Таван жилийн дараа тэтгэвэр нэмэгдэнэ
- 2020-09-30
- Нийтлэл
- 0
Насанд хүрсэн бүх хүн хоёр зүйлээс л маш их айдаг. Эхний айдас нь азгүй зүйл тохиолдох. Айснаасаа болж тодорхой хэмжээний зардал гаргаж хийдэд ном уншуулж өөрсдийгөө даатгадаг нь магад насанд хүрээгүй хүний шинж гэлтэй. Ном уншуулж засал хийлгэх нь тухайн үеийн сэтгэл санааг засаж тайвшруулан, айдсыг дарах үйлчилгээ болохоос жинхнээсээ эрсдлээс хамгаалах нь эргэлзээтэй.Байгууллага хамт олон дунд хэн нэгнийх нь ойрын хүрээнд өвчин зовлон, гал усны аюул, ажил явдал тохиолдож сар бүр цалингаасаа хэдэн төгрөг хүн бүр нэмэрлэдэг. Өнгөц харахад хамт олны дулаан уур амьсгал юм шиг мөртлөө цаад язгууртаа бол өөрт нь ч бас ийм азгүй зүйл тохиолдвол бусад маань туслахгүй бол яана даа гэсэн айдас л яваад буй хэрэг. Хандив тусламж өгөхөөс цааргалсан нэгнээ загнадаг үлгэр жишээ үг нь “Чамд ч гэсэн ийм зүйл тохиолдвол яах юм?” гэж айлгах. Байгууллага хамт олны хуримтлалд өгсөн мөнгө, хийдэд ном уншуулах, эсвэл хэн нэг лам багшид өөрийгөө даатгаж өглөг барьц өргөх, нийгмийн сүлжээгээр явах хандивт өгсөн мөнгөний аль нэгэнд нь нэг ч төгрөг үрээгүй хүн Монголд бий гэж үү?
Нөгөө нэг том айдас нь хөгшрөлт. Гэхдээ саяхныг болтол хөгшрөлт нь харьцангуй тайван жам ёсны үзэгдэл бөгөөд тэтгэвэрт гарахыг гавьяаны амралт хэмээн нэрлэж байсан нь өдгөө харин технологийн хөгжлөөс үүдэн гавьяа ч биш амралт ч биш болж мэдэхээр шинжтэй. Эргэн тойронд өөрийн хамгийн сайн мэддэг 20 хүнийг ч юмуу үгүй ядаж фээсбүүк хуудсаасаа санамсаргүй 20 хүн сонгоод, эсвэл өөрийн хажуугаар зөрж өнгөрөх 20 хүнээс ямар мэргэжлээр төгсөөд, юу хийж амьдарч байгааг асуугаад үзээрэй. Ердөө хагас нь л үндсэн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс бөгөөд ихэнхи нь таван жилийн өмнө л огт өөр ажил хийж байсан хүмүүс байж таарах вий. Тайван сайхан хөгшрөөд гавьяаны амралтанд суух тухай ойлголт хуучных шиг байхаа больсон юм.
Хөгшрөлт ба эрсдэл хоёулаа л заримдаа шударга бус мэт санагдаж, хорвоо энэхүү шударга бус байдал биднийг маш их эмзэглүүлнэ. Маш сайхан амжилттай, сайхан сэтгэлтэй, бусдад тусархуу сайхан хүн зүгээр л нэг өдөр эрсдэлд ордог. “Тэр хэнд ч муу юм хийгээгүй..” яагаад тэр зовох ёстой гэж? Учир нь тэр ламаар ном уншуулаагүй юм болов уу? Тэр цагаан, хар хэл ам хүрсэн юм болов уу? Тэр ямар нэг зүйлийг л буруу хийж дээ? Аль нь ч биш, тэр зүгээр л даатгалгүй байх. Даатгал бол “азтай нь төлж азгүй нь авдаг” зарчмаар ажилладаг, азтай байсны шимтгэл төлбөр азгүйтсэний нөхөр төлбөр, хорвоогийн шударга бусыг арай зөөллөх хүний оролдлого. Магадгүй тэр хүн хийдэд төлдөг мөнгөө, хамт олны тусын тулд нэмэрлэдэг мөнгөө өөрийнхөө даатгалд төлөөд явсан бол бодитоор амьдралаа аварч үлдээд хорвоогийн шударга бусыг цөөлөх байсан биз. Тэр дундаа хувийн тэтгэвэрийн даатгалын систем бол “хөгшрөх” ба “эрсдэх” гэсэн хүний үндсэн хоёр айдсыг бодитоор арилгаж, бүр хувийн хуримтлал ч болдог, хүний гараар бүтээгдсэн20 –р зууны шилдэг ололтуудын нэг юм.
Уг нь цаг үе өөрчлөгдөхийг дагаад манайд ч тэтгэвэрийн даатгалын систем боломжоороо хөгжсөөр ирсэн юм. Социализмын үед тэтгэвэрийн асуудлыг үйлдвэрчний эвлэл хариуцдаг байж байгаадбүр 1995 онд л “Нийгмийн Даатгалын сан” байгуулагдаж. Тодруулбал 1994 оноос өмнө хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг огт ойлголтгүй байсан учир тэтгэвэрийн мөнгө нь жирийн халамжийн мөнгө шиг байлаа. Одоо бидний төлж сурсан НДШ тухайн үедээ манайдаа шинэ, “ойлгоход хэцүү” зүйл байсан юм. Улмаар 2015 оноос одооны ярьж буй ”Нэрийн данс” гэх ойлголтыг нэвтрүүлэх шийдвэр гарсан. Магадгүй таван жилийн дараа тэтгэвэрийн даатгал өмнөхөөс шинэчлэгдэж магадгүй л юм, эсвэл яг өнгөрсөн таван жил шигээ зогсонги гацаатай, улс төржсөн хэрүүлээр дүүрч ч мэднэ. Харин тэр хүртэл та юу хийж суух вэ? Таван жилийн дараа тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүсийн нэг байх уу? Төр засагтаа уурласан хүмүүсийн нэг байх уу?
Өнөөгийн нийгэм биднийг “амиа боддог ч аминдаа хайргүй” хүмүүс болгожээ. Үүнийг “амиа ч боддоггүй, аминдаа ч хайртай” болгож өөрчлөх нь нийгмийн нэг том рэформ болно. Буяны ажил, бусдын тусын төлөө төлдөг мөнгөө даатгалд төлчихвөл ялгаагүй л бусдад буян ч болно өөрийгөө ч эрсдлээс хамгаална. Ялгаа нь гэвэл энэ бүх мөнгө нэгдсэн нэг санд төвлөрөөд, хүү нь өсөөд, эцэстээ тэтгэвэр дээр чинь тодорхой хувь нэмэр болж очиж, нийтээрээ “амиа ч боддоггүй, аминдаа ч хайртай” хүн болж төлөвших юм. Төрийн нийгмийн даатгалын систем хүнийг “өлсгөхгүй дааруулахгүй” байлгачих тэтгэвэрийг нь эрхбиш өгсөн хэвээр л байна. Харин төрөөс хамааралгүй өөрийнхөө ирээдүйд авах тэтгэвэрийг нэмэгдүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалах, өөрөө хэдэн төгрөг нэмж гар дээрээ авахаахувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг сонгох бүрэн боломж бий.
Сэтгэгдэл (0)