Бодит байдал бол мөн чанартаа хий үзэгдэл юм

“Утга зохиолын судлал шүүмжлэл” цувралын 22 дугаарх болох Оросын утга зохиол шүүмжлэгч Н.Берковскийн лекцүүд бүхий “Германы романтизм” номыг уншлаа. Энэ ном романтизмын тухай ойлголт өгөхөөс гадна Герман зохиолчдын онцлог хийгээд тэдний уран бүтээлийн сонирхолтой задланг хийсэн нь нэг талаар шинэ мэдээлэл авч, нөгөө талаар жишээ болгосон зохиолчдын зарим зохиолыг уншсан мэт сэтгэгдэл төрөхөөр танилцуулж задалсан нь өгөөжтэй байлаа. Эндээс огт мэддэггүй хэд хэдэн герман зохиолчийг олж мэдсэндээ баяртай байна. Тухайлбал, Тик. “Тэрбээр Гоголын дуртай зохиолч байсан бөгөөд Гоголь түүнд олон зүйлээр өртэй юм” гэжээ. Түүний хэд хэдэн зохиолд задлан хийсэн нь сонирхолтой байсан. Эмгэнэлт инээдмийн өнгө аясаар бичдэг. Гриммүүд. “Ах дүү Гриммийн үлгэрүүд”-ийг сонсч байснаас уншиж байгаагүй. Харин энэ номоос тэд бүх орны үлгэрийг цуглуулсан гэдгийг мэдээд уншмаар санагдсан. Үлгэрийг цуглуулах нэг хэрэг, түүнийг яаж боловсруулах нь чухал бөгөөд тиймдээ л ах дүү Гриммийн үлгэрүүд олон нийтэд хүрдгийн нууц нь гэдгийг Берковский хэлсэн байсан.

 

Шамиссо. “Петер Шлемелийн ер бусын түүх” туужийг задалж тайлбарласан нь маш сонирхолтой. Ер нь зохиол нь өөрөө сонирхолтой, нийтлэг биш хийцтэй санагдсан.

Клейст. “XX зууны алдартай жүжгийн зохиолч Клейст, Ибсен” гэж үздэг байна. Түүний жүжгүүдийг ийн үнэлдгээс гадна тууриудыг нь XIX зууны шилдэг туурь гэж үздэг аж. Берковский лекцэндээ Клейст бусад зохиолчдыг ёс суртахууныг хөсөрдүүлэх замд уруу татсан гэж хэлсэн. Учир нь Клейст хүчийг эрхэмлэдэг хүн байсан бөгөөд хүч бол ёс суртахууны үнэлгээнээс хамаарахгүй гэж үздэг байжээ. Тэрээр Герман улс Напеолонд эзлэгдэх цаг үед амьдарч байсан бөгөөд хүч л биднийг эзлэгдэлтээс аварна гэж үздэг байсан. “Германчууд бол ёс суртахуунтай хүмүүс. Түүнээсээ болж ялагдаж, эзлэгдсэн” гэж тэрбээр боддог байв. Энд түүний “Мурр муур”, “Кетхэн”, “Пентесилея" зохиолыг нь тайлбарласан. Бүгд маш сонин хийцтэй. Клейст амиа хорлосон бөгөөд түүнийг өнгөрснөөс хойш зохиол бүтээл нь олонд алдаршжээ. Тэрбээр Германы хамгийн их уншигддаг зохиолч аж.

 

Гофман. Берговский түүнийг дэлхийн уран зохиолд өөрийн гэсэн байр суурьтай зохиолч ч түүнийг тэр хэмжээнд нь үнэлээгүй, ялангуяа германууд өөрсдөө түүнийг зүгээр л зугаацуулагч гэж үздэг байсан гэжээ. Тэрээр хөгжмийн өндөр мэдлэгтэй хүн байсан бөгөөд зохиол бутээл нь хөгжимтэй нягт уялдаатай байжээ.

 

Ер нь энд онцолсон романтик зохиолчдын бүтээлийн нийтлэг хэлбэр нь өнгөн дээрээ үлгэрийн гэмээр фантаз ихтэй, этгээд хачин хэрнээ далд санаа нь эмгэнэлтэй, дотоод философи нь маш сонирхолтой.

 

Ингээд тус номон дахь сонирхолтой ишлэлүүдээс хүргэе.

 

Аль ч орны романтизм нь Францын хувьсгалын шууд нөлөөн дор үүсчээ. Францын хувьсгал бол романтизмыг төрүүлсэн эх бөгөөд хожим нь түүнийг муулж байсан романтикууд нь хүссэн хүсээгүй түүний үр төл байсан юм.

 

Германы романтизмын эхэн үеийн онцлог тал нь философич, эрдэмтдийг татсан явдал байв.

 

Гоо сайханд дурлах нь романтизм юм.

 

Миний бодлоор бол романтизмын түлхүүр нь эхэн үеийн Шеллингийн философид оршдог.

 

Романтикуудын гол онцлог зүйл нь хөгжмийг бүхнээс илүүд тавьдагт байсан юм.

 

Тэд бүтээгч амьдралыг харуулахад хөгжим хамгийн дөхөм гэж үзэж байв... гол баримтлах шугам нь хөгжимлөг чанар байв.

 

Холын хол оронд, төгсгөлгүйд замхарсан босоо шугам, орон зайг романтикууд хөгжимлөг чанар гэж нэрлэж байв. Романтикууд ертөнцийн хамгийн шилдэг роман бол Сервантесийн “Дон Кихот” гэж үзэж байв.

 

Романтик хошигнол нь шоглохын тулд биш зөвхөн инээхийн тулд байдаг, ямар ч сургасан зүйлгүй тийм хошигнол гэж үзжээ.

 

Романтизмын гол суртал: бодит байдал нь түүгээр дамжуулан боломжтойг харж болно гэдгээрээ л чухал юм.

 

Романтикуудад бол хүн яг байгаагаараа биш, харин ямар байж болох нь чухал. Романтикууд хүнийг энэ өнцгөөс нь дүрсэлдэг. Тиймээс тэдний хувьд уянга ийм чухал ач холбогдолтой байдаг. Уянгын ертөнц бол бодитой болоогүй, эд баримт болоогүй зүйл. Гэхдээ маргааш эд баримт болох боломжтой.

 

 

 

Гамлет бол мифийн дүр юм. Энэ бол Шекспир бодит юм шиг дүрсэлсэн боломжтой зүйлийн илэрхийлэл юм. Миф гэдэг нь боломжтой зүйлийн үндсэн дээрх бодит явдлын дүгнэлт юм. Лир ван бол хөрөг ч биш, хэв шинж ч биш. Энэ бол бодит хүнийг тойрсон боломжтой шинж чанарууд юм.

 

Романтик егөөдлийн илрэх нэг арга нь төсөөллийг эвдэх, түүгээр тоглох явдал юм.

Романитикуудын саналаар бол

уран зохиолын бүтээл нь олон хувилбар санаа агуулсан байх тусмаа хүчтэй болно. Шаналлын сэдэв нь романтизмын хувьд нэг чухал сэдэв юм. Үүрд байх шаналан. 

Хүн олз ашиг хөөвөл байгалиас, гоо сайхан ертөнцөөс салдаг.

Ах дүү Гримм бүх орны үлгэрийг цуглуулахын жишээ болсон.

Сайхан сэтгэл, шударга зан нь азгүйтлийн шалтгаан. Азгүйтэл нь уг баатрыг биш түүний хамаарч буй нийгмийн байгууллыг илчлэх нь ховор үзэгдэл биш. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тэрээр газар бүр бүтэлгүйтэж байгаа бол нийгмийн байгууллын үндсэнд ямар нэг буруу юм байна гэсэн үг.

Та нарын урдаа барьдаг бодит байдал бол мөн чанартаа хий үзэгдэл юм.

Шиллер бол үнэн л агуу байж чадна, өндөр ёс суртахуун л агуу байна. Харин Клейст нь хүч дангаараа бахархал, догдлолыг төрүүлж чадна гэдгийг харуулж байна. Хүм нь ёс суртахууны үнэлгээнээс хамаарахгүй.

Романтикууд бол эмэгтэй хүнийг шүтэх үзлийг баримтлагчид.

Германууд уншихад сонирхолтой ямар ч зохиолчид сэжиглэнгүй ханддаг. 

Өөр үзэлтэй хүмүүс дурлал хүнийг сохолдог хэмээн баталж байхад романтикууд чухамхүү хайр л нүдийг нээдэг, хайртай хүмүүсийг ямар ч эд юмаар хуурч чадахгүй гэж баталдаг.

 

Тэмдэглэсэн Д.ПҮРЭВСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-06-28

    bolooshde