“Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын музейг байгуулья”

Зохиолч, судлаач З.Сэсээрийн бүтээж туурвисан олон арван ном туурвил болон туулж өнгөрүүлсэн амьдралын тухай бичсэн “Нисэхээс “урвасан” зохиолч” хэмээх нийтлэл манай сонины долдугаар сарын 27-ны дугаарын “Амьдралын тойрог” буланд орсон. Энэ нийтлэлийн гарчиг дахь “урвасан” гэдэг үгийн талаар олон уншигч асууж, сонирхож байсан тул Монгол хэл, үгийн сан дахь адил утга агуулга, давхар санаа сэдэл бүхий баялаг үг, өгүүлбэр байдгийн учрыг энд цухас дурьдах нь зүйтэй. Урвасан гэдэг нь хувирсан, ургасан, хувьссан, өөрчлөгдсөн, шилжсэн хэмээх утгыг илэрхийлдэг. Бидний нийтлэлд урвасан гэдэг үг нь шилжсэн утгаараа нисэхийн салбараас уран зохиол руу хөрвөсөн хэмээх утгыг илэрхийлсэн юм. Түүний гэрэл зургийн цомгоос зохиолч Л.Түдэвтэй ажлын дараа гудамж, талбайгаар явахдаа эрт эдүгээн нийгэмд болж буй өнгөрсөн, ирээдүйн тухай хүүрнэн ярилцаж явсан нэгэн зургийг олж үзсэнээ энд орууллаа.  Л.Түдэв, З.Сэсээр нарын хүүрнэлд бидний ихэс дээдсийн тухай, тэдний амьдрал, үйл хэргийг хүндэтгэн дээдлэх тухай яриа өрнөж байсныг З.Сэсээр гуай ярилцлагандаа дурьдаж байсан.  Жишээ нь Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын талаар буруу зөрүү яриа, тэрчлэн хэвлэлээр хүртэл тэдний нэр хүнд, алдар нэр, Монголын ард түмний өмнө байгуулсан гавьяа зэргийг үгүйсгэх, гутаан доромжлох зэрэгт удаа дараа цохилт өгч байсан З.Сэсээр гуайн бүтээлүүд уншигчдын гар дээр очиж байсныг бид мэднэ. Тодруулбал, түүний 2019 онд бичсэн “Гурван морьтны музей цогцолбор” болон энэ  онд нийтэд толилуулсан “Д.Сүхбаатар-Монгол орон” номууд нь эгзэгтэй цаг мөчийг олж харж бичсэнээрээ тун онцлогтой.  Энэ удаа бид эрхэм зохиолч, судлаачийнхаа хамгийн сүүлд хэвлүүлсэн энэ хоёр номын тухай нийтлэлийг хүргэж байна.

ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН АМЬДРАЛЫН ТҮҮХЭН ЖИМЭЭР АЯЛАХУЙ 

Их жанжин Д.Сүхбаатар бол Монгол орны тусгаар тогтнолыг түүхийн хамгийн эгзэгтэй цаг үед авч гарсан, хувьсгалд ялалт байгуулахад манлайлан  оролцож үнэтэй гавьяа байгуулсан монголчууд бидний оройн дээд шүтээн ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон эр зоригт баатар билээ. Гэтэл  түүнийг Халх ястан биш Буриад, үзэмчин ястан хэмээн талцан маргалдах байдал сүүлийн үед их яригдах болсныг уншигч та сонссон буй за. Тэгвэл энэхүү маргаантай асуудалд З.Сэсээр гуайн “Д.Сүхбаатар-Монгол орон” ном баттай хариултыг өгөх болно.

Номны эхний бүлэгт “Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Д.Сүхбаатарын түүхэн замнал”, II бүлэгт Сүхбаатар жанжны гарал үүсэл, байгуулсан гавьяаг нь бүдгэрүүлэх гэсэн Ц.Мөнхдорж нарын үндэслэлгүй, архивын баталгаа нотолгоогүй “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” нэртэйгээр гарсан цуврал нийтлэлийг оруулжээ. Харин III бүлэгт Ц.Мөнхдорж, С.Чимэдцэрэн нарын буруу ойлголт, үзэл бодлыг шүүмжилсэн Ч.Лувсанжав, Д.Давааням болон бусад хүмүүсийн бичсэн нийтлэлүүдийг, IV бүлэгт Жанжин Д.Сүхбаатарын тухай бичсэн  Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор, профессор, академич Т.Намжим, Д.Цэрэнсодном нарын ном, бүтээлүүдээс оруулжээ. Учир нь эдгээр эрдэмтдийн бүтээл нь Монгол Улсын үндэсний архив ба түүх судлалын хөдлөшгүй баримтанд тулгуурлан бичсэн байдаг юм.  Үүнээс гадна жанжин Д.Сүхбаатарыг халх Монгол хүн болохыг  баталсан хүмүүсийн дурсамж, сэтгэгдэлүүдээр баяжуулж,  V бүлэгт жанжин Д.Сүхбаатарын амь насыг егүүтгэсэн тухайд холбогдох зарим баримт материалуудыг шигтгэсэн нь энэ номонд ямар их хүч хөдөлмөр шингэснийг бүрнээ илтгэнэ. Энэ номыг уншихад Д.Сүхбаатар ард олондоо эрх чөлөө, тусгаар тогтнол авчрах гэж өдөр шөнөгүй дайсантай тэмцэлдэж явсан нөр их зүтгэлийг мэдэрч, түүнийг хайрлах бахархах сэтгэл аяндаа төрнө. Ийм зоригт баатраа бид мартах ёсгүй.Тэр тусмаа  түүний гарал үүсэл, байгуулсан гавьяаг нь үгүйсгэх, доромжлон гутаах нь хүнлэг бус явдал юм.  “Хувьсгалыг ухаантнууд санаачлан, зоригтнууд гүйцэтгэж, харин үр өгөөжийг нь бэртэгчингүүд хүртдэг” гэдэг үг ямагт чихнээ сонсдоно”  хэмээн судлаач З.Сэсээр гуай бичжээ.

 

“БЭЭЖИН ХАВ”-АА БАЙГУУЛЛАГЫНХАА ҮҮДНЭЭС ХОЛДУУЛНА УУ?

 

Түүний өнгөрсөн онд гаргасан “Гурван морьтны музей цогцолбор” номын тэргүүн бүлэгт Монгол Улсынхаа тусгаар тогтнол Ардын засаг төрийг бэхжүүлэх, эх орноо олон улсын тавцанд нэр төрийг нь өндөрт өргөн НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоход, улсаа тухайн нийгмийн нөхцөлд мал аж ахуйн орноос үйлдвэржсэн орон болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагчид болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын “музей цогцолбор”-ыг бусад улс орны адил эрхэмлэн хүндэтгэж байгуулах тухай  саналыг дэвшүүлжээ. Энэ музей цогцолборыг байгуулснаар Монголын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ тэдгээр орны ард түмэн, жуулчдыг татах бас нэг таатай нөхцөлийг бүрдүүлэх ашигтайгаас гадна Монгол Улсын түүх, түүхэн хөгжлийг таниулах, сурталчилахад ихээхэн түлхэцийг өгөх юм. Ер нь аль ч улс орон, ард түмэн  өмнөх үеийнхээ удирдагчдыг эх, эцэг мэт дээдэлж, тэдний нэр төрийг хэдий их хүндэтгэнэ, төдий чинээ үйлс заяа бүтэмжтэй явдаг нь манай хоёр хөрш болон Солонгос, Вьетнам, Куба хийгээд бусад улсын сургамж бэлхэнээ харуулах аж.

Хоёрдугаар бүлэгт монголчуудын түүх дурсгалын зүйлд хайр гамгүй ханддаг, түүх түүхэн бодит баримтыг нүүдэлчний сэтгэлгээгээр устгаж үгүй хийдэг мөхөс бодлогыг шүүмжлэн бичжээ. Энэ бодлого нь тухайн үеийн түүхийн гэрч болон үлдэх ёстой бүхэл бүтэн хот, суурин, орд харш, хөшөө дурсгалыг ул мөргүй устгаж үгүй хийсэн тухай юм. Олон тооны арслангийн баримал, их хөрөнгө зарж хийсэн арслангуудын чулуун хөшөө байгууллагуудын үүдэнд сүндэрлэх болсон нь нэг талаар инээдэмтэй, нөгөө талаар учир мэдэхгүйн зовлон гэж өрөвдмөөр харагдах болсонд шүүмжлэлтэй хандаж учир шалтгааныг мэдүүлэх үүднээс энэ номонд тусгай бүлэг болгон оруулсан байна. Цагаан сарын үеэр “Том ууц” ширээнэээ тавих өрсөлдөөн явагдсантай адил аль нэгэн албан газрын үүдэнд тэр ч бүү хэл төрийн байгууллагын үүдэнд өнөөх зарим судлаач нөхдийн бичсэнээр “Бээжин хав” маягийн шантгар хамарт сагсгар сүүлт арслангууд олширсон нь инээдэмтэй харагдах болсон. Судалгаанаас үзвэл тэр сүр хүчит арслангууд нь газар сайгүй хаалгатай, үүдтэй бүхний орцонд байх ёстой зүйл ч бас биш гэдгийг ухааруулах гэж номондоо оруулсан тун чиг бодууштай зүйл байлаа.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)