Дураараа аялах эрх чөлөө

Завханы Эрдэнэхайрхан сумын нутагт орших “Мухартын гол”, “Улаагчины хар нуур”-ын Байгалын Цогцолбор Газруудаар богино хугацаанд аялаад ирлээ. Яг жилийн ѳмнѳ “Америкаар 10 000 бээр” ТВ тѳслѳѳ бэлтгэхээр Америкийн Үндэсний Паркууд болох дэлхийд алдартай Байгалын Цогцолбор газруудаар аялж байсантайгаа харьцуулахад Монголын байгалын узэсгэлэнт цогцолбор үнэхээр гайхалтай сайхан байлаа. Уул нурууд шиг үелэн тогтсон элсэн манхнуудын хаанаас л бол хаанаас нь ундран урсах гол, булаг тойрмууд, хангай говь хосолсон нутгийн заагийг холбон тогтсон нуур бүхий ийм үзэсгэлэнт цогцолбор энэ дэлхийд тийм ч олон байхгүй дээ. Бурханаас монголчууд бидэнд заяасан диваажингийн орон гэлтэй. Аялагчид их байлаа.

Говийн гүрвэл шиг хаагуур ч сүлжиж давхих “Приүс”-ээс дунд гарын “жип”-ууд, бартаат замын хүчирхэг “Ланд круйзер”, “Лексус” машинууд хѳлѳглѳсѳн аялагчид хэсэг бүлгээрээ аялцгаана. Хаа дуртай газраа тал дүүрэн билчиж бие засацгаана, замаасаа гараад л дуртай газраа майхнаа бариад хоночихно, очсон газраа ямар ч хоригийг үл тоон дураараа авирлаж хүссэнээ хийнэ. Ийм дур зоргоороо эрх чѳлѳѳ хаана ч үгүй дээ. 

 

Ѳѳрийн эх орондоо “Эзэн хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэх” эрх чѳлѳѳ гагц монголчууд бидэнд байх ажээ. Хотоос хѳдѳѳг зорьсон аялагчдын замыг дагтаршуулан, аймгаас аймгуудын хооронд аялагчид жилээс жилд олширч байгаа гэнэ. “Хотын аялагчид арай гайгүй хогоо цэвэрлээд аваад явдаг юм, хѳдѳѳний аялагчид жаахан хэцүү дээ, хогоо тэр чигт нь хаяад явдаг” хэмээн “Улаагчины хар нуур”-ын байгаль хамгаалагч залуу бидэнд хуучлав.

 

АНХААРАХ ЗҮЙЛҮҮД ИХ БАЙНАА

 

1. “Мухартын гол”-ын эх авсан дугуйлсан манханы элсэн дээрээс гулгаж буудаг болсноос олон жил дагтаршсан элс доошоо тасралтгүй урсан голын эхийг дарж эхэлжээ. Үүнийг зогсоохгүй бол голын эх, элсэнд дарагдан үгүй болох аюул ойрхон байна

2. “Улаагчины хар нуур”-ын усанд орж болохуйц элсэн эмжээртэй хэсгээр машинууд давхиж орсноос болж амьтан шувууд үргэж, газар ус бохирдож эхэлсэн байна. Хэдийгээр наана нь машин орохыг хориглож саад босгосон ч хүчирхэг машинууд нь ѳѳр газраар зам гарган давж ордог гэнэ

3. “Улаагчины хар нуур”-ын зѳвхѳн эрэг хавь нь элсэрхэг таатай хэдий ч хэдхэн алхмын цаана хѳл алдаж живэх гүнзгий байгаа. Санамсар болгоомжгүйгээр жаахан хѳл алдахад л живж амь насаа алдах эрсдэлтэй аж

4. Мѳнѳѳх хог хаягдлаа хаа сайгүй хаядаг хэвээрээ. Хийн халаагуур их хэрэглдэг болсон болохоор хийний сав их хэмжээгээр хаягдал болон хаягдаж байна. Байгальд шингэдэггүй ийм хаягдлууд байгаль орчныг бохирдуулж болзошгүй байна

5. Бусдад гайхуулан баярхах, бусдаас илүүрхэн солиорох араншин их байгаагаас эх орныхоо ийм сайхан байгалыг бахдан биширч, шүтэн хайрлах сэтгэл дутаад л байна. Ажаад байхад дур зоргоороо авирлах бусдын ѳмнѳ гайхуулах үзэгдэл түгээмэл байна шүү. Жижигхэн хүүхэд Эрдэнэхайрхан сумд сурч байхад “Хангайд наадам” үзнэ гээд л нутгийнхан машинд шавалдан суугаад давхилдаж оддог. “Би явж үзье” гэж аав ээжээсээ гуйгаад тэд зѳвшѳѳрѳѳгүйд гомдож уйлан үлдэж байсан багын мѳрѳѳдлѳѳ олон жилийн дараа биелүүлэв. “Завхан аймгаа аялал жуулчлалын бүс нутаг болгоно хэмээн байнга сурталчлах атлаа хог хаягдлаа цэвэрлэн зайлуулах тѳсѳв баталж ѳгдѳггүй юм” гэж байгаль хамгаалагч залуу гомдонгуй учирлаж байв. Буцаж явах замд нуурыг зорьсон машины цуваа хѳвѳрсѳѳр. Их ачааллын үед ѳдѳртѳѳ 500 орчим машин орж ирдэг энэ байгалын цогцолбор газарт:

 

-стандарт бий болгон мѳрдѳх

-үйлчилгээний чанарыг сайжруулах

-хяналтыг чангатгах

-аялагчдын аюулгүй байдлыг хамгаалах

-байгаль ан амьтад, шувуудыг хамгаалах

-аялагчдыг мэдээллээр хангах цогц бүтэц хэрэгтэй болжээ. Таны дур зоргоороо аялах эрх чѳлѳѳ бусдын тааваараа аялах эрх чѳлѳѳ болон байгаль ан амьтад, шувуудын хэвээрээ байх баталгаагаар хязгаарлагддаг юм шүү дээ.

 

Сэтгэлийн мухраас салахгүй байгаа “Замын хажуугийн үйлчилгээний газар”, “Зам дагуух бие засах газар”, “Аялал жуулчлалын цогцолбор”-уудын стандартыг бий болгож хэрэгжүүлэх санаа улам баяжсаар… Мѳрѳѳдѳх биш хийх хэрэгтэй байнаа.

 

Дур зоргоороо аялагч монголчууд бид АМРАЛТ ЗУГААЛГА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ гэдэг ойлголтуудаа ялгаж ойлгохгүй тэнүүчилсээр… ИЙМ САЙХАН ЭХ ОРОН ЭРГЭЖ БИДЭНД ОЛДОХГҮЙ ДЭЭ, БУРХАН ѲРШѲѲГ!!!

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)