Алсын хараатай гишүүн
- 2020-11-10
- Нийтлэл
- 0
“ПАРЛАМЕНТ-30”
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ.
Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хурлаас байгуулагдсан 53 гишүүнтэй Улсын Бага Хуралд шинэ улс төрийн хүчний нэг болох МҮДН-ыг төлөөлөн гишүүнээр ажиллаж байсан Шарын Шагдарсүрэнгийн анд нөхөр Дамдинсүрэнгийн Батсүхийнхээ тухай бичсэн дурсамжийг толилуулж байна. Ш.Шагдарсүрэн Сүхбаатар аймгаас гаралтай, Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан, дипломатч хүн юм.
Миний бие Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, тус яамны Олон улсын байгууллагуудын хэлтсийн дарга Л.Эрдэнэчулуун (2000-2004 онд Гадаад харилцааны сайд) нарын хамт 1989 оны намар Белград хотноо болсон Эвсэлд нэгдээгүй орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож ирээд удаагүй байтал манай яамны байранд байрлаж байсан Дорно дахины хүрээлэнгийн ажилтан, анд Ц.Баатар манай өрөөнд орж ирээд Улсын төлөвлөгөөний комиссын харьяа Эдийн засгийн хүрээлэнгийн С.Дэмбэрэл уулзъя гэж байна гэв. Хүрээлэн дээр яваад очтол Дэмбэрэл хэдэн залуугийн хамт хүлээн авч уулзаж, тухайн үед улс оронд өрнөж байсан үйл явдал, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар ярилцсан бөгөөд тэдний нэг нь 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 4 гол хүчний нэг болох Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН)-ыг бидний хамт үндэслэн байгуулагч Дамдинсүрэнгийн Батсүх байсан юм.
Энэ жил 30 жилийн ойг нь улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монгол Улсын олон намаас бүрдсэн анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд улс орон, ард түмнийхээ үндэс угсаа, түүх соёл, өв уламжлалыг өөрийн мөрийн хөтөлбөрийн гол зорилгоо болгон дэвшүүлсэн МҮДН-ыг төлөөлөн бид хоёр хамт орж ажилласан билээ.
Ийнхүү Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавьсан 53 хүний нэг, журмын нөхөр Д.Батсүхтэйгээ одоогоос 31 жилийн өмнө танилцаж билээ. Үүнээс хойш Холбоо, Намаа байгуулахаас эхлээд УБХ-ын танхимд нэг ширээнд мөр зэрэгцэн, тохой залган сууж, УБХ-ын хурал чуулган гээд түүний бүхий л үйл ажиллагаанд оролцож явлаа. Дал орчим жилийг туулж өнгөрүүлсэн нэг нийгмээс тэс өөр нийгэмд шилжих анхны алхмуудаа хийж, эдийн засгийн хүндхэн байдалд ороод байсан улс орноо зах зээлийн харилцаанд шилжүүлэх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх, Ардчилсан шинэ Үндсэн хууль болон шинэ нийгмийн бүх харилцааг зохицуулах бусад хуулийг боловсруулж, батлах зэрэг мэдлэг, чадвар сорьсон шинэ шинэ ажилтай бид тулгарч, ихээхэн ачаалалтай байдаг байлаа.
Батсүх маань 10 гаруй жил их, дээд сургуульд багшаар ажиллаж, ажлын нэлээд туршлага хуримтлуулсан, өндөр мэдлэг боловсролтой, гадаадад эрдмийн зэрэг цол хамгаалсан сэхээтэн хүн байсан бөгөөд ямар ч үед сэргэлэн, яриа хөөрөөтэй, хөгжилтэй, эвсэг, бусдад тусархаг нэгэн байсан юм. Батсүхийн энэ сайхан зан чанарууд олон намаас бүрдсэн анхны парламентад олон аавын охид, хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажиллахад сайнаар нөлөөлж байсан нь ойлгомжтой.
Биднийхээ хамт хуучин мянганаа үдэж, шинэ мянганыг угтаж, 1990 онд улс орныхоо сайн сайхны төлөө эхлүүлсэн ажлынхаа тодорхой үр дүнг харж чадалгүй идэр залуу насандаа тэнгэрийн оронд заларсан ч гэсэн түүний эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлээр эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж яваадаа бид бас сэтгэл хангалуун байдаг юм.
Буурал түүхтэй монголчууд бид “Санаа зөв бол заяа зөв” гэж алс ирээдүйгээ зөгнөн, зорилгоо тодорхойлж ирсэн билээ. Санаа зөв явсан журмын нөхрийн маань бидэнтэй хамтран байгуулж, улмаар анхны тэргүүнээр нь сонгогдон ажиллаж байсан Шинэ дэвшилт холбоо тун идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлдэг байлаа. Өдгөө Шинэ дэвшилт холбооны 2 давхар байр өнгөрсөн үеийн бидний үерхэл нөхөрлөл, залуу насны оргилуун хүсэл тэмүүлэл, ажил үйлс, яриа хөөрөө, мэтгэлцээн зэрэг болж өнгөрсөн бүхнийг өгүүлэх мэт харагдах нь сэтгэлд нэг л дотно байдаг юм. Өнгөрсөн мянганы сүүлчийн зууны 90 онд буюу 1990 онд дэвшүүлэн тавьж байсан үндэс угсаа, ёс заншил, өв уламжлалаа сэргээх бидний үзэл санаа, зорилго өнөөдөр цөөн хүн амтай Монгол Улсын хувьд ач холбогдлоо алдаагүй бөгөөд улам бүр чухал болж байна.
Д.Батсүх маань 1952 онд Улаанбаатар хотод төрж, 1970 онд Улаанбаатар хотын тавдугаар дунд сургууль, 1975 онд МУИС-ийг инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн. 1985-1988 онд ЗХУ-ын (хуучнаар) Беларусийн Минск хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийн аспирантурт суралцаж, 1988 онд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр 1975-1985 онд Монгол Улсын Их Сургууль, Политехникийн дээд сургуулиудад улс төр, эдийн засгийн ухааны багшаар ажиллажээ. 1980-аад оны сүүлч 1990 оны эхээр Монгол оронд ардчилал, шинэчлэлийн давалгаан өрнөж, улс төрийн шинэ нам, эвсэл, холбоо үүсэн байгуулагдахад Д.Батсүх улс төрийн анхны ардчилсан хүчнүүдийн нэг болох Шинэ дэвшилт холбоо, Монголын Үндэсний Дэвшлийн Намыг үүсгэн байгуулалцаж, ардчиллын үйл хэрэгт анхнаас нь манлайлан оролцсон, Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэгэн байв.
Шинэ дэвшилт холбооны тэргүүлэгч М.Чимиддоржийн ярьснаар Шинэ дэвшилт холбоо нь анх Эдийн засагчдын клуб дээр статистикчдын хөдөлгөөн нэгдсэнээр бий болсон аж. Гэхдээ МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөхөн буюу 1990 оны хоёрдугаар сарын 17-ны орой ийм шийдвэр гаргаж, нэрээ тохирч байжээ. Улмаар 1990 оны гуравдугаар сарын 11-нд Монголын Үндэсний Дэвшлийн Нам байгуулсныг албан ёсоор зарласан байна. Шинэ дэвшилт холбоо, Монголын Үндэсний Дэвшлийн Намаас "Тэмцэхийн учир” хэмээх баримт бичиг гаргаж, улс орны эдийн засгийн талаар шинэ санаанууд хөндөж тавьснаараа онцлог байсан тухай түүхэн баримтад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнд “Манай улсад ноёрхсон улсын өмчийн тухай үзэл баримтлалаас татгалзах нь бидний тэмцлийн нэг утга учир болно. Улсын өмчийн тухай үзэл баримтлал нь нийгмийн хөгжилд саад болж буй захиргааны хүнд суртлыг бий болгодог. Тиймээс эдийн засгийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьж байна” хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү шинэ үзэл санааг томьёолж дэвшүүлэхэд гадаад оронд номын дуу сонсож, тэнд өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийг нүдээрээ харж, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, эдийн засгийн шинэчлэлийг хэрхэн хийх чиг баримжааг ойлгосон, шинэ сэргэг санаа бодолтой залуусын оролцоо үнэхээр гол үүрэгтэй байсан нь мэдээж. Улс орныхоо тухайн үеийн нөхцөл байдлыг гүн гүнзгий ойлгож, мэдэрсний ачаар цаашдын хөгжлийн гарцыг томьёолж тодорхойлж байсан хүний нэг нь Батсүх мөн.
Д.Батсүх маань 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа Монголын Үндэсний Дэвшлийн Намын парламентын бүлгийн дарга, Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Тэрбээр их, дээд сургуульд багшилж байсан, гадаадад эрдмийн зэрэг хамгаалж, гаднын улс орнуудад өрнөж буй өөрчлөн байгуулалтын үйл явцыг нүдээр харж мэдэрсэн, улс төрийн өндөр боловсролтой цөөн гишүүний нэг байв. Тиймээс БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчийн төсвийн төсөл, Банкны тухай, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монголбанкны дүрмийн төслийг Улсын Бага Хурлын чуулганы хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад олон чухал санаа дэвшүүлэн, идэвхтэй оролцож, түүний гаргасан олон санал эдгээр хуулийн төсөлд тусгалаа олсон байдаг. Эдгээр хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг тэрбээр нэгтгэн Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүдийн асуултад оновчтой хариулт өгсний ачаар төслийнхөө үзэл баримтлал, гол зарчмыг амжилттай хамгаалан батлуулж чадсан тухай нөхөд нь дурссан байдаг.
Д.Батсүх гишүүн Улсын Бага Хурлын чуулганы хуралдаан дээр Засгийн газрын мэдээллийг сонсож байх үеэр “Яриад байгаа нийт үйлдвэрүүдийн чинь наанадаж 45 хувь нь хаагдана шүү” гэж хэлсэн нь архивын материалд хадгалагдан үлджээ. Энэ бол асуудлыг эдийн засагч хүний нүдээр урьдчилан олж харсан түүний алсын хараатайг гэрчлэх нэг баримт юм.
Тэрбээр ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг, ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, Монголын анхны ардчилсан парламент-Улсын Бага Хурлын гишүүний хувьд Монгол оронд ардчилсан төрт ёсны үндэс суурийг тавилцах, шинэ Үндсэн хууль болон нийгмийн цоо шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бусад олон хуулийг батлан гаргахад оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, итгэл зүтгэлээ зориулж яваад 1994 онд таалал төгссөн билээ.
Хэдийгээр тэр журмын нөхдийнхөө дунд өнөө үгүй ч гэлээ анхнаас нь идэвхийлэн оролцож, зорьж тэмцэж явсан үйл хэрэг нь биеллээ олж, эдүгээ Монгол орон дэлхийн дайдад үнэлэгдсэн ардчилсан төрт улс болж төлөвшин хөгжиж буйг бурхны орноос харж байгаа нь лавтай.
Монголын Үнэн сонин 2020.11.10 /215/
Сэтгэгдэл (0)