Д.Мөнх-Эрдэнэ: Ял тохиролцох нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж болзошгүй гэдэг нь сая харагдлаа

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн асан Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон хэмээн буруутгагдсан. Эл хэргийн шүүхийн шийдвэр олон нийтийн дунд маргаан дагууллаа. Түүний хувьд улс төрийн хүрээнийхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуулийн дагуу ял тохиролцсон эхний хүн болов уу. Ял тохиролцох журмын тухай тайлбарлаач?

-Товчхондоо гэмт хэрэгтэн сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тэнсэх зохицуулалтыг хэлдэг. Манай Эрүүгийн хууль тогтоомжид 2017 оноос орж ирсэн. Дэлхийн улс орнуудын хувьд ял тохиролцохыг хориглосон нь ч бий, хэрэглэдэг нь ч байгаа. Давуу, сул талын аль аль нь бий. Манай улсын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илдэг, ял завшуулдаг нэг арга, хэрэгсэл болж болзошгүй байгаа нь сая тодорхой харагдлаа.

Тухайлбал, манай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2т хорих ялын хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй таван жил хүртэлх хугацаагаар тэнсэхээр заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дэх авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг хэмжээг заасан 24 заалтын 15 заалт нь таваас доош жилийн хорих ялтай заалт юм. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхдийн дийлэнх нь ял тохиролцох замаар ялаас чөлөөлөгдөх эрх зүйн орчин манайд бүрдсэн байна.

Та бид мэднэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нийгэмд шударга ёсыг алдагдуулж, улс орны тусгаар тогтнолд аюул занал учруулан ард түмний амьдралын үндсийг доройтуулж байдаг. Гэтэл бид авлигачдыг ял завшуулдаг, ялаас чөлөөлдөг маш сул ялын бодлоготой улс болчихлоо.

-Ял тохиролцох процесс ямар журмаар явдаг юм бол?

-Эрүүгийн хуульд зааснаар яллагдагч хэргийг шүүхийн шатанд шилжүүлэхээс өмнө прокурорт хүсэлтээ гаргах ёстой. Прокурор хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хэргийн зүйлчлэл, ялын төрөл, хэмжээ, эсвэл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг хуультай. Шүүх тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг нь хянаад прокуророос гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг.

-Прокуророос гаргасан саналын хүрээнд шүүх шийдвэр гаргадаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Дээрх нөхцөл хангагдсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг прокурорын саналын хүрээнд гаргадаг. Энэ заалтын хувьд анхаарах ёстой нэг ноцтой асуудал байна. Үндсэн хуульд Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлж, өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглосон.

Гэтэл хуулийн дээрх заалтаар шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, шударга ёсыг тогтоох, ялын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болчихоод байна. Прокурор энэ хэрэгт торгох ял оногдуулна, 10 сая төгрөгөөр торгоно, эсвэл хорих ялаас чөлөөлнө, тэнсэнэ гээд оруулаад ирвэл шүүх үндсэндээ яг оруулж ирснээр нь шийдвэрлэх ёстой болж таарлаа. Уул нь прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэгтэй. Гэмт хэрэгтэнд оногдуулах ялын төрөл, хэмжээг прокурор бус, шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой.

Одоо бол хуулийн дээрх заалтаар прокурор шүүхийн уг чиг үүргийг хэрэгжүүлдэг болоод эхэлчихлээ. Энэ бол маш ноцтой алдаа. Үүнийг засах ёстой.Би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж мэдээлэл гаргана.

-Тэгвэл авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангаруулахын тулд Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд тусгах нь зүйтэй юм бэ?

-Амархан асуулт биш байна. Нэн тэргүүнд авлигачдад торгох ял оногдуулах боломжийг бүрдүүлсэн сонгох санкцыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээс хасах, хүчингүй болгох хэрэгтэй болов уу. Би хувьдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд оногдуулах хорих ялын хэмжээг эрс нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Одоо бол дийлэнх тохиолдолд торгох, эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах, чангарлаа гэхэд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

Харьцуулбал зарим төрлийн хулгайн гэмт хэргээс хөнгөн ялтай байна шүү дээ. Орон байранд нэвтэрч хулгай хийсэн бол, эсвэл наймаас дээш мал хулгайлсан бол 2-8 жилийн хорих ял шийтгүүлнэ. Малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон бол 512 жилийн хорих ял шийтгэнэ.

Мөн авлигачдын эд хөрөнгийг хураах нэмэгдэл ялыг сэргээж ч болох юм. Ял гэдэг нэг талаасаа гэмтнийг гэсгээн цээрлүүлэх, нөгөө талаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, айлгах үүрэгтэй. Мөн төр сүүлийн 30 жилд дунджаар таван жил тутам нэг удаа Өршөөлийн хууль баталсан. Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулж, ялаас чөлөөлдөг явдлыг дахин гаргуулахгүй байх хэрэгтэй байна. Ял завшуулж байна шүү дээ.

-Эрүүгийн хуульд тусгагдсан зүйл заалтаас шалтгаалж ялаас чөлөөлөгдөх цоорхой гарчихаж гэж ойлголоо?

-Тийм ээ. Дээр тодорхой жишээ хэлсэн шүү дээ. Манай улс авлигын индексээр дэлхийн улс орнуудын 106-д явж байна. Авлига, хүнд сурталтай нүүр тулаагүй иргэн, бизнес эрхлэгч гэж бараг байхгүй биз. Манай улсын авлигатай тэмцэх ялын бодлого дэндүү сул гэж дээр дурдсан. Монголд төр, шударга ёс гэж байдаг бол авлигачдад хатуу ял оногдуулах ёстой.

Дээр хэлсэнчлэн Эрүүгийн хууль тогтоомжоор ял завшуулах нөхцөл бүрдүүлчихсэн байгаа нь ч маш буруу. Эдгээр нь авлигатай тэмцэх төрийн бодлогыг сулруулаад байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга хэрэгслүүдийн нэг нь хатуу, чанга ялын бодлого. Гэмт хэрэгтэнд оногдуулах ял нь үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанартай нь тохирсон байх ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас ард түмний, нийтийн эрх ашиг хохирдог. Түүхээс харахад хамгийн эмх замбараагүй байдал ноёрхсон, уруудаж, доройтож буй улс орнууд хээл хахуульд гүнзгий автсан байдаг.Тэнд гадаад, дотоод гэлтгүй дураараа аашилдаг, хуулийг үл тоодог, шударга ёсыг үгүй хийдэг, иргэдийн эрх ашгийг хохироодог шүү дээ. Авлигатай үр дүнтэй тэмцэхгүй бол улс орны ирээдүй тун бүрхэг дээ.

Б.Номин-Эрдэнэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)