Далаад онд
- 2020-07-10
- Нийтлэл
- 2
Далаад онд хөдөө манайх Завхан Ургамал сум Талын гурван улааныг л тойрч зусч, хаваржиж, намаржиж, отор хийдэг байв. Яг Талын гурван улааны дунд Хүнгий голын эрэг дээр Олгой хэмээх газар “Өргөн айлсалт” болдог байв. Өргөн айлсалт нь социализмын үеийн нилээд томоохон компанит ажил бөгөөд анх түүнийг манай элсний хойт талаар орших манай ээжийн нутаг Сантмаргаз сум нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар Цэдэн-Иш дарга санаачилсан гэдэг.
Өргөн айлсалт нь айлууд нормт ашиг шимээ ноос ноолуураа авч, сүү саалиа борлуулж дуусан отор нүүдэл, хадлан тэжээл хийхээс өмнөхөн 7-р сарын 20-ноос 8-р сарын 1-ний хооронд бүх айлыг хүчээр нэг дор бөөгнөрүүлэн хоёр эгнээ маягаар айлуудыг задгай байрлуулдаг байв. Өргөн айлсалтын зорилго нь хөдөлмөрчдөд урлаг, уран сайхнаар нэгдсэн журмаар үйлчлэх, гар тэжээл хадлан бэлтгэх, өнгөрсөн мал төллөлт, өвөлжилтийн байдалд дүгнэлт хийж, хөдөлмөрчдийн гавшгайчдаа тодруулах, социалист хөдөлмөрийн гавшгайчдынхаа баярыг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх бяцхан найр хийх зэрэг зорилготой байсан болов уу гэж боддог. Өргөн айлсалт болоход хүүхэд бидний магнай ёстой л нэг тэнийх шиг болдог. Зунжингаа хар бор ажилд нухлагдсан үеийн хэдэн нөхдүүд нийлж Талын гурван улаандаа очиж өдөржингөө байлдаж барилдаж тоглож, Хүнгий гол дээр шавраар тоглон усанд орж, бие биенээсээ уралдан даага сургаж, даагаа уралдуулж, хамгийн хурдан даагаа хөтлөн 9-р сарын 1-нд сургуулийн дааганы баярт уралдаж түрүүлж, сүүлдэж байдаг байв. Миний санахад 197З оны дааганы баяраар Хуудай ахын Баавгай /Скаут, хүүхдийн Баавгай багш гэдгээр хүмүүс андахгүй болов уу/-н шарга даага түрүүлж байсан юм.
Даага сургана гэдэг бол зуны гэрийн нэг даалгавар байсан. Сургасан даага маань бүгд л нэгдлийн даага бөгөөд нэгдлийн адуучин Банзай Баавай, Магсаржав Маагаа нар адуу усанд орж ирэх өдөр бидэнд нэг нэг даага барьж өгдөг байв. Тэр үед зуун даага сургасан хүнд нэгдлээс нэг даага үнэгүй өгдөг журамтай байсан ч 100 даага сургаж даагаар шагнуулж байсан хүүхдийг би сайн санахгүй юм. Энэ бол бас л нэг хүүхдийг хөдөлмөрт сургах арга байсан байжээ. Өргөн айлсалтын үеэр бүх эрчүүд болон ах нар хадлан бордоо, отор нүүдэл, тэмээний эрэлд явж, хэдэн авгайчууд хүүхдүүд гэрээ сахин үлддэг байв. Манай ээж мэтийн жилийн дөрвөн улиралд борви бохисхийхгүй зүтгэдэг хүмүүст бол өргөн айлсалт нь тэдний хувьд түр амсхийх, хир буртгаасаа салах, гэрийн бүрээс, туурга ширдгээ оёж шидэх, урлагийн бригадын тоглолт үзэх, цаг зав гарвал хөзөр тоглож, данхтай цайгаа шавхтал ойр зуурын бүтэн жил яриагүй хов живийг айлын самган нартай хөөрөлдөх, нэг ёсондоо бяцхан соёлжилт амралтын үе байв. Орост олон намрыг үзэж сурахдаа мөн ийм үе буюу Бaбьe лето гэдэг 9 сарын эхээр болдог цаг үеийг олж мэдэхдээ өргөн айлсалт мөн санаанд орж ээжийгээ өөрийн эрхгүй дурсдаг байв. Энэ үеэр орос эхчүүд тариа ногоогоо хурааж дууссан, жимсний чанамал хийж, байцаа ногоогоо даршилсан шигээ түр амрах, амсхийх сайхан нарлаг дулаахан хоёр долоо хоног орчим үргэлжлэдэг үе нь юм билээ. Америкт ч мөн “Indian summer” гэх цаг үе 9-10 сард байдаг юм билээ. Өргөн айлсалт гэдэг нь хэдий социализмын үеийн ухагдахуун ч үндэстэн бүрд айлын авгай нарын түр амсхийх, амрах үе юм шиг. Өргөн айлсалт нь хамтын хүчээр өвөлдөө бэлтгэх, өвөлдөө хэрэглэх цагаан идээгээ бэлтгэх мөн зорилготой байсан. Энэ үеэр айлууд саалийн 10-20 ямаатай, 4-5 үхэртэй үлдэж бусдыг нь бүгдийг оторт хөөж гаргадаг, нэгдэл нийгэмд өгөх албан журмын үүрэггүй үе бөгөөд 9-р сарын 1-нд тарж айлууд намаржааруугаа нүүдэг байв.
Өргөн айлсалтанд хамрагдсан миний хамгийн идэвхитэй үе бол 1-4-р анги хүртэлх үе байв. 5-р ангиас эхлэн гадуур дотуур явах эр хүний тоонд тооцогдож адуунд явах, отор хийх, хадлан авах зэрэг ажилд дайчлагдах болов. Анх оторт дүүтэйгээ хамт хоёулхнаа Талын гурван улааны урд магнай дээр Цохио хадны ар шил дээр гарав. Эр хүний жаргал эзгүй хээр гэдгийг тэр үед л мэдэрч эхэлсэн юм. Отор хийнэ гэдэг үнэхээр сайхан ажил ч хүүхэд миний хувьд жаахан уйтгартай, бас гэдэс өлсдөг тийм үе байв. Нэг орой хонио майхныхаа гадаа хотлуулсны дараа хоттой нэгдлийн хонио харааж гарав аа, би. Энэ хэдэн хонь цовхоргоор үхээд өгөөсэй, цовхоргоны мах идээд нэг сайн цадах юмсан хэмээн дүрсгүйтэж орхисон чинь маргааш өглөө хотон дотор 5-6 хонь цовхорго /цовхорог гэдэг тухайн үед манай нутагт нилээн түгээмэл гардаг байсан хонь малын өвчин л дөө/-оор үхсэн хэвтэж байв. Баярлах айх хоёр зэрэгцэн арьсыг хурдхан хуулж, хуулахдаа хоёр чихийг арьстай нь огтлож авч хатаав. Учир нь хоёр чихтэй хатаасан арьсыг дараа нь бригадын малын эмчид үзүүлж, акт гаргуулж малын данснаас хасуулдаг юм л даа. Тэгээд хоёулаа том тогоонд нэг өрөөл махыг, шууд хаа гуяар нь хийж гэдсээ гартал цооёо/цовхорго/-ны мах цохилоо. Одоо битгий хонь цооёогоор үхүүлээч гэж залбирснаас хойш харин олноор үхсэхнгүй. Харин хааяа нэг нэгтээ таарга, цооёогоор ганц нэг хонь долоо хоног бүр мажийдаг байсныг хоёулаа цадталаа идэж, үлдсэнийг нь голд орохдоо гэртээ аваачиж ээжид өгдөг байсан юм. Голд орно гэдэг нь хөдөө хээр хоёр хоног хонио отлорлож байгаад малаа услах, ундны ус авах зорилгоор Хүнгий голдоо өглөө эрт орж, орой нар хэвийх үед хөдөө тийш зүтгэнэ гэсэн үг. Өглөө эрт хонио голоос услахгүй бол үдийн халуун бүлээн голын хужиртай ус уусан хонь малын гэдэс дотор эвгүйрхэн таарч үхэх тохиолдол их гардаг.
Отор хийнэ гэдэг нь хонь малаа таргалуулах үндсэн үүрэгтэй, тэгснээр өвлийг өнтэй малын тарга хүчээр зуд болсон ч давах алсын зорилготой. Үүний тулд өглөө эрт зуны сэрүүн өглөө хонио бэлчээж өвсний шимтэйг идүүлэх ёстой. Өдрийн халуунд хонь хэд арваараа харганы ёроолд хорж зогсох тул аль болохоор сүүдэр, сэрүүн уулын ар шилээр идээшлүүлэх явдал байдаг. Үүнд ямаа их тус болдог байв. Яагаад гэвэл ямаа уул хаданд явах их дуртай амьтан. Зарим шөнө хонь өөрсдөө эрт бэлчээд алга болно. Тиймээс ялангуяа бороотой шөнө манаж хононо. Нэг шөнө хонио манаж байгаад нам унтсанаас болж хонь ямаа шөнө дөлөөр бэлчиж Шаагаа ахын хариулдаг хуц ухнатай нийлж зарим мал эрт хээл авснаас болж өвөл хөхөө өвлийн хүйтэнд зарим хонь хургалж хөлдөх нь хөлдөж, амьдрах нь амьдарч, харин ээж тэр жил хэдэн сайхан хурганы арьстай болж дээл хийж өмссөн юм даг (зураг зуслан дээрээ сая зургаан сард).
ОУ-ын зэвсгийн шинжээч Нобелийн шагналт доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Сэтгэгдэл (2)
Зочин (127.0.0.1)
Аа мундаг хүү байна.
Зочин (127.0.0.1)
Энэ их хөөрхөн хүү. Дээр үеийн монгол хүүхдүүд яг ийм хүүхдүүд байв