Тарваган тахлын нас баралтын хувь коронавирусийн халдвараас даруй 10 дахин өндөр байдаг гэв

- ХАЛДВАР АВСАН 100 ХҮН ТУТМЫН 40 НЬ НАС БАРАХ ЭРСДЭЛТЭЙ -

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 38 настай иргэн “Б” тарваган тахлын хоёрдогч уушгины хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдсан тухай есдүгээр сарын 5-нд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлсэн. Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа. Энэ талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяраас тодрууллаа.


-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын тохиолдол илэрч, батлагдсан. Тус аймагт халдварын нөхцөл ямар байгаа вэ?

-Есдүгээр сарын 3-ны өдөр 38 настай эрэгтэй тарваган тахлын сэжигтэй тохилдолтой гэж бүртгэгдсэн. Улмаар тарваган тахлын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан байдаг. Тарваган тахлын сэжигтэй л гэж үзэх юм бол тусгаарлаж хөл хорионы арга хэмжээг авдаг. Эхний ээлжинд хөл хорио тогтоож, ойрын хавьтлуудыг илрүүлэн голомтыг тархаахгүй байх чиглэлээр ажилласан. Гоц халдварт өвчний үед халдвар тархаахгүй байх хамгийн сайн зарчим нь хөл хорио байдаг.

-Ойрын хавьтлуудыг илрүүлсэн үү?

-Хөвсгөл аймгийн Цагаан уул сум руу очиж тарвага агнаад өвчих явцдаа арьс салстын бүрэн бүтэн байдлаас болж, халдвар шууд хавьтлын замаар дамжсан байна. Тодруулбал, шууд хүрэлцэх хавьтлын замаар халдвар дамжиж орсон гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогоор голомтод нэгдүгээр хавьтлын 28 хүнийг илрүүлэн тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Эдгээр иргэнээс халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй учраас урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан.

-Тэгвэл 38 настай эрэгтэй Б-ийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан учраас биеийн байдал нь маш хүнд байна гэсэн дүгнэлтийг газар дээр нь эмчилж буй эмч мэргэжилтнүүд бидэнд мэдээлсэн. Тиймээс өвчтөнийг аврах болон нэгдүгээр хавьталын иргэдээс халдвар авах тохиолдлыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна.

-Бусад бүс нутагт тарваган тахлын нөхцөл ямар байна вэ?

-Улс орон даяар тарваган тахлын эрсдэл маш өндөр байна. Ерөөс голомтгүй бүс нутгаас голомттой газар очоод л тарваган тахлын халдварыг зөөж ирээд байгааг саяны тохиолдол харуулж байна. Энэ онд нийт 17 сэжигтэй тохиолдол Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн. Үүнээс таван тохиолдол батлагдаж, хоёр нь нас барсан үзүүлэлттэй байна. Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар тарвага агнасан, түүнийг худалдаалж тээвэрлэсэн, оруулахыг завдсан 95 удаагийн үйлдэл бүртгэгдсэн. Хууль бус худалдаа, ан хийгээд түүнийгээ тээвэрлэдэг, хот суурин газар оруулдаг асуудал гаарч байна гэсэн үг.

-Тарваган тахлын хүнд үзүүлэх сөрөг нөлөө нь коронавирусээс илүү гэж сонссон?

-Тарваган тахлын нас баралтын хувь коронавирусийн халдвараас даруй 10 дахин өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын үед 100 хүн тутмын дөрөв нь нас барж байгаа бол тарваган тахлын халдвартай 100 хүний 40 нь нас барах эрсдэлтэй, хурц халдварт өвчин.

-Ард иргэдийн хэнэггүй үйлдлээс болоод халдвар гаарах эрсдэлтэй байх нь ээ?

-Тарваган тахал гэдэг өвчнийг мэдэхгүй монгол хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд эрсдэлтэй алхмаас шууд татгалзах шаардлагатай. Мэргэжлийн байгууллага мянга анхааруулаад түүнийг иргэд хэрэгжүүлэхгүй бол эрсдэл өндөр хэвээр байх болно. Та бүхний харж байгаачлан коронавирусийн халдвар ч мал амьтнаас хүнд халдварладаг.Гэтэл энэ халдвар цар тахал болтлоо явж байна шүү дээ. Тэгэхээр нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж дэлхий дахинд гамшиг нүүрлэж болдгийг харж байна.

П.САЙНАА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)