Сингапурын торгууль гэж дэлхийд хосгүй зэвсэг байна

Сингапурын улс төрчид, түшмэд төдийгүй сингапур иргэд нь үлгэр жишээч, үнэмлэхүй төгс хүмүүс байх ёстой хэмээн тэр хүсээгүй тусгаар тогтнолоо олж авсан 1965 оноос хойш Ли Куан Ю шувтан номложээ. “Шилэн данс”, “шилэн тайлан” гэдгийг тэнд ёстой жинхэнэ утгаар нь бүр 1965 оноос мөрдүүлжээ. Түшмэд болон тэдний эхнэр хүүхдүүд нь аж байдлын түвшин, орлого, эдийн засгийн сонирхол, санхүүгийн үйл ажиллагаагаа ямагт тайлагнаж иржээ. Энэ бүхнийг “оршин тогтнол” гэдэгтэйгээ байнга холбоно. Сайд Онг Панг Бун гэдэг нөхрийн ярьснаар бол, авилгалтай хатуу тэмцэхгүй бол Засгийн газар тэсэхгүй байсан, ер нь ямар ч Засгийн газар тэсч тогтож чадахгүй, тиймээс ичих нүүргүйгээр авилга авагчдыг хатуу цээрлүүлдэг, цээрлүүлэх ч болно гэжээ.

Ийнхүү авилгалтай тэмцэж байгаагаа Сингапурт “Улс төрийн эр зориг” гэж нэрлэнэ. Ингээд баахан жагсаалт гаргажээ. “Авилга” гэдэгт: а) Мөнгө, ямарваа бэлэг сэлт, гонорар, зээл, шагнал, комиссын ба үнэт цаас, бусад хөдлөх ба үл хөдлөх өмч, түүний хувь; b) Албан тушаал, ажил, эсвэл контракт; c) Ямарваа төлбөр, эсвэл зээлийн өрийг цайруулах ба багасгах, бусад өрийг бүрэн болон хэсэгчлэн цайруулуулах амлалт; d) Ямарваа үйлчилгээ, хүндлэл, ямар нэг давуу байдал, жишээ нь торгуулиас буюу төлбөрөөс чөлөөлөгдөх давуу эрх, сахилгын шийтгэлээс чөлөөлөгдөх, эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд ямар нэг үүрэг хүлээхээс чөлөөлөгдөх; e) Шагнана гэж ямарваа хэлбэрээр санал тавих, амлах, оролдох гэх мэт. 

Сингапурын торгууль гэж дэлхийд хосгүй зэвсэг байна

Хэрэв энэ жагсаалт хэрэгждэг бол Сингапурт төр-засаг, бизнесийн бүх үйл ажиллагаа нь хатуу бахинд хавчуулагдсан, хүний алхах гишгэх хүртэл хязгаартай мэт харагдаж байна. Хүний эрхийн тухай санах ч хэрэг алга. Сингапур нөхөрт бэлэг өгөөд ажлаа бүтээлгэнэ хэмээн монгол хүн бол сэтгэх ч хэрэг алга. 

Хахууль авсан, өгсөн бол хэмжээнээсээ шалтгаалан 100 мянган хүртлэх долларын төлбөр төлөх буюу шоронд 5 хүртэл жилээр сууна, хэрэв төрийн албан хаагч, парламентын гишүүн ийм хэрэгт холбогдвол 7 жилээр сууна, энэ заалт Сингапурт ба хилийн чанадад адил үйлчилнэ, ийм мэдээллийг нуусан буюу нэгжлэгт саад учруулбал 10 мянга хүртэл доллараар торгуулина, хэрэв нэг нэгнийг хардаж гүтгэж АТГ-т мэдээлэл өгсөн бол нэг сараар шоронд сууна гэхчлэн хуулийн заалтууд хөвөрч өгнө. 

Төрийн албан хаагчдын хариуцлагын цаад хязгаар гэсэн ангиллаар “болно” гэсэн нь 7, “болохгүй” гэсэн нь 19 заалт гаргаж мөрдүүлжээ. Үүнд “болно” гэдэг дотор “матаж” болно гэсэншүү утгатай заалт ч байх шиг: 

Авилгалын ямарваа үзэгдлийг мэдээлэх;
Түшмэдтэй албаны харилцаа бүхий нийгмийн гишүүдтэй албан бус харилцаанд орохоос зайлcхийх, учир нь элдэв асуудалд хутгалдахгүй;
Аливаа бизнес дээр өөрийн болон гэр бүлийн эрх ашгаа илэрхийлэх, тийм бизнесээс татгалзах;
Албан ёсны харилцаа бүхий ямар ч хүнтэй тэгш эрхтэйгээр, шударга, айж эмээлгүй, хамгаалуулахгүйгээр харилцах;
Авилгалын эсрэг хуулийн заалттай танилцах, түүний заавар дүрэмтэй танилцах;
Ямар нэг үйл ажиллагаан дээр эргэлзээ гарвал даргатай нь зөвлөлдөх;
Албан байгууллагадаа үнэнч байж, түүний эрх ашгийг хамгаалж болно гэжээ.

Сингапурт төрийн албан хаагч юу хийхийг хориглодог вэ?

Үйлчилсэнийхээ төлөө нийгмийн ямар нэг гишүүнээс шагнал авахыг хориглоно гээд эхэлж байна. Цаашаа:
Үйл ажиллагаанаас зайлсхийсний төлөө бэлэг авах;
Хэн нэгэнд талархан түүнийхээ төлөөсөнд зүтгэл гаргах;
Албан бичиг баримт дээр санаатай алдаа гаргах, хуурамч, эсвэл шударга бус мэдэгдэл хийх, мэдээлэл өгөх;
Бэлэг, эсвэл үдийн хоолны урилга хүлээн авах, эсвэл албаны харилцаатай аль нэг түшмэлтэй наргиж цэнгэх;
Эрх баригчид шийдвэрээ бичгээр өгөөгүй байхад тогтмол бус, эсвэл арилжааны үйл ажиллагаа эрхлэх;
Өөрийн үндсэн үүрэгт ажлаа хийснийхээ төлөө төлбөрийн маягаар хэн нэгнээсшагнал урамшил авах;
Төслийн ажилд хяналт тавьж тогтмол бус цагаар ажилласныхаа төлөөаливаа нийлүүлэгчээс шагнал урамшил, нөхвөр мөнгө авах;
Албаны харилцаа бүхий түшмэл нь үйлдвэр ба бизнес эрхлэгч аливаа этгээдийн бизнест хутгалдан орох;
Үйлчилсэнийхээ төлөө нийлүүлэгчээс хувь, төлбөр авах;
Хувийн хэрэгт чинь үнэ төлбөргүй үйлчлэх саналыг ямар нэг этгээдээс хүлээн авах;
Албаны харилцаа бүхий түшмэл нь ямар нэг этгээдтэй албан бус харилцаанд орох, саймшрах, дотносож байгаагаа илэрхийлэх;
Хилийн чанадаас оруулах бүтээгдэхүүнийг судална, мэдээлэл авна гэх нэрээр нийлүүлэгчээс гадаадад аялах урилга хүлээн авах;
Онцын шалтгаангүй бол нийлүүлэгчийн нутаг дэвсгэр, эсвэл олон нитийн газарт албан ёсоор уулзах, хэлэлцээ хийх;
Албаны харилцаа бүхий түшмэл нь цаад этгээдийнхээ офис      ба гэрт      зочлох;
Албаны  харилцаа бүхий түшмэл нь нийлүүлэгчийг мөнгийг ил ба далд байдлаар      сонирхох;
Өөрийн тооцоо, зээлийг нийлүүлэгчээрээ төлүүлэхийг зөвшөөрөх;
Албаны  үүргээсээ давсан хувийн сонирхлоо ойлгуулах;
Засгийн газарт хор хохирол учруулах, тухайлбал контракт гэрээн  дээр нийлүүлэгчид тэг ингэ гэж зөвлөх зэрэг болно.

Энэ жагсаалтаас харвал манай УИХ-ын гишүүд бараг толгой дараалан шүүхийн хаалга татах буюу ажилгүй болохоор юм байна. 

Гарчигт өгүүлснээр (бид өөрсдөө гарчгаа тэгэхээс тэгэх гэж авсан) тэр торгууль гэдэг гайхамшигт зэвсэг Сингапурт ёстой цэцэглэн байна. “Singapore, the fine city” гэж зарладаг, бичдэг. Энэ нь заримдаа тоглоом тохуу мэт, “Үхтэл чинь торгоно шүү!” гэсэн сануулга болох аж. Торгууль нь энэ хотыг сайн сайхан харагдуулдаг гэдгийг энэ үгс бас илтгэнэ. 

“Хатуу торгууль”, “өршөөлгүй торгууль”, “шийтгэлийн тогтолцоо” хэмээн нэрлэх тэр зэвсэг цаад өдүүлсэн хэргээсээ шалтгаалан их бага гэж байхаас байхгүй болно гэж хэзээ ч үгүй. Хэрэв зажилж явсан бохь, татсан тамхины ишээ ил хаявал шууд л $500. Зөвшөөрөлгүй газар тамхилбал $1000. Гай таараад Та галд амархан шатах хог метрон дотор хаячихвал $5000. Авто машин тойрсон торгууль гэж бас нэг зэвсэг бий. Ганц жишээ. Хэрэв Та зам дээр хоёр машин гүйцэж түрүүлбэл, галын ба түргэний машин гүйцэж түрүүлбэл, хурд хэтрүүлбэл $1000, эсвэл шоронд суух. Автобусны буудалд дураараа зогсох, хүнээ буулгах, хүн авахад $500 гэх мэт.

Ер нь аливаа торгууль $500 гэж эхэлнэ. Үүнд метронд жимсний хальс хаях, олон нийтийн газар чихрийн цаас хаях, олон нийтийн газар юм идэх, хүүхдээ угжих, ус ундаа уулгах, олон нийтийн газар бохь зажилах, Сингапурт зөвшөөрөлгүй бүртгэлгүй гадаад тамхи татах буюу авч явах, нэг блокоос илүү тамхи гадаадаас авч ирэх, насанд хүрээгүйчүүдэд тамхи худалдах, зөвшөөрөлгүй газар салют буудуулах, гарцгүй газраар зам гарах, тэнэмэл тагтаа шувуу, амьтан хооллох гээд жагсаад байх нь тэр. Монголчуудад даан ч дээ гэмээр заалтууд олон байх вий. 

Энэ хот-улс дэд бүтцээрээ дэлхийд хошуучилна. Сингапурын боомт контейнерын тээвэр, зөөврөөр дэлхийд хоёрдугаарт орно. Аэропорт нь дэлхийн хосгүй буудлуудын нэг гэж алдаршсан. Гэхдээ хот-улс маань уртаашаа 8-хан зам, хурдны 9 замтай. Тэр нь урт, алсын зам биш. Сингапур нь санхүү, үйлдвэр, үйлчилгээгээрээ хамгийн эрчимтэй, электроник ба химийн боловсруулах салбарт бас гайхамшигтай.Цалин гэж ямагт нэмэх үзүүлэлттэй. Цалингаа Сингапурын нийгмийн өрсөлдөөний үзүүлэлт болгочихсон. Ийм их бүтээн байгуулалт хийж байгаа юм чинь ганц нэг тамхины иш хаях, ядаж гудамжинд хүүхдээ угжих, сандарсан үедээ хоёр байшингийн хооронд зам хөндлөн гүйгээд гарчихыг уучилж болноо доо, гэтэл хуц гэх нь тэр шүү. Бүх хүн камераар хянагдах нь тэр.

Сингапураар жишээлээд Монгол руу татаж авчран хэрэгжүүлэх санал байна. Улсын төсөв хүрэлцэхгүй, улс мөнгөгүй гачлан зовлон амсаж байгаа бол Сингапурын жишгээр элдэв торгууль (татвар) зохиомжлоод хуу торгоод эхэлбэл улсын төсөвт бөөн мөнгө орж ирнэ. Улс мөнгөжихийн сацуу монголчууд өөрсдөө цэгцтэй, хүмүүжилтэй,даруулгатай болох бус уу?

Би олонтаа бичсэн дээ. Ажилгүй эрүүл саруул иргэдээс ажил эрхлээгүйн төлөөх татвар, архичдаас архи уухдаа нийгэмдээ төлөх татвар, тамхичаас бусдыгаа хордуулсны төлөөх татвар, байгаль дэлхийг бузарласныхаа төлөө төлөх татвар, машин унах хүсэлтэй бол өндөр татвар төлөөд өдөр бүр зорчиж болох журам гэхчлэн Сингапураас давуулчихмаар зүйл зөндөө л байх юм...

(Үргэлжлэл бий)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)