Эх хэл-Улсын тусгаар тогтнол
- 2020-08-31
- Нийтлэл
- 0
Эх хэлний тухай сүүлийн өдрүүдэд яриад эхэллээ. Эх орондоо туйлаас хайртай, эх орноо хөгжүүлье гээд байдаг сайд дарга нь ярьж байгаа эсэхийг мэдэхгүй. Энгийн ардууд л Өвөр монголчуудтай дуу хоолойгоо нэгтгэе гээд л эх хэлний асуудлыг яриад байгаа нь тэр. Эх хэл гэдэг бол тусгаар тогтнол юм. Өвөр монголын монголчууд олноороо төвлөн суурьшсан зарим хотод монгол хэлээр дунд сургуулийн хичээл орохыг хориглосон шийдвэр нэлээд эрт гарсан боловч ярьж эхэлж байгаа нь сүүлийн хэдхэн хоногоос. Хичээл эхлэх дөхөөд л ярьж байгаа хэрэг.
Хятад улсын бүрэлдхүүнд байгаа Өвөр монголчууд хэл соёлоо хадгалж байсны уг язгуур нь Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолд уяатай байсан юм гэж учир мэдэх хүмүүс ярьсан байдаг. Тэр өнцгөөс харвал Монгол улсын тусгаар тогтнол суларч байгаагийн гадаад илрэл хүчтэй ажиглагдаж эхэллээ. Мөнхийн хөрш Хятад улс сүүлийн жилүүдэд монголын газар шороо луу, бүсгүйчүүдийн хэвлий рүү өнгийх нь эрээ цээргүй болоод байна гэсэн мэдээ, мэдээлэл янз бүрийн сувгаар тархаж байгаа билээ. Зарим нь худлаа байж магадгүй гэхэд ихэнх нь үнэний ортой байгаа. “Монголын газар нутгаас худалдана” гэсэн зарлал хятадын сайтуудаар гарсан боловч энэ нь худлаа гэсэн няцаалтыг хоёр талаас хийсэн. Энэ мэтийн зарлал гарч л байдаг, тэр нь худлаа даа гэж бид санасаар явтал нэг л өдөр жинхэнэ үнэн зарлал тавигдчихсан, буцалтгүй шударга наймаа хийгдчихсэн байх вий. “Чоно ирлээ” гэж хашгиран хүмүүсийг хуурч тохуурхан инээж байдаг хүүгийн тухай үлгэр шиг л юм болж мэднэ. Айх л юм энэ, болгоомжлох л юм энэ.
Ганцхан энэ ч бус, солонгос, түрк, вьетнам зэрэг гадаадын хувь хүмүүс, байгууллага монголд газар нутаг эзэмшиж байгаа, хашаалж аваад хэнийг ч нэвтрүүлдэггүй гэсэн мэдээ яваад байдаг. Үнэн худлыг нь хэн ч нотолдоггүй. Миний хувьд хөдөөгүүр яваад байдаггүй болохоор түүнтэй тааралдаж байсангүй. Монголчууд эх хэлээ алдсаны дараа ийм л орчин биднийг угтаж авах гээд байна.
Монгол улсын нийслэл хотод гадаад хэлээр хичээлээ хийдэг бага, дунд сургуулиуд бий болоод удаж байна. Хүүхдээ гадааджуулъя гэсэн бодол эцэг эхэд хэдийн суужээ. Одоо Кембриж ярьдаг болцгоов. Шулуухан хэлэхэд Кембриж нь манайд зохихгүй. Монгол хүнд монгол хэл соёлоо эзэмших эх хэл нь эн тэргүүнд хэрэгтэй байна.
Энэ цаг үед Монголчууд гадаад түшиг тулгуур болгож Оросын Холбооны улсыг түших нь зөв гэж санаж байна. Оросыг үзэн яддаг залуу үе бий болсныг бид бэлээхэн харж байна. Оросыг муулсан, харааж зүхсэн сэтгэгдэл ч үүний доор хөвөрч өгнө. Гэхдээ Монгол улсаа авч үлдэхийн тулд бид ийм л бодлогыг барих нь зөв юм. Чингис ярьж сагсалзаад, царайлаг хөвгүүд гэж огсолзоод явж байх хойгуур чинь алтан аргамжны гадас суларч байна шүү. Ямхын бодлого гэдэг нь бүр алд дэлэм болон сунах шинжиндээ орж байна. Ийм үед бид Оросыг түшиж байж л үлдэнэ.
ХХ зууны монголын түүхэнд Зөвлөлтийг дагасан далан жил гээд тодорхой ул мөр бий. Энэ томоохон зурвас хэсэгт сайн сайхны жишээ олон бий. Монголын тусгаар тогтнолыг Зөвлөлт Холбоот Улс, түүний удирдагч И.В.Сталины хатуу байр суурийн үр дүнд олж авсныг бид өнөөхөндөө мартаж болох ч түүх мартахгүй. Мөн бас хар мөртэй муугийн жишээ ч цөөнгүй бий. Гэхдээ монголчуудын хувьд алдсанаасаа олсон нь их байсан гэдэг ерөнхий дүгнэлт хийгээд орхичихъё.
Одоогийн Орос нь хуучин Зөвлөлт Холбоот Улс биш, Путин нь Брежнев биш гээд л сөргөлдөх яриа гараад ирнэ. Оросын зүгээс ч бас манай монголыг харахдаа эд чинь өмнөх үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс биш, одоогийн төр засгийн удирдлага гээд байгаа нөхөд нь ч Цэдэнбал биш гэдгийг бас мэдэж байгаа. Гэхдээ Оросууд монголчуудыг уусгаад тараагаад хаячихгүй. Чирэхдээ чирээд, өмөөрөхдөө өмөөрөөд явж чадна. Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан дэлхий дахинд хоцрогдоод байсан юм алга. Зарим нэгэн үзүүлэлтээр хойгуур байж мэдэх ч ерөнхий түвшин нуруугаараа маш их шинжлэх ухаанч улс юм.
Оросыг түшсэнээр алдах юм гарна л даа. Золиосгүй юм гэж байхгүй. Гэхдээ олох нь арвин байх болов уу. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолоо хамгаалж үлдэнэ гэсэн үг. Үүнийг манай төр засгийн удирдагчид хийх ажил. Ингэхлээр л их мэдэгчид “Хар хайрцагны бодлого” гээд яриад эхэлнэ.
“Бодлого” гэж нэг юм бичиж нандигнаад хар өнгөтэй хайрцаг дотор хийгээд хадгалдаг ч юм уу, бүү мэд. Хайрцаг нь яагаад шар юмуу ногоон, улаан, цагаан өнгөтэй байж болоогүй юм бол. Төр засгийн удирдлагад байгаа цөөнгүй хүнийг Хятадаас зээл авч идсэн, хээл томорч цүндийсэн гэсэн яриа яваад л байдаг. Хэрэв тийм бол ард түмний итгэл хүлээж чадахгүй л гэсэн үг.
Хэрэв бид цаашдаа Оросыг түшихээ тодорхой илчлэн дагалаа гэж бодоход гуравдагч, дөрөвдөгч хөршүүд хэрхэн хүлээж авах бол, харилцааны ямар өөрчлөлт гарах вэ, Орос Хятад хоёр нь бидний араар тавих уу гэх мэтийн олон асуудал гарна. Түүнийг бид ярих биш, өнөөх алтан аргамжнууд нь хийх ажил юм.
Эх хэлгүй бол эх оронгүй болно гэдгийг биднээс түрүүнд өвөрлөгчид яс махаараа мэдрээд эхэллээ. Хэдэн жилийн өмнө, хятадын өмнөд мужаас ирсэн настай эмэгтэйтэй ярилцаж байлаа. Харваас өмсөж зүүсэн, үс зүсээ янзалсан зэрэг нь хятад хүн. Гэхдээ тэр хүн өөрийгөө монгол хүн, монголын хуучин сурвалжтай ноёны хүүхэд, өмнөд нутаг руу цөлөгдсөн гэж байлаа. Мэдээж тэр хүн хятадаар ярьж, орчуулагчийн тусламжтайгаар бид ойлголцож байв. Монгол хэл огтхон ч мэдэхгүй байлаа. Хэдэн жилийн дараа ийм л монгол хүн бий болох гээд байна.
Хэл, хил хоёроо хамгаалахын төлөөнөө сэтгэл зовних нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө юм.
Я.БААТАР
Сэтгэгдэл (0)