Нүүрс түлэлт-экологи
- 2020-09-21
- Нийтлэл
- 0
(Технологийн мэдээлэл)
Экологийн асуудлууд хурцаар тавигдаж байгаа орчин үед нүүрснээс дулаан гаргаж байгаа бүх байгууллагууд хувь хүн бүр нүүрс гэдэг ашигт малтмал түүний мөн чанар, байгал орчинд үзүүлэх хам шинж,технологийн асуудлуудаас тойрон гарах боломжгүй юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах хүрээнд 2019 оны 5 -р сараас улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглох тухай засгийн газрын шийдвэр гарсаныг бид бүгдээр мөрдөж байна. Бид түлж байгаа нүүрснийхээ төрөл,шинж чанарыг өөрчлөхөд л утааг хэд дахин багасгах боломжтойг олж харлаа.Үүнтэй уялдуулан нүүрс хэмээх ашигт малтмалын ерөнхий шинж чанар, экологид хамааралтай үзүүлэлтүүдийг товчоор авч үзье. Нүүрсийг;
- Хүрэн нүүрс (бурый уголь)
-Чулуун нүүрс (каменный уголь)
-Антрацит нүүрс (антрацитный уголь) гэж ерөнхийд нь гурав ангилна. Тэдгээр нь доорхи үндсэн үзүүлэлтүүдтэй байна.
ДУЛААН ГАРГАХ ЧАДВАР (кг/ккал)
- Хүрэн нүүрс 2900-3500 кг/ккал.
- Чулуун нүүрс 4500-6000 кг/ккал.
- Антрацит нүүрс 7000-8500 кг/ккал.
Зарим чулуун нүүрс үүсэлтийн насжилт ба бусад нөхцлүүдээс шалтгаалж 6500 кг/ккал хүртэл дулаан гаргах үзүүлэлттэй байдаг.Чулуун нүүрсний дулаан гаргах чадвар хүрэн нүүрснийхээс даруй 2 дахин их байгааг харж болно. Эндээс бид чулуун нүүрс ашиглавал 2 дахин бага нүүрс түлж, 2 дахин бага утаа гаргана гэсэн энгийн логикийг харж болно. Энд антрацит нүүрсний үзүүлэлтүүдийг тодорхой авч үзэхгүй байгаа нь ийм нүүрсийг гэр ахуйн зуух пийшинд өргөнөөр ашиглах боломжгүйтэй холбоотой. Ийм нүүрс нь нүүрстөрөгчийг агууламж өндөр, нягтрал сайтай байдаг тул нүүрсийг бүрэн шатаахад (нүүрстөрөгчийг хүчилтөрөгчтэй химийн урвалд оруулахад) их хэмжээний хүчилтөрөгч шаардагдана. Энэ нь зуухны агаар нөхөлтийн нүх сувгаар тасалгаанаас их хэмжээний агаар сорогдоход хүргэнэ. Ийм хэмжээний агаар нөхөлтийг сууцанд хуримтлагдсан агаараар нөхөж байгаа нь тасалгааны агаарын эрүүл мэндийн зохистой хэм хэмжээг алдагдуулахад хүргэдэг байна.Гал түлэлтийн үед хүчилтөрөгчийн нөхөлт дутагдах нь угаарын хий буюу дутуу шаталтын хий тасалгаанд бий болгоход ч хүргэж болзошгүй. Манай зарим хүмүүс сууцныхаа дулаан алдагдлыг багасгахын тулд тасалгааныхаа хамгийн дээд цэгт байх тооцоологдсон хэмжээтэй агаар цэвэршүүлэлтийн сувгийг бүмөсөн хаах нь угаартах нөхцлийг бүрдүүлдэг байна.Хэрэв ийм түлшийг ахуйн нөхцөлд хэрэглэх бол агаарын нөхөлтийг хоолойгоор гаднаас нөхөх буюу үлээлгэлтийн сэнс хэрэглэх хэрэгтэй болно. Эндээс та ахуйн хүрээнд өндөр илчлэгтэй (нүүрстөрөгчийн агууламж ихтэй) нүүрс буюу шаталтын үедээ задралт багатай шахмал түлш түлэхэд хүрэн нүүрснээс илүү агаарын нөхөлт шаардлагатайг мэдэж авлаа.Өөрөөр хэлбэл тэр шаардагдаж байгаа нэмэлт нь таны сууцанд байгаа хүчилтөрөгч гэдгийг мартаж болохгүй.(Агаар мандлын хийн бүтэц; Азот 78%, хүчилтөрөгч 20,95% ,бусад хийнүүд 1% орчим) Угорын хийн хордлого цөөнгүй гараад байгаа нь таны сууцны агаарын найрлагын бүтэцийн өөрчлөлтэй холбоотой байж болзошгүйд хэн бүхэн анхаармаар.
НҮҮРСЭН ДЭХ НҮҮРСТӨРӨГЧИЙН АГУУЛАМЖ (%)
- Хүрэн нүүрс 70 % хүртэл.
- Чулуун нүүрс 70-90 % хүртэл.
- Антрацит нүүрс 90-95 % байна.
ДЭГДЭМХИЙ БОДИСЫН ҮҮСЭЛТ (%)
Нүүрс шаталтын үед үүсэх дэгдэмхий бодисын үүсэлт нь (летаюший вешества) байгал орчинд сөрөг нөлөө үзүүлдэг нэг гол үзүүлэлт юм.
- Хүрэн нүүрс 50 % хүртэл.
- Чулуун нүүрс 20-40 %
- Антрацит нүүрс 5-8 %
Тус тус дэгдэмхий хий үүсгэдэг байна. Эндээс агаар бохирдуулагч дэгдэмхий бодисын гаралт хүрэн нүүрсэнд чулуун нүүрснийхээс бараг 2 дахин их байгааг харж болно. Нунтаг хүрэн нүүрсийг хэт их агаар өгөлтэйгөөр шаталтанд оруулбал бүрэн шатаж амжихгүйгээр тортог(саж) хэлбэрээр агаарт гарч агаар орчныг эрс бохирдуулна.
ҮНСЖИЛТ (%)
Энэ үзүүлэлт агаар ба хөрс, усны бохирдолтод их нөлөө үзүүлдэг. Үнсжилтийн хувь нь;
- Хүрэн нүүрс 35 % хүртэл.
- Чулуун нүүрс 20 % хүртэл.
- Антрацит нүүрс 5-15 % хүртэл байна.
Хүрэн нүүрсний үнс нь нарийн ширхэлэгтэй нунтаг байдаг тул бага хурдтай салхинд ч хялбархан хийсч агаар хөрсний бохирдолтыг эрс нэмэгдүүлнэ. Харин чулуун ба антрацит нүүрсний үнс нь нягтрал сайтай байх тул салхиар тархах нь бага байдаг.
НҮҮРС ШАТАЛТЫН ТОМЪЁО -( С+О2=СО2 ) Эндээс бид нүүрс түлнэ гэдэг нүүрсэнд агуулагдаж буй ( хүрэн нүүрсний 70% хүртэл,чулуун нүүрсний 70- 90%,антрацит нүүрсний 90-95%-ийн агууламж бүхий) нүүрстөрөгчийг агаар мандалын 20,95 %-ыг эзэлдэг хүчилтөрөгчтэй химийн урвалд оруулж байна гэсэн үг. Дулааны цахилгаан станцууд хүрэн нүүрсийг бүрэн шатаах дэвшилтэт технологитой тул байгал орчныг бага бохиртуулдаг байна.
Өнөөдрийн бидний ахуйн хэрэгцээнд ашиглаж буй шахмал түлшинд чулуун ба антрацит нүүрсний нунтаг ашиглаж байгаа нь дулаан гаргалтын чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой боловч ийм нүүрс нь зуухны хотол дахь температурыг өндөр байхыг шаарддаг ба дөл гаралт бага байдаг онцлогтой байна. Ийм учраас олон худаг бүхий ханан пийшэнд тийм ч тохиромжтой бус байдаг. Ахуйн хэрэгцээнд ашиглаж буй хүрэн нүүрс нь нягтрал багатай,органик бодисын найрлага ихтэй тул шаталтын үед хялбархан задарч яндангаар дэгдэмхий бодис (тортог) их гаргах ба үнсжилт нь харьцангүй бага байдаг байна.
Л.Лхагва. 2020 он
Сэтгэгдэл (0)