Г.Далайжаргал: Дүрмээрээ явдаггүй жолооч бусдын амь нас, эд хөрөнгийг хохироож байна
- 2020-08-11
- Топ сэдэв
- 0
Зуны дэлгэр өдрүүдэд нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Харин наймдугаар сар гарснаар хөдөө орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөний эрчим ачаалал нэмэгддэг бол нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихэсдэг.
Иймд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогч жолооч зорчигч нарыг аюул эрсдэлгүй хөдөлгөөнд оролцуулах амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж эхэлжээ.
Жолоочид замын хөдөлгөөний дүрэм сахин биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол хэрэгт холбогдох тохиолдол их гарч байгааг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Г.Далайжаргал хэлж байна.
Тэрбээр "Жолооч нар хурд хэтрүүлдэг, хажуу хоорондын зай барьдаггүй, урсгал сөрж сөрөг урсгалд хөдөлгөөнд оролцдог, гэрэл дохио зөрчдөг, дуут дохиог зохих журмын дагуу ашигладаггүй, хамгаалах бүс зүүдэггүй, явган зорчигчдод зам тавьж өгдөггүй, бага насны хүүхэд буруу тээвэрлэдэг, тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа утас оролддог. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцдог, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, шөнө оройн цагаар тээврийн хэрэгслийн гаднах гэрэлтүүлэг хэрэгсэл буруу ашигладаг зэрэг зөрчил гаргадаг. Энэ бүхэн зам тээврийн осол хэрэгт холбогдож дүрмээрээ яваа жолооч зорчигч нарын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох үндсэн шалтгаан болдог.
Мөн автомашины хөдөлгөөнөөс илүүтэйгээр явган зорчигчдын хөдөлгөөн их байгаатай холбогдуулан явган зорчигч гарцгүй хэсгээр хөдөлгөөнд оролцож, зам хөндлөн гардаг, чигээрээ яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйж ордог, замын зорчих хэсгээр явдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн бие авч явах чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол хэрэгт холбогдож амь нас эрүүл мэндээрээ хохирч байна" гэдгийг анхаарууллаа.
Нийслэлд хоногт дунджаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож цагдаагийн алба хаагчдад түр саатуулагдсан 30 зөрчил илэрдэг байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн осол хэргийн улмаас 17 хүн амь нас хохирчээ. Үүний 11 нь явган зорчигч бол дөрөв нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироосон осол хэрэг байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Жолооч, зорчигч нар замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)