Хүн хүний хувь заяа өөр байдаг шиг улс үндэстэн бүхний хувь заяа ч өөр байдаг

Хаадын сангийн тэргүүн зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эх түүх, их хаадын сэдэв агуулгаар дагнан ажилладаг байгууллагын тэргүүний хувьд түүх, соёлоо эрхэмлэн дээдлэхийн ач холбогдлыг яг өнөө цагт та юу гэж харж байна вэ?

-Баярлалаа. Миний хувьд хамгийн чухал нь ердөө энэ юм. Ер нь үндэсний түүх, соёлоос бүх зүйл эхтэй. Япон хүн болж төрсөн бол юун түрүүн Японыхоо түүх соёлыг судалдаг, герман хүн болж төрсөн бол Германыхаа түүх, соёлыг судалдаг байх жишээтэй. Ингэж байж л хүн төрөлхтөн хөгжлийн зөв замаа олж, үндэснийхээ мөн чанарт тохирсон хөгжлийн бодлогыг явуулах боломжтой гэсэн үг. Бид ч ялгаагүй эрт мандсан түүхтэй монгол үндэстний үр хойч учраас монгол түүх, соёлоо судлах учиртай. Бүх зүйлийн анхдагч эх суурь, уг сурвалж нь учраас түүх соёлоо мэдэхээс, хүндлэхээс, хамгаалж түгээн дэлгэрүүлэхээс бидний хөгжил эхэлнэ. Үүнээс өөр зам байхгүй. Өөрөөр хэлбэл, уран бүтээлийн ч тэр, нийгэм эдийн засгийн ч тэр, улс төрийн ч тэр ямар ч салбарын хөгжил үндэсний түүх, соёлоос эхтэй. Ахин хэлэхэд, аливаа үндэстний уг язгуур, түүх соёл гэдэг бүх зүйлийн эх сурвалж, суурь нь юм. Энд хэд хэдэн учир шалтгаан бий. Нэгдүгээрт, аливаа улс үндэстэн өөрийгөө таньсан нөхцөлд л гадна дотны аливаа бэрхшээлээс ангид эрх чөлөөтэй байж чаддаг. Өөрийгөө таниагүй бүхэл бүтэн үндэстэн байтугай өөрийгөө таниагүй хувь хүн ч эрх чөлөөтэй байж чаддаггүй. Ухаарч сэхээрэх ч боломжгүй. Хоёрдугаарт, түүх соёлоо чин сэтгэлээсээ хүндэтгэдэг хүн эх оронч байдаг. Энэ бол өнөөгийн манай улс төрийнхөн хийгээд удирдагчдад хамгийн их дутагдаж байгаа чанар. Мэдээж хэрэг цорын ганц биш боловч ард түмнийхээ сэтгэлд хүрэхгүй байгаа үндсэн шалтгаануудын нэг. Гуравдугаарт, энэ эрхэм зүйлээ танин мэдсэнээр миний ахин дахин хэлээд байгаа үндэсний мөн чанарт нийцсэн хөгжлийн бодлого хэрэгжих боломжтой. Тиймээс түүх, соёл, үндэсний үзэл санаа гэдэг ирээдүйд зөв чиглүүлэх тийм зүйл юм. Хүн хүний хувь заяа өөр байдаг шиг улс үндэстэн бүхний хувь заяа ч өөр байдаг. Олон зууны туршид хувь заяа нь нэгэнт бичигдчихсэн харь улс үндэстний хөгжлийн загварыг шууд өөр дээрээ авчирч нааж, хуулж тавих гээд зүдэрч байна шүү дээ. Уг язгуураа таниагүй хүмүүс өөр яах ч билээ. Бидний олон жил төөрч будилсны шалтгаан ердөө л энэ. Дээр нь хувь хүний хүчин зүйл нөлөөлсөн. Хувь улс төрчдийн гэсэн үг шүү дээ.   

 

-Тэгвэл одоо арай тодорхой болгоё. Түүх, соёл гэсэн ойлголтоор та яг юуг хэлж байна вэ?

 

-Мэдээж хэрэг монголчуудын өвөг дээдсийн түүх байна. Түүх гэдэг тэр улсыг дайлсан, тэр газраас ирсэн, тийм хаан байсан гэсэн хуурай тоочилт биш. Нийгэм, эдийн засгийн, цэрэг батлан хамгаалахын, соёлын гэсэн бүх салбарын түүх байдаг. Түүхийн философи гэж юм байна. Монгол түүхийн философи бол монгол үндэстний хөгжлийн философи. Хүн бүхэн түүхч байх албагүй л дээ. Тийм боломж ч байхгүй. Гэхдээ монголчуудын бүхийлэн түүхийг биш юм аа гэхэд, тоймтой хэдэн үйл явдлуудыг он цагтай нь, учир холбогдолтой нь мэдэж байхыг цаг үе маань биднээс шаардаж байна. Түүхийн сайн нь ч бидний багш, муу нь ч бидний багш шүү дээ. Түүхээс сурах юм их байхаас гадна түүхээ мэддэг хүн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд сэтгэх чадвартай болдог. Өөрөөр хэлбэл, оюун ухааны хувьд өсөх боломж нээгдэнэ. Дээрээс нь манай ялгуусан түүхийг, их хаадыг маань булааж авчих гээд байгаа улс орон ч цөөнгүй байна. Шаардлагатай үед тийм зүйлд тохирсон хариуг нь өгчих чадвартай байх хэрэгтэй. За тэгээд үндэсний соёл гэхээр аж төрөхүйн соёл, байгальтайгаа зохицон амьдрах ёс, нүүдэлч малч соёл, энэ бүхнээс улбаалсан үндэсний сэтгэлгээ гээд яръя гэвэл барагдахгүй. Дашрамд хэлэхэд би нүүдэлч соёл, үндэсний сэтгэлгээний тухай ном бичиж байгаа. Тэр номондоо нэлээд зүйлийг багтаах санаатай байна.

 

-Ер нь түүх соёлыг хэрхэн сурталчлах ёстой юм бэ?

 

-Юуны өмнө уг үндсээ мэдэх нь хүнд ямар хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Ингэхийн тулд бид хүүхэд залуусаас эхлэх хэрэгтэй. Хүүхдүүд гэр орны хүмүүжил, төрөлх зөн совингоос гадна бусдын үлгэр жишээн дээр түүх, соёлоо хүндэтгэдэг болж, эх оронч үзэлд суралцдаг. Олны танил хүмүүс тухайлбал, урлагийнхан, биеийн тамир спортынхон, ном бичгийн хүмүүс, улс төрийнхөн өөрсдөө энэ том үзэл санааг тээгчид байх ёстой. Тэд эх оронч үзэл санааг тээгээд зогсохгүй тэр үзэл санааныхаа баталгаа нь болж амьдрах учиртай юм. Зөвхөн түүх ярьж өгснөөр, эс бөгөөс ёс заншил, соёл уламжлалын тухай ном унших нь хангалттай биш. Хүүхдүүдэд эх оронч үзлийн голомт үүсгэх хэрэгтэй. Амьд үлгэрлэл хэрэгтэй. Өдөр бүр нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдож байх манай үеийн эгэл баатрууд хэрэгтэй юм. Хүүхэд залуус улс төр сонирхоод, мэдээ үзээд байх нь ховор болохоор цэцэрлэг, сургуулийн багш нар, тэдний сонирхдог дуучин хөгжимчин, тамирчид, урлаг соёлынхон, за тэгээд өдөр бүр хамт байдаг эцэг эхчүүд голлох үүрэгтэй. Дахин хэлэхэд амьд үлгэрлэл хэрэгтэй. Учирлаж ярих хэрэгтэй.

 

Дэлхийд олон улс орон байдаг. Улс орон болгонд өөр өөр үндэсний хүмүүс амьдардаг. Харин бидэнд өөрийн гэсэн эх орон бий. Эх орон минь ийм сайхан өргөн уудам. Говь хангай, тал хээр, ой мод, уул ус, араатан жигүүртэн, мал сүрэг гээд бүх юм бий. Манай эх орон бол зөвхөн биднийх, өөр хэнийх ч биш. Энэ сайхан нутаг усыг бидэнд үлдээхийн төлөө өвөг дээдэс маань их хөдөлмөрлөсөн. Чамайг энэ сайхан оронд төрж, хөх тэнгэрээр шувуу нисэлдэхийг харж, гол ус шоржигнохыг сонсоосой гэсэндээ тэд амиа зориулсан юм гэж хэлээрэй. Түүх соёлоо дээдлэх тэр мэдрэмжийн голомт үүсгэх гээд байна шүү дээ. Хүүхэд бол ухаантай. Магадгүй биднээс ч илүү ухаантай. Учир нь тэдний сэтгэл орчлонгийн хир тоос хүрээгүй ариухнаараа байгаа юм. Ариухнаараа байгаа сэтгэлээс ариун оюун ухаан гарна. Байгаагаа бусадтай хуваалцах хэчнээн сайхан гэдгийг, танихгүй ч гэсэн хүн баярлуулах ямар амттай гэдгийг, ядарч зовсон хүнд туслахгүй байх нь харгис явдал гэдгийг насанд нь тохирсон үгээр ярьж өгөөрэй. Ингэж ярих шалтгаан амьдралд мундахгүй их таарна.

“Ард түмнээс түүхийг нь авчих. Өөрөөр хэлбэл, эх түүхийг нь мартуулчих. Нэг үе өнгөрөхөд тэд зүгээр л хүн сүрэг болно. Түүхээ мэдэхгүй ахин нэг үе өнгөрөхөд тэд мал мэт номхон болно. Тийм хүмүүсийг удирдахад юухан байхав дээ” гэж нацист Германы улс төрийн зүтгэлтэн, Германы гэгээрэл, суртал ухуулгын сайд Геббельс тухайн үедээ тун “оновчтой” тодорхойлж байв. Яг ийм бодлого Монголын төрд нэг хэсэг газар авсан. Эдүгээ эрдэмтэн мэргэд, түүх судлаачид, уран бүтээлчид эх түүхээ эргэн сануулж, түгээн дэлгэрүүлэхээр дээр доргүй зүтгэж байна. Энэ бүх зүтгэлийг төрийн зүгээс дэмжих учиртай юм.

 

 

 

Ер нь түүх хүнийг сэцэн билэгтэй болгодог бол яруу найраг олон талтай, тооны ухаан гярхай хэрсүү, байгалийн шинжлэл гүн гүнзгий, ёс зүй тулхтай, учир зүйн ухаан өөрийгөө хамгаалах чадвартай болгодог гэдэг.

 

 

 

-Танай Хаадын сан түүх, соёлын чиглэлээр олон тооны ном бүтээл гаргаж, хөрөг зураг, баримал шуумал хийснийг хүмүүс мэднэ. Хамгийн сүүлд гаргасан бүтээлээ танилцуулах уу?

 

-Баярлалаа. Бид хамгийн сүүлд Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн төлөөлөлтэй хамтран “Чингис хаан” шүтээн хөрөг бүтээлээ. Энэ хөргөө цахим орчинд тайлбарлаж толилуулсан. Хүмүүс их сайхан хүлээж авч байна. Бид ямар нэг шашны нөлөө оруулж, бурханчилсан зүйлгүй, язгуурын монгол шүтээн хөрөг бүтээхийг зорьсон. Дээр нь монгол дээдсийн бэлгэдэл, соёлын улбаа нэвт шингэсэн буй. Бид чинь аль нэгэн шашин, суртал ухуулгаас ангид, өөрийн гэсэн бие даасан үзэл онолтой, сэтгэлгээ, сүр хүчний бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ.

Дашрамд хэлэхэд, монгол үндэсний хаад дээдсийн холбогдолтой бүтээл, тэр тусмаа шүтээн хөрөг бүтээнэ гэдэг тун ярвигтай ажил. Зарим талаар осолтой ч гэж болох ажил шүү. Хэрэв бэлгэдэл, дүр дүрслэл, соёлын мөн чанараас гажаад явчихвал ажил үйлс бүтэмжгүй болохоос эхлээд хэцүү юм их болдог. Энийг би олон жишээгээр хэлж чадна. Үүнийг манай монголчууд тэнгэр таалахгүй байна гэж сэтгэж ирсэн уламжлалтай. Тийм болохоор нэг талаас өөрсдөө буруудаж уруудахгүй байх, нөгөө талаас үндэсний ёс бэлгэдэл, шүтээн хөргийн хэмжээний бүтээл гаргахын тулд бид их хөдөлмөрлөсөн. Бэлгэдэл, түүхэн үнэн, сүр хүчийг ч баримтлан ажилласан. Заримаас нь дурдахад, есөн хөлт цагаан тугийг бид нийлүүлээд тоолбол арав болгож хийсэн. Учир нь нэг их сүлд, түүнийг тойрсон есөн элч сүлд байсныг бодолцсон хэрэг. Тэгэхээр манай төрийн ордонд найман хөлт туг байгаад байна. Монгол төрийн ордонд дутуу гацуу бэлгэдэл байрлах нь хэр зохистой вэ. Монгол төрийн сүр хүч, хийморьт яаж нөлөөлөх вэ гэдэг ч бас бодож үзэх асуудал. Ёслол хүндэтгэлийн өргөөнд байх бурханчилсан хөргөн дээр нэг талд нь хар сүлд, нөгөө талд нь цагаан сүлдийг хамт байрлуулсан байдаг. Гэтэл хар, цагаан сүлд хэзээ ч цуг байдаггүй. Логикийн алдаа гарна. Нэг бол хар сүлд байх ёстой, нэг бол цагаан сүлд байх ёстой. Хар, цагаан сүлдний тахилга тайлгыг ч тус тусад нь хийдэг шүү дээ. Мөн их хааны малгай дээр байгаа эрдэнийн чулуу буюу манайхны отго жинс гэж ярьдаг тэр зүйл байна. Энэ бол Манжийн үед нэвтэрсэн зүйл биш. Эрт цагт монгол хаадын малгай дээр байсан зүйлийг манжууд ашиглаж өөрөөр хэлбэл, уламжлалыг нь дагуулж манай ноёдод өгч байсан байдаг. За тэгээд сэнтийний соёл, хээ чимэг, дээл хувцас гэхчлэн олон үйл зүйлийг бэлгэдэлтэй хослуулж хийсэн ийм хөрөг байгаа юм. Яривал их зүйл бий. Сэнтийний түшлэг гэхэд, сураар даруулсан мөнгөн товруутай тоонолжин хэлбэртэй байгаа нь монгол гэрийн ханыг бэлгэдэж, доод хэсгийн эзнээ хамгаалж хоёр тийш хандсан арслан барсын дүрслэл нь Хүннүгийн үеэс эхтэйг бэлгэдсэн байх жишээтэй. Нууц товчоонд Харгуна Жадун гэж гардаг нь Их Хянганы нуруу юм. Тэнд өөрөөр хэлбэл Монголд бар байсан гэсэн үг...

 

-Их сонин байна. Энэ шүтээн хөргийг та бүхэн түгээн дэлгэрүүлэх үү. Шүтээн хөрөг зөвхөн Хаадын санд залагдаад гадагш түгэхгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ.    

 

-Тийм ээ, санал нэг байна. Шүтээн хөрөг бүтээчихээд түүнийг ганцаараа хав дараад суувал тэрэн шиг утгагүй зүйл байхгүй. Монгол айлын, албан байгууллагын хойморт залагдаж байж тэр монгол үндэсний үзэл санаа болно. Шүтээн хөрөг түгэн дэлгэрнэ гэдэг бол үзэл санаа түгэн дэлгэрч байгаа хэрэг юм. Үнэнийг хэлэхэд миний хувьд арилжааны чанартай зүйл ярихгүй байхыг хичээдэг. Яръя ч гээд арилжаа бизнес, менежментийн талдаа тааруухан. Мэдэхгүй юмаа яриад яахав. Бүтээлч сэтгэлгээ жаахан бий, бизнес сэтгэлгээ бол ер нь хэцүү. Магадгүй ихэнх эрдэмтэн судлаач, зохиолч уран бүтээлчид маань тийм байх аа. Гайхуулаад байх зүйл биш л дээ. Гадаадад бол чадалтай менежерүүд ажилладаг юм билээ. Манайд харамсалтай нь байдал өөр.

За тэгээд төвөгтэй цаг үе таарч байгаа учраас ярихаас өөр яах билээ. Бидний хамгийн том талбар байсан Их дэлгүүр маань нэг хэсэг ажиллахааргүй боллоо. Хижиг тахлаас болоод хүмүүс гэрээсээ гарах дургүй байна. Ингэхээр ард түмэндээ Их хааны шүтээн хөргийг яаж хүргэх вэ, монгол айлын, албан байгууллагын хойморт яаж залах вэ гэдэг талаар бид ярилцаад юуны өмнө үнэ хямд байх ёстой, шүтээн хөрөг маань өнгө үзэмжтэй, урт удаан хугацааны ая даахуйц, өнгө үзэмж алдахгүй тийм байдлаар хийх нь зөв юм байна гэж шийдсэн.

Үзэл санааны сацуу далдын сүр хүч, сүнслэг чанар, хийморь оршоосон монгол шүтээн учраас үндэсний их баяр наадам дөхөж буй энэ үед хүмүүс маань залахад хамгийн тохиромжтой үе гэж үзсэн. Улс үндсээрээ их хаанаа дээдэлж, эх орноороо бахархаж байж шүтээн юугаа улам хүчжүүлнэ. Нөгөө талаар бидэнд өнөөдөр оюун санааны эв нэгдэл их үгүйлэгдэж байна. Хүмүүсийг оюун санааны хувьд нэгтгэдэг зүйл бол нэгдмэл бахархал юм. Оюун санааны хувьд эв нэгдэлтэй ард түмэн хүчтэй байдаг. монгол дээдсийн л ухаан шүү дээ.

 

 

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулаад ердөө 40 мянган төгрөгөөр захиалан хүргүүлэх боломжийг манай байгууллагын Эрдмийн Зөвлөл ард түмэндээ олгож байна. Шүтээн хөргийн хэмжээ 38х48 см. Алтан шаргал хүрээ бүхий энэ шүтээн хөргийг 40 мянгаар хүргүүлэн залсан хүмүүст бид Гэрэгэ нэмж гардуулна. Гэрэгэг тэгш гадаргуу дээр нааж болно. Мөн 20х30 гэсэн хэмжээгээр ч бий. Тэр нь өөр дээрээ хүрээ чимэгтэй, мөн Гэрэгэний хамт өргөн барина. Үнэ нь 20 мянга. Ийм хоёр хувилбараар бид шүтээн хөргөө түгээн дэлгэрүүлэх юм. Их хааны шүтээн хөрөг айл бүхний хойморт гэрэлтэн байгаасай гэсэндээ бид ингэж түгээж байна. “Хоймор гэрэлтвээс хийморь гэрэлтэх” гэдэг оргүй хоосон үг биш шүү.

Хүргэлтийн компанийн зардал, өөрийн өртөг, бүтээгдэхүүний үнэ цэнэ, за тэгээд дээр нь Гэрэгэ нэмэгдэнэ гэхээр үнэ өртгийн хувьд бид боломжийн гэж харж байгаа. Захиалгыг (9908-9369) утсаар буюу “Төрт Ёс, Хаадын сан” гэсэн пэйж хуудсаар өгч болно.     

 

-Сайхан санаачлага байна. Үнэхээр ч өнөөгийн монголчуудад хамгийн их дутагдаж байгаа зүйл бол оюун санааны эв нэгдэл. Та бүхэнд амжилт хүсье. 

 

 

Д.Ариун

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)