Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтай боллоо

-Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД-

Байгаль хамгаалагч, судлаачдын өмнө нь амьдарч байсан байшин болон шинээр ашиглалтад орсон орон сууц

 Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардуулан /2020.08.04/ өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд зэрэг албаны хүмүүс оролцов.  

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улс газар нутгийнхаа нийт 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Голландаас 1992 онд 15 тахийг нутагшуулж байлаа. Өнөөдөр Хустайн нурууны тахь 410 болжээ. Мөн Говь-Алтай, Ховд аймагт тахь үржиж байгаа. Монгол Улс нийт 800 гаруй тахийн сүрэгтэй болсон байна. Тахь үржиж өсөхөд манай тусгай хамгаалалттай газрынхан тэр дундаа байгаль хамгаалагчид нөр их хөдөлмөр бүтээлээ шингээсэн. Байгаль хамгаалагчид маань цаг агаарын хүнд нөхцөлд хадга, асга чулуутай, бартаатай уулаар мотоцикл унаад араатан амьтдаас тахиа хамгаалахын төлөө өөрсдийн эрүүл мэнд, амь насаа зориулан ажиллаж байна. Энэ хүнд хүч хөдөлмөрийн үр дүнд устаад байсан тахь эх орондоо эргэж ирсэн. Өнөөдөр байгаль хамгаалах салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Хустайн байгалийн цогцолборт газрын 54 ажилтны 16 гэр бүл орон сууцанд орж, ажлаа хийхэд ар гэртээ санаа зовох зүйлгүй боллоо. Энэ дашрамд ХБНГУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид маань БОАЖЯ-нд харьяалагддаг. Харин орон нутгийн байгаль хамгаалагчид тухайн нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт харьяалагддаг. Тийм учраас дүрэмт хувцас, тоног төхөөрөмжийн хангамж ялгаатай байдаг асуудлыг хэлж байна. Үүнийг нэгдсэн стандартад оруулах шаардлага байна гэж харлаа. Мөн цалин хангамжид боловсролын асуудал хөндөгддөг юм байна. Өнөөдрийн боломжит түвшинг харгалзаж үзэж байгаад цалинг дүйцүүлэх үү гэдэг асуудлыг судалж шийдвэрлэх үүргийг би Төрийн нарийн бичгийн даргадаа өгсөн байгаа. Үүний дараа байгалиа хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй уул усны эздийн цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бий гэж харж байна. Цаашид байгаль хамгаалагчдын нийгмийн асуудалд анхаарах чиглэлээр ажиллана” гэдгийг онцоллоо.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг “Бид Монгол Улсад 1992 оноос эхлэн байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны нэг үндсэн чиглэл нь байгаль хамгаалал байлаа. Хустайд 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ төсөл маань гурван үе шаттайгаар 12 жил үргэлжилж 2027 онд дуусна. Төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын ажилтнуудыг тогтвор суурьшилтай, сэтгэл тайван  ажиллах орчин нөхцөлөөр хангахад бодитой хувь нэмэр оруулах зорилгоор 16 айлын орон сууцыг барьсан. Өнөөдөр ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардууллаа.  Германы зээлийн хөгжлийн банкнаас энэ төсөлд зориулж 40 сая евро гаргаж байгаа. Мөн орон сууцнаас гадна байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж, хөл залгуулах унаа, мотоцикл, ажлын дүрэмт хувцас, дрон зэрэг материаллаг баазыг бэхжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан” хэмээлээ. 

Орон сууцандаа төвхнөсөн Хустайн байгалийн цогцолборт газрын тахьчин Ө.Баянмөнх “Би 16 жил ажиллаж байна. Өглөө таван цагт гараад орой 19.00-20.00 цагт гэртээ ирдэг. Орой ирэхэд гэр хүйтэн, гал түлэхээс эхлээд хүндрэлтэй. Харин өнөөдөр халуун, хүйтэн устай, бохироо шийдсэн тохилог сайхан байртай болсондоо маш их баяртай байна. Эхнэр маань мөн энд ажилладаг. Бид дөрвөн хүүхэдтэй” гэв. 

Мөн ургамал судлаач бүсгүй “Анх энд ирээд модон амбаарт амьдарч байлаа. Дараа нь гэрт амьдардаг болсон. Өнөөдөр ийм сайхан хоёр өрөө байранд орсондоо туйлын баяртай байна. Олон жилийн нөр их хөдөлмөрийн минь шагнал энэ байх. Манай гэр бүлийн хүн энд ажилладаг. Өмнө нь бид хоёр энд, хүүхэд маань эмээ, өвөөтэйгээ амьдардаг байсан бол орон сууцтай болсон тул ээжтэйгээ, хүүтэйгээ, ханьтайгаа бүгд хамтдаа аз жаргалтай амьдарч байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд 2020 онд хамгаалалтын захиргаадад UTV буюу бартаат замын 4 дугуйтай мотоцикль,  моторт завь, аялал жуулчлал бүхий газруудад бохир соруулдаг машин, хогны машин, моторт завь, уулын цана, Орчны бүсийн 16 суманд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин, 48 сумын дунд сургуульд экологийн кабинет байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэж байна.

Хустай нуурын байгалийн цогцолбор газрын 50,6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гархай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүм мий, мануул мий, шао үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 55 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүтээхэй зэрэг 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан, 365 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн байна. Эдүгээ манай дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлж, Хустай байгалийн цогцолбор газар одоо дэлхий дээрх хамгийн олон тахьтай газар болоод байна.

Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч, судлаачид

 Монгол Улсад нийт 34 тусгай хамгаалалттай газрын захиргаа байдгаас дөрөв нь улсын санхүүжилтгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газар юм. УИХ-ын 1993.11.12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгосон.

Улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газруудыг хамгаалан ажиллаж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)