Ж.Одгарьд: Жилийн заслаа хэзээ ч хийлгэж болно

Гандантэгчэнлин хийд цагийн хуваарийнхаа дагуу ажиллаж эхэллээ. Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас зарим зүйлийг тодруулсан юм.


-Жилийнхээ засал номыг заавал хаврын эхэн сарын шинийн наймны дотор хийх ёстой юу. Эсвэл засал номоо хэдийд ч хийлгэх боломжтой юу?

-Хэзээ ч хийлгэж болно. Гандантэгчэнлин хийд долдугаар сарын 04-нөөс эхлээд зургаан хоног хурал номоо хуруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Амралт наадмаас өмнө хурал номын үйл ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлэхээр бид тусгай хөтөлбөр гаргаж байгаа. Энэ зургаан өдөр лам хуваргууд 09:00-17:00 цагийн хооронд засал ном хурна.Монголчуудын нийтээрээ амардаг улсын их баяр наадам таарч байгаа учраас ийн өмнөх өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Аль ч цаг үед засал номоо хийлгэж болно. Нар буцсанаас хойш эсвэл ес эхлэхээр засал, зан үйлээ хийлгэдэг. Мөн жилээ угтаад хийлгэдэг уламжлал ч бий. Тодруулбал, Монголын хойд хэсгээр нутагладаг Халимаг, Тува тэргүүтэй Ойрад монголчууд зулын 25-наас хойш хаврын эхэн сарын шинийн нэгнийг хүртэл засал зан үйлээ хийлгэдэг.

-Цагаан сарын дараа хийлгэх ёстой гэж үздэг нь ямар учиртай юм бол?

-Бурхан багш хувилгаан үзүүлсэн 15 хоногтоо ном сургаалаа ихээр айлдсан гэж үздэг учраас Цагаан сарын шинийн нэгнээс 15-ны хооронд засал хийлгэдэг уламжлалтай юм. Үүний дараа зуны дэлгэр цагт жасаа хурлаа хуруулдаг уламжлал ч бий. Мөн айраг цагаа, өвс ногоо дэлгэрсэн намрын эхэн сард жасаа хурлаа хуруулдаг . Ийм дэлгэр цаг үе эхэлж буй учраас засал зан үйлээ хийлгэж болно. Цаашид Гандантэгчэнлин хийд уламжлалынхаа дагуу хурал номоо тасралтгүй хурна.

-Зун болон намар нийтийг хамарсан ямар нэгэн ёслол үйлдэл, арга хэмжээ зохион байгуулах уу?

-Гандантэгчэнлин хийд хүрээ Майдараа эргээгүй. Одоо эргэнэ. Мөн зуны улиралд Бурхан багшийн ном айлдсан зуны адаг сарын шинийн дөрөвний өдөр Бурхан багшийн Чогоо хурдаг. Дараагийн хоёр өдөр нь Ганжуур, Жамбын Чого тэргүүтэй Майдар бурхны зан үйлийг хурал болно. Мөн зуны хайлан хурал 45 хоногийн турш Гандантэгчэнлин хийдэд явагдана. Маргааш (өнөөдөр) Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшийн мэндэлсэн өдөр тохиож буй учир хурал ном хурна.

-Гандантэгчинлэн хийдэд засал номоос гадна, бясалгал болдог гэл үү?

-Одоо бясалгалын хөтөлбөрийг гаргаагүй байгаа. Бодь сэтгэлийн бясалгалыг Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд хөтөлдөг юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гандантэгчэнлин хийдийн пэйж хуудаснаас авч болно.

П.Сайнжаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)