Өнгөн дээгүүр нь сэвээд байна дүү нар минь!
- 2020-07-07
- Нийтлэл
- 3
Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй холбоотой маргаан анхаарал татах болсон. Уг заалттай холбоотой судлаач Ц.Товуусүрэнгийн нийтлэлийг хүргэж байна.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тойрсон шуугиан олны анхаарлыг татаж байна.
Үүнийг санаачлагчдын зорилго юунд чиглэж байгааг таамаглахад амаргүй. Хандлагыг нь ажиглаад байхад Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчлөхөд чиглээд байх шиг. Энэ нь зөв гарц мөн үү.
Миний төсөөлж байгаагаар бол тавьж байгаа асуудал нь Үндсэн хуулийн энэ заалтыг дагаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгал орчныг хамгаалах тухай, Баялгийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийн агуулгыг илэрхийлэхэд чиглэгдэж байгаа бол алга ташаад дэмжмээр байдаг. Гэтэл зөвхөн Үндсэн хуулийн дээрх заалтыг хөндөхийг шаардаад байх шиг. Тийм бол энэ нь хууль зүйн хувьд боломжгүй гэдгийг шуудхан хэлэхээс өөр аргагүй.
Үндсэн хууль тогтооно гэдэг бол тийм ч амар хялбар зүйл биш. Зөвхөн энэ заалтын түүхийг аваад үзэх юм бол 2017 онд ард нийтээр хэлэлцүүлсэн төсөлд ч байгаагүй, түүнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 28 хүртэл хэдэн арван удаа төслийг өөрчлөн боловсруулах явцад энэ заалт багтаагүй юм. Харин 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн барьсан төсөлд “6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэжээ.
Улсын Их Хурал төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байх явцад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өргөн барьсан төсөлд “6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно.
Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэжээ.
Энэхүү заалт ердийн хуулиар зохицуулах боломжтой харилцааг агуулсан, хэний ч биш нийтийн өмч гэсэн, газрын хэвлийн баялгийг ашиглахад гадаадын хөрөнгө оруулагчдыг хаан боогдуулсан, өөрийн бодит боломж байхгүй байхад зөвхөн дотоодын хуулийн этгээд газрын хэвлийн баялгийг ашиглахыг зөвшөөрсөн зэргийг дахин хянаж нягтлах шаардлага тулгарсан билээ.
Тулгарсан шаардлагыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхийн тулд хамтарсан зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж, сар хагасын турш ажиллаж, тодорхой зөвшилцөлд хүрснийг Улсын Их Хурлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураасны эцэст өнөөгийн “төрийн нийтийн өмч” гэсэн томъёоллыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн зохицуулалт бий.
Нөгөө талаар “Public property” гэсэн англи томъёоллыг хэрхэн ойлгох вэ гэсэн асуулт гарна. “Нийтийн өмч” гэвэл нийтээрээ өмчилнө. Захиран зарцуулахдаа нийтээрээ хэлэлцэж шийдвэрлэнэ, “Төрийн өмч” гэвэл төр ард түмний нэрийн өмнөөс өмчилж, захиран зарцуулна гэсэн ойлголт дагалдах болно.
Харин нийтийг төлөөлж төр шийдвэр гаргана, гэхдээ ард түмнээсээ саналыг нь асууж байж шийдвэр гаргана гэж ойлгохыг хүсвэл төрийн нийтийн өмч гэснийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан төрийн нийтийн зориулалттай өмч гэснийг хураангуйлан илэрхийлжээ гээд нэг мөр ойлгоход том бэрхшээлтэй тулгарахгүй.
Төрийн нийтийн өмч гэснийг Англи хэл рүү хөрвүүлэхдээ “ public state property” гэж л битгий орчуулаарай, харин “public property of the state” гэж орчуулсан нь арай дээр байх.
Ард түмэн сонгуулиар өөрсдийгөө төлөөлж шийдвэр гаргахыг зөвшөөрч төрөө эмхлэн байгуулдгийг үндэс болговоос төрийн өмч гэсэн нь нэг их буруудаад байсан юм биш. Гэхдээ хуулийн энэхүү заалтыг зөв томъёолох хүсэл зоригийн үүднээс зөвшилцлийн ажлын хэсэг “төрийн нийтийн өмч” гэж томъёолсныг сайн сайхан зүйлийг олж харах билгийн нүд нь хаагдаагүйгээ илэрхийлж,, аливааг эерэг талаас нь харъя гэсэн хүсэл байвал хүлээн зөвшөөрч болох зүйл.
Төрийн нийтийн өмч гэснийг яаж, ямар томъёоллоор дэлгэрүүлэн хуульчлах талаар Үндсэн хуулийн 6.2-ийг шүүмжлээд байгаа нөхөд илэрхийлэхгүй байна. МАХН бол “ард түмний өмч” гэхийг шаарддаг. Ийм зохицуулалттай улс цөөхөн байдаг. Эндээс ард түмний өмчийг хэн мэдэж зарцуулах вэ гэсэн асуулт урган гарна. Мэдээж газар байгалийн баялгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбоотой бүх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ гэдэг худлаа. Тэгэхээр ард түмний сонгуулиар байгуулагдсан төрийн эрх барих байгууллага оролцож таарах гээд байгаа юм.
Нэгэнт ийм байгаа болохоор Үндсэн хуультайгаа ноцолдохгүйгээр алийг нь ард түмнээсээ асууж байж шийдвэрлэх, алийг нь төр тэднийг төлөөд шийдвэрлэх вэ гэдгийг холбогдох хуулиар нь ярилцаж байгаад, ялгаж салгаад шийдэх гарц байна гэж би хараад байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйл. Төрийн нийтийн зориулалттай өмч
1.Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.
2.Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
1. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
2. Газрын хэвлий, түүний баялаг;
3. Ус, түүний доторх баялаг;
4. Ой, түүний дагалдах баялаг;
5. Ургамал, ан амьтны нөөц;
6. Түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;
7. Археологийн болон палентологийн олдвор;
8. Хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.
З.Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
4.Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ , бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно гэсэн зохицуулалт байна.
Энэ сүүлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалттай зөрчилдөх тул түүнд нийцүүлж зөвхөн ашиглуулахаар зохицуулах шаардлага байна.
Уг нь ийм л зүйлийг олж харж, төрд дохио, сануулга өгч байвал нэн сайн сан.
Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулж, мөрдөөд эхэлсэн болохоор Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд заасан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгал орчныг хамгаалах тухай, Баялгийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, заримыг нь шинэчлэн найруулах шаардлага тулгараад байгаа. Түүнчлэн холбогдох бусад хууль тогтоомжуудад ч зарим засвар, өөрчлөлт хийхийг амьдрал өөрөө шаардах болно.
Дээр дурдсан хуулиудын зарим нь хуучирсан, олон удаа нэмэлт, өөрчлөлт орсон, заримд нь гадаад, дотоодын этгээдүүдээс түлхээс орсныг хууль тогтоогчид, анзаараагүй, эсхүл зарим хуульчдын ярьдгаар хуулийн хулгайгаар орсон зэргээс улбаатай байж болох Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн заалтуудтай зөрчилдсөн зүйл заалтууд нэг биш ажиглагдаж байна лээ.
Ер нь бид өмч гэдэг зүйлийг өмчлөх гэдэг нь юу юм бэ, эзэмших гэдэг нь юу юм бэ, ашиглах гэдэг нь юу юм бэ, захиран зарцуулах гэдэг нь юу юм бэ гэдгийг ялгаж салгаж зөв ойлгохгүйгээр өмчийн харилцаа, тэр дундаа байгалийн баялаг, газрын хэвлийтэй холбогдох асуудлаар өнгөн дээгүүр нь сэвээд, олон түмэнд буруу ташаа ойлголт өгөөд байвал Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэгт холбогдохыг ч үгүйсгэж болохгүй.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаар шуугиулаад байгаа нөхөд ядахдаа энэ зүйлийн бүх заалтыг хооронд нь холбож нягтлахгүй байгааг төвөгүйхэн ажиглаж болно
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг энэ зүйлийн бусад заалттай нь холбож нягталж үзвээс энэ зүйлийн 1, 2 дахь хэсгээс газар, байгалийн баялгийг төр захиран зарцуулахдаа ард түмнийхээ саналыг авч, зохистойгоор шийдвэрлэх юм байна. Иргэн байгалийн баялгийг ашигласнаар байгал орчин, өөрсдийнхээ эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх талаар лавлаж мэдэх боломж бас байна.
Баялгийн сан байгуулж, түүнийг арвижуулан ард түмний бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулан зарцуулах юм байна. Онцгой/стратегийн/ ач холбогдол бүхий ашигт малтмалыг ашиглахдаа түүнээс орох татвар, төлбөр, хураамж, ногдол хувь, эсхүл ногдол ашгийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхаар холбогдох гэрээ хэлцлийг үйлдэх юм байна.
Мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Гэхдээ газрын хэвлийг өмчлүүлэхгүй. Иргэд өмчийнхээ газрыг худалдах, арилжах, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхгүй. Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар газрыг өмчилж авсан манай улсын иргэн газартай холбогдсон үүрэг, хариуцлага хүлээх, зүй бусаар хуульд заасан хүн амын эрүүл мэнд, байгал хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал газрыг нь хураан авах юм байна.
Мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг өмчлүүлэхгүй, эмэмшүүлэхгүй. Хуульд заасан болзол журмын дагуу тэдэнд зөвхөн ашиглуулж болох юм байна гэдгийг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулсан байгаа юм.
Харин ашиглуулахгүй гэвэл гадаадын хөрөнгө оруулалтад баяртай гэж хэлсэнтэй эн зэрэгцэнэ.
Эдгээр заалтыг хэрэгжүүлэх явцад зарим алдаа завхрал гарсан байхыг үгүйсгээгүй бөгөөд төрийн хараа хяналт дутмаг байгаа учраас л ашигт малтмалын лиценз дамжуулан зардаг зэрэг зүй бус явдал давтагдаад байх шиг. Засгийн газраас газар, байгалийн баялгийн эргэн тойронд томоохон хяналт, шалгалт зохион байгуулж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, тэдгээрт холбогдсон этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах цаг болсон шиг байна.
Үндсэн хуулийн 6.2-ийн талаар давалгаалуулаад байгаа нөхдийг газар байгалийн баялагтай холбогдсон бусармаг явдлыг таслан зогсоох зорилготой гэдэгт итгэн хамтарсан хяналт, шалгалт зохион байгуулж, илэрсэн дутагдлыг арилгах аваас үр өгөөж нь тэр болох биз ээ.
Өнгөн дээгүүр нь бүү сэвээд бай, үр дүнд хүрэхгүй. Гүн рүү нь нэвтэрч ултай ханд, өгөөж нь буцаад ирнэ. Дүү нар минь
Судлаач Ц.Товуусүрэн
Сэтгэгдэл (3)
Zochin (127.0.0.1)
harin yag tod tailbarlaad baina ungun deeguur ni bitgii seveed bai
ИРГЭН (127.0.0.1)
ТИЙМЭЭ, 127-Г ДЭМЖИЖ БАЙНА. ШҮҮГЧИЙН ТОИЛГООНД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦДОГИЙГ БОЛИУЛЖ ЧАДААГҮЙ НЬ ӨМНӨХ НЭМЭЛТ ӨӨРЛӨЛТИЙН ГОЛ ДУТАГДАЛ. ОДОО ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ, ШҮҮХИЙГ ХАРААТ БУС БОЛГОХГҮЙГЭЭР ШУДАРГА ЁС ЯРИХ ХЭРЭГГҮЙ.
ИРГЭН (127.0.0.1)
"Төрийн нийт" гэдэг үг чинь олон түмэнд ойлгогдохгүй байна ш дээ. Ийм хоршоо үг монгол хэлний зүйд байхгүй. Гадны нэр томъёог механикаар хуулбарлаж Үндсэн хуульд оруулсан нь тийм зөв биш. Олон нийт, гадаад талдаа ойлгомжгүй, олон салаа ойлголт төрүүлж байгаа учраас санаатай болон санамсаргүй төөрөгдөлд оруулж байж болох юм. Иймд Үндсэн хуульд дахиад тов тодорхой 2 өөрчлөлт оруулъя: 1.6.2-ыг ойлгомжтой, тов тодорхой болгох 2.Шүүгчийн томилоход Ерөнхийлөгч аливаа хэлбэрээр оролцдогийг болиулж, Шүүхийг хараат бусаар ажиллах бодит нөхцлийг бүрдүүлэх.