Супер тархины ойг
- 2020-08-03
- Нийтлэл
- 0
Барууны орнуудад Superbrain yoga нэрээр алдаршсан супер тархины дасгал нь хүний оюуны чадавхийг эрс нэмэгдүүлж, ой тогтоолт сайжруулдаг гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж эхлээд байна. Анх 2005 онд энергийн эмчилгээ хийдэг Чоа Кок Сүй гэгч филиппин багш энэ дасгалын тухай өгүүлсэн “Superbrain yoga” нэртэй ном гаргаснаар барууны эрдэмтдийн сонирхлыг ихэд татсан байдаг. Янз бүрийн орны эрдэмтэд энэ дасгал дээр олон тооны нарийвчилсан туршилт судалгаа явуулсан байдаг бөгөөд туршилт бүр дээр маш гайхамшигтай үр дүн гарч байсан гэдэг. Ялангуяа Дауны, Альцгеймерийн болон Аутизм өвчтэй, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болон унших чадваргүй хүмүүс, мөн барьсан тавьснаа санадаггүй янз бүрийн тархины өвчтэй хүмүүсийн уураг тархины чадвар нь сэргэж, улмаар өвчин нь илааршиж байжээ. Тиймээс өрнөдийн орнуудад тархины эмч нар өвчтөнгүүддээ энэ дасгалыг санал болгон зааж өгдөг болсон байна.
Энэ дасгалын түүхийг сонирхуулахад, Энэтхэгчүүд хэдэн мянган жилийн өмнөөс Ганеш нэртэй эрдэм номын бурханд мэндчилэхдээ үүнийг ёслол маягаар үйлдэж түүнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байсан гэдэг. Энэтхэгчүүд энэ зан үйлийг Топпүкаранам (Thoppukaranam) хэмээн нэрийддэг бөгөөд яваандаа дунд сургуулийн багш нар сурлага муутай, сахилгагүй хүүхэд багачуудыг шийтгэхдээ тэднээр энэ дасгалыг хийлгэдэг болсон түүхтэй ажээ. Учир нь супер тархины дасгалыг хийснээр хүний уураг тархи гүн гүнзгий бясалгалын үед илэрдэг тархины альфа давтамжинд хүрч очдог байна. Ингэснээр анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэн бодох чадвар нь сайжирч, бүтээлч чадварууд хөгжиж гарч ирдэг бөгөөд совин билэг нь хурц болсноор асуудлыг хялбархан шийдэж сурдаг байна. Тархины альфа давтамжийн түвшинд ихэвчлэн урлаг, хөгжим, яруу найргийн бүтээлүүд үүдэн төрдөг гэж судлаачид үздэг. Түүнээс гадна тархины супер дасгал нь баруун зүүн тархийг зэрэг идэвхжүүлж, ажиллуулж байгаа нь эрдэмтдийн туршилтаар батлагдсан байдаг. Тэдний судалгаанд хамрагдсан оюутан сурагчдын сурлагын чанар өмнөхөөсөө эрс дээшилж сурлагаараа бусдаасаа ялгарч эхэлсэн байна. Нэг америк тархины эмчийн өгүүлснээр түүний өвчтөн болох нэгэн дунд сургуулийн сурагч хүү дасгалыг заалгаснаас хойш дараачийн семестэрээс нь эхлээд бүх хичээлдээ А сурдаг болжээ. Өмнө нь тэр хүү С-ээс дээш дүнтэй сурдаггүй байсан гэдэг.
Дасгалын үр дүн хагас жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц гарч ирдэг ч ихэвчлэн хоёр сарын дараагаас үр дүн нь илэрч эхэлдэг байна. Гэхдээ дасгалын гол онцлог нь хэдийчинээ удаан хугацаагаар тасралтгүй хийнэ, төдийчинээ хэмжээгээр үр өгөөж нь өсөн нэмэгдэж байдаг ажээ. Дасгалыг аль болох өдөр өнжилгүй тогтмол хийх хэрэгтэй ч долоо хоногийн ихэнх өдрүүдэд нь хийгээд байж болдог. Харин удаан хугацаагаар завсардаж тасалдуулбал шинээр бүрэлдэн бий болсон тархины онцгой чадамж нь буурсаар эцэстээ үгүй болж хуучин хэвэндээ ордог байна.
Дасгалыг 5-аас дээш насны бүх хүн хийнэ. Мөн сэтгэл санаагаар амархан унаж гутардаг хүмүүс энэ дасгалыг тогтмол хийснээр сэтгэлзүйн хувьд тогтвортой, амгалан тайван болж ирдэг ажээ. Эмэгтэй хүн энэ дасгалыг сарын хир ирэх үеэр түр завсарлах юмуу цөөн тоогоор хийх нь зүйтэй гэж үздэг.
Одоо энэ энгийн хэрнээ гайхалтай дасгалын нууц нь чухам юунд оршдогийг тайлбарлая. Юуны өмнө, хүний энергийн илүүдэл нь доод түвшний хүрднүүдэд, ялангуяа эрэгтэй хүний энергийн илүүдэл нь 2-р хүрдэнд хуримтлагдаж төвлөрдөг тул доод тамирын амьдрал нь идэвхтэй байдаг байна. Тэгвэл энэ дасгалыг тогтмол хийснээр доод хүрднүүдийн энергийн илүүдэл нь гол нуруугаар буюу бүх хүрдээр дамжин дээшилсээр зулайн дээхнэ орших титэм хүрдийг энергиэр дүүргэдэг байна. Титэм хүрд нь булцуут булчирхай болон тархины ерөнхий эрүүл мэндийг хариуцдаг ажээ. Энерги ийнхүү дээшлэх замдаа зүрхэн хүрдийг энергиэр дүүргэж өгдөг тул тухайн хүний зүрх сэтгэл нь халуун дулаан хайраар бялхаж, дотоод амар амгаланг мэдрэх ба тэндээсээ цаашлаад хоолойн хүрд болон билгийн мэлмийн хүрдэнд очиж тархины эд эсийг энергиэр сайтар хангаж идэвхжүүлсний дүнд ийнхүү оюуны чадавх нь сайжирч, аливааг түргэн сурах чадвартай болдог ажээ.
Ерөнхийдөө тамирын амьдралд ороогүй өсвөр насныханд энэ дасгал тун тохиромжтой гэж үздэг. Харин идэвхтэй тамирын амьдралтай хүмүүсийн хувьд дасгалыг тогтмол хийснээр яваандаа идэвх сонирхол нь буурч аажмаар дотоод ариусал явагдаж эхэлдэг. Улмаар хүний адгууслаг чанарыг хувирган өөрчилж илүү оюунлаг хүн болгодог. Гэхдээ энэ процесс маш аажуухан нэлээд олон жилээр явагддаг байна. Энэ бүхний учир нь бэлгийн амьдралд зарцуулагддаг байсан энерги нь тархинд шилжиж очсоноор энергийн давтамж нь нарийсан хувирч, улмаар оюуны чадамжийг нь дээшлүүлэн бүтээлч чадварыг хөгжүүлэхэд зарцуулагдаж эхэлдэгтэй холбоотой ажээ. Дасгалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах юмуу видео бичлэгийг үзэхийг хүсвэл youtube дээрээс Superbrain yoga юмуу Thoppukaranam гэж бичээд хайгаарай.
Одоо дасгалыг хэрхэн хийх зааврыг танилцуулая.
- Дасгалыг хийхээс өмнө гоёл чимэглэлийн зүүлтээ тайлаад, залуу хүн зүүн зүг рүү, настай хүн хойд зүг рүү харж зогсоно. Дасгалын явцад хэлнийхээ үзүүрийг тагнайдаа хүргэж байрлуулсан байна. Ингэснээр энергийн эргэлт явагдах боломжтой болдог.
- Хөлдөө зай авч зогсоод эхлээд зүүн гарынхаа эрхий болон долоовор хуруугаар баруун чихнийхээ гэдсийг зөөлөн чимхэж барих ба эрхий хуруу нь урд талдаа байна.
- Дараа нь баруун гарынхаа эрхий, долоовор хуруугаар зүүн чихээ чимхэж барина. Өөрөөр хэлбэл, хоёр гараа цээжнийхээ өмнө зөрүүлж барихдаа баруун гар нь дээд талдаа байрлана гэсэн үг.
- Доош суухдаа амьсгалаа аажуухан аваад, босохдоо амьсгалаа гаргана. Бүтэн суухдаа өлмийгөө бага зэрэг өргөх ба нэг секунд хэртэй суугаад босно.
- Сууж босох энэ дасгалыг эхлээд 7 удаа хийх ба долоо хоногийн дараагаас тоогоо нэмээд 14-өөр, хоёр долоо хоногийн дараагаас 21-ээр хийнэ. Дасгалыг ерөнхийдөө 21-ээр хийхэд хангалттай гэж үздэг ч хүсвэл 42 хүртэл нэмэгдүүлж болно. Хэрвээ бүтэн сууж босож чадахгүй байвал өвдгөө чадахынхаа хэрээр, болж өгвөл 90 градус орчим нугалан хагас сууж болно. Ингэхдээ энергийн урсгал дээш саадгүй шилжиж байхын тулд аль болох урагш бөгтийж тонгойлгүй нуруугаа цэх байлгахыг хичээгээрэй.
М.Болормаа
Сэтгэгдэл (0)