Бичигт нэртэй уул бүхэнд чулуун ном бий
- 2020-08-08
- Нийтлэл
- 0
Төв Халхын Хангайн нурууны гол хэсэг Сэлэнгэ нутгийн Бүрэнханы уулс бол олон салбар ой мод, гол усыг өөртөө дагуулсан сүрлэг дагшин хайрхан бөлгөө. Энэ хайрхныг тойрон нэрийг нь өөртөө шингээн буусан Баруунбүрэн, Сэлэнгэбүрэн, Зүүнбүрэн хэмээх Сэлэнгэ аймгийн эдгээр гурван сум бол энэ нутгийн зон олны сэтгэл зүрхэнд гүнээ шингэн үлдсэн Бүрэнханы уулсын нэрийн хуудас юм. Бүрэн гэдэг энэ үг нэрийн үсэгт нь орсон хүн бүрийг тоолвоос толгой эргэх буйзаа.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай, Урт, Шувуутын голын сав нутагт энэ хайрхнаас салбарлан тогтсон Дэлгэр-Өндөр, Хутаг-Өндөр, Хэц гэж гурван сүрлэг уул бий. Эдгээрийн дунд өвөг дээдсийн маань онгон шингэсэн эртний хиргисүүрүүд, Шувуутын голоос эхлэн Хэц уулын араар цааш Сангийн даваа хүртэл цувран оршино. Доод хэсэгт Урт, Шувуутын тунгалаг урсгалт голууд, Дэлгэр-Өндөр уулын зэргэд нийлж Хөшөөний хотгор хавьд хөрсөнд шурган цааш тав зургаан км яваад Чандагатын хүрд Хүйтэн булаг болон ил гарч Бургалтайн гүүрэн дор энэ голдоо цутгадаг юм. Дэлгэр-Өндөр уулын хөлд Дэрст тохой, түүний дээд талд Хутаг-Өндөр уулын нөмөрт ар араасаа сундалдсан мэт хархираануудыг Хөшиг уул гэдэг. Тэр дундаас театрын тайз нээгдэх мэт энэхэн хэсгээс Бичигт гэж жижигхэн бор уул зөвхөн өмнөөс ил харагдана. Маш эртний сүг зураг, хуучны хөшөө, хадны бичээс бүхий энэ уулын нөмөрт нутгийнхны өвөлжөө бий. Монголд Бичигт нэртэй уул олон, хаа сайгүй л байдаг л даа. Бидний дээд овог, эцэг дээдэс маань нутаг усандаа нэр өгөхдөө зүгээр л нэг аманд орсноо хэлж байсангүй. Аливааг амьдралдаа үзэж, мэдэж онцлог байдалд нь тааруулж Бичигт, Нарст, Дэрст, Тахилт, Хөшөөт, Салхит гэхиййн зэрэгцээ, бүр хэвлий доорхи эрдэс баялагаар нь Төмөрт, Цайрт, Давст, Хужирт Оюутолгой, Шохойн нуруу гэж нэрлэж байснаас үзэхэд тэртээ дэвэн гарын хүмүүс маань бүр эрт дээр цагаас л энэ бүх баялагаа мэдэж байжээ. Иймээс эдгээр уулсын хад чулуун дээр л тэр зураг дүрс, бичиг нь байдаг болохоор Бичигт нэртэй болсон юм шүү дээ. Тэр үед бол цаасан дээр ном хэвлэх байтугай цаас ч үгүй байж. Байгаль, цаг хугацаа хоёр гэдэг чинь бүхнийг элээх их хүчтэй гэдгийг мэдсэн тэр үеийн хүмүүс үүний эсрэг тэсч үлдэж чадах зүйлийг олж түүндээ өөрсдийнхөө түүхийг үлдээсэн байна. Он, цаг нь тогтоогдоогүй ч олон зуун мянган жилийн тэртээх байгалийн бүх үзэгдэл, бороо цас,салхи шуургыг сөрөн гарахдаа эртний хүмүүсийн аж амьралын хэв маяг, ахуйг агуулсан үнэт баримт бол хадан дээр үлдээсэн эдгээр бичээс, зураг дүрс болой. Энэ бол өнөөг хүртэл өвч биедээ хадгалсаар ирсэн түүхийн үл хөдлөх архив, өнөөгийн бидэнд судлан мэдэх боломжийг хүргэн ирж буй үнэт мэдээлэл бүхий бидний түүх соёлын үнэт өв юм. Яагаад гэвэл хад чулуун дээрх бичиг, зурагдсан дүрс зүйлс бол засч, өөрчилж үл болох түүхийн бодит үнэний гэрч бөлгөө. Хорвоод бүх юм өөрийнхөө ул мөрийг үлдээдэг юм шүү дээ. Иймээс эдгээрс бол дээд овог маань бидэнд хад чулуун дээр хэвлэн үлдээсэн чулуун баринтагтай үнэт судар ном юм. Монгол орны хөрсөн доор нь эрдэс баялаг нь байдаг бол, хөрсөн дээрх баялаг бол хүн түүний үлдээсэн ахуй соёл, түүнийг гэрчлэх хад чулуун хөшөө дурсгал түүн дээр бичиг дүрс бичлэг юм. Тэртээд дусалсан хөлс, ойж эмтэрсэн чулуу зуун зуун дамжсаар урь идэж, ул мөр нь бүдгэрсэнч утга санаагаа хадгалж үлдсэн байна. Иймээс энэ бол нэгэн агшинд нүдэнд үзэгдээд өнгөрдөг зүйл бус өмнөх бодит амьдралын бичээс.
Өнөө үеийн уран барималч хүн хад чулуу, хатуу эрдэнэсийг орчин үеийн нарийн багж хэрэглэн техникийн хүчээр засч дүр дүрс гаргадаг болжээ. Харин эдгээр эртний зураг бол тэр үеийн уран сэтгэгчдийн чулуун дээр улаан гартаа барьсан бүхнээр нүдсээр байгаад гаргасан ул мөр, бидний дээд өвөг дээдсийн маань ухаан санааны хөгжил, аж амьдрал, хэвшлийн түүх юм.
Мөн энэ Бичигт уулын баруун суганд томоохон байшингийн дайтай хэд хэдэн том овон байдаг. Гол нь хойд зүгт тэнгэрийн мандал чиглүүлэн босгосон байдлаас нь харахад хүний гараар бүтсэн гэдэг нь эргэлзээгүй энэ овоолгууд олон мянган жилээр цасанд цайж, мөсөнд мөлийгөөд өнөөг хүртэл байж л байна. Эдгээрс бол бидэнд өнөөгөөр мэдэгдэж буй хамгийн эртний өв соёл бөгөөд хүрэл, төмөр зэвсгийн үед хамаарч байж болох түүхийн үнэт зүйл. “Энд дээр үеийн их том хаад ноёдын шарил бүхий онгон бий дээ. Хэрэв энэ газар шороо юм ярьж чаддаг бол ч элэнц хуланцынхаа үүх түүхийг хойч үеийнхэн нь олж мэдэх юм даа ”...хэмээн бидний дээд овог удмынхны яриа энэ нутгийнханд ам дамжин үлдсэн байдаг. Энэ чулуун номыг бид тайлж хойд үедээ хүргэх үүрэгтэй юм. Ном бол ертөнцийг харах цонх мөн... гэж дэлхийн суут зохиолчийн сургаснаар бол эдгээр чулуун дээрх дүрс, бичээс бол бидний хувьд дээд овог удмынхаа эртний түүхийг эргэн харах цонх болох буй.
Гэтэл өнөөгийн бид нар чинь тэр цонхоор нь ертөнцийг олж харж ч чадахгүй, мэдэж ч чадахгүй байна шүү дээ. Монгол хүний өмнөхөө мэдэх хүслийн амин чанар нь хомсдож байна. Бид их сайндаа л тэнд селфи зураг авдаг. Хажууд нь зогсож байгаад гар утсаа гаргаад би энд байсан юм шүү гэдгээ баталж зургаа дарахаас цаашгүй үлддэг. Харин цаана нь үүх түүх маань “мэдэхгүйд эрээн цоохор...” хэвээр үлдэж байгаа.
Өндөр уулын оргил өөд авирч буй уулчид бүгд хоорондоо бөх бат уяагаар холбогдсон байдаг л даа, буухдаа ч мөн адил холбоос уяа нь тасарчихгүй амьд бууж ирвэл тэдний зорисон үйл бүрэн хэрэгжих болно. Хэрэв холбоос уяа тасарвал амиа алдах аюул үүснэ. Өнгөрсөн түүх, өв соёл, ёс заншил мөн адил өмнөх нь дараах үетэйгээ холбогдож байх учиртай юм. Умартваас гинжин холбоос тасарч “Бид бол монголчууд, бид бол бусдаас өөр, бид бол өөрийн гэсэн өв соёл, ёс заншилтай”... гэх омог баахан байвчиг оор суурь нь үгүй болно. Бичигт уулын энгэр дэх хадны бичээс бүхэнд бидний оршлын нууцыг хадгалан буй өвөг дээдсийн маань гэрээс, амьтай бөгөөд амьгүй ертөнцийн холбоос бүхий бидний гарал үүсэл, амьдрал ахуйн гэрч болж байгаа юм.
Бичигт хад болон энэ нутгийн түүхийн дурсгалт газрууд, хөшөө дурсгалууд түүхэн хүмүүсийн тухай Бургалтай нутгийн уугуул, ахмад бичээч Дагвын Бадарч судлан өөрийн “Баруунбүрэн түүхийн хуудсанд” номондоо зураг авч, тэмдэглэл хийн үлдээсэн нь түүний холч ухааны илрэл, хойшид үлдэх чухал сайн үйл болжээ.
Дээрх уулсаас доош эртний хөшөөний суурь бүхий хотгор, хуучны сүм хийдийн туурь мөн хоёр хэсэгт хүний гараар бүтэж мөн хүний гарт үгүй болсон Дарь-Эхийн болон Шувуутын сүмийн туурь энэ хоёр голын билчэрт үлдсэн буй. Эдээр сүмд миний ээжийн нагац ах Түндэв гэлэн шавилан сууж эдгээр уулсыг тахиж байгаад их хэлмэгдлийн үед өөрөө барагдаж хороогдсон байна. Түндэв гэлэнд эдгээр уулсыг тахих сан судар нь байсан гэдэгч үлдсэнгүй устгагдсан байна. Иймээс энэ хэсэг бол маш эртний түүх дурсгалын ул мөр бүхий огт судлагдаагүй онгон нутаг юм. Зуун зуун мянган жилээр ард олон нь адуу малаа өсгөн, аму будаагаа тарин, агаар тэнгэртээ залбиран, амар амгалангийн эерэг эрчим агуулж, тэнгэр, газрын завсарт тогтнож байхдаа дайсан бүхний эсрэг тэмцсээр иржээ. Монгол хүн хар сүлдээ өргөн, хавчаахай нумаа үүрээд, хурдан хүлгээ унаад их тэмцлийн дунд хөлс, цусаа урсган явж оршин тогтносон түүхтэй бөлгөө. Энэ бүгд ямартай ч жирийн үзэгдэл биш, биднийг далдаас хамгаалж буй мөнх тэнгэрийн ид шид буйзээ. Эдгээрт л энэ хавийн онгон савдаг оршдог хэмээх яриа эртнээс эдүгэ хүртэл ам дамжсаар ирсэн нь лавтай үлджихүй. Энэ чандмань болж тогтсон гурван хайрхны дундах зурвасхан хөндийд эрт дээр үеэс эхлэн наадам хийж, тахилга үйлддэг байснаас үлдсэн нэг баримт бол энэ дунд орших тэрхүү газрыг “Наадмын дэв” гэж нэрлэсэн явдал юм. Тэр үед тахилга үйлдэж энэ дэвд наадам хийдэг байж. Энэ нэр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна. Хувьсгалт засгийн үед тахилга хоригдож, ардчилсан төрийн үед ахин сэргэж, ард иргэд өөрсдөө Дэлгэр-Өндөр уулаар дээрх уул усаа төлөөлүүлэн тахилга үйлдэж болсноор эрт үеэс үлдсэн “Наадмын дэв” гэдэг нэр дахин сэргэж үлдсэн буй. Эдгээр уулсийн дундах Урт, Шувуутын голын сав нутагт өсч өндийн, жаргалтай бага насаа өнгөрөөсөн өвгөн миний хувьд энэ бүх үнэлж баршгүй нандин өв бол миний овог, язгуурын минь эрхэмсэг оршихуй юм. Бид өнгөрсөн цаг руу буцан орж болохгүйн нэгэн адил ирээдүйд шилжин дэвших боломжгүй гэдэг бол маргашгүй зүйл. Эцэг өвгөд маань энэ гинжин холбоогоо таслалгүй тэртээ үеийн түүхийг өнөө үеийн амьдралд хүргэн зуу зуун мянган жилээр ертөнцийн хязгаар , тэнгэрийн хаяатай нийлэхүй дор нүүдлэн явахдаа энэ бүхнээ ашид мөнхөд хамт тээсээр иржээ. Иймээс бидний нэгэн үе нь энэ бүхнийг умартан өнгөрөөвөөс дараах үеийн сонорт үл хүрэх тул үүх түүхийн холбоос алдарч үүрд мартагдах болно. Одоо надад яагаад ч юм, дээд овог оршлын маань үүх түүхийн нандин зүйлс биднээс улам холдоод байх мэт сэтгэл зовнохын учир ийм буюу.
Найдансүрэнгийн Бадарч
Сэтгэгдэл (0)