Москвад гурвантаа суралцаж, Монгол Улсын Их Хуралд хоёронтоо сонгогдсон ховорхон хувь заяаны эзэн
- 2020-10-20
- Нийтлэл
- 1
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна.
Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтоо сонгогдож ажилласан мэргэшсэн парламентч, хошуу генерал Дашбалбарын Базарсадын тухай Улсын Их Хурлын гишүүн, Дорноговь, Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Дагвасүрэнгийн бичсэн дурсамж нийтлэлийг толилуулж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдож, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад найман жил ажилласан туршлагатай төрийн түшээ, мэргэшсэн парламентч Дашбалбарын Базарсадыгаа дурсаж сууна. Д.Базарсад маань 1992-1996, 2000-2004 онд Дорнод аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байв.
Түүнтэй би 1992 оны зургадугаар сарын үед Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хавирга-Архашаатын хилийн боомтыг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлаар анх уулзаж ярилцсанаа санадаг юм. Тэр үед Д.Базарсад Хилийн цэргийн удирдах газарт Штабын даргаар ажиллаж байв. Дараа нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Ц.Төрмандах бид гурав Дорнод аймгийн бүх сумаар тойрон хамт явж танилцан, улмаар 1992 оны Улсын Их Хурлын анхны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хуралд гурвуулаа сонгогдож, тохой нийлүүлэн нэг ширээнд дөрвөн жил сууж, төрийн хууль тогтоох, бодлого шийдвэрийг боловсруулахад хамтран зүтгэж, улам дотно харилцаатай сайн андууд болсон билээ.
Эрхэм нөхөр минь 1951 оны хавар Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Хөх чулууны хөндлөн” гэдэг газарт Самбуугийн Дашбалбарын ууган хүү болж мэндэлжээ. Монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл “Хил манах хүү төрлөө” гэж блэгшээдэг уламжлалтай. Аав, ээж нь хил манах хүүтэй боллоо гэж баярласан эсэхийг мэдэх аргагүй ч овог, удмаа залгамжлах нуган үртэй болсондоо ихэд баярласан нь мэдээж. Тэрбээр 1968 онд аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцах хуваарь авснаар ажил, амьдрал нь хил, хилийн цэрэг, хил хамгаалах байгууллагатай салшгүй холбогдсон ажээ.
Москва хотын Бабушкины районд байрлах Хилийн цэргийн командын дээд сургуульд таван жил суралцаж 1973 онд төгсөж ирээд Дорнод аймаг дахь БНМАУ-ын баатар, хурандаа П.Чогдон даргатай Хилийн цэргийн 24 дүгээр отрядад Байлдааны бэлтгэл тасгийн туслахаар ажиллаж эхэлжээ. Улмаар 1978 онд отрядынхаа дарга, хурандаа Д.Төмөртогоогийн 1 дүгээр орлогч, Штабын даргаар дэвшиж ажилласан байна. Түүнийг зарчимч, шижигнэсэн залуу дарга байсан талаар тэр үед хамт алба хааж байсан дайчин нөхөд нь дурсан ярьдаг. Ийнхүү хилээс ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн эрхэм нөхөр минь 1981 онд Москваг дахин зорьж, 1984 он хүртэл М.В.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж онц дүнтэй төгсөж ирээд 1984-1986 онд Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын Штабын орлогч дарга, хоёрдугаар (байлдааны бэлтгэлийн) хэлтсийн даргаар, улмаар 1986-1988 онд Штабын нэгдүгээр орлогч, нэгдүгээр (оперативын) хэлтсийн даргаар ажиллажээ.
Төд удалгүй гурав дахь удаагаа Москва хотыг зорьж, 1988-1990 онд К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцсан байна. ОХУ-ын Дэд Ерөнхийлөгч асан А.В.Руцкой, Батлан хамгаалахын сайд асан армийн генерал П.С.Грачёв, УИХ-ын гишүүн асан хошууч генерал Р.Гаваа нартай хамт суралцан төгсөж ирээд 1990-1992 онд Хилийн цэргийг удирдах газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар томилогдон ажиллажээ. Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, эдийн засгийн хямрал болж, дэлгүүрийн лангуу хоосорч, картын системд орсон, цагаан сараар хөдөөгийн айл өрхөд тавагны чихэр олдохгүй болсон хүнд жилүүдэд эдийн засгийн хямралыг даван туулах, хүнс, өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулахын тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хилийн худалдааг эрхлэх боломжийг өргөжүүлж дэмжих зорилгоор Монгол-Хятадын хилийн боомтын хэлэлцээр хийж, байнгын болон улирлын ажиллагаатай хилийн боомтуудын тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Хилийн цэргийн штабын дарга Д.Базарсад чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Улс орон оршин тогтнохын үндсийн үндэс нь газар нутаг, хил хязгаар байдаг. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үндсэн үүрэг учраас Монгол Улсын төрөөс улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилийн цэргийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох, хил хамгаалах байгууллагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ирсэн уламжлалтай. Тийм ч учраас Монголын парламентад хилийн цэргийн мэргэжлийн хүн хэрэгтэй гэж үзэж, 1992 онд түүнийг УИХ-д нэр дэвшүүлж, төрсөн нутгийнхан нь ч итгэл хүлээлгэн, төлөөлөл болгож УИХ-ын гишүүнээр сонгожээ.
Тиймээс түүнийг шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу эрх зүйн шинэтгэлийг хийх, улс орныг ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх амаргүй зорилтыг нэр төртэй биелүүлсэн “алтан үеийн” анхны Улсын Их Хурлын гишүүдийн нэг гэж хэлж болно. Тэрбээр УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын байнгын хороодод гишүүнээр, 2000-2004 онд Дотоод хяналтын дэд хорооны даргаар ажиллажээ. Энэ хугацаанд Хилийн тухай, Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Батлан хамгаалахын тухай, Иргэний хамгаалалтын тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай, Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай, Төрийн тусгай хамгаалалтын болон Төрийн ордны эрх зүйн байдлын тухай, Гүйцэтгэх ажлын тухай зэрэг 40 шахам хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллаж, гардан боловсруулж, хууль тогтоомжуудыг батлуулах, түүнчлэн төрөөс баримтлах цэргийн бодлогыг тодорхойлох, Үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалыг боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан туршлагатай парламентач болж өсөж мэргэшсэн юм. Иргэд сонгогчдоос тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль журмын дагуу асуудлыг судлан үзээд хэрхэн шийдвэрлэсэн, хаана хэнд уламжилсан, эсвэл яагаад шийдвэрлэх боломжгүй байсан талаар хариуг нь бичгээр өгч, нягт нямбай, тооцоотой ханддаг нэгэн байв. Энэ чанарыг нь төрийн түшээ хүний эзэмшвэл зохих бас нэг сайн чанар юм гэж би хувьдаа олзуурхан хардаг байсан.
Цэргийн даргын хувьд шийдэмгий, хатуу чанга шаардлагатай боловч хувь хүний хувьд гүндүүгүй, шулуун шударга, нөхөрсөг, итгэсэн хүндээ элэгсэг дотно ханддаг, хилчиддээ нөмөр түшигтэй, жинхэнэ эр хүн гэж найз нөхөд дундаа хүндлэгддэг байв. Зав зайтай үедээ шатар тоглох дуртай, бас биллярд муугүй тоглодог байлаа. Хурц сэргэлэн ухаан, хүнд үед шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвар, тэвчээр хатуужил зэрэг цэргийн дарга хүний хувьд эзэмшсэн сайн чанарууд нь шатар, биллярд тоглох үед илүү тод харагддаг сан. Сэтгэлд нийцээгүй, шударга бус зүйлийн талаар хаана ч, хэний ч өмнө нүүрэн дээр нь палхийтэл хэлчихнэ. “Би ямар бүх хүнд таалагдах албатай биш, заримд нь таалагдахгүй л байна биз. Аль юмнаас айж явах вэ дээ” гэдэгсэн. УИХ-д сууж байхдаа их ажлынхаа хажуугаар “Цэргийн номлол, хилийн цэрэг”, “Хилийн албаны эрх зүйн асуудал” гэсэн хоёр ном бичиж хэвлүүлж байв.
Бүхий л цаг хугацаанд боловсорч, хөгжих, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаардаг байв. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байхдаа буюу 2000-2002 онд Хууль зүйн дээд сургуульд суралцан төгсөж, хуульч мэргэжил эзэмшиж байлаа. “Баатар” хот Моксвад гурвантаа суралцсан нь ч сурч боловсороход, өөрийгөө хөгжүүлэхэд ямар их хичээл зүтгэл гаргадаг байсны илрэл юм.
УИХ-ын танхимд 2000-2004 онд нэг ширээнд хамт сууж байсан эрхэм гишүүн Д.Түмэндэмбэрэл “Нэг ангийнхан” хошин хөрөг номдоо,
“Базарсад баавай хил дээрээ цэрэг
Батлан хамгаалахад бол генерал
Иргэд сонгогчиддоо бол гишүүн
Их Хуралд бол түшээ
Идээлж ханасан шир
Элдүүр даасан сур
Нумны бол хөвч нь
Сумны бол зэв нь
Хааш нь харвахаа эх орон мэднэ
Хаана олж тусахаа эрхэм баавай өөрөө мэднэ” хэмээн түүний мөн чанар, туршлага, нэр хүндийг үнэлж бичсэн нь бий.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаан дээр хэлсэн Д.Базарсадын үг, гаргасан саналууд нь ихэнх тохиолдолд олонхын дэмжлэг авч, баталсан хууль, тогтоол, шийдвэрт тусгалаа олдог байсныг сайн мэдэх юм. Энэ нь түүнийг ямархуу оюуны чадамж, нэр хүнд, зангарагтай төрийн түшээ байсныг нь илтгэх байх аа.
Хошууч генерал, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн жинхэнэ гишүүн академич Д.Базарсад нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө ухамсарт бүх амьдралаа зориулсан, хилчдийн гүнээ хүндэтгэдэг, монгол цэргийн нэр хүндтэй дарга, төрийн түшээ байлаа.
Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дагвасүрэн
Үндэсний шуудан сонин /2020.10.15 195 дугаар/
Сэтгэгдэл (1)
В.Алзахгүй (64.119.22.72)
Давгаадаа баярлалаа. Үнэхээр жинхэнэ эр хүн байсан юм даа.