Сергей Диордица: Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулбал олон хөтөлбөрт үр дүн гарна
- 2020-08-20
- Топ сэдэв
- 0
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч доктор Сергей Диордицатай ярилцлаа.
-Та Монголд ажиллаад багагүй хугацааг үдэж байна. Монгол орны цаг уурын онцлог, нийгмийн амьдрал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал гээд олон зүйлтэй танилцаж амжсан биз?
-Би Монгол Улсад 2017 оны наймдугаар сард томилогдож ирсэн. Үүнээс өмнө ДЭМБ-д 17 жил ажиллаж байсан бол одоо Монголд ажилласан цаг хугацаатайгаа нийлээд, энэ байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Өмнө нь ДЭМБ-ын Африкийн бүс нутаг Этиоп, БНАСАУ-д ажиллаж байсан. Мөн ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүс дэх Бангладеш улсад найман жил ажилласан туршлагатай. Үүнээс гадна ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орны Дархлаажуулалтын асуудлыг хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан. Үүний дараа ДЭМБ-ын НДББ-ээс Монгол Улсад ажиллах санал тавьж, 2017 оны наймдугаар сард Монголд ирсэн.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч гэдэг бол хүссэн хүн болгон ажиллаад байдаггүй, сайхан ажил. Яагаад гэвэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь хүмүүсийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн эрүүл мэндийн соёлыг хэвшүүлэх, хүн төрөлхтөнд хэрэгтэй хамгийн чухал зөвлөмжийг гаргадаг. Техникийн талаасаа ч, улс төрийн талаасаа ч олон чухал шийдвэрүүдийг гаргадаг хариуцлагатай албан тушаал байдаг.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч байна гэдэг тухайн улс орныхоо хэрэгцээ, шаардлагыг мэдэрч ажилладаг байх ёстой. Мөн тухайн улс орны бодит байдал ямар вэ гэдгийг маш сайн мэдэрч ойлгосны дараа бусад хамтрагч талууд, тэр тусмаа ЭМЯ болон бусад бүх салбарын оролцоог хангаж ажиллахын зэрэгцээ асуудлыг хамтарч шийдэхэд гол зорилго оршдог. Жишээ нь, “COVID-19” халдварын тархалтын үед бид сая эрүүл мэнд гэдэг ганцхан эрүүл мэндийн байгууллага, нэг салбарын асуудал биш юм гэдгийг олж харлаа. “COVID-19”-ийг бид амжилттай даван туулахын тулд бүх нийтийн оролцоо чухал гэдгийг олж харсан. Дээрээс нь эрүүл мэндийн салбарт олон салбарын үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлдэг бол эргээд эрүүл мэнд гэдэг бусад салбартаа ч гэсэн ямар чухал болохыг олж харлаа.
-Бусад улс оронтой харьцуулахад манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо танд ямар санагддаг вэ?
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын систем бусад улс орнуудтай харьцуулахад харьцангүй сайн хөгжсөн, давуу тал ихтэй. Монгол Улсын хувьд социалист нийгмээс ардчилсан засаглал руу шилжихдээ эрүүл мэндийн салбараа авч үлдэж чадсан, сайн системтэй улс орны тоонд орно. Харин бэрхшээлтэй асуудал гэвэл бусад улс оронд тулгамддаг асуудал буюу халдварт бус өвчний тархалт нэмэгдэж, нийт хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна. Зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болох зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг бөглөрөлтөт өвчин зэрэг өвчнүүдийг бууруулахын тулд тэдгээрийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлс болох амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал зуршил болох дасгал хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт буюу давс, сахар, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх, архи, тамхины өндөр хэрэглээг бууруулах нь нэн чухал. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, тэр дундаа эрүүл мэндээс бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, хандлагыг сайжруулах хэрэгтэй.
Монгол Улсад осол гэмтэл, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах, хоол тэжээлийн зэрэг үндэсний хөтөлбөрүүд хэрэгждэг. Хэдийгээр ийм үндэсний хөтөлбөрүүд хэрэгждэг давуу талууд байгаа ч гэсэн эдгээрийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал юм. Жишээ нь, дэлхийд болон бүсийн хэмжээнд, Монгол Улсын хэмжээнд ч тэр зарим халдварт өвчнүүдийг хянах, устгах зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, төрөлхийн тэмбүү, элэгний В, С вируст хепатитын халдварыг устгах том зорилтот ажлууд биднийг хүлээж байна.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүндээ хүрч ажиллах тухай бид олонтаа ярьдаг. Гэсэн ч зарим иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шүүмжлэлтэй хандсан хэвээрээ байна. Энэ юутай холбоотой вэ?
-Ер нь өнгөрсөн хугацаанд зарим улс орнууд эрүүл мэндийн хөтөлбөрийг вертикал буюу босоо тогтолцоотой хэрэгжүүлдэг байсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд донор байгууллагын хандив шаардагддаг байв. Тэгвэл одоо бид цаашид эдгээр хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэн, хүн бүрт хүргэж ажиллахын тулд хэвтээ тогтолцоонд шилжих, анхан шатын тусламж үйлчилгээгээр дамжуулан нэгдмэл цогц байдлаар хүргэж ажиллах шаардлагатай байгаа юм. Анхан шатны тусламж үйлчилгээ гэдэгт тухайн сум орон нутагт хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх сумын эмнэлэг эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгүүд ордог. Эдгээр байгууллагыг яагаад чадавхжуулах ёстой вэ гэхээр сум, өрхийн эмнэлгийн эмч нар тухайн хүнд ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй вэ, хэнд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг илүү сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, хүн бүрт өөрийн онцлогт тохирсон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлага байдаг. Жишээ нь, надад даралт ихсэх шалтгаан байлаа гэхэд, өөр нэгэнд хепатитийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй байх жишээтэй. Гэтэл өөр хүнд энэ хоёр шалтгаан хоёулаа байх тохиолдол байдаг. Үүнийг хэн мэддэг вэ гэхээр сум, өрхийн эмч нар буюу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс хамгийн сайн мэддэг. Тиймээс энэ суурийг бэхжүүлснээр анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна. Дээрээс нь бидний хамтарч ажиллаж байгаа хамгийн гол ажлын нэг нь эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлчихээд, үргэлжлүүлж тэр хүн хяналт тавьж, шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн авч чадаж байна уу, үгүй юу гэдгийг хянах, хяналт тавих шаардлагатай байгаа юм. Үүнийг ДЭМБ-ын зүгээс ч гол зорилгоо болгон ажиллаж байна. 2018 онд Казахстан улсад бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрч, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн эмчлэхэд анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхийн чухлыг онцолсон тунхаглалын 30 жилийн ойг дүгнэн тэмдэглэсэн. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсаас Д.Сарангэрэл сайдаар ахлуулсан төлөөлөгчид оролцож, дэлхийн шинэчилсэн тунхаглалыг идэвхтэй дэмжсэн. Энэ ажил нь одоо ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэмжиж байгаа гол ажлын нэг бөгөөд ЭМЯ-тай энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.
-Халдварт бус өвчний дотор Монголд хамгийн их газар авч буй нь элэгний өвчлөл байна. Өнгөрсөн сард дэлхий нийтээр “Хепатитийн өдөр”-ийг тэмдэглэсэн. ДЭМБ-ын зүгээс энэ өдөр ямар уриалгыг дэвшүүлж, ямар ажлуудыг хийх, сайжруулах тухай ярьсан бэ?
-Жил бүрийн долдугаар сарын 28-нд дэлхий нийтээрээ хепатит өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд бид “Хепатитгүй ирээдүйн төлөө” гэсэн уриан дор ажлуудаа зохион байгуулсан. Ер нь бол дэлхийн улс орнуудад эхээс урагт В хепатитийн халдвар дамжихаас сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг уриалж байгаа. Мөн “COVID-19” цар тахлын үед хепатитын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх шаардлагатай гэдэгт анхаарч ажиллаж байна. Гэхдээ хепатитын өвчлөл нь зөвхөн нэг өдрийн кампанит ажлаар шийдэгдэх асуудал биш юм. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангаж ажиллахад бид өдөр бүр анхаарч ажиллах ёстой.
Монгол Улсын хувьд, элэгний хепатит, В, С вирусын халдвар өндөр байдаг. Монгол Улс 2017 оноос эхлэн элэгний В, С вируст хепатитийн эрт илрүүлгийн хөтөлбөр буюу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн улс орнуудад хепатитийг устгах яг ийм хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагаас Монгол Улсыг онцолж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурьдсан байдаг. Энэ ч утгаараа 2018 оны долдугаар сарын 28-нд “Дэлхийн вируст хепатиттай тэмцэх өдөр”-ийг Монголд тэмдэглэн өнгөрүүлж, маш амжилттай ажиллаж байгааг нь олон улс оронд онцолсон байдаг. Уг арга хэмжээнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал асан доктор, Шин Ён-Сү болон холбогдох мэргэжилтнүүд оролцоод Монгол Улсад хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг онцолж байсан юм. Монголд үүнтэй адилхан олон хөтөлбөр хэрэгжиж буй. Харин одоо бид эдгээр хөтөлбөрүүдийг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эмнэлгийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний нэг хэсэг болгох вэ гэдэгт илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.
-Монголд бараг айл бүрт элэгний өвчтэй, элэгний хавдартай хүн байна. Энэ өвчлөлийг бууруулахын тулд цаашид юу хийх ёстой вэ?
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр санхүүжилтийн механизмаа маш сайн шийдвэрлэсэн хөтөлбөр. Эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг, үүнийг нь зөв шийдвэрлээд, гарц гаргалгааг нь гаргаж өгсөн маш сайн хөтөлбөр юм. Ингэснээр бүх нийтэд хепатит В, С вирусын эрт илрүүлэгт хамрагдах, оношоо баталгаажуулах, шинжилгээ болон эмчилгээнд хамрагдах боломжийг нээж өгсөн сайн хөтөлбөр гэж үздэг. Мөн дан ганц энэ хөтөлбөр бус элэгний өвчлөлтэй тэмцэхэд Монгол Улс олон ажил амжилттай хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, 2-3 жилийн өмнө элэгний вирусийн эсрэг эм өндөр үнэтэй байхад Монгол Улс маш боломжийн үнээр хүн амдаа нийлүүлж эхэлсэн. Энэ эм маш үр дүн өндөртэй гэдэг нь судалгаагаар батлагдсан. Харин одоо цаашид энэ хөтөлбөрийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ.Ялангуяа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд энэ хөтөлбөрөө яаж тусгаж, нэгтгэж оруулах вэ. Шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн хүмүүсээ эрт илрүүлгэд яаж хамруулах вэ. Эсвэл шинжилгээний хариугаа авсан хэрнээ оношоо баталгаажуулаагүй, эмчилгээ хийлгэж амжаагүй хүмүүстээ яаж хүрэх вэ гэдэг нь цаашид бидний бодох, сайжруулах ёстой ажлуудын нэг юм.
Ер нь эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатны тусламж үйлчилгээний харилцаа холбоо, үйл ажиллагааны уялдааг сайжруулснаар ганцхан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр ч бус бусад олон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнд ахиц гарна. Хамгийн чухал нь эрт илрүүлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ оношлогоонд хяналт тавих, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллахын тулд бид их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байна.
- Та Монголд ажиллаж байх энэ цаг үеийг хэзээ ч мартахгүй байх. Яагаад гэвэл, дэлхийн олон оронд “COVID-19”-ийн халдвар тархаж, эрүүл мэндийн салбар хүндхэн ачаалалтай тулгараад байна. Санаа зовоосон, сэтгэлт түгшээсэн зүйл олон байгаа байх?
-Би Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр томилогдож ирэхдээ бас их чухал үед ирсэн гэж боддог. Яагаад гэвэл, Монгол Улсын Засгийн газар дараагийн таван жилдээ эрүүл мэндийн салбарт юу хийхээ төлөвлөж байсан. Би энд ирээд хамгийн түрүүнд Монгол Улсын талаар илүү их зүйл мэдэх гол зорилготой байсан. Гэхдээ би өмнө нь ажиллаж байсан суурин төлөөлөгчийнхөө туршлагаас, дээрээс нь бүсийн захирлын зөвлөмжийг их сонссон. Тухайн улс оронд ямар асуудалд илүү анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх вэ гээд их зүйлийг судалж мэдсэний дараа төлөвлөгөөгөө гаргахыг хүсч байсан. Өнгөрсөн хугацаанд, өнөөдөр гээд эргээд харахад би Монгол Улсын ихэнх аймгаар, баруун бүсийн зарим аймгаас бусад аймаг орон нутагт газар дээр нь очоод эрүүл мэндийн системтэй нь танилцаж, их зүйлийг ойлгосон. Тэр дундаа бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг яаж сайжруулах вэ. Цаашид бид бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтад яаж хүрэх вэ. Цаашлаад эрүүл мэндийн системийг сайжруулахад санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх вэ. Тусламж үйлчилгээний чанарыг яаж сайжруулах вэ гээд бодож төлөвлөөд ажиллаж байна.
“COVID-19” өнөөдөр бидэнд эрүүл мэндийн салбар ямар чухал вэ гэдгийг харууллаа. Эрүүл мэнд гэдэг тухайн улс оронд нөлөөлөхөөс гадна дэлхийн бусад улс оронд хэрхэн нөлөөлж байгааг харлаа. Дээрээс нь “COVID-19”-ийн халдварын тархалтыг даван гарахад хамтын оролцоо, бусад салбарын оролцоо ямар чухал вэ гэдгийг харуулллаа. 2050 он гэхэд эрүүл мэндийн салбарын үзүүлэлт ямар байх вэ, ямар зорилтод хүрэх вэ гэсэн ажлуудыг төлөвлөчихөөд байна. Гэхдээ энэ нь мэдээж урт хугацааны төлөвлөлт юм. Өөрөөр хэлбэл, бид Монгол Улс, Номхон далайн баруун бүсийн орнууд ирээдүйд ямар байх вэ гэсэн төлөвийг гаргаад, түүндээ зориулж ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад энэ ажлыг эхлүүлж байна. Тухайлбал, манай Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касай ирээдүйд тулгарч болзошгүй асуудлуудыг одоо тооцоолж гаргаж ирээд түүндээ тохирсон ажлуудаа төлөвлөж ажилласнаар бид энэ болзошгүй эрсдлээс сэргийлж болох юм гэсэн хэтийн төлөвлөгөөтэй Монгол Улсын Засгийн газар болон ЭМЯ-тай хамтран ажиллаж байна.
- Анх Монголд ирэхдээ таны бодож, зорьж ирсэн зүйл юу вэ?
-Дуусгаагүй ажлыг дуусгах байсан. Монгол Улсад хэрэгжиж буй сайн хөтөлбөрүүдийн нэг сүрьеэ, хепатитийг устгах хөтөлбөр шиг бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг бууруулах юмсан гэж бодож байсан. Одоо ч гэсэн энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Гэхдээ ямар цаг үед, ямар нөхцөлд энэ ажлыг хийх вэ гэдгээ арай өөр өнцгөөс харах хэрэгтэй. Тухайлбал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээн дээр суурилаад эрт илрүүлэг, эрт эмчилгээ, эрт хяналт тавьж, нэгдсэн цогц байдлаар хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж бодсон. Хамгийн гол нь бид илрүүллээ, эмчиллээ гэхэд энэ хүндээ шинжилгээнийх нь дүнг яаж өгөх вэ. Эмчилгээнд бүрэн хамруулсныхаа дараа хяналт тавих механизмаа ч гэсэн илүү сайжруулах хэрэгтэй байна. Ингэж чадвал бусад өвчний асуудлаа ч бас адилхан бууруулж чадна. Мөн дан ганцхан анхан шатны эмнэлэг гэлтгүй, хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдэд ч гэсэн энэ бодлогоо хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Ер нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт эрт илрүүлгийг хэрэгжүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх, иргэн төвтэй зөвлөгөө мэдээллийг хүргэж ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь хувь хүний хариуцлагыг ухамсарлуулж ажиллах нь бас чухал байна. Жишээ нь өнөөдөр “COVID-19” вирусын тархалтын үед монголчууд ухамсартай, хариуцлагатай байж чадвал ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг олж харлаа. Иргэдэд үнэн зөв мэдээллийг нь өгч чадвал өөрөө өөртөө, өрөөл бусдынхаа төлөө анхаарал тавьж, эрүүл байж болдог юм байна гэдгийг маск зүүх, зай барих, хөл хорионы дэглэм мөрдөж ажиллах зэргээс харж болж байна. Яг энэ л зарчмыг бусад эрүүл мэндийн хөтөлбөртөө тусгаж ажилламаар байгаа юм. Мөн энэ жишээг амжилттай хэрэгжүүлж болох юм байна гэдгийг бид бас “COVID-19”-өөс харж байна.
-Тун удахгүй сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын хичээл эхлэх гэж байна. Энэ цаг үед боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нь хэр зөв бэ. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-“COVID-19” хариу арга хэмжээний хүрээнд маш сайн ажиллаж байгаа ОБЕГ, УОК, ЭМЯ, ХӨСҮТ, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ гээд олон байгууллага маш сайн ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Би хамгийн сүүлд Алтанбулаг хилийн боомт дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцсан. Энд олон хүн яаж уялдаа холбоотой маш сайн ажиллаж байгааг харсан. Халдвар хамгаалал, эрт илрүүлэг, зөвлөгөө мэдээлэл, дараагийн дамжлага гээд тойрог бүхий маш сайн уялдаа холбоог олж харсан. “COVID-19” нийгэм, эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлж байгааг бид мэднэ. Тийм болохоор олон улс орон аюулгүй байдлыг ханган, хязгаарлах арга хэмжээг сулруулах ажлыг судлан ажиллаж байна. Тиймээс одоо бидний хамгийн сайн анхаарах зүйл бол аюулгүй байдлаа бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Анхны үеийг бодвол бид COVID-19-ийн талаар илүү мэдээлэлтэй болж, зарим хязгаарлах арга хэмжээг аюулгүй байдлыг ханган сулруулах тал дээр ажиллаж байна. Гэхдээ бид анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. Цаашид бид үйл ажиллагаагаа хэвийн явуулах байсан ч “New normal” буюу шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй. Хэрхэн аюулгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын байгууллага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, супермаркетын үйлчилгээ гээд олон салбарын үйл ажиллагааг хэрхэн аюулгүй байдлаар хүргэх вэ гэдэг тал дээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах болно. Мэдээж, “COVID-19” вирусын тархалтаас хойш, вакцин гартал бид хуучин хэвээрээ ажиллах боломжгүй. Тиймээс хөл хорио, хязгаарлах арга хэмжээг эмийн бус арга хэмжээнүүд, тухайлбал амны хаалт зүүх, зай барих зэрэг арга хэмжээг бүх л үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр байх ёстой. Тиймээс боловсролын байгууллага, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нээхгүйдээ гол нь биш, яаж аюулгүй байдлаар үргэлжлүүлэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)