А.Ариунзаяа: Цар тахлын нөлөөлөл хоёрдугаар улирлын мэдээнээс илүү тод харагдана

КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

 

Үзүүлэлтүүдээс дүгнэхэд цар тахлын хөл хорионы нөлөөллөөр энэ оны хоёрдугаар  улирлын дундаж цалингийн хэмжээ өөрчлөгдөх нь тодорхой. Тэр сөрөг өөрчлөлт Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээнээс шалтгаалан хэдий хэр хэмжээгээр буурахыг Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээллээ цуглуулж, тооцоолно.

 

-Оны  эхний улиралд 10.7 хувиар агшсан манай эдийн засаг  нүүрс, зэсийн экспортын сэргэлтийн нөлөөллөөр хоёрдугаар улирлын байдлаар арай дээрдэх болов уу гэсэн хүлээлт байна. Төлөв ямар байна вэ?

- Коронавирус цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны үйлдвэрлэл, экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж, УОК-ын шийдвэрээр зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн үйл ажиллагаа явагдаж байна. Нүүрсний экспорт энэ  оны  хоёрдугаар  сард 356.9 мянган тонн, гуравдугаар сард 341.2 мянган тонн болтол буурч байсан бол дөрөвдүгээр  сард 997.8 мянган тонн, тавдугаар  сард 2174.6 мянган тонн болж илт сэргэсэн. Бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн болохоор эдийн засгийн агшилт нэг оронтой түвшинд орно гэж таамаглаж байна.

-Тантай өмнө нь ярилцаж байхад Үндэсний статистикийн хороо, Олон улсын валютын сантай хамтран эдийн засгийн өсөлтийн прогнозыг нэг сараар тооцож гаргахаар ажиллаж байгаа тухай хэлж байсан шүү дээ. Коронавирусний  эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл өндөр байгаа тухай ярьж буй энэ үед Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэг сараар тооцох боломж, нөхцөл ямар байна вэ?

-Одоогоор бид сараар урьдчилан таамаглах тооцооны бэлтгэл ажлыг сайтар хангаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн  буюу эдийн засгийн өсөлтийн прогнозыг сараар гаргахын тулд аль болох үндсэн мэдээлэл нь сарын давтамжтай байвал бодит байдалд илүү нийцнэ. Эдийн засгийн идэвхжилийг нэг сараар тооцох нь богино хугацааны урьдчилсан хүлээлтийг харж, зөв зохистой шийдвэр гаргахад, ялангуяа богино хугацаанд оновчтой маневр хийх зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг.  Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэлийг улирлаар тооцож, олон нийтэд тархааж байгаа. Улирлын тооцоог хийхдээ аж ахуйн нэгж, байгууллагаас цуглуулдаг албан ёсны статистикийн мэдээ, судалгааны үр дүнг ашигладаг. Тооцоонд шаардлагатай албан ёсны статистикийн 16 мэдээг сар бүр, 32 мэдээг  улирал бүр цуглуулан авч боловсруулдаг.  Одоогоор Англи, Канад гэсэн хоёр улс л Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг сараар тооцож гаргаж байгаа. ОУВС-гаас манайд сараар тооцох боломжтой эсэхэд үнэлгээ хийсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний сарын тооцоонд манай албан ёсны статистикийн мэдээллийн 65 хувийг шууд ашиглах боломжтой. Харин 29 хувийг нь бусад мэдээлэл болон арга зүйг ашиглаж тооцох боломжтой гэж үнэлсэн.  Сарын тооцооны бэлтгэл ажлын хүрээнд бид их өгөгдөл болох НӨАТ, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн мэдээллийг ашиглах боломжийг судалж, туршилт тооцооллыг хийж байна.  Тухайлбал, НӨАТ, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн мэдээллээс ямар мэдээллүүд гарах боломжтой вэ. Наад зах нь бараа, үйлчилгээ борлуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтын мэдээлэл, мөн уг бараа, үйлчилгээг худалдан авч буй эцсийн хэрэглэгчийн талаарх мэдээлэл гарна.  НӨАТ-ын мэдээллийг ашиглан зарим салбарын мэдээллийг гаргадаг болж байна. Эхний ээлжинд бид  дотоод худалдааны салбарын мэдээлэлтэй болж байна.

 -Оны эхний улирлын статистик гарсны дараа эдийн засгийн агшилт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байхад өрхийн орлого яахаараа 19.7 хувь өсчихөв гэх харьцуулалт дагаж яригдаж байсан. Та үүнийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч? 

- Коронавирусний цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хөл хорионы улмаас өрхийн орлогод үзүүлэх сөрөг нөлөө оны эхний улиралд харьцангуй бага байлаа.

 Манай улс коронавирусний  цар тахлаас сэргийлэх хөл хориог энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хоёрдугаар сар хүртэл хүмүүс ердийнхөөрөө ажиллаж амьдарч байсан. Хөл хориог хоёрдугаар сараас тогтоосон ч аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын цагийн хуваарь, ажиллах хэлбэртээ өөрчлөлт оруулж, ажилтнуудаа гэрээр ажиллах нөхцөлийг хангаж, цалин хөлсийг нь хэвийн өгч ирсэн. Зарим байгууллагууд тухайн цаг хугацаанд ажилтнуудынхаа ээлжийн амралтыг нь биеэр эдлүүлэх зэргээр төрөл бүрийн шийдлийг зохион байгуулсан. Ерөнхийдөө аж ахуйн нэгж байгууллагууд  ажилтнуудаа ажлаас нь халах, чөлөөлөх бодлогыг шууд хэрэгжүүлээгүй, дотоодын нөөц бололцоогоо ашигласан гэж хэлж болно.

Өрхийн 2020 оны эхний улирлын сарын дундаж орлогыг 2019 оны эхний улиралтай харьцуулсан 19.7 хувийн өсөлтийг бүтцээр нь задалж харвал, цалин хөлсний орлогын өсөлт хамгийн их буюу 23.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлт 17.7 хувь байна. Манай хорооноос  гаргадаг аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалингийн хэмжээ энэ  оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байгаа нь өрхийн цалин хөлсний орлого бодитой өсөж ирснийг батлан харуулж байна. 2019 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг, 2020 оны нэгдүгээр сараас 420,000 төгрөг болсон. Үүнийг дагаад бүх аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн. Мөн төрийн албан хаагчдын цалинг Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны 472-р тогтоолоор үе шаттайгаар нэмсэн.  Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны 24 дүгээр тогтоолоор тэтгэвэр тэтгэмж, халамжийн мөнгийг тодорхой хэмжээгээр нэмсэн зэрэг нь энэ өсөлтөд нөлөөлсөн юм.

- Хоёрдугаар улирлын байдлаарх дундаж цалингийн тооцоололд цар тахлын нөлөөлөл орох болов уу гэсэн сөрөг хүлээлт байна?

-Нийгмийн даатгалын ерөнхий газарт албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нэг ёсондоо “бүртгэлтэй” байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын шимтгэл  төлж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.6  мянгаар, өмнөх улирлаас 114 өөр тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 18.1 мянгаар өсөж, өмнөх улирлаас 18.4 мянгаар буурсан байна. Өмнөх улирлаас ажиллагчдын тоо буурсан нь нэг талаас улирлын хэлбэлзэл, нөгөө талаас цар тахлын сөрөг нөлөөг ч харуулж байна. Цар тахлын улмаас зарим хувийн аж ахуйн нэгж байгууллагууд  ажиллагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өгөх тохиолдол гарвал нэгдүгээр  улирлаас  хоёрдугаар  улирлын хооронд гардаг өсөлтийн хурд буурах магадлалтай.  Ерөнхийдөө үзүүлэлтүүдээс дүгнэхэд цар тахлын хөл хорионы нөлөөллөөр энэ оны хоёрдугаар  улирлын дундаж цалингийн хэмжээ өөрчлөгдөх нь тодорхой. Тэр сөрөг өөрчлөлт Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээнээс шалтгаалан хэдий хэр хэмжээгээр буурахыг Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээллээ цуглуулж, тооцоолно.

-Танайхаас цар тахлын нөлөөллийг тодруулах судалгаа явуулсан шүү дээ. Судалгааны дүнгээс мэдээлэл өгөөч?

-Үндэсний статистикийн хорооноос энэ оны  дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдрүүдэд нээлттэй байдлаар буюу онлайнаар “Covid-19” халдварт өвчний эсрэг авч буй урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээ нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон өрх, хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлт гарч байгааг тандах зорилгоор судалгаа хийсэн юм. Энэ судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 93 хувь нь коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнээс шалтгаалж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирсан гэсэн хариулт өгсөн. Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнээс шалтгаалж, орлого нь буурсан эсэхийг тодруулахад,  судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 84.8 хувь нь орлого буурсан, 15.2 хувь нь орлого буурах нөлөө үзүүлээгүй гэсэн хариулт өгсөн байна. Орлого буурсан гэж хариулсан 2036 аж ахуйн нэгжээс орлогын бууралтыг хувиар тодруулахад,  44 хувь  нь  орлого нь 50-иас дээш хувь, 16 хувь нь 41-50 хүртэл хувь, 14 хувь  нь 31-40 хүртэл хувь, 13 хувь нь 21-30 хүртэл хувь, үлдсэн хэсэг нь 10 хүртэл хувиар орлого буурсан гэсэн хариулт өгсөн байна.

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн зөвхөн 36 хувь нь ажиллагчдадаа цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байна. Харин үлдсэн аж ахуйн нэгжүүд ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Ялангуяа судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 27 хувь нь ажиллагчдадаа цалинтай чөлөө олгожээ. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгийг дэмжих хүрээнд “Ажлын байрыг хадгалах”, “Иргэдийн амьжиргааг дэмжих” гэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь ихээхэн хувь нэмэр оруулж байна.

-Төсвийн орлого оны сүүлээр батлагдсан хэмжээнээсээ хоёр их наядаар буурах тооцоолол байгаа шүү дээ. Хагас жилийн байдлаар төсвийн орлого, зарлага ямар үзүүлэлттэй байхаар байна вэ?

-2020 оны нэгдүгээр сард нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл  67.2 тэрбум төгрөгийн ашигтай байсан 2-5 дугаар сар хүртэл 156.0-935.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байна. 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 3.3 их наяд төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.

Эхний таван сарын байдлаас харахад татварын орлого,  тухайлбал бусад татвар, төлбөр хураамжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, нийгмийн даатгалын орлого, гадаад үйл ажиллагааны орлого зэргийн бууралт нь нэгдсэн  төсвийн орлогын хэмжээнд сөргөөр нөлөөлсөөр байвал зарлага төлөвлөгдсөн хэмжээнд байсан ч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл цаашид алдагдалтай гарсаар байх хандлагатай байна.

- Коронавируснээс шалтгаалан эдийн засаг уналттай байгаа  энэ хүнд үед аль салбараа илүү дэмжсэнээр эдийн засгаа бодитой идэвхжүүлэх вэ гэдгийг статистик харуулж байгаа шүү дээ.  Та бүхний боловсруулан гаргаж буй дата төрийн бодлого шийдвэрт тусгалаа олж байна уу?

-Орчин үеийн засаглалын салшгүй нэг чухал бүрдэл нь хөгжлийн бодлого, судалгаа шинжилгээний ажил болж байна. Хөгжлийн бодлогыг аль болох бодитой статистик мэдээлэл, судалгаанд тулгуурладаг болгох нь дэлхий нийтээр анхаарч буй асуудал юм.

Үнэн зөв, найдвартай статистик нь тогтвортой хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох чухал хэрэгсэл төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн хяналт болдог. Үүний тод жишээ нь статистикийн хэрэглээ олон улсад төдийгүй манай улсад өдөр бүр өсөн нэмэгдсээр байна. Тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбаруудын төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрүүд зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан үзүүлэлтүүдийн суурь түвшинг тодорхойлох, хэрэгжилтийг дүгнэх зэрэгт зайлшгүй ҮСХ-ноос боловсруулсан албан ёсны статистикийн мэдээллийг ашиглаж байна.

-Тойм тоогоор харахад инфляцын өсөлт бага байна.  Гэхдээ манайх шиг махнаас бусад хүнсээ импортоор голцуу авдаг улс нэг талаас дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх бололцоо гарч байгаа юм шиг хэр нь нөгөө талаас үнэ нь цаашдаа өсөх нөхцөл болоод байх шиг?

-Энэ 2020 он гарсаар инфляцын өсөлт саарсан нь тээврийн бүлэг буюу шатахууны үнийн бууралттай шууд холбоотой байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн улсын индекс өмнөх оны эцсээс 2017 онд 1.0-6.4 хувиар, 2018 онд 1.4-8.1 хувиар, 2019 онд 0.6-5.4 хувиар өсөж байсан бол 2020 оны эхний таван сарын байдлаар 0.9-2.9 хувийн өсөлттэй гарсан.  Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд голлон нөлөөлдөг махны үнэ зургаадугаар  сар хүртэл өсөөд долоодугаар  сараас буурдаг хандлагатай. Энэ хандлага нь  оны эхний таван сард хадгалагдсан хэвээр байна.  Хүнсний ногооны үнийн улсын индексийг сүүлийн дөрвөн жилийн судалгааны дүнгээр авч үзэхэд хавар, зуны улирал буюу долоодугаар  сар хүртэл өсөж, намрын улирлаас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлттэй уялдан үнэ нь буурдаг. Энэ хандлага 2020 оны эхний таван сард хадгалагдсан хэвээр байна.         

-Монгол Улс 2020 оны хүн амын тооллогын дараа хүн амын хэтийн тооцоогоо шинэчилнэ гэж байсан шүү дээ. Энэ ажил ямар шатанд яваа вэ?

-Хүн ам, орон сууцны ээлжит тооллого амжилттай явагдаж, саяхан бид тооллогын үр дүнгийн тайлан, танилцуулгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн барьсан. Хүн амын хэтийн тооцооны бэлтгэл ажлын хүрээнд хүн амын нас, хүйсийн бүтэц дэх шинжилгээг одоо бид хийж байна. Үүний дараагаар таамаглал дэвшүүлэх, хэтийн тооцооллын ажлууд эхэлж, Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнд үндэслэн “Хүн амын 2021-2050 оны хэтийн шинэчилсэн тооцоо”-г боловсруулна.

Хүн амын хэтийн тооцоог  улс орны эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, судалгаа, шинжилгээний зорилгоор боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо гээд бүхий л салбарын эрэлт, хэрэгцээг тодорхойлох суурь мэдээллийг хүн амын хэтийн тооцоогоор бий болгодог.

Тиймээс уг тооцооллыг нарийн нягт боловсруулах шаардлагатай байдаг. Энэ үүднээс ч хэтийн тооцооллын бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон хүн амын тоо, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх  мэдээлэлд нарийвчилсан шинжилгээ хийж ирээдүйн төлөвийг урьдчилан таамаглан тооцоолол хийдэг.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Өглөөний сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)