Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу монголоороо үлдэх юмсан

 ПАРЛАМЕНТ-30 ЖИЛ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна. 

 

Амьдралын нь ч, аяны ч урт шар замд хүн олон хүнтэй танилцаж, уулзаж учирдаг. Амьдрал тэр аяараа аяны хөсөг тэрэгний буудал юм. Буудал дээр уулзсан хоёр хүн дахин хэзээ ч тааралдахгүй байж мэднэ, бас насан туршийн анд нөхөд, бүр хань ижил ч болж мэднэ. Монголчуудын дунд “заяаны хань зам дээр” гэсэн нэгэн хэлц үг байдаг. 

    1988 оныг угтах шинэ жилийн өмнөхөн Москвагийн аспирант миний бие нутгаа зорихоор Ярославын буудал дээр ирэв. Хөл хөдөлгөөн жигтэйхэн их. Галт тэрэгний нэг тасалгаанд хамт явах хүн маань ачаа тээш ихтэй, хос жинсээр гангарсан, улсын цолтой бөх гэмээр хүдэр эр таарчээ. Тэр үед манайхан Москвагаас их зөөдөг байсан гурван талтай толийг мань эр тэвэрч оруулах үедээ хаалга шүргэн тар няр хийгээд явчихав. Дээд өнцөг нь сэтэрчихжээ. “Ничего, ил захидал наачихна” гээд пар пар инээж байна. Удалгүй галт тэрэг хурдаа аван түжигнэж, бид ч дорхноо танилцав.

    Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мэндийн Зэнээ бид хоёрын танилцаж, нөхөрлөсөн түүх нэг ийм товч оршилтой. Аяны урт замд юу эсийг ярих вэ. Манай хүн чихэвч хийгээд магнитфоноос өдөржин дуу хуулж бичнэ. Урт, богино дуу бүдэг, бадагхан сонсогдоно.  Бас нэгэн цээл сайхан хоолойтой эрийн дуулахыг чанга тавьж надад сонирхуулна. “Өвөр Монголын алдарт дуучин Лхасүрэн гэдэг хүн. Бид хоёр ах дүү хоёр болсон. Би Өвөр Монголын ардын аман зохиол, дуу, яруу найргийг судалдаг хүн” гэснээс өөр илүү дутууг яриагүй. Орон нутгийн цагаар үдээс хойхно халуун хоол идэж ирээд тэр их чимээ, түжигнээн дунд чихэвчээ хийж аваад нам болно. Шөнө бас бичиж л сууна.   

    Нэг тийм гудиггүй, гуниггүй сайхан монгол эр хүн. Утас, хаягаа өгч, уулзаж учрахаар тохиролцон гэр гэртээ яарсан юмдаг. Нааш, цааш явахдаа мэнд мэдэлцэж, улам л ойр дотно болсоор байлаа. Тэр үеэс М.Зэнээг уншиж эхэлсэн. Тасралтгүй бичдэг байлаа. Ихэвчлэн эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлд нийтлүүлнэ. Зөвлөлтийн Ази, дорно дахины судлалын зарим сэтгүүлд бичсэн өгүүлэл нь тааралдаж байв. Ер нь Хятадын асуудлаар бүр 1970-аад оны эхнээс бичиж эхэлсэн юм билээ. Хятад дахь үндэсний цөөнхийн асуудал судалгааны нь гол сэдэв байв. “БНХАУ дахь үндэсний цөөнхийн байдал” гэсэн олон улсын судалгааны багт ажиллаж, Прага хотод хамтын бүтээл хэвлүүлэх ажлаар нэлээд урт хугацааны томилолтоор ажиллаад буцаж явахдаа надтай аяны замд дөрөө нийлсэн юм билээ. 

    1989 оны сүүлчээс Мэндийн Зэнээ олны анхаарлын төвд орж ирэв. Удалгүй МАХН-ын төв штабт улс төрийн ажилтан болж, зөвхөн бичих төдийгүй хот, хөдөөд хаана л бол хаана явж үгээ хэлж эхэлсэн. Тэрбээр төлөвшиж тогтсон үндэсний үзэлтэн, хэнээс юуг өмөөрч хамгаалахаа дэндүү сайн мэддэг, яах аргагүй язгуурын эх оронч хүн. Багшийн сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сум, Төв аймгийнхаа Жаргалант, Сэргэлэн сумдад багш, бага сургуулийн захирлаар хэдэн жил ажиллаж, төлөвшсөн хойноо МУИС-д суралцаж, монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд ШУА-ийн халуун ам бүлд багтан дагнасан сэдвээр судалгааны ажил хийж, Хятад дахь үндэсний цөөнхийн асуудлаар мэргэшсэн яах аргагүй эрдэм номын хүн байв. Их ч бичнэ, сайхан ч бичнэ. Шинэ хуучингүй бичнэ. Судалж, ашиглаж, харж лавлаж байдаг ширээний ихэнх ном нь монгол бичгээр болохоор Зэнээг худам монгол бичиггүйгээр төсөөлөх аргагүй.  

    Ардчилсан хувьсгал гээд байгаа өөрчлөлтийг М.Зэнээ уг нь “Одоо л нэг шударга ёс тогтож, нэг намын  засаглал, Зөвлөлтөөс хэт хараат байдал устаж, хүн бүр эрх чөлөөг эдэлж, дуртай ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэн өмч хөрөнгөтэй болж,  эртний түүхт нутагт минь сайн, сайхан цаг ирэх нь ээ”  гэж  талархан угтсан юм билээ. Ингэхийн учир ч байжээ. МАХН-д гишүүнээр элсэхийг хүсэж нэг бус удаа өргөдөл өгсөн боловч “Үндэсний үзэлтэн, хятадад талтай, Өвөр Монгол, өвөрлөгчидтэй өргөн хүрээний харилцаатай” гэхчлэн ил далд өө сэв эрж, хүлээж авдаггүй байжээ. Зэнээ угийн гүдэсхэн зангаараа хэлэх гэснээ хэнд ч, хаана ч хэлдэг, хэн нэгний нөмөр нөөлөг барааддаггүй байсан нь эрх баригчдад төдийлэн таалагддаггүй байсан нь мэдээж. Хамт ажиллаж байсан зарим нөхөд нь “Одоо л хөдөлдөг цаг. Чиний ярьдгийг л энэ залуучууд ярьж байна” гэхчлэн өдөж хатгаж, бас ая тал засч байсан боловч Зэнээ огт өөр сонголт хийсэн юм. 

    Уншиж гэгээрсэн судлаач хүний хувьд Мэндийн Зэнээ Монголын тусгаар тогтнолын үнэ цэнийг хамгийн сайн мэддэг байв. Манжийн засаглалын он жилүүдийн түүхийг тэр их сайн судалсан, монгол, манж хэл дээрх архивыг ч их ухсан нь яах аргагүй түүний давуу тал байсан юм. Бас Өвөр Монголд урт, богино хугацааны томилолтоор ажиллаж, энэ ард түмний ардын аман зохиолыг олон жил судалж, маш олон эх сурвалж бичгүүд, түүх домгийг уншиж, янз бүрийн насны, ажил мэргэжлийн хүмүүстэй ойр дотно холбоотой байсан нь Төв аймгийн Бүрэн сумын унаган хүү Мэндийн Зэнээг халуун эрх оронч болгож төлөвшүүлсэн байна. Өвөрлөгчдийн өрөвдөлтэй хувь заяаг бид давтаагүй, туурга тусгаар байгаагаараа бахархаж, омогшиж, 1921 оны хувьсгал, бүрэн эрхт БНМАУ-аа тунхаглан зарлаж, сэргээн мандуулж, цэцэглүүлэн хөгжүүлсэн ахмад үеийнхнийхээ төлөө тэрбээр үгээ хэлж, өмөөрөн хамгаалж, хэрэг гарвал нударга зөрүүлэхэд ч бэлэн байсан юм. Мэндийн Зэнээг очсон газар бүрд нь ард түмэн баярлан угтаж, гал цогтой, үнэн үгийг нь сонсож, сэтгэл санаа нь цэлмэн уужирдаг байв. 

    1991 оны 3 дугаар сард Говь-Алтай аймагт очлоо. Хүрэн хамба хилэн дээлтэй, жанжин малгайтай, угалзтай монгол гутал жийж, хэт бэл зүүсэн ханхар сайхан эр одоо ч сэтгэлийн гүнд тодорхой байдаг даа. Манай намын гишүүд, ойр дотныхон биднийг бас Зэнээ шиг тэмцэхийг шахаж шаарддаг байсан боловч тэмцэгчийн тэр тод сонин араншин, зан чанар, зүрх зориг хэр баргийн хүнд тэр бүр заяадаггүй юм билээ. 

МАХН-ын улс төрийн ажилтан М.Зэнээ, улс төрийн залуу ажилтан У.Хүрэлсүх хоёр их нөхөрлөнө. “Ах дүү хоёр өвөг дээдсийнхээ улаан цусаа урсгаж, амь насаараа дэнчин тавьж байж авч үлдсэн эх орныхоо төлөө тэмцэнэ, ард түмнээ ч хамгаална, ардын намаа ч хамгаална” гэж ил тод, эрс шулуухан ярина. Эх орон, ард түмний эрх ашигт харш гэж үзвэл Зэнээ заавал үгээ хэлнэ. Улс төрийн намуудыг манай, танай гэж ялгаварлахгүй. Бурууд үнэхээр нүд хурц, чих соргог байсан юм. Ардын намын хэнбугайг ч хурц, цэцэн цэлмэг үгээрээ балбана. Урваж тэрслэхийг чин зүрхнээс үзэн ядна. Хүмүүсийг маш сайн таньдаг, мэддэг байв. Архивт ажиллаж сурчихсан болохоор хэрэгтэй гэсэн бичиг баримтыг дорхноо л олоод ирнэ. 

    Улсын Их Хурлын танхимд бид тохой залган суудаг байсан болохоор түүний өдөр тутмын ажил их тод харагдана. Чуулган эхлэхэд хавтас дүүрэн бичиг, захиа сэлттэй орж ирнэ. Нэг бүрчлэн уншиж, хүн бүрд заавал өөрийн гараар хариу бичнэ. Чуулганаар хэлэлцэж байгаа асуудлуудыг судалж, хуулийн төсөл, бичиг баримтыг нягтлан уншаад улаан, цэнхрээр үг үсэг, найруулгын засвар хүртэл хийгээд ажлын хэсгийн хуулийн зөвлөхүүдэд өгнө. Хэрэгтэй гэж үзсэн асуудал дээрээ л дуугарна. 

    1996 оны улсын төсөв хэлэлцэж байх үед би Засгийн газарт хандан арвилан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх асуудлаар нэг өгүүлэл бичээд Зэнээд өгөв. “Миний нөхөр уншаад санал бодлоо нэмээрэй. Хоёр нэрээрээ нийтлүүлье. Чиний сонгууль, энэ тэрд нэмэртэй” гэв. Маргааш өглөө нь авчирч өглөө. Нэмж, хасаж, улаан цоохор юм болгожээ. Их ч чангалж. Редакторын хувьд үнэхээр бидний хэнээс нь ч тохой өндөр байсан юм. Удалгүй “Адууныхаа хэрээр исгэрэх цаг болжээ” гэсэн  өгүүлэл “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн бөлгөө. Юутай ч П.Жасрай гуай олон газар нь зурж тэмдэглэн уншсанаа үзүүлж “Олон сайн санаа байна, та хоёрт баярлалаа” гэж хэлээд жиг жиг инээсэн юмдаг. Зэнээ нөхдөдөө сайхан хандана. Б.Даш-Ёндон багшийг маш их хүндэтгэнэ.  Жасрай гуайд хэр халдаах дургүй. “Бас зальтай эр шүү. Наад нөхөр чинь та хоёр үгээ хэлчихсэн байна, төсөв хэлэлцэхэд дуугүй суугаарай гэж байгаа юм. Барж идэхгүй толгой шүү” гэж өхөөрдөж ч байгаа юм шиг хэлээд мар мар инээж суусансан. Хүнтэй их хатуу тоглоно. Үгээр бол хэнийг ч өмнөө оруулахгүй. Чуулган завсарлах гэж байсан чинь Ж.Бямбадорж гишүүн л гараа өргөөд өндөлзөөд байх юм. Зэнээ микрофоноо асааж, “Чи одоо больж үз. Намрын мөндөл шиг гозолзоод...” гэж хэлж, бөөн инээдэм болцгоож байв. Нээрээ л намарт мөндөл юм л харвал босчихсон хошгорч байдагсан. Бямбадорж юу яаж дуугүй байх вэ, “Ална даа чамайг...”гэж байна. “Энэ алж чадахгүй ээ, сэтгэл гэж далай, сүү сүү” гэх жишээтэй. Зэнээг тойрсон, Зэнээгийн тухай мөн ч олон цагаахан онигоо бий дээ. 

    Шар хэвлэл бараг өдөр бүхэн л Зэнээг бичнэ. Түүнийг мохоож, амыг нь барих сонирхолтой сүлжээ их нарийн зохион байгуулалттай ажиллаж байх шиг санагддаг сан. Би өмнөөс нь заримдаа өөрөөс нь ч илүү санаа зовж суудаг байв. Манай хүн тоохгүй ээ. Харин Баабарын бичсэнд нэг бус удаа хариу барьсан юмдаг. Бусдаар хэрүүл зарга хийж байгаагүй. 

    Улс орны амьдрал энэ маягаараа явбал нэг л болохгүй нь ээ гэдгийг Зэнээ их эрт олж харсан юм. “Ардчилсан холбоо “ эвсэл төр, засгийн эрх барьсан дөрвөн жилд Зэнээгийн эмзэглэл бүр ч нотлогдож, элэг зүрхнээс хайртай эх орон, ард түмнийхээ төлөө бараг өдөр бүхэн, эрүүл мэндээ сарнитал үгээ хэлж, тэмцсэн. Тэмцлийн гол арга нь түүний улс төр, иргэний хэдэн арваар тоологдох нийтлэл, өгүүллүүд байлаа. Маш их баталгаа, нотолгоотой бичнэ. 1982900 цэнхэр, ягаан тасалбар үйлдвэрлэж, өмч хувьчлал явагдсаны эцэст Монгол Улсын эдийн засаг сууриараа сүйрсэн юм. Өмч хувьчлалыг М.Зэнээ “Хувьчлан эзэмших биш хуваан идэх довтолгоон” гэж нэрлэдэг байв. Зэнээ их уншдаг байсан. Нобелийн шагналт зохиолч Александр Солженыц “Өмч хувьчлалыг ард түмэн “өмч хумслал” гэж нэрлэж байна. Үндэсний баялгийн нэг хувийг зуу хуваасны гуравтай тэнцэхгүй хувьцаа хэмээгч юм гаргаж ирээд маш өчүүхэн хэмжээний хоосон өнгөөр ард олны баялгийг авцгааж байна. Хуурамч хувьчлал гэдэг энэ дээ” гэж,  Британий бизнесмен “Жорж Моодий Стеварт “... ахлах түшмэлүүд 200 мянган ам.долларын, дээд зэргийн түшмэлүүд 2 сая ам.долларын, сайд түүнтэй ижилсэх түвшний хүмүүс 20 сая ам.долларын, төрийн тэргүүн, ерөнхий сайд 200 сая ам.долларын 5 хувийг авна. Саяхнаас 10-15  хувь болж байгаа тоо сонсогдож байна” гэж бичсэнийг “Мөнгө мөнхийн ус биш” гэсэн нийтлэлдээ ишилж, манайх ч гэсэн удахгүй ийм болно гэж сэрэмжлүүлж байлаа. Зэнээ судалгааны арга зүйг маш сайн эзэмшсэн, 10 гаруй ном, эрдэм шинжилгээ, судалгааны 200 гаруй бүтээл бичиж нийтлүүлсэн, зөвхөн хэл бичгийн төдийгүй  яах аргагүй түүхч эрдэмтэн хүн байсныг хэлэх гэж би энэ бүхний дурдаж байна. 

    Зэнээ амьдралд хайртай байлаа. Гэргий  Ж.Бямбаа нь Төв аймгийн Борнуурын хүн. Охин Батцэцэг, Ариунаа хоёртоо амин хайртай, мөн ч их эрхлүүлдэг байсан даа. Хүдэр чийрэг, бүдүүн тоймын хүн мэт харагддаг ч сэтгэл цагаан, уян, сул нулимстай. “Үйлийн хайчаар галаа шилбэрдээгүй ээж минь дээ, Хутгаа буулгалгүй айлд ороогүй аав минь дээ” гэж эр хонгор дуугаар сайхан эхэлснээ дорхноо уйлчихна. Дуунд дуртай. Нөхөдтэйгөө сайхан үерхэж нөхөрлөнө. Шинжлэх ухааны академийн угшилтэй хэдэн сайхан найзтайгаа үе үе “буу халж”, айраг цагаа бялхуулна даа. Аавынхаа захиасыг алтнаас үнэтэй хэмээн дээдэлдэг хоёр охин нь хань ижил, үр хүүхдүүдийнхээ хамт ээжээ асарч тойглон, ажил албатай сайхан амьдарч явна. 

Өнжүүл, Бүрэнгийн уугуул малчин ард Мэндийнх 8 хүүхэдтэй, хурдан удмын сайхан адуутай айл байсан юм билээ. Нутаг усандаа Мэндийн бор азарга гэж муухан эрээс ч илүү алдаршсан сайхан хүлгээ унаж, Өнжүүл, Эрдэнэдалай сумдын наадмын түрүү авч байснаа дурсан ярьдаг байв. Заримдаа хүүхэд шиг гэнэн, томоогүй зан гаргана. Нэг орой гэрийн утас дуугарч, Бямбаа ярьж байна. “Энэ найз чинь бараг алчих шахлаа” гээд уйлчихав. Юу болсныг нь лавлаад ёстой инээх ч хэцүү, уйлах ч хэцүү юм болж билээ. Тагнуулын ерөнхий газраас М.Зэнээд нэг хийн буу өгснийг надад үзүүлж байсан юм. Яаж хэрэглэхийг ч сайн зааж өгсөн байсан. Мань хүн гэртээ ирээд нөгөө буугаараа гайхуулсан юм биз дээ. “Одоо та гурав айлтгүй болсон, ингэж хэрэглэдэг юм” гээд чиглүүлж байгаад дарчихсан чинь Бямбаа муужраад уначихсан юм байж л дээ.  

    Нэг өдөр бид хоёр УАЗ-469 машин авахаар “Да хүрээ” зах явлаа. Зэнээ маань “Бор ногоон өнгөтэй машин авна аа, дарга өнгө биздээ. Ингээд уяач Мэндийн хүү анх удаа өөрийн унаатай болдог байжээ” гээд хүүхэд шиг баярлаж байж билээ.  Улсын Их Хурлын сонгуульд гурван удаа сонгогдохдоо ганц 69 машинтай, нэг хоёрхон хүн дагуулж яваад л олонхын санал авчихдаг байв. 

    Ард Мэндийн хүү аргагүй л ард түмний хүү байсан юм аа. Монгол Улс эх оронч хүүгээ мартах учиргүй, харин бид МОНГОЛООРОО Л ҮЛДЭХ юмсан даа.  

 

                                                                  Сэтгүүлч Вандангийн АЛЗАХГҮЙ 

"Монголын Үнэн" сонин 2020.10.30 /209 дугаарт/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)