Ааваараа дээл урлахыг заалгасан бүсгүй
- 2020-06-25
- Нийтлэл
- 2
Тэрлэгний хээ шиг цэцэгс алагласан зун гэж манайхан ярих дуртай. Тэгвэл дэлгэр зуны өнгийг тодорхойлох мэт цэцгэн хээтэй дээлээр гоёсон нэгэн бүсгүйтэй уулзлаа. Энэ бүсгүйг “Отгон” салоны захирал Г.Отгон гэдэг. Нийгмийн цагаан салхин дунд өөрийн хүч хөдөлмөр, ур ухаанаараа амьдралыг бүтээж зон олныхоо сэтгэлийн гоёлыг урлаж суудаг энэ бүсгүй Улаанбаатар хотын унаган охин. Хотын охид зүү утаснаас хол гэж ярих хүн олон байдаг. Зарим нь бүр хөндлөн хөх зүү барьж үзээгүй гэж ч чамирхах тохиолдол ч бий.
Миний хувийн бодол ч мөн ялгаагүй нийслэлд өсөж төрсөн охид үйлэнд муу гэж битүүхэн голдог байлаа. Гэвч энэ бодол минь өрөөсгөл санагдлаа. “Отгон” салоны босгоор ороход өнгө өнгийн чамин хээ загвартай торго нүдэнд туслаа. Дээлийн шинэ, хүний хуучин гэж үг бий. Энэ их торго хэзээ хувцас болж эзэндээ хүрэх бол гэх ч бодол төрж байлаа. Гэвч Отгон захирал инээмсэглэн “Бэлэн өнгө байдаг болохоор үйлчлүүлэгчид сонголтоо хийгээд л болдог юм.
Одоо цагт бүсгүйчүүд маань үндэсний хэв маягтай хувцсаар их гоёх болсон. Мөн өдөр тутамд ч өмсдөг хувцсаа ч үндэсний хэв маяг шингээсэн загвар дизайнтай байхыг эрхэмлэдэг болсон” гэж ярьж байлаа. Торгоны сайн нэг өөр. Дээл хувцасны чанар түүнээс илүүтэй. Сайхан торгыг эзэндээ төгс зохицсон хувцас болгоно гэдэг юу юунаас чухал санагдана.
Г.Отгон захирлын аав, ээж хоёулаа оёдолчин гэнэ. Нэг үгээр хэлбэл энэ бүсгүй үйлчин гэр бүлд төржээ. Түүгээр ч зогсохгүй анхныхаа эсгүүрийг ааваараа заалгаж, анхныхаа дээлийг аавдаа оёж өгч байсан гэнэ. Охинтой хүн охиныхоо сэтгэл шингэж урласан дээлээр гоёж, сэтгэлдээ жавар тогтохын араггүй дулаахан явсан нь мэдээж. Ингэж л аавынхаа урам бурам хоёроор шагнуулсан айлын отгон охин үйлэнд дурлаж түүндээ амьдралынхаа ихэнх цагийг зарцуулж өнөөг хүртэл торгоны хээ эвлүүлж, утас зүүний учиг эвлүүлж сууна. “Отгон” салоны үндэс суурийг тавихад тийм ч их амар байгаагүй гэдэг.
Улаанбаатар хотод төрж өссөн айлын Отгон охин аав, ээжтэйгээ малчин болохоор хөдөө гарсан гэдэг. Сааль сүүний ажил барагдах биш үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл л хөдөөний ажил ундарна. Гэхдээ Г.Отгонд энэ бүхэн тийм ч их тээртэй биш байсан гэдэг. Их ажлын хажуугаар үйлээ урлаж, орсон гарсан нутгийн олноос “уран” Отгон хэмээх нэр хүртсэн гэдэг. Сайн явах санааных сайхан амьдрах заяаных гэдэг. Отгон сайн ханьтай. Сайхан зургаан хүүхдийн ээж. Энэ айлд нарны цацраг шиг алтан утас сүвлэж нандин чаминг нь үгүй юм гэхэд бүгд л дор бүртээ үйл мэтгэнэ.
Ялангуяа улсын баяр наадам, цагаан сар гээд үндэсний уламжлалт баярууд дөхөөд ирэхээр бүгд л шилбэ хадаж, сампин зангидаж, хаваас хийдэг ажээ. Нэг үгээр хэлбэл үйлчин удмыг өвлөсөн үйлчин айлын гал голомт ажээ. Аав, ээжээ дагаад Төв аймгийн Баянцогтод мал маллахаар очсон ганц бие бүсгүй хань ижил, үр хүүхэдтэй болжээ. Амьдрал өөрөө өнгөтэй. Тэр өнгийг өрх гэрийн эзэд л тодорхойлдог. Энэ жамаар нэг мэдэхэд үр хүүхэд нь өсөж тэднийхээ ирээдүйн боловсролд анхаарахын тулд хотын айл болох зорилго тавьжээ.
Үйл мэтгэхээс илүүтэй зүйлгүй Г.Отгонд анх хотод ирээд хийх ажилгүй хэцүүхэн байж. Тэгээд анх дээлийн шилбэ хадахаар нэгэн оёдлын газар очсон гэдэг. Тухайн оёдлын газар нь ч Отгоныг олзуурхан хоёр жил гаруй ажиллажээ. Нэг өглөө Г.Отгон өөрөө оёдлын цехтэй болъё гэж шийдсэн гэдэг. Гэр бүл нь ч дэмжиж Отгон салоны анхны шан тавигдсан гэдэг. Одоо энэ үйлчин бүсгүйд санаа чилэх зүйл бага. Хийх ёстойгоо хийж, тодорхой хүрээлэл дунд худалдан авагч, үйлчлүүлэгчтэй болжээ.
Гэхдээ дэлхий нийтийг цочроосон цар тахлын улмаас бүх зүйл хоригдсон нь эргэлтийг нь жаахан хаажээ. Гэвч түүнд зогсох шантрах эрх байхгүй. Энэ л дайчин чанараараа өнөөдрийн бүсгүйчүүд, залуусын зуны гоёлыг тодорхойлж сууна. Түүнд та өөрт таалагддаг өнгө, загвараа л захиал. Таны энгийн нэгэн гоёмсог ертөнцийг “Отгон” салоны Г.Отгон захирал бүтээж өгч чадна. Бүсгүй хүнд сэтгэлийн ур, ухааны ур, нүдний ур гэж байдаг гэсэн. Энэ л төгс төгөлдрийн дунд үйл мэтгэн суух Отгон захирлын уран мэтгээ он цагийн давлагаа сөрөн хөвөрсөөр л.
Сэтгэгдэл (2)
Otgon (127.0.0.1)
99274158 hayg tsambagaraw
(127.0.0.1)
Мундаг юм аа дугаар нь хэд юм бол дээл хийлгэх гэсэн юм