздэг. Төв Азийн нүүдэлчид Америк тивийг нээгээд төчнөөн хугацаа өнгөрөхөд индианчууд овгийн байгууллын түвшинд л байсаар иржээ. Юу ч өөрчлөгдөж хувирсангүй, хөгжиж дэвжсэнгүй. Яагаад ингэв? гэж асуувал олон янзын хариу, дүгнэлт таамаглал дэвшүүлж болохын дотор нэлээд бодитой гэж үзсэн зарим таамаглал бол нэгдүгээрт: Америк тивд хүрч очсон индианчуудад өөр хөгжингүй соёл иргэншлийн тулгаралт тохиолдсонгүй.
Энэ бол их чухал хүчин зүйл бололтой. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн дэргэд хөрш зэргэлдээ хэд хэдэн том соёл иргэншил зэрэгцэн оршиж тодорхой хэмжээгээр харилцаж байсан нь нүүдэлчин ард түмнүүд тэднийг дагаад хөгжиж хувьсах, улмаар Нүүдлийн соёл, Нүүдлийн соёл иргэншил үүсч бүрэлдэх үйл явцад түлхэлт болж өгсөн төдийгүй хожим хойно нь өөрийн соёл иргэншлийн нөлөө хүрээнд хаман оруулах гэж оролдох болжээ. Энэ байдал нь тэднийг хурцлан ирлэж, өөрийн гэсэн өвөрмөц соёл, соёл иргэншлээ улам хөгжүүлэн чадваржуулж авч явахын төлөө байнгын зүтгэл тэмцэлд хүргэсэн нь эргээд тэдний нийгмийн хөгжил дэвшилд нааштайгаар нөлөөлжээ. Үүний дүнд нүүдэлчин ард түмнүүд хүй нэгдлийн болоод овгийн байгууллаасаа салж хүмүүсийн нийтлэгийн илүү дэвшилтэт хэлбэр болох аймгийн холбооны түвшинд хүрч, аажмаар бас улс байгуулж улсыг удирдан жолоодох төрийн анхдагч хэлбэрүүдийг бий болгосон байна.Яагаад нүүдэлчин ард түмнүүд ийм түвшинд хүрч чадав? гэхүл мөн л олон хүчин зүйл нөхцөлдөн нөлөөлсний дотор гадаад хүчин зүйлүүд гэхэд л зэрэгцэн оршиж байсан хоёр өөр хүчирхэг соёл иргэншлийн нөлөө тусгал нь нийгмийн хөгжлийн хурдасгуур, хурдасгагч хүчин зүйл болж өгсөн нь дамжиггүй биз ээ. Тэр хоёр өөр соёл иргэншлийн нэг нь өмнө зүгт оршиж байсан нангиад иргэдийн бий болгосон суурьшмал тариачны соёл иргэншил, нөгөө нь өрнө зүгээс нөлөөлсөн Скифүүдийн зөөж авчирсан Өрнийн соёл иргэншил юм. Тэгвэл Америкийн уугуул иргэдэд ингэж нөлөөлөх хүчин зүйл байсангүй. Бүгдээрээ адилхан нэг л түвшинд байсан нь бусдаас суралцах, бусдаас илүүг бүтээх бүтээлч идэвх өрнөх нөхцөл үүсгэх боломжгүй байжээ. Тийм л учраас индианчууд Төв Азиас нүүхдээ ямар түвшинд байсан, тэр л түвшиндээ мянга мянган жилийг туулан ирсэн хэрэг байлаа. 7 мянганы тэртээд Азид ч тэр, мал аж ахуй, газар тариалан аль аль нь дөнгөж үүсч байсан, хөгжингүй түвшиндээ хүрэх болоогүй байв. Тэд зөвхөн ан гөрөө, загас агнуур эрхлэх төдий, өөрөөр хэлвэл бүтээлч үйлдвэрлэгч болоогүй, байгалийн бэлэн юмыг шууд хэрэглэгчид хэвээр байлаа. 7 мянгаас цааших цаг хугацааны дотор дэлхий даяараа л ийм байжээ.
Ийм боломж индианчуудад байсангүй. Тэд мал аж ахуй эрхэлсэнгүй, газар тариалан ч оролдсонгүй. Ядаж л хэдэн саяараа бэлчиж явдаг, намар цагт уулгалан дайрч хэдэн арваар нь авлаж өвлийн идэш болгон үүцэлж хүнсэндээ хэрэглэдэг байсан бизон хэмээх бух үхрийг хүртэл гэршүүлэн тэжээж, сүү саалийг нь авах санаа тэдэнд төрөөгүй юм. Энэ мэтээр Америк тивд үй олноороо байсан буга, хандгай, зээр гөрөөс, аргаль, янгир гэх зэрэг амьтдыг ч “олж хараагүй” аж. Уг нь чингэсэн бол тэд малчин ард түмэн болох байлаа. Ганцхан мустанг хэмээх зэрлэг адууг л гаршуулан тэжээж уналга, ачлагад сурган хэрэглэсэн нь угаасаа хүн гэдэг амьтан адууг их эртнээс гаршуулсны илрэл буюу индианчууд бүр Төв Азид байх үеийн улбаатай хэрэг явдал буй заа. Хоёрдугаарт: Индианчууд дотроо соёл иргэншийн хувьд ялгаран салж тэр чиглэлээрээ хөгжин хувьсч чадсангүй. Гэвч үүнийг үл өгүүлэн гол асуудалдаа эргэн орьё. Дээр дурдсан соёл иргэншлүүдийн тулгаралт буюу өөр соёл иргэншлийн түрэлтийн жишээг бид, Америк тивийн уугуул иргэдтэй тулгарсан Европын соёл иргэншлийн түрэлтээр тайлбарлаж болох байна. Нийгмийн хол зөрүүтэй доогуур түвшинд байсан индианчууд Европчуудыг орж ирэхэд бүх талаараа эн зэрэгцэж чадахгүй байснаас түрэгдэж эхэлжээ. Энэ үгийг шууд ба шууд бус утгаар нь хэлж байна. Үй олноороо, тэгэхдээ хурдан буу, хувцас хунар, архи сархад гээд бүхий л зүйлээрээ түрэн орж ирсэн европчуудад индианчууд газар нутгаа шил архи, ширхэг тамхины төлөө арилжин худалдаж, эсвэл алт мөнгө, эрдэнэс баялгаа өгөхгүй гэсэн ч хүчээр булаалган алдаж эхэлжээ. Тийнхүү Америк тивийн хоёр эх газрыг эзэгнэн аж төрж асан индианчууд өнөөдөр Аляска хавийн алга дарам газартай л үлдсэн билээ. Ийм дүр зураг Төв Азид болоогүй ч үүнтэй төстэй үйл явц олон мянган жилийн туршид явагджээ.
Өмнө зүгт хөрш зэргэлдээ оршиж асан суурьшмал тариачны соёл иргэншлийн давуу хүчин зүйлүүд нэвтрэн ирж нүүдэлчдийн бие сэтгэлийг татан дуудаж, өрнө зүгээс энэтхэг-жагар, араб перс, бас скифүүдээр дамжин грек, ром, мисирийн соёл иргэншлийн нөлөө ч хүрч ирж байв. Гэхдээ өмнө зүгийн соёл иргэншлийн нөлөө хүрээ өрнө зүгийнхээс илүү хүчтэй байлаа. Өмнө зүгийн соёл иргэншлийн түрэлт шууд уггаараа хэрэгжиж байжээ. Энэ бол газар зүйн буюу геополитикийн ойлголт болж хувирч байна гэсэн үг ээ.
Европчууд Америк тивийг эзэгнэхэд гурван зуун жил шаардагдсан бол Хөх мөрөн, Шар мөрний хоорондох ай савд үндэслэсэн нангиад-хятад иргэд өмнө ба умаршаа газар нутгаа өргөтгөн тэлэхэд гурван мянган жилийн хугацаа шаардагдсан болой. Үүнийг бид нийтдээ зургаан мянга шахам жилийн хугацааг хамарсан хоёр үе шатаар ялган үзэж болох байна. Эхнийх нь үе шат бол нэн эрт үеэс буюу МТӨ III мянган жилийн өмнөөс МТӨ III зууныг хүртэлх үе. Энэ бол бидний өгүүлэн буй тэр цаг үе бөгөөд соёл иргэншлийн хувьд нүүдэлчдээс илүү гарч ялгаран хөгжиж эхэлсэн суурьшмал соёл иргэншлийн түрэлт нүүдэлчдэд хүрч эхэлсээр гурван мянган жил болоход нүүдэлчдийн газар нутаг тэн хагастаа хүрч хумигдсан байна. Хоёрдахь үе шат буюу өнөөдрийг хүртэлх хоёр мянган жилийн дотор ч мөнөөх соёл иргэншлийн түрэлт идэвхтэй үргэлжилсэн юм. Соёл иргэншлийн түрэлт гэдэг ойлголтыг зөвхөн газар нуггийн төдийгөөр авч үзэж болохгүй. Түүний дээр аж төрөх ёс, аж ахуй, эдийн засгийн талаар ижилсэх, хүн амзүйн хувьд холилдох, хэл аялгуу, бичиг үсэг нэг болох гэх мэтийн олон чухал ойлголт бүхий үйл явц явагддаг. Тэгээд хүчтэй нь хүчгүйгээ эрхшээх, нэг нь нөгөөгөө уусгах буюу түүхэн урт удаан цаг хугацаа шаардагдах угсаатан үндэстэн алга болох, түүхийн тавцангаас гээгдэх үйл явц үргэлжилдэг болой.
Үргэлжлэл бий
Я.Ганбаатар Доктор орчуулагч
Сэтгэгдэл (0)