Энэ сонгууль миний бодлоор...
- 2020-06-26
- Нийтлэл
- 0
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна.
МИНИЙ ДҮГНЭЛТ
1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов
2. Энэ сонгуульд МАН шинэ залуусыг дэмжиж нэр дэвшүүлсэн, эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон, сонгуульд багаараа сахилга баттайгаар нэгэн удирдлага дор ажилласан нь олон нийтэд дэмжих шалтгаан боллоо. Тэр тусмаа намын дарга Ү.Хүрэлсүхийн ѳндѳр байгаа нэр хүнд дээр түшиглэн маш зѳв сурталчилгаа хийв
3. Хийгдэж буй олон шинэчлэлүүдийг сонгуульд гарч ирсэн ѳѳр нам үгүйсгэдэг, бодлого болон хэрэгжилтийн залгамж уялдаа алдагдаж байгаа нь хүмүүсийг залхаажээ. Ард олон МАН-ын хэрэгжүүлж, үр дүнгээ ѳгч буй бодлогуудыг үргэлжлүүлэхийг хүссэн байх
4. АН болон бусад намуудаас илүүтэй МАН дотооддоо шинэчлэгдэж, ардчилагдаж байгаа нь ажиглагдаж байгаа. Улстѳрийн нам ямар байх ёстойг тэд харуулж чадаж байна. АН-ын эв нэгдэлгүй байдал болон алдагдсан дотоод ардчилал, хувиа хичээсэн утгагүй ѳрсѳлдѳѳн дундаас МАН илүү харагдаж байгаа юм шүү дээ
5. ХҮНам энэ сонгуульд боловсон хүчний чадавхи, бодлого болон шийдэл ярьж ѳрсѳлдсѳн нь шинэ жишгийг улстѳрд тогтоож чадлаа. Хѳдѳѳ орон нутгууд болон гэр хорооллууд дунд сайн ажиллаж чадсангүй дээ хэмээн надад бодогдож байв. Хэрвээ хүмүүсийн амьдрал дунд хутгалдаж, хэнийг ч голохгүйгээр уулзан ярилцаж санаа бодлоо ойлголцож эхэлбэл ХҮНамд ирээдүй буй. Манай Ч.Ганжавхлан шиг…
6. Намд итгэх итгэл алдагдсан шалтгаанаар МАН-аас бусад хүчнүүд хуваагдаж, олон хүмүүс бие даан нэр дэвшсэн нь санал хувааж ялагдах шалтгаан болж байна. Олон янзаар зѳвтгѳх гэж тайлбарлавч, яг үнэндээ тэдний эв нэгдэлгүй, хувийн тоглолт хийдэг, биеэ тоосон лидерүүдээс ялагдлын шалтгаанаа хайсан нь дээр. Улстѳр бол сайн багийн тоглох тоглоом гэдгийг ойлгож буй биз
7. Сонгуульд 4 жил бэлтгэж, нэр дэвших тойрогтоо бодит ажлууд хийсэн хүмүүс бусдаасаа олон санал авсныг анзаарч болно. Худлаа хийрхэх, бусдаас цэцэрхэн хашгирах, дүр эсгэн алиалах, бусдын хийснийг ѳѳр дээр авч завших, мэдлэггүй байж мэдэмхийрхэхийг ялган салгадаг болжээ. Наанаа та нарыг харж алга таших авч цаашаа харж шоолох дүр зургийг та анзаарахгүй байна
8. Сошиал орон зайн хийрхэл бол зүгээр л “хѳѳс” гэдгийг бид мэдэж авлаа. Сошиалд идэвхитэй олон хүмүүс ѳѳрсдийгѳѳ нийгэмд нѳлѳѳлж байна гэж бодож байгаа нь эндүүрэл гэдгийг ойлгосон байх. Сошиал орон зайд ч бага түвшиний улстѳрийн амьсгал байдаг юм шүү дээ. Хүмүүс бодит ажил, хийж бүтээснийг илүүтэй хүсээд байна даа. Сайхан ярьдаг атлаа юу ч хийж бүтээдэггүй хүмүүсээс ер нь залхаж байгаа юм шүү
9. Сонгуульд ялахын тулд нэг сар сурталчилгаа хийдэг биш, 4 жил ѳѳрийгѳѳ бэлтгэдэг гэдгийг ойлго. Санал авахын тулд дүр эсгэх биш бусдад хэрэгтэй тустай, бүтээлч байж л дэмжлэг авдаг юм байна. Дараагийн удаа сонгогдохыг хүсвэл хүмүүсийг хэрэгтэй цагтаа ашиглаад тоохгүй орхидог бус, цаг үргэлж тэднийг сонсож, тэдэнтэй ойлголцож байх шаардлагатай болж байна
10. Олон жилийн дараа Монголдоо буцаж ирээд сонгуульд оролцохдоо баяртай байлаа. Сонгуулийн сурталчилгаа, санал хураалт, дүн нэгтгэх ажиллагаа нилээд ѳндѳр түвшинд хүрчээ. Надад лав хардах шалтгаан бага байлаа. Магадгүй 2024 оны сонгууль илүү цахим хэлбэр болоод блокчейн технологи руу явах байх. Их цаас үрж хог болгож байснаас танилцуулга мэдээлэл цахим хэлбэрт орж, нэр дэвшигчийн мэдээлэл болон санал хураалт хэн ч ѳѳрчилж чадахгүй блокчейн технологид суурилах байх
“Баярлалаа ч бархирлаа ч цаана чинь Ардын Нам яллаа” гэдэг шиг бид сонголттойгоо эвлэрэх хэрэгтэй. Ард олныг харанхуй тэнэг байж буруу сонголт хийлээ гэж шүүмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад ч юм бэ, эгзэгтэй үед ухаантай сонголт хийгээд байдаг юм шүү. Сонгуульд ялсныхаа хувьд МАН амлалтаа биелүүлэх үүрэгтэй. Бид зѳвийг нь эсэргүүцэлгүй дэмжиж, бурууг нь зусардалгүй шүүмжилж хамтраад л ажиллах ёстой. МАН-ы эх орон эсвэл АН-ы эх орон гэж байхгүй дээ. Бид нэг л эх оронтой болохоор урсаж буй хугацаа бүхэн үнэ цэнэтэй.
Чиний ѳнгѳрүүлж буй амьдрал, нэмэгдэж буй нас бүхэн үнэ цэнэтэй. Тийм болохоор бид бие биенээ дэмжиж хамтдаа урагшлахаас ѳѳр сонголт үгүй. МОНГОЛ ОРОН МИНЬ МАНДАН БАДРАГ! МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ.
Ѳѳ нээрээ, бид бие биенийхээ сонголтыг хүндэтгэж СОНГОЛТ ТАНЬ НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА Ч, СОНГОХ ЭРХИЙН ТАНЬ ТѲЛѲѲ СОНГОЛТЫГ ТАНЬ ХҮНДЭТГЭЖ БАЙНА гэж хэлэх соёлд суралцах цаг болжээ. Хичнээн талцан маргалдаж муудалцлаа ч сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. САЛШГҮЙ САЙН НѲХѲРТѲѲ МАРТАШГҮЙ МУУ ҮГ ХЭЛЖ БОЛДОГГҮЙ хорвоо юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-06-25