Компанийн удирдлагууд шинэ ажилтнуудтай уулзлаа
- 2020-08-06
- Сурталчилгаа
- 0
Ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх нь компанийн дотоод уур амьсгалаас шууд хамаардаг. Ажилдаа сэтгэл ханамжтай байх нь бүтээмжийг 16 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Удирдлагуудын хувьд шинэ ажилтнуудтайгаа уулзаж тэдний санал бодлыг сонсож ярилцах нь компанийн дотоод уур амьсгалд ихээхэн ач холбогдолтой. Манай компанид 2019 оны 10 сараас хойш 58 хүн шинээр ажилд орсон. Нэг сараас 10 сарын хугацаанд ажиллаж байгаа 44 шинэхэн уурхайчинтай өнөөдөр компанийн дэд захирлууд уулзлаа.
Тэргүүд дэд захирал Д.Түвшинжаргал:
Та бүхэн Монгол улсын гал голомтыг сахих чухал үүрэгтэй байгууллагын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Уурхайчин хүн бүрийн хамтын ажиллагаа, сэтгэл хөдөлмөр шингэн олборлогдсон нүүрс цахилгаан дулааны станциудаар дамжин ард иргэдэд гэрэл дулаан болон хүрч амьдралын ая тухыг бий болгож байдаг. Иймээс та бүхэн өөрсдөөрөө болон байгууллагаараа бахархах нь зүйтэй юм. Нөгөө талаасаа уурхайчин хүн асар өндөр хариуцлагатай, сахилга бат сайтай байх ёстой. Иймээс компанийн болон ХАБЭА-н дүрэм журмыг сахин биелүүлж, ажилдаа хэвшил болгож ажиллахыг анхаарууллаа. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал, олборлож буй нүүрсний хэмжээ, станциудын нүүрсний нөөц, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Бажуна:
Ажилтан та нэгдүгээрт эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэндийн ямар нэг шалтгаангүй байх нь таны ажлын бүтээмж, авч байгаа цалин, ажиллаж буй хэсэг нэгжийн үйл ажиллагаанд шууд хамааралтай байдаг. Уурхайчдыг эрүүл чийрэг бие бялдартай болгох, зөв зохистой хооллох, биеийн тамир спортоор хичээллэх бүхий л нөхцлийг бүрдүүлэхээр компанийн захиргаа хичээн ажилладаг. Уурхайчин спорт цогцолбор, дугуйн зам, зохистой хоолны цэс, сувилалын эмчилгээ, үйлчилгээг та бүхэн бүрэн ашиглаж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй.
Хоёрдугаарт та бүхэн санаачлагатай, эерэг хандлагатай байх хэрэгтэй. Хийж бүтээж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, багийн ажиллагаа сайтай байх нь хэн бүхнийг амжилтанд хүргэдэг. Та бүхэн байгууллагын соёл, дотоод дүрэм журмыг чанд сахиж ажиллаарай гэлээ.
Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Дашцэрэн:
Та бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн энэ цаг үед манай компанид ажилд орсон. Олон нийтийг хамарсан сургалт, идэвхижүүлэлтийн төлөвлөгөөт ажлууд бүгд зохион байгуулагдахгүй байгаа. Хоёр жил тутамд уурхайчдын спартакиад, урлагийн наадмыг зохион байгуулдаг, дотоод гадаадын сургалтын байгууллагуудтай хамтран ажилтнуудаа тогтмол сургалтанд хамруулж хөгжүүлдэг. Цар тахлын тархалт буурч, өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалвал энэ бүх ажлууд төлөвлөгөө, уламжлалын дагуу явагдах болно тэр үед та бүхэн идэвхи санаачлагатай оролцоорой гэлээ.
Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга О.Бат-Ирээдүй:
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрх үүрэг, компанийн захиргаатай хэрхэн хамтарч хамтын гэрээгээ биелүүлж ажилладаг талаар танилцууллаа. Уурхайчид хамтын гэрээний дагуу ямар хөнгөлөлт, урамшуулал эдэлдэг тухай ойлголт өглөө.
Уулзалтын төгсгөлд шинэхэн уурхайчид өөрсдийн санал бодлоо ярьлаа. Тэд ажлын байрандаа шаардагдаж байгаа багаж хэрэгсэл, сайжруулж болох санал санаачлага, бусад ижил үйл ажиллагаатай компаниудтай харьцуулсан давуу болон сул талууд, ХАБЭА-ын дүрэм журмын хэрэгжилтийн талаар санаа бодлоо хэллээ. Компанийн удирдлагууд эдгээр санал санаачлагуудыг анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)