Монгол Улс Москвад ямар хэрэгтэй вэ?
- 2020-07-16
- Нийтлэл
- 2
Аугаа их хатан хаан Екатерина II Орос орныг дэлхийн дайтай улс болгох суурь тавьснаас хойш энэ улс эргэн тойрны улсуудтайгаа дайтан тулалдаж, ихэнхдээ ялан дийлж ирснээс хойш 300 гаруй жил өнгөрчээ. Товчдоо бол оросууд төр, улс оршин тогтнох гэдгийг байлдан тулалдах, ялан дийлэх гэж ойлгох болсон байна. Оросын хот, хөдөөгийн ямар ч айлд зочлоход янз бүрийн дайнд амь эрсдсэн нэгээр тогтохгүй хамаатан садных нь зураг хойморт нь залаастай байдаг. Орос улс Екатерина хатан хааны үед Туркуудтай, наашлаад Татар, Польш, Австри, Франц, Англи, Итали, Герман, Афганистан сүүл рүүгээ бүрэлдэхүүндээ байсан улсуудтайтайгаа байлдан тулалдаж, 200 гаруй сая хүнээ алджээ.
Бурхан өнгөрсөн зуунуудад оросуудад 1 улстай байлдаж байх хуваарь хийж өгсөн бол гэнэт зан нь хувирч 21 дүгээр зуунд олон улсын харилцаан дахь үл итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагааны бэрхшээлийн дээр шинжлэх ухаан, технологи, хувь хүний хөгжлөөрөө давамгайлсан 2 “дайсан” заяажээ. Нэг нь 4200 км газраар шууд хиллэхийн зэрэгцээ 3500 км газраар хиллэдэг өмнө хөршийнх нь эдийн засгийн салбарыг бараг бүрэн хяналтад авсан, нөгөө нь мөн улсын улс төрийн хүрээнд нь онцгой нөлөөтэй. Өөрөөр хэлбэл 2 “дайсан” нь 2-уулаа хаяанд нь буучихсан байдаг нь энэ улсын хувьд тэвчиж болшгүй байдал юм.Энэ асуудлыг мэдээж шийдэх ёстой.
Европын том эдийн засаг болох Герман, Франц улстай стратегийн түншлэл байгуулах оролдлого бүтэхээ байж, улс төрийн бодлогоос нь үүдэлтэй элдэв хоригт байнга өртөх болсон учир Москва жолоогоо эргүүлж, Ази-Номхон далай бүс нутаг руу анхаарлаа хандуулж эхэллээ. Эдийн засгийн өсөлт нь ханаж буй Европын зах зээлийг бодвол Ази, номхон далайн бүс нутгийн шинэ залуу зах зээл Орост илүү эдийн засгийн хүчин чадал олгоно гэж тэд тооцоолжээ. Москва, Америк ч байна уу, Хятад ч байна уу, тэднээс өөр хэн нэгэн дэлхийн асуудлыг шийдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй, мөн замын саадыг тойрдоггүй, бүхий л аргаар шийддэг уламжлалтай.
Ингээд хартал дэлхийн II дайнаар өөрийн болгоод зөнд нь орхичихсон бүс нутаг нь шал өөр болчихсон байх нь тэр. Кремль эхнээс нь янзалж эхлэв. Монгол дахь Хятадын эдийн засгийн нөлөөг сааруулах чадавхи байхгүй учир алгасав. 20 дугаар зуунд монголчуудыг захирч байсан хуучин лидерүүдийн зөвлөгөөгөөр эхний үед шууд тушаах, хаан боогдуулах арга хэрэглэх гээд буруудах шахав.
Ингээд Оросын талыг талархан үздэг субьектуудыг хөхиүлэн дэмжиж, санаа бодол нийлээгүй нэгнийг нь нухчин даруулдаг, Монголд 1930-д онд хэрэглээд гялалзсан үр дүнд хүрсэн “хуваа, захир” арга хэрэглэв. Мөн олон нийтийн хандлагыг эргүүлэхийн тулд монголчуудын ахмад үеийнхний ой санамжинд эергээр дүрээр үлдэж хоцорсон ах дүүгийн найрамдалт харилцаа, дайныг хамтдаа туулсан он жилүүдийн дурдатгалыг сэргээхэд хөрөнгө мөнгө хайргүй зарцуулах болов. Монголчуудын салахгүй гуйгаад байгаа бас бус төслийн талаар ч ярилцав.
Дараагийн шат нь Москвагийн эрх мэдэл, нөлөө зонхилдог олон улсын байгууллагуудад энэ улсыг гишүүнээр элсүүлэх. Ийм цэрэг, улс төр, эдийн засгиийн байгууллагуудын тоонд ШХАБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний улсууд, Гаалийн холбоо гэх мэт байгууллагууд орно. Гагцхүү оросууд Монголыг ингэж шахахад Хятад хэрхэн хүлээж авах вэ гэдэгт санаа зовж ШХАБ-ын хувьд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлээд байдлыг харгалзав.
2020 оны 7 дугаар сар 10-нд биднийг наадмаа хийх гээд Нарантуулаар хэсч байхад Оросын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Георгий Зиновьев “ХАБГБ-д Монгол Улс элсвэл ихээхэн ашигтай ба удирдлагууд нь шийдэх асуудал” гэж мэдэгдэв. Улмаар ужигдар өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурав. Энэ хуульд тусгайлан зааж өгснөөр Монгол Улс дэлхий дахинаа өрнөж буй цэрэг, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, гэрээ байгуулахдаа заавал Орост мэдэгдэх ба зөвшөөрөл авах болчихож байгаа юм.
Зиновьевын хийсэн мэдэгдэл бол зүгээр нэг албан тушаалтны санаа биш Монголыг уургалаад авсан учир амгайвчилж, эмээл тохох ажиллагаагаа зарлаж байгаа хэрэг. Мэдээж дараагийн алхам нь ШХАБ. Ингэсэн тохиолдолд Монгол давхар ногттой болчихож байгаа гэсэн үг.
Дотоодод хэлэлцүүлэг өрнөнө, гэвч галт тэрэг нэгэнт хөдөлсөн.Хэрэв миний сонссон үнэн бол ГХЯ-ыг байнга төвийг сахих бодлогыг сурталчлахаа зогсоохыг дээрээс үүрэгдсэн гэнэ. Нийтлэлээ нэг орос твиттерчний Путин гэрээг соёрхон баталсан тухай мэдээн дор бичсэн “. . . Путины зөв, Монголоос юу авах вэ? Газар нутгийг нь Хятадын түрэлтээс хамгаалах бамбай болгон ашиглахад л хэрэгтэй” гэсэн үгээр төгсгөе.
Жич: Гэхдээ оросууд нэг хүчин зүйлийг тооцсонгүй, Монголын залуу үе 20-р зууны түүхийг тоодоггүй, орос хүнийг таньдаггүй, сошиал хэлэлцүүлэг нь зарим тохиолдолд улс төрийн шийдвэрт хүчтэй нөлөөлөхүйц хэмжээнд хүртлээ хөгжсөн. Монголчууд ач санамтгай ч эрх чөлөөний мэдрэмж нь өндөр. Тэгэхээр Москвагийн бодлого энэ удаад хэрэгжлээ ч 5, 10-хан жилийн дараа улс төрд хүч түрэн ирэх шинэ үе зүгээр л түүхийн хог дээр шидэж орхино.
Р.Цэцэгээ
Сэтгэгдэл (2)
чимэд (127.0.0.1)
Бид хэдэн хүнтэй хэдэн хоньтой билээ Техник технологи гэхэд хөндлөнгийн нэгэнд харуулчих юу бий билээ гэж бодсоор чимээ тасардаг биздээ бяруу болоогүй байж бух шиг мөөрөөд болчимгүйдэх вийдээ.Гэхдээ бид тээрмийн 2 чулууны алинд ч ойр байгаад нэмэргүй бяцардаг буудайны үр юм Тийм учраас хэний нь ч өвөрт юу юугүй өөрөө гүйж орох хэрэг байна уу бодох л асуудал Хятад манай нэг ах дүүст яаж хандаад байгааг харах Оросууд нь арай дээр гэх ч хүн байдаг
m (127.0.0.1)
ene teneg hvvhen geopoltik uls tor oilgodogui hvn bna.oligtoi gants ogvvlog bichij chadagui baij iim tom sedebeer ingej hudalaa burah shigee...medehgui baij odoo ingej bvlterch tom sedeveer balaich soliorch bolohgui shuu..